Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намсрайн Батзориг |
Хэргийн индекс | 183/2022/00965/И |
Дугаар | 210/МА2023/00296 |
Огноо | 2023-02-06 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00296
А-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02894 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А-ын хариуцагч Р-ТӨААТҮГ-т холбогдуулан гаргасан дутуу олгосон цалин 70,505,824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, шүүх хуралдааны нарийн бичгийн Л.Содномдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01907 дугаар шийдвэрээр А-ыг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговрыг Иргэний нисэхийн ерөнхий газраас гаргуулахаар шийдвэрлэж, Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 477 дугаар тогтоолоор дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдсэн. Дээр дурдагдсан шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газарт мэргэжилтнээр тасралтгүй ажилласныг тогтоосон. Мөн сахилгын шийтгэл ногдуулан үндсэн болон нэмэгдэл цалин хөлсийг бүрэн хасаж нэхэмжлэгчийг хохироосон. Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 477 дугаар тогтоолоор Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалууд хүчингүй болгосон тул 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цалин хөлсийг бүтнээр нь тооцуулан авах эрхтэй болсон. Ажлаас халагдсанаас хойших Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлөөгүйгээс шалтгаалж А- эрүүл мэндийн үйлчилгээг авч чадахгүй хохирсон. Сахилгын арга хэмжээ авагдсан хугацааны буюу 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт 13,139,535 төгрөг, ажилгүй байсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны цалин хөлсийг тооцсон нөхөн олговорт 10,332,300 төгрөг, ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01-10 дугаар сарын олговорт 28,356,750 төгрөг, 2018 оны урамшуулал 1,230,200 төгрөг, 2019 оны урамшуулалд 1,390,500 төгрөг, 2020 оны урамшуулалд 1,000,000 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын төлбөр 96,000 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын нөхөн олговорт 2,085,000 төгрөг, 2020 оны ээлжийн амралтын нөхөн олговорт 2,294,250 төгрөг, Улсын дээд шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 477 дугаар тогтоолоор олгох ёстой ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос дутуу олгогдсон 967,149 төгрөг, докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нөхөн олговорт 9,614,140 төгрөг, нийт 70,505,824 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01907 дугаар шийдвэрээр А-ыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэх буудлуудын удирдах газрын төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацааны цалин нийт 7,093,548 төгрөгийг гаргуулж, НБУГ-ын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу А-ад ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 823,792 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр түүний Голомт банкны 2105019063 дугаар дансанд шилжүүлсэн. Мөн Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 477 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1891 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 01907 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг ...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт зааснаар Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, А-ыг ИНЕГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай гэж, 2 дахь заалтад ...7,695,738 төгрөг... гэснийг уг мөнгөн дүн дээр хуульд нийцээгүй тушаалын дагуу цалингаас суутгасан 975,752 төгрөгийг нэмж, нийт 8,671,490 гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 4-190/3702 дугаар шүүхийн шийдвэр биелүүлэх тухай албан бичгийн дагуу Төрийн банк ХХК дахь тус газрын 106000059575 тоот дансанд Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 25 дугаар зүйл, Татварын ерөнхий газрын даргын 2019 оны А/261 дүгээр тушаалаар батлагдсан Хувь хүний орлогыг албан татвараас чөлөөлөх, албан татварын хөнгөлөлт эдлүүлэх журмын 2.5-т тус тус зааснаар хувь хүний орлогын албан татварт 10 хувь 867,149 төгрөгийг суутган тооцож, улсын тэмдэгтийн хураамж 18,716 төгрөгийг нэмж, нийт 7,823,057 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн. А- Улсын дээд шүүхийн 477 дугаар тогтоолоор олгох ёстой ажилгүй байсан хугацааны нөхөн олговроос дутуу олгогдсон 967,149 төгрөгийг гаргуулна гэж, татварт суутгасан 10 хувийг авах ёсгүй гэсэн нь үндэслэлгүй. 