| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0193/Э |
| Дугаар | 202 |
| Огноо | 2018-12-14 |
| Зүйл хэсэг | 18.5.1., 19.14.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 202
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа, Б.Лхагважав,
Орчуулагч: Н.Хишгээ,
Шүүгдэгч: С.А.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.А.О-д холбогдох 1835000000223 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: ОХУ-ын Тува улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 26-нд ОХУ-ын Тува улсын Өвөрхошуу, Сулчур тосгонд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тракторын механикч мэргэжилтэй, малчин, ам бүл 2, эцгийн хамт ОХУ-ын Тува улсын Өвөрхошуу, Сулчур тосгоны Даваа гудамжны 03 тоотод оршин суух С.А.О /Паспортын дугаар 93 14 527821/.
Хэргийн товч утга /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.А.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол улсын хилийн 124/5 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын талаас морин унлагатайгаар Монгол улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн, Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхдээ ВПО-208 калибр-366 ТКМ маркын буу, 6 ширхэг сумыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч С.А.О-ийг Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэх, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын хилийн 124/5 дугаар тэмдэгтээр ОХУ-ын талаас морин унлагатайгаар Монгол улсын хилийг боомт бус газраар нэвтэрч орж ирсэн, Монгол улсын хилээр орж ирэхдээ ВПО-208 калибр-366 ТКМ маркын буу, 6 ширхэг сумыг Монгол улсын хилээр оруулж ирсэн болох нь гэрч Б.Б-ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 цагийн орчим хилийн 5 дугаар заставын хариуцсан 124/5 дугаар тэмдэгтийн чиглэлээр морин унлагатай галт зэвсэгтэй хүн улсын хилээр нэвтэрч улсын хилээс дотогш 300 метр газар саатуулагдсан мэдээ надад хилийн 5 дугаар заставаас ирсэн. Би 13 цагт тухайн зөрчил гарсан газар дээр очиход ахлагч Б.Х, ахлах байлдагч Б.А нар С.А.О гэх этгээдийг саатуулсан, ул мөрийг хамгаалалтанд авсан байсан. Би тухайн хил зөрчигчийг аваад заставын байранд авч очоод өдрийн 15-18 цагийн хооронд ОХУ-ын талтай хилийн 126 дугаар тэмдэгт дээр хилийн уулзалт хийсэн. 19 цагийн үед застав дээр буцаж ирээд ангийн төвд мэдээгээ өгөөд 20 цагаас 23 цаг хүртэл хил зөрчигчтэй уулзаад авч яваа зүйл, галт зэвсэг зэргийг нь гэрэл зургаар бэхжүүлэн авсан. Маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ОХУ-тай хилийн уулзалт зохион байгуулж хил зөрчигчийн мөрийг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. Мөн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 124/5 дугаар тэмдэгтийн баруун талд 300 метр газраар бэлчээрээр Монгол улсын талд орж ирсэн 60 тооны адууг ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн. 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр С.А.О гэх хүнд холбогдох хилийн зөрчлийн материалыг гэмт хэргийн шинжлтэй байна гэж үзээд Увс аймгийн Прокурорын газарт шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-56-58-р тал/,
гэрч С.Б.О хэрэг бүртэлтийн шатанд өгсөн: “Би С.А.О гэх хүнийг сайн танина энэ хүн бол манай Тува улсын Өвөрхошуу Сулчур тосгоны иргэн байгаа юм. СПК гэдэг нэртэй мал аж ахуйн хоршоонд малчин хийдэг юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/,
