Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0123

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нарын давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4/д/, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн “Хариуцлагын гэрээ”-ний Дөрөв. “Худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлага” 5. Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх” заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Хоёр. “Худалдаа үйлчилгээний төрөл” Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /хүнсний дэлгүүр/ авсан байна. Дөрөв. 6-ийн Тамхи жижиглэн худалдаалах хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж, баталгаажуулсан байх” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нар давж заалдах гомдолдоо: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дугаартай шийдвэртэй “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, Баян-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт тус тус холбогдох “2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн “Хариуцлагын гэрээ”-ний Хоёрдугаар зүйл болон Дөрөвдүгээр зүйлийн 5,6 дахь заалтууд нь хууль бус тул хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэсэгчилэн эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Хариуцлагын гэрээ”-ний Хоёр. Худалдаа үйлчилгээний төрөл гэсэн хэсгийн “Баян-Өндөр Сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэд Тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий Аж ахуйн нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна”, “Дөрөв. 6-ийн “Тамхи жижиглэн худалдаалах Хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж баталгаажуулсан байх” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдож байна.

Уг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ шийдвэрийн үндэслэх хэсэгт Тамхины хяналтын тухай хуулиар тамхи худалдах, үйлдвэрлэх, импортлох, экспортлоход төрөөс баримтлах бодлого, тавих хяналт, шаардлага, хориглох зүйл, төр, иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн хүлээх үүргийг зохицуулсан байгаагаас үзэхэд “Э” ХХК-ийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг “Хариуцлагын гэрээ”-ний хүчингүй болгуулахыг хүссэн заалтууд нь хөндөж, хуульд заасан нөхцөл шаардлагаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй “Э” ХХК-ийн тамхи жижиглэнгээр худалдаалах эрхийг зөрчөөгүй байна.... ” гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ. Тамхины хяналтын тухай хуулиар тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалах зорилго бүхий тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулах, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбоотой харилцааг зохицуулахаар тус тус заасан. Сумын Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/228 дугаар захирамж, уг захирамжийг үндэслэн олгосон 02 дугаартай “Тамхи худалдаалах” тусгай зөвшөөрөлд тамхи жижиглэн худалдаалах гэдэг зохицуулалтыг тусгаагүй бөгөөд тусгах боломжгүй юм. Учир нь Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд тамхийг жижиглэн худалдаалах эсхүл бөөнөөр худалдаалах гэсэн ялгаа заагийг зааж хязгаарлаагүй. Гэтэл тусгай зөвшөөрлийн гэрчилгээг компанид өгөхдөө хариуцлагын гэрээнд гарын үсэг зурахгүй бол өгөхгүй гэдэг байдлаар шахалт үзүүлж “Хариуцлагын гэрээ”-нд гарын үсэг зуруулсан. Маргаж байгаа гэрээний “Хоёр “Худалдаа үйлчилгээний төрөл” гэсэн хэсгийн Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /Хүнсний дэлгүүр/ авсан байна” гэсэн заалт нь компанийг тамхи худалдаалах үйл ажиллагааг явуулахдаа 1 хайрцаг тамхинаас илүү тамхи нэг худалдан авагчид худалдах боломжгүй болгосон. Тодруулбал компани нь 1 худалдан авагч 2-оос дээш хайрцаг тамхи худалдан авах санал тавьсан тохиолдолд хариуцлагын гэрээний хоёр дахь заалтаар худалдан авагчид бөөнөөр буюу 2-оос дээш хайрцагыг худалдах боломжгүй талаар хариу өгөх үүрэгтэй болж байна. Энэ худалдаа үйлчилгээний соёлд харш төдийгүй нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахуунд харш үйлдлийг худалдаа эрхлэгч компанийн хувьд гаргахад хүргэхээр байна.

“Хариуцлагын гэрээ”-ний найм “Хариуцлага” гэсэн хэсэгт “Үйлчилгээ эрхлэгч иргэн нь энэхүү гэрээг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хууль Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ. Үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гэрээг зөрчин үйлчилгээ зан харилцааны доголдол гаргаж хэрэглэгчийг хохироосон нь тогтоогдсон, байгууллагаас тавьсан шаардлагыг үл хүндэтгэн, хэрэгжүүлээгүй бол тусгай зөвшөөрөл болон гэрээг цуцлах шийдвэр гаргана” гэж заасан нь уг гэрээний хүчингүй болгуулахыг хүссэн заалтууд зөрчигдсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж гэрээний хууль бус заалтуудыг зөрчихгүй байх механизмыг үүрэгжүүлэн тусгасан байгааг шүүх анхаарч үзээгүй байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж заасан. Үүнээс үзвэл Захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад заавал эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байхыг шаардахгүй бөгөөд зөрчигдөж болзошгүй тохиолдол буюу захиргааны үйл ажиллагаанд маргах эрхийг хуулиар иргэн, хуулийн этгээдэд олгосон байгааг шүүх анхаарч үзэлгүй шийдвэр гаргажээ.

