Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00360

 

 

 

Р-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2022/00546 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р-ын хариуцагч Э,Н нарт холбогдуулан гаргасан 12,475,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаатар[P1] , шүүх хуралдааны нарийн бичгийн М.Шолпан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            Р- 2018 онд Налайх дүүрэгт байрлах ил уурхайн ам ажиллуулах нөхөрлөлд элсэж, өөрийн зардлаар нүүрс олборлох ам ухаж бэлэн болгосон. Э,, Д.Ёндон нар нүүрс олборлох ам ухахад гарсан зардал 5,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Мөн уурхай ажиллуулахад ашиглах тоног төхөөрөмжийг худалдсан. Хариуцагч нараас уурхайн ам ажиллуулахад гарсан зардал 5,000,000 төгрөг, тоног төхөөрөмж 7,975,000 төгрөг нийт 12,975,000 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй. Э,, Д.Ёндон нар нүүрсний амаа ажиллуулах хугацаанд 500,000 төгрөг төлсөн. Иймд Э,, Д.Ёндон нараас 12,475,000 төгрөг буюу Д.Ендонгоос 4,500,000 төгрөг, Э,ээс 7,975,000 төгрөг гаргуулна гэжээ.

 

            2. Хариуцагч Д.Ёндонгийн тайлбар, татгалзлын агуулга:

            Р- “...2 жил ажиллуулсан уурхайн ам байгаа. Үүнийг чи ажиллуулах боломж байна уу...” гэж санал тавихад “... ажлынхаа хажуугаар ажиллуулж үзье...” гэж хэлсэн. Уурхайг ажиллуулахаар тохиролцож эхний удаа 500,000 төгрөг өгчих гэхэд нь өгсөн. Уурхайг ажиллуулахаа больё гэтэл Р- тоног төхөөрөмжөө зарсан. Ашиг олбол 5,000,000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Хариуцагч Э,ийн тайлбар, татгалзлын агуулга:

            Р-той уурхайн ам ажиллуулах болон уурхайд гарсан зардал, тоног төхөөрөмжийн төлбөрийг төлөхөөр тохиролцоогүй. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

            4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            4.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э,, Д.Ёндон нараас 12,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Р-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

            5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            Р- Д.Ёндонгоос уурхай ухах зардалд 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Р- болон Э,, Д.Ёндон нартай уурхайн ам ажиллуулахаар тохиролцсон. Р- өөрөө уурхайг ажиллуулах боломжгүй болсон тул Д.Ёндон, Э, нартай харилцан тохиролцож гарсан зардлыг төлөхөөр хэлцэл хийсэн нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдоно.

          Шүүх Д.Ёндонд холбогдох шаардлагыг дүгнэхдээ Засгийн газрын 2017 оны 151 дугаар тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын 3.2.3-т бичил уурхай эрхлэгч нь гэрээгээр олгосон талбайг бусдад шилжүүлэхгүй, барьцаалахгүй, худалдахгүй, түрээслэхгүй байх үүрэгтэй гэж заасныг нэхэмжлэлийн шаардлыг хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгч тухайн амыг худалдаагүй. Үйл ажиллагаа явуулахад гарсан зардлыг нэхэмжилсэн. Д.Ёндон уурхайг 8 сарын хугацаанд ажиллуулж ашиг олсон. Хариуцагч шүүх хуралдаанд уурхайн амыг хүлээн аваад ашиг олбол төлнө гэсэн тайлбар гаргасан ч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.  

          Р-ын бэлтгэсэн тоног төхөөрөмжийг хүлээн авсан атлаа буцаан өгөөгүй тул төхөөрөмжийн зардал 7,975,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Тоног төхөөрөмжийг худалдаагүй. Гэрч Б.Ариунхүү, С.Хонгор нар “Хариуцагч нар уурхайн амыг ажиллуулж ашиг олж байсан, нүүрс олборлож байхад нь ирж худалдаж авч байсан, тухайн аманд нэхэмжлэгчийн хүлээлгэж өгсөн тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаа явуулж байсан” гэсэн мэдүүлгийг анхан шатны шүүх үнэлээгүй. Д.Ёндон, Э, нар үйл ажиллагаа явуулахад шаардлагатай, ашиглаж байсан тоног төхөөрөмжийг хүлээн авч, ашигласан талаар маргаагүй. Харин хариуцагч нар нэхэмжилсэн төлбөрийг төлөхгүй, ямар үндэслэлээр төлөхгүй талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй. Р- нь Д.Ёндон, Э, нарт мэдэгдэж бичлэг хийсэн. Уг бичлэг нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан баримт гэж үзэх боломжтой. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээгүй. Д.Ёндон, Э, нар Р-ын тоног төхөөрөмжийг ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