гэрч Б.Х-ы хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 05 цагт ахлах байлдагч Б.А-н хамтаар хилийн 124/5 дугаар тэмдэгтийн зүгт манаанд явсан. Монгол улсын хилийн 124 дүгээр тэмдэгтийн баруун талаар 50 метр орчим газраар 60 тооны адуу бэлчээрээр хил даван Монгол улсад орж ирсэн байсныг саатуулж заставд мэдэгдсэн. Буцаад явж байтал хилийн 124/5 дугаар тэмдэгтийн баруун талд 800 метр орчим газраар буу үүрсэн, морьтой Тува хүн хилээр ороод ирсэн. Тэр хүнийг ахлах байлдагч Б.А-н хамтаар саатуулж зэвсгийг нь аваад заставд мэгдэгсэн. Тухайн хүний мөрийг шалгаад ул мөрийг нь хамгаалтад авсан.” гэх мэдүүлэг /хх-63-65-р тал/,
гэрч Б.А-гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө 05 цагт би харуулын дарга ахлагч Б.Х-ы хамтаар сэргийлэх манаанд явсан юм. Монгол улсын хилийн 124/8 дугаар тэмдэгтийн чиглэлд үүрэг гүйцэтгээд буцаад явж байх үед хилийн 124-р тэмдэгтийн баруун талд 50 метр орчим газар 59-60 тооны адуу бэлчээрээр хил давж орж ирсэн ул мөрийн хамгаалалтад аваад буцаад явж байтал хилийн 124.5-р тэмдэгтийн баруун талаар морь унасан, буутай Тува хүн Монгол улсын тал руу ороод ирсэн. Ахлагч Б.Х бид хоёр тухайн хүнийг саатуулах үед зугтах гэж оролдоход нь буу цэнэглээд буудлаа шүү гэж хэлсэн чинь зогссон. Тэр хүнийг саатуулаад заставд хүргүүлсэн.” гэх мэдүүлэг /хх-66-68-р тал/,
шүүгдэгч С.А.О-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө эрт адуугаа хайгаад явж байгаад уулан дээр гараад дурангаар харсан чинь хэсэг адуу маань хилийн хажууд байж байхаар нь адуунууд дээрээ яваад очсон чинь Монгол улсын хилийн цэргийн хүмүүс намайг саатуулсан. Би ОХУ-ын хилийг дагаад явж байна гэж бодоод яваад байсан чинь Монгол улсын талд ороод ирсэн байсан. Хилийн цэргүүд намайг саатуулах үед эргээд харсан чинь цагаан шон цаана байхыг хараад Монгол улсын талд орсон гэдгээ мэдсэн. Манай нутагт чоно ихтэй учраас биедээ байнга ангийн буу авч явдаг. Би буу эзэмших зөвшөөрөл болон чоно агнах зөвшөөрлийн хамт буу, сумаа авч явж байсан. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Монгол Улсын хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ. Уг шугамаас эгц дээш агаарын, мөн шугамаас эгц доош газрын хэвлийн хил байна.” 22 дугаар зүйлийн 22.1.1-д “хилийн боомт бус газраар улсын хилийг газар, ус, агаараар нэвтэрсэн этгээдийг хил зөрчигч гэнэ” гэж тус тус заажээ.
Монгол Улсын хилээр орох, гарах журмыг зөрчих, боомтгүй газраар сэм /нууцаар/ орох, гарах үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.А.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хилийн боомт бус газар болох Монгол Улсын хилийн 124/5 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу боомт бус газраар хилээр нэвтэрч орж ирсэн үйлдэл нь Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
“Улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлсэн” гэдэгт зохих зөвшөөрөлгүйгээр, гаалийн үзлэгээс гадуур, хилийн боомтгүй газраар, эсхүл гаалийн үзлэгээс нуун далдлах, тухайн эд зүйлийн нэр, төрөл, тоо хэмжээ, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, түүнчлэн гаалийн баримт бичиг болон гаалийн лац ломбыг хуурамчаар үйлдэх, засварлах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих буюу худал бичих зэрэг аргаар эд зүйлсийг улсын хилээр эсвэл гаалийн хяналтын талбайн хилээр гаргасан, оруулсан, дамжин өнгөрүүлсэн үйлдэлийг ойлгоно.
УИХ-ын 1998 оны 5 дугаар тогтоолоор батлагдсан “Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон болон тарифын бус хязгаарлалттай нэвтрүүлэх барааны жагсаалт”-ын 4 дүгээрт “Буу, зэр зэвсэг, байлдааны хэрэгсэл, техник, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл, тэсрэх бодис”-ыг тусгай зөвшөөрлөөр хил нэвтрүүлэхээр, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Улсын хилээр лицензтэй нэвтрүүлэх кодолсон барааны жагсаалтанд “буу, зэр зэвсэг, тэдгээрийн эд анги, тоног хэрэглэл”-ийг Үйлдвэр худалдааны сайдын зөвшөөрлийн үндсэн дээр улсын хил нэвтрүүлэхээр тус тус заажээ.