Шүүх шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засгийн газрын “Тусгай зөвшөөрлийн" жагсаалт батлах тухай 2010 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн, 325 дугаартай тогтоолыг хэрэглээгүй байна. Уг тогтоолын тогтоох хэсгийн 4-д /Хуульд зааснаас бусад тохиолдолд аж ахуйн аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, эрх олгох, дүгнэлт гаргах, бүртгэл явуулах, төлбөр, хураамж авах болон эдгээр асуудлаар эрх зүйн акт гаргахгүй байх, хуульд заасан зөвшөөрлийг нарийвчлан зохицуулах нэрийн дор нэр төрөл, тоо хэмжээг нь нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүн, аймаг, нийслэлийн Засаг дарга нар төрийн захиргааны байгууллага болон нутгийн захиргааны байгууллагын удирдлагад үүрэг болгож, аймаг, нийслэл, сум, дүүргийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй./ гэж заасныг анхаарч үзээгүй нь буруу болжээ. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тусгай зөвшөөрлийн тухай хууль, Тамхины хяналтын тухай хуульд тамхины худалдааг бөөний, жижиглэнгийн гэж ангилж ялгаж тусгай зөвшөөрлийн тоо хэмжээг нэмэгдүүлээгүй байхад хариуцагч нар нь Хариуцлагын гэрээний маргаан бүхий заалтаар жижиглэн гэсэн ойлголтыг бий болгож байгаа нь Засгийн газрын дээрх тогтоолын дурдсан заалтад харшилсан төдийгүй Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.1.2-т заасан ,аж ахуй эрхлэх таатай орчныг эрх бүхий байгууллага тусгай зөвшөөрөл олгохдоо баримтлах зарчмыг баримтлах үүрэгтэй тухай зохицуулалтад үл нийцжээ.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нарын давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчээс “... 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр гэрчилгээгээ авахын тулд гэрээнд гарын үсэг зурахаас өөр аргагүйд хүрч “хариуцлагын гэрээ” гэх гэрээг байгуулсан. Уг гэрээний “Хоёр. “Худалдаа үйлчилгээний төрөл” Баян-Өндөр сумын хэмжээнд тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөл бүхий аж ахуй нэгж байгууллага, иргэд тамхи жижиглэн худалдаалах тусгай зөвшөөрөл /хүнсний дэлгүүр/ авсан байна. Дөрөв. “Худалдаа үйлчилгээнд тавигдах шаардлага” 5. Тусгай зөвшөөрөл бүхий цэг хоорондын зай нь 200 метрээс гадагш зайтай байх, 6. Тамхи жижиглэн худалдаалах хүнсний дэлгүүр нь тусгай зөвшөөрлийг үндэслэн бөөний цэгээс бараа татан авалт хийсэн бүртгэл хөтөлж, баталгаажуулсан байна гэж заасан дээрх заалтаар Тамхины хяналтын тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл шаардлагаас хэтрүүлж хуулиас давсан шаардлага тогтоож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх таатай нөхцөлийг хууль бусаар хязгаарлаж байна” гэж тайлбарлан маргажээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А/228 дугаар захирамжаар “Э” ХХК-д тамхи худалдаалах тусгай зөвшөөрлийг олгож, дээрх зөвшөөрлийг үндэслэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар “Э” ХХК-тай хариуцлагын гэрээ байгуулжээ.

Захиргааны гэрээ гэж захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, дуусгавар болгохоор эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулсан гэрээг ойлгох бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Захиргааны гэрээг бичгээр байгуулна” гэж хуульчилсан байна.

Мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ” гэж заасны дагуу хуулиар зохицуулаагүй харилцааг гэрээгээр нарийвчлан зохицуулсныг буруутгах үндэслэлгүй юм.

Тамхины үйлдвэрлэл, импорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журмын 5 дугаар зүйлийн 5.2.4-д “тамхины бөөний худалдааны цэгт тамхийг жижиглэнгээр худалдаалах” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн “...жижиглэн худалдаалах эсхүл бөөнөөр худалдаалах гэсэн ялгаа заагийг зааж хязгаарлаагүй байхад хариуцагч нар Хариуцлагын гэрээний маргаан бүхий заалтаар жижиглэн гэсэн ойлголтыг бий болгож байна” гэх гомдол нь үгүйсгэгдэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д “... захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгохоор” хуульчилсан байх бөгөөд анхан шатны шүүх холбогдох хууль, тогтоомжийг зөв тайлбарлан хэрэглэж, маргаж буй заалтууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж, хуульд заасан нөхцөл шаардлагаас хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгаа талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Ц нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

  ШҮҮГЧ                                                                                   Н.ХОНИНХҮҮ

  ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