2020 оны 10 дугаар сард А-ад 1,203,904 төгрөг олгохоор тооцсон ба үүнээс нийгмийн даатгалын шимтгэл 138,449 төгрөг, хувь хүний орлогын албан татварын 90,545 төгрөгийг суутган 974,910 төгрөгийн цалин олгосон. Нэхэмжлэгчийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31, 2020 оны 01 дүгээр сараас 10 дугаар сар хүртэлх цалин хөлс гаргуулах шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т зааснаар энэ хуулийн 154.2.1-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор урьдчилан шийдвэрлэх журмаар байгууллагын хөдөлмөр эрхлэх маргаан таслах комиссоор шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн байх тул шаардах эрхгүй. Түүнчлэн, 2018, 2019 онуудын урамшууллын цалинг нэхэмжилж байгаа бөгөөд энэ нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал тул олгох эсэхийг удирдлага шийднэ. Сайн дурын нийгмийн даатгал төлж эмчилгээ үйлчилгээ авсан гэх боловч энэ талаарх баримт байхгүй. 2019, 2020 онуудын ээлжийн амралтын нөхөн олговорт Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл цалин, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Докторын зэргийн нэмэгдэл бол Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-д хамаарах урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэгжүүлээгүй, байгууллагынхаа маргаан таслах комисст хандаж маргааныг 90 хоногийн дотор шийдвэрлүүлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
3.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч Р-ТӨААТҮГ-аас 17,799,551 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,706,273 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан ... докторын зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар тооцож, 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нөхөн олговорт 9,614,140 төгрөг гаргуулах... тухай шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Анхан шатны шүүх Р-ТӨААТҮГ А-ыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилд эгүүлэн авч, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт төлөх нийгмийн даатгалын шимтгэлд 823,792 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлсэн болох нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу олгох олговроос дутуу олгосон 967,149 төгрөгийг гаргуулахаар шаардсан байхад 823,792 төгрөгийг олгосон гэж дүгнэсэн. Голомт банк ХХК-ийн 2105019063 дугаар дансыг А- эзэмшдэггүй.Р-ТӨААТҮГ А-ыг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажилд аваагүй. ИНЕГ-аас ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт төлөх нийгмийн даатгалын шимтгэл 823,792 төгрөгийг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлээгүй.
Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны ажлын өдөр 278 хоног байхад 271 хоног гэж 1 сарын дундаж ажлын өдөр тооцохдоо 17,66 байхыг 2005 оны дундаж цалин хөлсийг тодорхойлох журамд заагаагүй 21,5 өдөрт хуваан 1 өдрийн дундаж цалинг тооцсон. 2019 оны 01 дүгээр сард 22 хоног, 2019 оны 02 дугаар сард 17 хоног, 2019 оны 03 дугаар сард 20 хоног, дээрх журамд зааснаар 14 хоног, нийт ажлын 64 хоног, дундаж цалин хөлс тодорхойлох журмаар тооцоход ажлын 53 хоног. 1 сарын дундаж өдөр 53 ажлын хоног : 3 сар = 17,66 ажлын өдөр, 1 өдрийн дундаж цалин 1,412,136 төгрөг : 17 ажлын өдөр = 79,962 төгрөг. Ажилгүй байсан хугацаа 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажлын 12 хоног, 2019 оны 10-12 дугаар сар хүртэл ажлын 64 хоног, 2020 оны 10 дугаар сарын 01-12-ны өдрийг хүртэл 15 ажлын хоног, нийт 12 сар, ажлын 27 хоног, буюу ажлын 278 хоног болно. 278 хоногийг 1 өдрийн цалин 79,962 төгрөгөөр тооцоход 22,229,547 төгрөг болно.
А-ыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг Р-ТӨААТҮГ 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр биелүүлсэн тул нэхэмжлэгч нь цалин хөлсөө шаардах эрхтэй байхад анхан шатны шүүх цалинг шинэчлэн баталсан тушаал уг маргаанд хамааралгүй гэж буруу дүгнэсэн. Анхан шатны шүүхэд А- 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговор, урамшууллын мөнгөний нэг сарын дундаж цалин хөлсийг тооцоход дараах нотлох баримтууд шинээр илэрсэн талаар тайлбарласан. Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/ 00477 дүгээр тогтоолоор Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгосон цалин хөлсийг бүрэн тооцож авах эрхтэй. Сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны Б/155, 2019 оны Б/35 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, уг тушаалын дагуу суутгасан 975_752 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүн дээр нэмж 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,390,500 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1,529,500 төгрөг болж нэмэгдсэн болох нь нотлох баримтаар тогтоогдсон. 2020 оны 08 дугаар сард 2,838,675 төгрөг, мөн оны 09 дүгээр сард 2,853,675 төгрөг, 10 дугаар сард 2,838,675 төгрөг, нийт 8,531,025 төгрөг. Нэг сарын дундаж цалин хөлс 8,531,025 төгрөг. 1 сарын дундаж цалин хөлс 8,531,025 төгрөг : 3 сар = 2,843,675 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 2,843,675 төгрөг : 21 хоног = 315,413 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацааны олговор 37,644,814 төгрөг болно.
Ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрын нэг сарын дундаж цалин хөлсийг шүүх үндсэн цалин 1,529,500 төгрөгөөс А-ад олгосон 1,412,136 төгрөг буюу 117,364 төгрөгөөр багаар тогтоосон. 1 сарын дундаж цалин хамгийн багадаа 2,489,325 төгрөг болно. Энэ нь 1,077,109 төгрөгөөр буюу 2 дахин багаар тогтоосон.
Улсын дээд шүүхийн 00477 дугаар тогтоолын дагуу суутгасан 975,752 төгрөгийг А-ад буцаан олгосныг хүлээн зөвшөөрч талууд уг асуудлаар маргаагүй, 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр биелүүлсэн гэж дүгнэсэн. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуусталх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг тооцохоор 1 сарын дундаж цалин хөлс, 1 сарын ажлын дундаж өдөр, 1 өдрийн дундаж цалинг тус тус тооцон бодох шүүхийн хүчин төгөлдөр байгаа шийдвэр, тогтоолд заагдсан 975,752 төгрөгийг тооцон үзсэн хамгийн боломжит хувилбараар нийт нөхөн олговрыг тооцвол, 1 сарын дундаж цалин хөлс 1,412,136 төгрөг + 975,752 төгрөг = 2,387,888 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 2,387,888 төгрөг : 21,5 хоног = 111,064 төгрөг. 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хугацааны олговор ажлын 278 хоног х 111,064 төгрөг, нийт 30,875,945 төгрөг болно. Анхан шатны шүүх 17,799,551 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. 30,875,945 төгрөгөөс 17,799,551 төгрөгийг хасахад зөрүү 13,076,394 төгрөг болно.
Анхан шатны шүүх урамшуулал гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. А-ад сахилгын арга хэмжээ авагдсан 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш ажилд орох хүртэлх хугацаанд ИНЕГ-т тасралтгүй ажилласныг Улсын дээд шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 00477 дугаар тогтоолоор тогтоосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмэгдсэн үндсэн цалин, нэмэгдэл цалингууд, урамшуулалт цалинг тус тус тооцон шүүхээс нөхөн олговрыг олгох ёстой. 2018, 2019, 2020 оны урамшуулалт цалинг олгох тухай ИНЕГ-ын даргын тушаалыг ИНЕГ-аас гаргуулж, нотлох баримтаар тогтоосон тул 2018, 2019, 2020 оны урамшуулал цалингийн нөхөн олговор болох 3,620,700 төгрөгийг хариуцагч ИНЕГ-аас гаргуулахаар шаардах эрхтэй. Иймд ажилгүй байсан хугацааны дутуу олгосон олговор 13,076,394 төгрөг, урамшуулал цалин 3,620,700 төгрөг, нийт 16,697,094 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх Р-ТӨААТҮГ-аас 17,799,551 төгрөг гаргуулж нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 52,706,273 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон үнийн дүнд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
1. Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгохоор 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан. Анхан шатны шүүх энэ маргааныг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулагдана гэж үзсэн нь хууль хэрэглээний хувьд зөв.
1.1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрээр А-ыг ИНЕГ ТӨААТҮГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас урьд авч байсан дундаж цалин хөлсний олговор, нэмэгдэл хөлсөнд нийт 7,695,738 төгрөг /7,093,548 +602 190/-ийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
1.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1891 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
1.3 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00477 дугаар тогтоолоор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1891 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ШШ2019/01907 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 131 дүгээр зүйлийн 131.3-д зааснаар Нисэх буудлуудын удирдах газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, А-ыг ИНЕГ ТӨААТҮГ-ын Нисэх буудлуудын удирдах газрын Төсөл хөтөлбөр боловсруулалтын тасгийн баримт бичиг боловсруулалтын мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай. гэж, 2 дахь заалтад ...7,695,738 төгрөг /7,093,548 + 602,190/...гэснийг ...8,671,490...гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, тогтоолыг хариуцагч байгууллага 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр биелүүлсэн тул нэхэмжлэгч А- ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажлын 278 хоногийн олговор шаардсан нь ажилгүй байсан хугацаанд хамаарч байхад анхан шатны шүүх нийт 271 хоногоор тооцсон нь буруу болсноос гадна хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр биелүүлсэн гэж илэрхий алдаатай дүгнэлт хийжээ. /хх-ийн 182-183/ Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
3. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх бөгөөд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00477 дугаар тогтоолоор Нисэх буудлуудын удирдах газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 тоот тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 тоот тушаалыг тус тус хүчингүй болгож, эдгээр тушаалын дагуу суутгасан 975,752 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байхад анхан шатны шүүх ...ажилтны нэг өдрийн цалинг 65,681 төгрөгөөр тодорхойлсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа... гэж буруу дүгнэжээ.
