Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э,  

Шүүгдэгч Ц.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Ц.Т-т холбогдох эрүүгийн 1820001030072 тоот хэргийг 2018 оны 10 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Сайншанд сумын 1-р багт оршин суух, одоо Замын-Үүд сум 1 дүгээр багт түр оршин суух, урьд 2007 оны 03 сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ялыг 1 жилээр тэнссэн, 2013 оны 05 сарын 15-ны өдөр 57 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын баривчлах ялаар, 2014 оны 10 сарын 22-ны өдрийн 81 дугаар шийтгэх тогтоолоор 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар, 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/04 дугаар шүүгчийн захирамжаар 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Н овогт Ц.Т,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг ... тоотод оршин суух Г.Б-н гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч үүдний өрөөний өлгүүрт байсан бичиг баримт, бэлэн мөнгө бүхий гар цүнхийг хулгайлсан,

Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс хөлний массажны аппарат илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд тэндээсээ тэнэж яваад Замын-Үүдийн төв орсон ба Замын-Үүдэд ганц байдаг лифттэй байранд орой 19 цагийн орчимд очиж орцонд нь хэвтэх гэж орсон. Тэгээд байж байтал ам хатаад байхаар нь 1 давхараас дээшээ яг хэдэн давхар луу гарснаа санахгүй байна айлуудын хаалга татаад онгойсон айлаас нь ус авах гэтэл айлуудын хаалга нь бүгд хаалттай байсан. Явахдаа аль замаар явсан үйлдлээ санахгүй байна тухайн үед нилээн согтолттой байсан учраас яг яаснаа санахгүй байна. Тэгээд Л гэх хөгшний гэрт очиж хоносон. ...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хаагуур юу хийж явснаа санахгүй байна. Тэр өдөр би архи уусан нилээд согтуу байсан учраас тасарсан байна лээ. Сая таны үзүүлсэн бичлэгийг үзээд Г банкны ... тоот өрөө рүү орж ирээд, хууль бусаар хүний хөлийн массажны аппаратыг аваад гарч байгаагаа харлаа. Би мөн байна би тэр өдөр хар өнгийн саравчтай малгай, адидас гэсэн логотой хар хөх өнгийн биеийн тамирын хослол дотуураа цагаан өнгийн майк, саарал өнгийн зуны кeттэй явсан. Би өөрийгөө таниж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14, 45-47/

- Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 04 сарын 20-ны өдөр би Дорноговь аймгийн Сайншанд сумаас Замын-Үүдэд ирсэн. Тэр өдрөө вокзал дээр таньдаг хүнтэй таарч ууж явж байгаад Г банкны ... давхарт гарч үүдэн нь байсан хөлний массажны аппарат авсан нь үнэн. Тухайн үед согтуу байсан учраас хүн дуугарсанг сонсоогүй. Г.Б гэх айлаас би тэр эд зүйлийг нь аваагүй. ... 2018 оны 04 сарын 26-ны өдөр 118 дугаар байранд очсон миний бие өвдөөд хэвтэх гэж очсон. Тэгээд хэвтэж байгаад орой гараад явсан. Согтуу байсан болохоор санахгүй байна. ... Тэр байранд 1 давхарт манай дүүгийнх байдаг би дүүгийндээ очих гэж очсон. Ойрын хэдэн жил би тэднийд очоогүй, намайг очихоор оруулдаггүй юм... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний өндөр настай ээжийг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг,

- Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 26-ны орой ажлаасаа 18:00 цаг өнгөрөөгөөд тараад гэр лүүгээ харих замаараа Б-н валют арилжаанаас 2600 БНХАУ-ын юань солиулж аваад гэртээ хариад өөрийн гар цүнхээ гэрийнхээ үүднийхээ хувцасны өлгүүрт өлгөсөн байсан. Тэгээд би гэртээ хоолоо хийж байгаад дэлгүүр орох гээд олоогүй ба ээжээсээ мөнгө авч дэлгүүр орон цүнхээ нөхөр хүүхдийнхээ хамт хайгаад олохгүй болохоор цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн. Миний гар цүнх нь “burberry” гэсэн бичиглэлтэй, бор өнгийн, урт оосортой байсан ба цүнхэн дотор ягаан өнгийн түрүүвч, Г, К, Х банкны 4 ширхэг карт, ажлын 5 ширхэг түлхүүр, 1 автерка, машины удирдлагатай түлхүүр, монетон ээмэг 1 хос, 2600 юань 25000 гаран төгрөг, гоо сайхны хэрэгсэл зүйлс байсан. Би 2018 оны 05 дугаар сар 12-ны орой 19:00 цагийн орчимд гэртээ байхад манай гэрийн хаалганы бариул дуугарах чимээ гарахаар нь хаалгаа нээгээд хартал туранхай биетэй, согтууруулах ундаа хэрэглэсэн, бараан өнгийн саравчтай малгайтай хүн хажуу айлын хаалгыг татаж байхад тэр айлын хүн хаалгаа нээж таарсан. Тэгээд хажуу айлын эгч хаалгаа нээтэл нөгөө согтуу хүн дээшээ шатаар өгсөхөөр нь би түүнийг дуудаад яаж яваа юм, юун хүн бэ гэхэд тэр хүн 1 давхарын айл хайж байна гэхээр нь чи юун нэг давхар, энэ чинь 4 давхар гэхэд доошоо буухаар нь араас нь бууж байтал 3 давхарын Ч гэх залуу гэрээсээ гарч таараад түүнийг хараад наадах чинь манай хаалгыг бас татсан харин тийм манай хаалга болон хажуу талын айлын хаалгыг татсан, одоохон цагдаа дуудаадхая гээд Ч-р харуулж байгаад цагдаад дуудлага өгч бариулсан. Би тэр хүнийг л сэжиглэж байна...2600 юань буюу 1,000,000 төгрөг, 27,000 төгрөг, тоёота кроун 202 маркийн автомашины түлхүүр 200,000 гаруй төгрөгөөр хийлгэсэн. Нийт 1,227,000 төгрөгийг нэхэмжилж байна, бусад зүйлээ олсон болохоор нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-10, 76/,

- Хохирогч Ц.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Г банкны ... тоот өрөөнд бариа заслын үйл ажиллагаа явуулдаг. 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 12:00 цагийн орчимд өрөөндөө нэг хүний бүтэн бариа засал хийгээд дуусчихаад бумбаа арчиж 10 орчим минут болж байхад гаднаас хөлийн чимээ гаран хүн орж ирэх шиг болохоор нь хэн бэ? гэхэд орж ирсэн хүн ямар нэг дуу чимээ гаргалгүй өрөөн дотор явж хувцас, гутал хийдэг төмөр шкафыг онгойлгоход нь хэн бэ гэхэд бас дугараагүй өрөөнд явж текний шургуулгыг татаад буцаад хаагаад байхаар нь өөрийн төрсөн эгч Загармааг байна гэж бодоод дахин чимээ гаргахаар нь хэн бэ гэхэд хариу өгөөгүй. Тэгээд өрөөний хаалганы зүүн талд орны дэргэд байсан хөл угаадаг массаж хийдэг аппаратны таг унах чимээ гарахаар нь хэн бэ гэхэд ямар нэг чимээ гаргалгүй гараад явсан байсан. Тэгээд би орны хажуу талд байдаг хөл угаадаг, массаж хийдэг аппаратыг гараараа тэмтрэн шалгахад байхгүй байхаар нь хадам ээж рүүгээ утсаар залгаж хөлний массажны аппаратыг хүн аваад гарах шиг боллоо гэж мэдэгдэхэд хадам ээж удалгүй ирсэн. Ээж камер шүүгээд хар өнгийн малгайтай, туранхай биетэй, хар хөх өнгийн цамцтай хүн аваад гарсан байна гэж надад хэлсэн...Би хадам ээж Ч.Г-т урагшаа Эрээн гарна гэхээр нь захиж авчируулсан. Би 350 юань буюу 133,000 төгрөгөөр худалдан авсан. Надад 133,000 төгрөгний хохирол учирсан. Алдагдсан эд зүйлийнхээ мөнгийг олж авмаар байна. Хараагүй хүнийг далимдуулан эд зүйлийг нь авч явсан хүнд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/,

- Гэрч Ч.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 сарын 20-ны өдөр манай хүү Ц.Ш өөрийн дугаараас 12:00 цагийн орчимд залгаад “Ээжээ манай өрөөнд хүн орж ирээд шургуулга нэгжээд байхаар нь хэн бэ гэхэд дуугарахгүй байснаа хөлний массажны аппарат аваад явчихлаа” гэж хэлэхээр нь хүүгийнхээ ажил дээр нь ирж хүүтэйгээ уулзаад доошоо бууж жижүүртэй нь уулзаж Г банкны камер шүүж үзсэн. Тэгэхэд камерын бичлэгт манай хүүгийн өрөө рүү туранхай, саравчтай малгайтай, бөгтөр, цэнхэр цамцтай хүн ороод аваад гарч байгаа бичлэг харагдахаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай хүү Ц.Ш 100 хувь харааны бэрхшээлтэй хүн. Ц.Ш нь манай хүргэн ба хараагүй болоод 17 жил болж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/,

