Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 203

 

 

           Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,

           Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

         Шүүгдэгч: Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан З овогт Ш.О-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1835002130208 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1992 оны 3 дугаар сарын 03-нд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын өргө мэргэжилтэй, ам бүл-3, ээж, хүүгийн хамт Увс аймгийн Бөхмөрөн сумын 2-р баг, одоогоор УБ хот Баянзүрх дүүрэгийн 21 дүгээр хороонд түр оршин суух, З овогт Ш.О. РД:ОБ92030311.

     Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 6 дугаар сарын 11-ний орой Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.Мийг зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:    

     1. Шүүгдэгч Ш.О-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тус тус тооцох үндэслэлийн талаар: 

     Шүүгдэгч Ш.О нь 2018 оны 6 дугаар сарын 11-нд Увс аймгийн Бөхмөрөн сумын 3-р багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.М-ийг зодсон болох нь хохирогч Д.М-ий мөрдөн байцаалтанд өгсөн “...А, О нартай хамт 2018 оны 6 дугаар сарын 11-ний орой голын хөвөөн дээр 0.5 литрийн архи уусан. Тэр архинаас А архинаас уугаагүй. Харин О бид хоёр хувааж уусан. Тухайн үед би О болон А нартай хэрэлдэж маргалдаж зодолдсон асуудал байхгүй. А-ийг О бид хоёр гэрт нь хүргэж өгөөд О бид хоёр манайд ирсэн. Гэрт ирээд эхнэрт “Хамтдаа О-ыг гэрт нь хүргээд өгчихье” гэхэд эхнэр “Архи уучихлаа” гээд уурласан.Түүнээс болоод эхнэр бид хоёр маргалдаж байтал О намайг “Архи уучихаад эхнэртэй агсам тавьж байна” гээд миний цээжин дээр нэг удаа цохихоор нь би Оын нүүр лүү толгойгоороо 2 удаа мөргөсөн. Тэгээд бид хоёр барьцалдчихсан чигтээ гэрийн голын орон дээр унахдаа би доор нь О миний дээрээс унасан. Тэр хооронд миний ухаан балартаад нэг мэдэхэд манай эхнэр О-ыг гэрээс гаргаад хаалгаа цоожлож байсан. Би ухаан ороод миний баруун гар хөндүүрлэхээр нь баруун гараа дараад үзтэл баруун гарын шуу хэсгээр яс нь хугарсан хөдөлж байсан. Маргааш нь О манайд ирж уучлалт гуйхад О-ын нүд нь хөхөрсөн байсан. О миний хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулж миний эмчилгээний зардал, бусад төлбөрт нийт 400.000 төгрөгний хохирол төлж барагдуулсан. Надад О-аас нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-23-р тал/,

      гэрч Б.Т-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “...Манай нөхөр намайг “Хамт энэ залууг хүргэж өгөөд ирье” гэхэд би “Хүүхэд унтаж байна. Хүүхдээ орхиж гарч болохгүй” гэж хэлсэнээс болж бид маргалдсан. Манай нөхөртэй хамт ирсэн залуу “Чи яагаад эхнэр дээрээ томроод байгаа юм бэ?” гээд манай нөхрийн цээж тус газар нь гараараа савтал нь цохисон. Тэр хоёр маргалдаад М тэр залуугийн нүүр тус газар цохиод тэр 2 заамдалцаж аваад манай нөхөр М-ийг голын орон дээр дарж унаад зодолдсон. Манай хүүхэд голын орон дээр унтаж байсан тул би хүүхдээ аваад зүүн талын орон дээр хэвтэж байсан дүүдээ өгөөд тэр хоёрыг салгах гэсэн боловч тэр хоёр салахгүй зодолдоод байсан. Тэр хоёр удалгүй зодолдохоо болиод тэр залуу явсан харин манай нөхөр Мий гар өвдөөд байна гэхээр эмнэлэг дээр очиж Б эмчид үзүүлэхэд гар нь хугарсан байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-31-32-р тал/,

