Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00763

 

Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 93 дугаар шийдвэр,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

Э.Эрдэнэзаяагийн нэхэмжлэлтэй,

Х.Нарантуяад холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 31.391.020 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа, түүний өмгөөлөгч М.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х.Нарантуяа нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Э.Эрдэнэзаяа надтай зээлийн гэрээ байгуулан 12.000.000 төгрөгийг 6-н сарын хугацаатай, сарын 8%-ийн хүүтэй зээлэн авсан. Уг мөнгийг том хүүгийнхээ байрны урьдчилгаанд төлнө гэж 2014 оны 09 дүгээр сарын 15-нд зээлийн хүү болох 960.000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 15-нд зээлийн хүү 960.000 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш төлөөгүй байж байгаад 2015 оны 3 дугаар сард 2014 оны 12 дугаар сарын 15 болон 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 1.920.000 төгрөгнөөс 1.500.000 төгрөг төлөн үлдэгдэл 420.000 дутуу төлсөн болно. Мөн зээлийн гэрээ 2015 оны 02 дугаар сарын 15-нд дуусахад үндсэн зээл болох 12.000.000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл болох 420.000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн зээлийн хүү болох 960.000 төгрөг нийт 13.380.000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүртэл намайг хохироож байна. Э.Эрдэнэзаяа би Зээлийн гэрээний 5 дугаар зүйлд зааснаар зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үлдсэн мөнгөн дүнгийн 0.3%-ийн алданги тооцон нийт 406 хоногоор / нэг хоногийн 13380.00 х 0.3%= 40.140/ 1.6285.000 төгрөг, төлөгдөөгүй үлдсэн зээл болох 13.380.000 төгрөг нийт 29.665.000 төгрөгийг нэхэмжилж байна. Х.Нарантуяа нь зээлийн барьцааны гэрээнд өөрийн Ү-1317007142 дугаар бүхий үл хөдлөх, Г-1317001142 дугаар бүхий газрыг барьцаалан барьцааны гэрээ байгуулан Улсын бүртгэлийн газар бүртгүүлсэн бөгөөд уг гэрээнд хариуцагч өөрийн үл хөдлөх хөрөнгийг харилцан тохиролцон 12.000.000 төгрөгөөр үнэлсэн.

Иймд 29.665.000 төгрөг нь барьцаа хөрөнгөнөөс хэт давсан байх тул нэхэмжилж буй мөнгөний 12.000.000 төгрөгөнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, үлдэгдэл мөнгө болох 17.665.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан хохиролгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч Э.Эрдэнзаяа 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж алданги 2015 оны 02 дугаар сарын 15-наас 2016 оны 03 дугаар сарын 29-нийг хүртэл 406 хоногоор бодсон нь шүүх шийдэх өдөр хүртэл 43 хоног дутуу бодогдсон байна. Иймд хоногийг 40.140 төгрөгийн алдангийг 43 өдрөөр тооцон нийт 1.726.020 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Э.Эрдэнэзаяа бид хоёрын хооронд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй зээлсэн. Миний бие 4380.000 төгрөгийг хүүнд нь өгсөн боловч Э.Эрдэнэзаяа нь зарим өгсөн мөнгөнүүдийг хүүнд нь оруулалгүй дутуу бичсэн байна. Учир нь 2014 оны 12 дугаар сард 100.000 төгрөг, 2015 оны 4 дүгээр сарын 26-нд 1.500.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сараас 5 дугаар сарын хооронд 850.000 төгрөг нийт 6.830.000 төгрөг болно. Эдгээр мөнгийг шилжүүлсэн баримт болон гэрчүүд байгаа болно.

Иймд Э.Эрдэнэзаяагийн нэхэмжилсэн үндсэн зээлийн хүү дууссан гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 93 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3, 232.4, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д зааснаар Х.Нарантуяагаас 17.070.000 төгрөгийг гаргуулан Э.Эрдэнэзаяад олгож, үлдэх 14.321.020 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Х.Нарантуяагийн нэг хүний эзэмшлийн № 000103344 дугаартай, Ү-1317007142 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155 тоотод байрлалтай 108 мкв талбайтай орон сууцны зориулалттай барилга, №000092691 дугаартай, Ү-1317001142 дугаарт бүртгэгдэж, Үл хөдлөх хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155 тоотод байрлалтай 2145.4 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний өмчилсөн газар зэрэг барьцаа хөрөнгөнөөс албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6, Шүүхийн шийдвэр Гүйцэтгэлийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1-д зааснаар үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдаа явуулах этгээдээр Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг томилж, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 306.275 төгрөгийг нөхөн төлүүлж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас 17.070.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж 243.300 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр магадлалаар:Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг баримтлан Э.Эрдэнзаяагийн нэхэмжлэлтэй Х.Нарантуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Нарантуяа нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 02 сарын 17-ны өдрийн 42 дугаартай захирамжаар давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа, түүний өмгөөлөгч М.Гансүх нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасныг зөрчсөн хэмээн мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2, 172.2.1, 172.2.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс доорх гомдлыг гаргаж байна. Хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад зохигчид 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдөр эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулан зохигчдын эвлэрлийг баталсан 378 тоот захирамж гарч хэргийг шийдвэрлэсэн. Гэтэл тус хэргийн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1826 тоот дугаартай захирамжаар 378 тоот захирамжаа хүчингүй болгож хууль зөрчсөн, шүүгчийн 1826 тоот захирамжид гомдол гаргасан боловч анхан шатны шүүх хүлээж аваагүй. Ингээд хэргийг дахин хэлэлцэж улмаар хуульд нийцсэн, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 93 тоот шийдвэр гарсан.