- Насанд хүрээгүй гэрч А.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр сургуулиасаа тараад гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй ба гэртээ ороод байж байтал манай ээж аав гэрт хүрээд ирэхээр нь 1 ой 7 сартай дүүгээ салхилуулаад гэрийнхээ хойно байж байтал манай дүү гэр контайнер хоёрын голоор орчихоор нь дүүгээ авах гээд араас нь очтол байшин контайнер хоёрын голд эмэгтэй хүний бор өнгийн гар цүнх байсан ба би сонирхоод хартал цүнх нь онгорхой дотор нь ягаан өнгийн түрүүвч харагдахаар нь нээгээд үзтэл иргэний үнэмлэх байхаар нь шууд гэр лүүгээ орж ээж аавдаа гэр контайнер хоёрын голоос оллоо гээд оруулж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- Гэрч Г.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд би гэрээсээ гараад явж байтал манай байрны Г.Б гэх эмэгтэй “Манай гэрт орж хулгай хийсэн нөхөр энэ юм шиг байна сая манай хаалгыг дахин татаж гэрлүү орох гэж байна” гээд үл таних туранхай, согтуу байдалтай, дунд зэргийн настай хүнийг барьчихсан, энэ зугтах гээд байна гэхээр нь би цагдаа иртэл түүнийг барьж байгаад цагдаад хүлээлгэн өгсөн. Манай гэрийн хаалгыг татсан хүн мөн байх. Тэр хүн айлуудын хаалгыг татаад явдаг байж магадгүй. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/,

- Гэрч А.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод байрлах өөрийн үсчингийн ажлын байранд байх хугацаанд өдөр 12:00 цагийн орчимд бор өнгийн цамц, хар өнгийн саравчтай малгай, биеийн тамирын өмдтэй, архи уусан байдалтай нэлээд согтуу, хар царайтай, 40 гаран насны, бөгтгөр нуруутай, саравчтай малгайгаа нэлээн доош дарсан байдалтай үл таних 1 хүн манай ажлаар 2-3 удаа ороод гарсан. Эхлээд 2 удаа орж ирэхдээ үсээ засуулая гэж хэлэхээр нь манайх согтуу хүнд үйлчлэхгүй гэж хэлэн гарган явуулсан. Түүний дараа хэсэг байж байгаад дахин орж ирэхээр нь та яах гээд энэ орчмоор яваад байгаа юм бэ гэхэд ах нь төөрчихлөө шат хаана байгаа вэ? гаргаад өгөөч гэхээр нь цахилгаан шат дуудаад суулгаад явуулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

- 2018 оны 06 сарын 29-ний өдрийн 85 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19/,

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 74-76/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 21, 120/,

- “А” ХХК-ний эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 136-138/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудаар 2018 оны 04 дүгээр сарын 20, 26-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс  хөлний массажны аппарат, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух Г.Б-н гэрээс түүний гар цүнх алга болсон үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг ... тоотод оршин суух Г.Б-н гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч үүдний өрөөний өлгүүрт байсан бичиг баримт, бэлэн мөнгө бүхий гар  цүнхийг хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар,

 Мөн 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс хөлний массажны аппарат илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “... Г.Б-н гэрээс гар цүнх, бэлэн мөнгийг хулгайлсан гэх үйлдэл нь нотлогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэх боловч шүүгдэгч Ц.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт “...2018 оны 04 сарын 26-ны өдөр ... дугаар байранд очсон миний бие өвдөөд хэвтэх гэж очсон. ...Тэр байрны 1 давхарт манай дүүгийнх байдаг би дүүгийндээ очих гэж очсон. ...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн, хохирогч Г.Б-н “...гэртээ байхад манай гэрийн хаалганы бариул дуугарах чимээ гарахаар нь хаалгаа нээгээд хартал туранхай биетэй, согтууруулах ундаа хэрэглэсэн, бараан өнгийн саравчтай малгайтай хүн хажуу айлын хаалгыг татаж байхад тэр айлын хүн хаалгаа нээж таарсан...” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байх тул хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Мөн улсын яллагч “...шүүгдэгч Ц.Т нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс хөлний массажны аппарат илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн ... Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай ...” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч “...Ц.Ш-н эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэнг хүлээн зөвшөөрч байна...” гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь: Илээр, хүч хэрэглэхгүйгээр авсан гэх үйлдэл нь хохирогчийг харсаар, үзсээр байхад нь авч байгаа үйлдлийг ойлгоно. Гэтэл хохирогч Ц.Ш нь 100 хувь харааны бэрхшээлтэй хүн байх ба шүүгдэгч Ц.Т нь түүний энэ байдлыг нь далимдуулан эд хөрөнгийг нь авч байгаа үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Т-т Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс хөлний массажны аппарат илээр хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлан авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасан байх ба прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь шүүх хүндрүүлэн өөрчилж байна гэж үзэхээр боловч прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2.1-т заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Т-н 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс хөлний массажны аппаратыг,  2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг ... тоотод оршин суух Г.Б-н гэрт нууцаар хууль бусаар нэвтэрч үүдний өрөөний өлгүүрт байсан бичиг баримт, бэлэн мөнгөтэй гар  цүнхийг тус тус хулгайлан авсан үйлдлүүдийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн учир хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж үзэх үндэслэлтэй юм.

Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Г банкны ... тоотод үйл ажиллагаа явуулдаг бариа заслын төвөөс хөлний массажны аппаратыг,

2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд баг ... тоотод оршин суух Г.Б-н гэрээс үүдний өрөөний өлгүүрт байсан бичиг баримт, бэлэн мөнгөтэй гар цүнхийг тус тус хулгайлсан болох нь шүүгдэгч Ц.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Г.Б-н “...Би 2018 оны 04 дүгээр сарын 26-ны орой ажлаасаа 18:00 цаг өнгөрөөгөөд тараад гэр лүүгээ харих замаараа Б-н валют арилжаанаас 2600 БНХАУ-ын юань солиулж аваад гэртээ хариад өөрийн гар цүнхээ гэрийнхээ үүднийхээ хувцасны өлгүүрт өлгөсөн байсан. Тэгээд би гэртээ хоолоо хийж байгаад дэлгүүр орох гээд цүнхээ олоогүй ба ээжээсээ мөнгө авч дэлгүүр орон цүнхээ нөхөр хүүхдийнхээ хамт хайгаад олохгүй болохоор цагдаад дуудлага өгч тэмдэглүүлсэн... гэртээ байхад манай гэрийн хаалганы бариул дуугарах чимээ гарахаар нь хаалгаа нээгээд хартал туранхай биетэй, согтууруулах ундаа хэрэглэсэн, бараан өнгийн саравчтай малгайтай хүн хажуу айлын хаалгыг татаж байхад тэр айлын хүн хаалгаа нээж таарсан. Тэгээд хажуу айлын эгч хаалгаа нээтэл нөгөө согтуу хүн дээшээ шатаар өгсөхөөр нь би түүнийг дуудаад яаж яваа юм, юун хүн бэ гэхэд тэр хүн 1 давхарын айл хайж байна гэхээр нь чи юун нэг давхар, энэ чинь 4 давхар гэхэд доошоо буухаар нь араас нь бууж байтал 3 давхарын Ч гэх залуу гэрээсээ гарч таараад түүнийг хараад наадах чинь манай хаалгыг бас татсан харин тийм манай хаалга болон хажуу талын айлын хаалгыг татсан...” гэсэн, хохирогч Ц.Ш-н “...гаднаас хөлийн чимээ гаран хүн орж ирэх шиг болохоор нь хэн бэ? гэхэд орж ирсэн хүн ямар нэг дуу чимээ гаргалгүй өрөөн дотор явж хувцас, гутал хийдэг төмөр шкафыг онгойлгоход нь хэн бэ гэхэд бас дугараагүй өрөөнд явж текний шургуулгыг татаад буцаад хаагаад байхаар нь өөрийн төрсөн эгч З-г байна гэж бодоод дахин чимээ гаргахаар нь хэн бэ гэхэд хариу өгөөгүй. Тэгээд өрөөний хаалганы зүүн талд орны дэргэд байсан хөл угаадаг массаж хийдэг аппаратны таг унах чимээ гарахаар нь хэн бэ гэхэд ямар нэг чимээ гаргалгүй гараад явсан байсан. Тэгээд би орны хажуу талд байдаг хөл угаадаг, массаж хийдэг аппаратыг гараараа тэмтрэн шалгахад байхгүй байхаар нь хадам ээж рүүгээ утсаар залгаж хөлний массажны аппаратыг хүн аваад гарах шиг боллоо гэж мэдэгдэхэд хадам ээж удалгүй ирсэн...” гэсэн,  гэрч Ч.Г-н “...2018 оны 04 сарын 20-ны өдөр манай хүү Ц.Ш-н өөрийн ... гэсэн дугаараас 12:00 цагийн орчимд залгаад “Ээжээ манай өрөөнд хүн орж ирээд шургуулга нэгжээд байхаар нь хэн бэ гэхэд дуугарахгүй байснаа хөлний массажны аппарат аваад явчихлаа” гэж хэлэхээр нь хүүгийнхээ ажил дээр нь ирж хүүтэйгээ уулзаад доошоо бууж жижүүртэй нь уулзаж, Г банкны камер шүүж үзсэн. Тэгэхэд камерын бичлэгт манай хүүгийн өрөө рүү туранхай, саравчтай малгайтай, бөгтөр, цэнхэр цамцтай хүн ороод аваад гарч байгаа бичлэг харагдахаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Манай хүү Ц.Ш 100 хувь харааны бэрхшээлтэй хүн...” гэсэн, насанд хүрээгүй гэрч А.А-н “...байшин контайнер хоёрын голд эмэгтэй хүний бор өнгийн гар цүнх байсан ба би сонирхоод хартал цүнх нь онгорхой дотор нь ягаан өнгийн түрүүвч харагдахаар нь нээгээд үзтэл иргэний үнэмлэх байхаар нь шууд гэр лүүгээ орж ээж аавдаа гэр контайнер хоёрын голоос оллоо гээд оруулж өгсөн...” гэсэн, гэрч Г.Ч-н “...Тэгээд би гэрээсээ гараад явж байтал манай байрны Б гэх эмэгтэй “Манай гэрт орж хулгай хийсэн нөхөр энэ юм шиг байна сая манай хаалгыг дахин татаж гэрлүү орох гэж байна” гээд үл таних туранхай, согтуу байдалтай, дунд зэргийн настай хүнийг барьчихсан, энэ зугтах гээд байна гэхээр нь би цагдаа иртэл түүнийг барьж байгаад цагдаад хүлээлгэн өгсөн. Манай гэрийн хаалгыг татсан хүн мөн байх...” гэсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ц.Т-г бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Т-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Ц.Т нь Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 19-ний өдрийн 11 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 9 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө сулласан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял дээр  эдлээгүй үлдсэн /эдлээгүй үлдсэн ялыг тооцохдоо 2018 оны 01 сарын 24-ний өдөр 9 сар 16 хоног, шинээр гэмт хэрэг үйлдсэн өдөр 2018 оны 04 сарын 20-ны өдөр хүртэл/ 6 сар 20 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Т-н цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.