     гэрч Я.А-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “... 2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гэртээ байж байтал манай сумын М ах орж ирээд гаръя гээд намайг дагуулаад гарсан. Намайг гарахад манай сумын харъяат Улаанбаатар хот руу шилжсэн О гэдэг залуу мотоцикльтой байсан. Тэгээд бид 3 харзын хөвөөнд очиход М ах “Ерөөл” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирээд О тэр хувааж уусан. Би тэр архинаас огт уугаагүй. Бид 3 тэндээс яваад намайг гэрийн гадна буулгаад мотоцкльтойгоо яваад өгсөн. Түүнээс хойш юу болсныг мэдэхгүй байна.Маргааш өдөр нь О-тай уулзахад түүний нүд хөхөрсөн байсан ба М-ий гар гэмтчихлээ гээд юм яриад байсан. Тэр хоёр харзын хөвөөнд зодолдож маргалдсан зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-34-р тал/,

    гэрч Ч.Ц-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “....2018 оны 6 дугаар сарын 09-ний өдөр манайд ирсэн. Улаанбаатар хотоос Улаангомд ирээд найзынхаа мотоцлийг түр авлаа гээд манайд унаж ирсэн. Аавынхаа ажил дээр очих ажилтай гээд манайд нэг хоноод сумын төв яваад 2 хоноод эргэж ирээд цай амсаад Улаангом сум руу явсан. “Би найзындаа очоод архи ууж байтал миний найз болох М эхнэртэйгээ маргалдаад, эхнэрээ зодох гээд байхаар нь би дундуур нь орж салгах гэж байгаад гарын гэмтээчихлээ. М-ийг эхнэр нь аваад аймаг явсан. Одоо би араас нь аймаг орж явна” гэж хэлж байсан ” гэх мэдүүлэг /хх-37-р тал/,

      иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын эхээр Увс аймгийн Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Б нь Улаанбаатар хот руу хэрэг бүртгэлтийн 183500213 дугаартай хэрэгт сэрдэгдсэн Ш овогтой О-ыг/ОБ92030311/ эрэн сурвалжилж олж мөрдөн байцаалтын шатанд авч ирэхээр Улаанбаатар хот руу 15 хоногийн томилолтыг цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Л-оор цохилт хийлгүүлэн авч явсан. Цагдаагийн ахлах дэслэгч У.Б нь 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод эрэн сурвалжлах ажлаар явж хэрэг бүртгэлтийн 183500213 дугаарт сэрдэгдсэн Ш.О-ыг Өмнөговь аймгийн нутаг Цагаан хад гэх газраас олж илрүүлэн авч ирсэн бөгөөд яллагдагч Ш.О-ыг эрэн сурвалжлахад доорхи зардлууд цагдаагийн газраас гарсан. Улаангомоос Улаанбаатар хот руу У.Б автобусаар явсан зардал 68000 төгрөг, Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн Таван толгойн Цагаан хад гэх газар луу У.Б хувийн таксийгаар явсан зардал 70.000 төгрөг, Цагаан хад гэх газраас Цогтцэций сум руу хувийн таксийгаар явсан зардал 40.000 төгрөг, Цагаан хад гэх газарт У.Б буудалд хоносон зардал 45.000 төгрөг, Цогт цэций суманд буудалд хоносон 40.000 төгрөг, Цогтцэций сумаас Улаанбаатар хот руу автобусаар явсан зардал 25.000 төгрөг, Улаанбаатар хотоос У.Б Улаангом руу автобусаар ирсэн зардал 68.000 төгрөг, цагдаагийн ахлах дэслэгч У.Б-ын 15 хоног Улаанбаатар хотод ажилласан зардал болох 1 хоногийн 16.000 төгрөгөөр бодоод 240.000 төгрөг нийт 596.000 төгрөг Ш.О-аас нэхэмжлэж байна” гэх мэдүүлэг /хх-149-р тал/