Х.Нарантуяа нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдолдоо, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.3-т зааснаар “аль шүүхийн, ямар шийдвэрийг давж заалдаж байгаа” талаар бичээгүй, өөрийгөө хэргийн нэхэмжлэгч гэж тодорхойлсон. Анхны шатны шүүхэд давж заалдах гомдол гаргахдаа төлөгдөх ёстой улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэхдээ ямар хүсэлтээр, ямар нотлох баримт гаргаснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлж байгаа нь ойлгомжгүй нотлох баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Мөн хэргийн оролцогчдод 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр шүүхийн шийдвэрийн хувийг гардуулсан, (хх 112) талд авагдсан баримтаас харагддаг. Энэ баримтын хариуцагч гэх хэсгийн огноо хэсэгт 2017.01.17, 2017.02.06 гэх огноонууд бичигдсэн байх ба шийдвэрийг хэдийд гардаж авсан талаар тайлбар байхгүй, хэн гардаж авсан нь тодорхойгүй (гарын үсгийн тайлалгүй)байхад давж шатны шүүх шууд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч Х.Нарантуяа гардаж авсан байна гэж таамаглан дүгнэлт хийж хэргийг хүлээн авсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Харин дээрх журам зөрчсөн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3-т зааснаар гомдлыг хүлээн авахаас татгалзах учиртай байсан.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Э.Эрдэнэзаяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан үндэслэлээр нэхэмжлэл гаргаж улмаар анхан шатны шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн. Хавтаст хэрэгт авагдсан гэрээний хоёр тал маргааныг шийдвэрлэх харьяаллыг тохирсон боловч орон нутгийн онцлог, зардал чирэгдэл зэрэг олон нөхцөлшалтгааны улмаас нэхэмжлэгч нь тухайн орон нутгийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд хэргийг оролцогчид буюу хариуцагч тал харьяаллын талаар маргаан үүсгээгүй, энэ талаар тайлбартаа ч дурьдаагүй, мөн давж заалдах шатны шүүхэд журам зөрчиж гаргасан гомдолдоо ч харьяаллын талаар маргаагүй юм.

Давж заалдах шатны шүүх талууд маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын зарчимд үндэслэх, шүүх хөндлөнгийн байх зарчимд нийцээгүй гэж үзэж байна.

Иймд 2017 оны 01 дугаар сарын 10-ны өдрийн 93 тоот анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 11 тоот магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Э.Эрдэнэзаяа нь хариуцагч Х.Нарантуяагаас зээл, хүү, алдангид нийт 31.391.020 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон барьцааны гэрээг дурджээ. Хариуцагч алдангийг эс зөвшөөрч, маргажээ.

Х.Нарантуяа нь өөрийн өмчлөлийн 108 м.кв хувийн орон сууц, 2145.4 м.кв өмчлөлийн газрыг барьцаалан Э.Эрдэнэзаяагаас 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 12.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр тохирч, зээлийн  болон барьцааны гэрээ байгуулжээ.

Зохигчид хүү, анз тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.3, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагад нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.

Талууд энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал Монголын үндэсний арбиртаар шийдвэрлүүлэхээр харилцан тохирчээ /хэргийн 3 дугаар тал/.

Арбитрын тухай хуулийн /2003/ 12 дугаар зүйлийн 12.1-т “талууд тухайн маргаанаар шүүхэд эхэлж нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргахаасаа өмнө уг маргааныг арбитрт шилжүүлэх тухай хүсэлт гаргасан бөгөөд шүүх талуудын хооронд хийсэн арбитрын хэлэлцээр хүчинтэй бөгөөд хэрэгжих боломжтой гэж үзвэл уг маргааныг арбитрт шилжүүлнэ гэж заажээ.

Хуулийн уг заалтаас үзвэл хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүхэд хариу тайлбар гаргаснаас хойш маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах эрхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар гаргахаас өмнө маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бол шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан журмын дагуу шийдвэрлэнэ. 

Давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.

Хариуцагч зээлийн гэрээнд заасан 12.000.000 төгрөгийг хүлээн авч, гэрээний хугацаанд хүүд 4.380.000 төгрөг, хугацаа дууссанаас хойш 2.000.000 төгрөг төлснийг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэх бөгөөд гэрээний 5-т гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тохиолдолд үнийн дүнгийн 0.3 хувиар алданги тооцохоор талууд тохирчээ.

Зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй, энэ тохиолдолд нэхэмжлэгч зээл, алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хариуцагчаас зээл 11.380.000 төгрөг, алдангийг гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хязгаарлан 5.690.000 төгрөг нийт 17.070.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийг оновчтой сонгон хэрэглээгүй, 2, 3 дах заалтыг ойлгомжгүй тодорхойлсон байх тул хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 93 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “...232.1, 232.3...” гэснийг хасч, 2, 3 дах заалтыг нэгтгэн 2 гэж дугаарлан “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т заасныг баримтлан хариуцагч төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 багийн 2 дугаар хэсгийн 155 тоотод байрлах 108 м.кв талбайтай хувийн орон сууц, мөн тоотын 2145.4 м.кв талбайтай газрыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сэлэнгэ аймаг дах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэж өөрчилж, 4, 5, 6, 7, 8, 9 дэх заалтыг 3, 4, 5, 6, 7, 8 гэж дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Сэлэнгэ аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 733 захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.     

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