Хохирогч Г.Б “... 2600 юань буюу 1,000,000 төгрөг, 27,000 төгрөг, тоёота кроун 202 маркийн автомашины түлхүүр 200,000 гаруй төгрөгөөр хийлгэсэн. Нийт 1,227,000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэжээ. Хохирогч Г.Б алдагдсан эд зүйлийнхээ талаар мэдүүлсэн байх ба олдсон эд зүйлүүдийг хүлээлгэж өгөхөд бэлэн мөнгө, машины түлхүүрээс бусад нь байсан байна. Иймд хэрэгт авагдсан баримт болох монгол банкны ханш, “А” ХХК-ний үнэлгээ /хх-ийн 25, 137/ зэргийг үнэлж хохирогч Г.Б-д шүүгдэгчээс 1 юань 378.64 төгрөг 2,600 юань 984,464 төгрөг, бэлэн мөнгө 27,000 төгрөг, машины түлхүүр 180,000 төгрөг нийт 1,191,464 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35,536 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн хохирогч Ц.Ш “...хөлний массажны аппаратны үнэ 133,000 төгрөг нэхэмжилсэн” ба “А” ХХК-ний үнэлгээгээр 110,000 төгрөг гэсэн байх тул шүүгдэгчээс 110,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Ш-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.  

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газрын прокуророос шүүгдэгч Н овогт Ц.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Н овогт Ц.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар Ц.Т-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 24-ний өдрийн 2018/ХМШЗ/04 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн ял 6 /зургаа/ сар 20 /хорь/ хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-т оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-н цагдан хоригдсон 61 /жаран нэг/ хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч Ц.Т-н иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

9. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Ц.Т-с 110,000 /нэг зуун арван мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух, О овогт Ц.Ш-д, 1,191,464 /нэг сая нэг зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух Ц овогт Г.Б-дтус тус олгож, Ц.Ш-н нэхэмжлэлийн шаардлагаас 23,000 төгрөгийг, Г.Б-н нэхэмжлэлийн шаардлагаас 35,536 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар нь эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.Н