4. Нэхэмжлэгч А- ...дээр дурдагдсан шүүхийн шийдвэр, тогтоолоор 2019 оны 04 дугаар сарын 11-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд Иргэний нисэхийн ерөнхий газарт мэргэжилтнээр тасралтгүй ажилласныг тогтоосон... Нисэх буудлуудын удирдах газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/155 дугаар тушаал, 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/35 дугаар тушаалууд хүчингүй болгосон тул 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд цалин хөлсийг бүтнээр нь тооцуулан авах эрхтэй болсон... гэсэн тайлбар гаргасныг хариуцагч тал үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаар үгүйсгэж чадаагүй байхаас гадна давж заалдах шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдолд заасан үндэслэлүүдэд ч ямар нэгэн үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж заасан.
5. Улсын Дээд шүүхийн дээрх 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 001/ХТ2020/00477 дугаар тогтоолд ...олговор 7,093,548 төгрөг, 2018 оны 09, 10 дугаар сард олгох ёстой үр дүнгийн нэмэгдэл хөлс 602,190 төгрөг, нийт 7,695,738 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт нийцжээ. Уг мөнгөн дүн дээр хуульд нийцээгүй тушаалын дагуу цалингаас суутгасан 975,752 төгрөгийг нэмж, нийт 8,671,490 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэр магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч А-ын ...1 сарын дундаж цалин хөлс 1,412,136 төгрөг + 975,752 төгрөг = 2,387,888 төгрөг, 1 өдрийн дундаж цалин : 2,387 888 төгрөг : 21,5 хоног = 111,064 төгрөг.... гэсэн тооцоолол үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгч А-ад 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 30,875,792 (111,064 төгрөг х 278 хоног) төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.
6. Анхан шатны шүүх ...урамшуулал нь ажилтан бүрд заавал олгох урамшуулал биш байхаас гадна тухайн байгууллагын удирдлагын эрх хэмжээний асуудал... дээрх хугацаанд А- ажил эрхлээгүй тул ажлын үр дүнгийн урамшууллыг шаардах эрхгүй... гэсэн дүгнэлт хийж урамшууллын 3,620,700 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн А/868 дугаар тушаалаар ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/1071 дүгээр тушаалаар ажилтнуудад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх урамшуулал, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/495 дугаар тушаалаар ажилтнуудад 1,000,000 төгрөгийн урамшуулал тус тус олгохоор шийдвэрлэжээ. (хх-ийн 86-88)
Нэхэмжлэгч А- дээрх хугацаанд ажил эрхлээгүй явдал нь түүнээс шалтгаалаагүй, харин ажил олгогч сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй гэсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн, нэхэмжлэгч нь сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй байхад 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/133 тоот тушаалаар нэхэмжлэгчийг хууль бусаар ажлаас халсантай холбоотой болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолуудаар тогтоогдсон байна.
Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, ажлаас хууль бусаар халсантай шалтгаант холбоотойгоор урамшуулал авч чадаагүй тул 3,620,700 төгрөгийн нэхэмжлэлийг хангах нь зүйтэй.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэлээс ээлжийн амралтын олговор 4,379,250 төгрөг, эрүүл мэндийн даатгал төлж хохирсон гэх 96,000 төгрөг, дутуу олгогдсон 967,149 төгрөг зэрэг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, докторын зэргийн нэмэгдлийн 9,614,140 төгрөгт холбогдох хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэсэнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.
А-ын гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул анхан шатны шүүхэд төлсөн 510,479 төгрөгийг, давж заалдах шатны шүүхэд төлсөн 241,435 төгрөгийг тус тус улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоос гадна шүүх тухайн маргаанд хамааралгүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1 дэх заалтыг хэрэглэсэн нь буруу байх тул зөвтгөх нь зүйтэй.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2022/02894 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р-ТӨААТҮГ-аас 34,496,645 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 36,009,179 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх тул төлсөн 510,479 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч А-ад олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р-ТӨААТҮГ-аас 330,433 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А-ын төлсөн 241,435 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Н.БАТЗОРИГ