          6. Хариуцагч нар давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

          Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

          1. Нэхэмжлэгч Р- хариуцагч Д.Ёндонд холбогдуулан уурхайн ам ухахад гарсан зардалд 4,500,000 төгрөг, хариуцагчид Э,ид холбогдуулж тоног төхөөрөмжийн үнэ 7,975,000 төгрөг, нийт 12,475,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч нэхэмжлэгчтэй нүүрс олборлох уурхайн ам ажиллуулах болон уурхайд гарсан зардал, тоног төхөөрөмжийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцоогүй гэж маргасан.

 

          Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, Э,, Д.Ёндон нартай 2018 оны 08 дугаар сард уурхайн ам ажиллуулахаар тохиролцож, Д.Ёндонгоос нүүрс олборлох амыг ухахад гарсан зардал 4,500,000 төгрөгийг, Э,ээс тоног төхөөрөмж худалдсаны үнэ 7,975,000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

 

          1.1. Нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх нотлох үүрэгтэй. Нэхэмжлэгч Р- нь хариуцагч Э,, Д.Ёндон нартай нүүрс олборлох уурхайн ам гаргахад гарсан зардлыг төлөх талаар харилцан тохиролцсон болон Э,ид уурхайн тоног төхөөрөмжийг 7,975,000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байна.

 

          Гэрч Б.Ариунхүү, С.Хонгор нарын “... Р- амаа зарахаар болж бид уг уурхайд ажиллахаа больсон, уурхайн амыг Д.Ёндон, Э, нарт зарсан...3-4 молдок, 2 леботок, 2 ковш, л беньлатор, нүүрсний шигшүүр, хүрз, каск, рольк, тавцан зэрэг тоног төхөөрөмжийг хэрэглэдэг байсан...” гэх мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэгч Р- нь хариуцагч  Э,, Д.Ёндон нартай нүүрс олборлох уурхайн ам гаргахаар харилцан тохиролцсон болон Э,ид уурхайн тоног төхөөрөмжийг худалдсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Учир нь эдгээр гэрчүүдийн мэдүүлэг нь хэрэгт авагдсан өөр баримтаар давхар нотлогдоогүй байна.

 

          Иймд нэхэмжлэгч Р- нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э,ээс тоног төхөөрөмжийн үнэ 7,975,000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

          1.2. Хариуцагч Д.Ёндон анхан шатны шүүх хуралдаанд “... 4,500,000 төгрөг нэхэмжилж байна. Уурхайг ажиллуулаагүй ч гэсэн 1,000,000 төгрөгт эвлэрч болно...” гэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул энэ хэмжээнд хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

          Харин Д.Ёндонтой харилцан тохиролцож уурхайд гарсан зардал гэх 5,000,000 төгрөгийг төлөхөөр хэлцэл хийсэн болох нь гэрчийн мэдүүлэг, үзлэгийн тэмдэглэл, талуудын тайлбараар нотлогдохгүй байна.

 

          Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.           

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 104/ШШ2022/00546 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

          1 дэх заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ёндонгоос 1,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р-од олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх Д.Ёндонгоос 3,500,000 төгрөг гаргуулах болон Э,ээс 7,975,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

          2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж хариуцагч Д.Ёндонгоос 28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р-од олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн зааснаар 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 214,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЭНЭБИШ

 

                                              ШҮҮГЧИД                                 Т.БАДРАХ

 

                                                                                                Н.БАТЗОРИГ


 [P1]Өөр хүмүүс оролцсон шиг санаад байхын