     шүүгдэгч Ш.О-ын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Бөхмөрөн сумын төв дээр буюунутагтаа ганцаараа очсон. Би нутагтаа очих шалтгаан нь манай аав бурхан болсон учир аавынхаа газрыг эргэхээр очсон. 2018 оны 6 дугаар сарын 10-ны орой 19 цагийн үед орчим урдны танил М-тэй таараад бид хоёр оройхон уулзахаар болсон. Оройхон М бид хоёр уулзаад дэлгүүрээс 0.5 литрийн архи аваад сумын төвийн хажуугийн ууланд гараад архиа хувааж уусан. Бид хоёр сумын төв рүү ороод дэлгүүрээс архи аваад М-ий гэрт очиход М-ий гэрт эхнэр хүүхэд нь байсан. М-ий эхнэр нь М-ийг архи уулаа гээд уурлдаа байсан тэгээд М бид хоёр гараад манай найз А гэдэг залуугийн гэрт очоод Атай 3-уулаа голын хөвөөн дээр очоод авч явсан нэг шил архиа ууж дуусгаад М бид хоёр замаараа Аийг гэрт хүргэж өгөөд М-ий гэрт ороод суж байтал Мий эхнэр М-ийг архи уулаа гэж маргалдаад эхэлсэн бөгөөд М эхнэрээ зодо гээд дайраад байсан тэгээд би тэр хоёрын дундуур орж салгасан. Тэгээд М надруу дайраад байхаар нь би цээж рүү гараараа нэг удаа цохиход М миний баруун нүд тал руу 2 удаа мөргөсөн. Тэгээд бид хоёр заамдалцаж байгаад тэр чигтээ би М-ийг түрээд тэдний голын орон дээр нь М-ийг доороо хийгээд дараад унчихсан. Тэгж байтал М-ий эхнэр ирж бид хоёрыг салгаад намайг гэрээс гаргаад хаалгаа цоожилоод авчихсан. Тэгээд би Мий гэрээс гараад хашааны хаалгаар гарах гээд явж байтал гэнэт урдаас цагдаа нар ирээд хариу намайг М-ий гэр лүү аваад ороход баруун гарын шууны яс хугарсан байсан. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би “Таван толгой” ХК-д жолоочоор ажилладаг бөгөөд ажлаас дуудаад байхаар нь 2018 оны 6 дугаар сард ажил руугаа явсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Цагаан хад” гэдэг газарт байнга байрлаж ажлаа хийж байсан. Намайг Увс аймгийн Цагдаагийн газраас намайг дуудсан удаа байхгүй. У.Б гэдэг хүн надтай очиж уулзаж намайг энэ хэрэгт шалгаж байгааг хэлж Увс аймагт очих шаардлагатай гэхээр нь би дагаж Улаанбаатар ороод наашаа өөрөө ирсэн” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.

      Шүүгдэгч Ш.О нь хохирогч Д.М-ийг зодсоны улмаас хохирогчийн бие махбодид баруун шууны богтос ясны хугарал, баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун хацарт цус хуралт зэрэг гэмтэл учирсан бөгөөд энэ гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 423 дугаартай дүгнэлт /хх-ийн 44-р тал/-ээр тогтоогдсон байх тул түүний үйлдлийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан гэж дүгнэв.

    Шүүгдэгч Ш.О нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус буюу хүний биед халдаж болохгүй гэдгийг ухамсарлаж байсан атлаа цохиж, хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

      Иймд шүүгдэгч Ш.О-т хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

      Шүүгдэгч Ш.О нь “Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү” гэж мэдүүлэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

       Шүүгдэгч Ш.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

      Шүүгдэгч Ш.О нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

     Хохирогч Д.М-ий “шүүгдэгч Ш.О надад учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй” гэх тодорхойлолт /хх-111-р тал/, хохирогчийн нэхэмжлэх зүйл байхгүй гэх тодорхойлолтыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй гэж үзэв.

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцно” мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилжээ.

       Хохирогч Д.М бусдад зодуулсан гэх гомдлын дагуу 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 183500213 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, прокурорын тогтоолоор 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 1835002130208 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, Ш.О-ыг яллагдагчаар татсан байна.

      Хавтаст хэргийн 28-29-р талд авагдсан иргэний нэхэмжлэлтэй холбоотой зардлын баримтууд нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс өмнө буюу шүүгдэгч Ш.О энэ хэрэгт яллагдагчаар татагдахаас өмнө гарсан зардал байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.3-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал”-д хамаарахгүй байгаа тул шүүгдэгчээс 596.000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй байна.

     Иймд иргэний нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газрын 596.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шйидвэрлэв.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зйүлийн 5-д зааснаар иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах эрхтэй болно.

      Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдлыг тус тус харгалзан Улсын яллагчийн санал болгосон ялын хүрээнд 700 нэгж буюу700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

      Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.        

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

       1. Шүүгдэгч З овогт Ш.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасааар шүүгдэгч Ш.О-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

       3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

    4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэний нэхэмжлэгч Увс аймаг дахь Цагдаагийн газрын 596.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

      5. Шүүгдэгч Ш.О нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ш.О-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч,  тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.ГАНСҮХ