| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0079/Э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2018-05-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 88
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Нямжав,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгч: Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ч овогт Б.Х-д холбогдох 1835000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1969 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжил тракторчин, ам бүл 5, эхнэр 2 хүүхэд, зээгийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, чандманы 5-05 оршин суух, яс үндэс баяд, урьд ял шийтгүүлж байгаагүй Ч овогт Б.Х. РД:..............
Холбогдсон хэргийн талаар: Яллагдагч Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэсвгэрт хохирогч Н.Э-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Б.Х-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаангом сумын 1 дүгээр багийн нутаг дэсвгэрт хохирогч Н.Э-ыг зодсон болох нь хохирогч Н.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн “2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20 цагийн үед Улаангом сумын 1 дүгээр багийн нутагт байх Б.Х-ий гэрт ороод та 14 номерын машины түлхүүрээ өгчих би машины амортизатерын боолт тайлчихаад өгье гэж гуйхад гадна амбаарт байгаа гэж хэлээд гарсан бөгөөд түлхүүрээ олоод “Машин чинь хаана байна. Би тайлаад өгье. Түлхүүрээ хүнд дамжуулж өгдөггүй юм” гээд дагаад гарахад нь би машингүй явна “Би танд машины амортизатерын боолт тайлчихаад өглөө өгье.Та юун сүртэй юм бэ?” гэж хэлээд доош нь эргээд хашааны буланд очоод тамхи татчихаад Б.Хийг одоо гэр лүүгээ орсон байх гэж бодоод гэрийнхээ хажууд очиж байтал урдаас гарч ирээд миний хамар луу түлхүүр барьж байсан гараараа шууд цохиод авахаар нь түлхэж холдуулчихаад гэр лүүгээ ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Б.Х надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн. Одоо надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,
гэрч Х.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “Н.Э 2018 оны 4 дүгээр сарын 13-ны орой хоол идчихээд “Гарч тамхи татчихаад ирье” гээд гэрээс гарсан. Хэсэг хугацааны дараа “хүнээр зодуулчихлаа” гээд хамарнаас нь цус гарч, уруул нь хавдсан байдалтай гэрт орж ирсэн. Тухйн үед Н.Э-ын хамар нь гэмтэж цус гарсан, Дээд уруул нь хавдсан байдалтай орж ирээд цагдаа дуудна гээд өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/,
шүүгдэгч Б.Х-ий мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Э урдаас ирээд миний толгой дээр байсан гэрлийг нүд рүү туслаа гээд аваад шидчихээр нь миний уур хүрээд баруун гараараа Н.Э-ын хамар тус газар 1 удаа, мөн уруул тус газар нь нэг удаа нийт хоёр удаа цохиход Н.Э-ын хамраас цус гараад манай хүү бид хоёрыг салгаад Н.Э гэр лүүгээ гүйгээд явчихсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би түүнээс уучлалт гуйж эвлэрсэн. Би дахин ийм хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Х нь хохирогч Н.Э-ыг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид хамар ясны зүүн талын цөмөрсөн хугарал, хамрын муруйлт хамрын нуруунд цус хуралт, дээд уруулын салстад зулгаралт, цус хуралт гэмтэл учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 291 дугаартай дүгнэлт /хх-ийн 5-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Э нь “Б.Х надаас уучлалт гуйж бид хоёр эвлэрсэн, одоо надад гомдол тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзнэ.
2. Шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Б.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан ““гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгө, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Чонод овогт Булганы Хүлэг-Эрдэнэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Х-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