Шүүгдэгч С.А.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө Монгол Улсын хилийн 124/5 дугаар тэмдэгтээр ОХУ-ын талаас Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрч орж ирэхдээ НВ 3553Д серийн дугаартай ВПО калибр-366 ТКМ загварын бор өнгийн модон бариултай галт зэвсэг буюу буу 1 ширхэг, НВ 3553Д серийн дугаартай бууны сум 6 ширхэг зэргийг хилээр боомт бус газраар, хилийн хяналт, шалгалтаас гадуур, тусгай зөвшөөрөлгүйгээр оруулж ирсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон түүнийг улсын хилээр хууль бусаар бараа нэвтрүүлсэн гэж үзнэ.
Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18/59 дугаартай шинжээчийн дүгнэлтээр ВПО калибр-366 ТКМ загварын галт зэвсэг буюу буу болон сум нь иргэний /ангийн/ зориулалттай галт зэвсэг болох нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгчийг хуулиар хязгаарлалт тогтоосон ВПО калибр-366 ТКМ загварын галт зэвсэг буюу буу болон сум хууль бусаар хил нэвтрүүлсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч С.А.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэм буруу болон зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч С.А.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч С.А.О нь 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өглөө хилийн 124/5 дугаар тэмдэгтээр Оросын Холбооны улсын талаас Монгол Улсын тал руу хилээр хууль бусаар нэвтэрсэн, хуулиар хяүгаарласан бараа болох 572.000 төгрөгний үнэ бүхий НВ 3553Д серийн дугаартай ВПО калибр-366 ТКМ загварын ангийн буу 1 ширхэг, НВ 3553Д серийн дугаартай галт зэвсэгийн 12.000 төгрөгийн үнэ бүхий сум 6 ширхэгийг тус тус хууль бусаар Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэргүүдийг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А.О нь ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын иргэн, бөгөөд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува улсын Өвөр хошууны Сулчур тосгоны Даваа гудамжны 03 тоотод оршин суудаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар гэрч С.А.Н “Би С.А.О гэх хүнийг сайн танина энэ хүн бол манай Тува улсын Өвөрхошуу Сулчур тосгоны иргэн байгаа юм. СПК гэдэг нэртэй мал аж ахуйн хоршоонд малчин хийдэг юм. С-ийн ээж нь нас барсан, аав нь С.Д гэж 60 гарсан хүн байдаг.” гэх мэдүүлэг /хх-ийн 60-р тал/ хэрэгт авагдсан байна.
Энэ гэмт хэргийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол байхгүй тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгч С.А.О-д ял оногдуулахдаа Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн, хувийн байдлыг харгалзан үзээд гэмт хэрэг тус бүрт нь хуульд заасан торгох ял оногдуулах боломжтой гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн НВ 3553Д серийн дугаартай 6 ширхэг сум хурааж авснаас 2 ширхэгийг нь криминалистикийн шинжилгээ хийхдээ задлаж шинжилгээ явуулж цаашид зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгож, хэргийн хамт 4 ширхэг сум болон 2 ширхэг хонгиог ирүүлсэн байна.
Хууль бусаар хил нэвтрүүлсэн НВ 3553Д серийн дугаартай ВПО калибр-366 ТКМ загварын ангийн бууг, НВ 3553Д серийн дугаартай 4 ширхэг сум, 2 ширхэг хонгиог тус тус хурааж улсын орлого болгуулахаар 14093299 дугаартай уг галт зэвсгийг эзэмших зөвшөөрлийн хамт Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар батлагдсан “Хураагдсан галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг устгах, худалдах, өмчлөгчид буцаан олгох, шилжүүлэх журам”-ын дагуу Увс аймаг дахь цагдаагийн газарт хүргүүлэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3,4 дэх хэсгүүд зааснаар шүүгдэгч С-ийн гэмт хэрэг үйлдэхдээ уналга болгон ашигласан 800.000 төгрөгийн үнэ бүхий 10 настай, цавьдар алаг морийг хурааж, түүний үнээс орчуулагчийн хөлс 42.858 төгрөг орчуулагчийн зардалд гаргуулж орчуулагч Н.Х /РД:ОЭ73032900/-д олгож, үлдэх 757.142 төгрөгийг улсын орлого болгохыг Увс аймаг дахь ШШГГ-т даалгаж, морьны дагалдах хэрэгсэл болох 60.000 төгрөгийн үнэ бүхий хуучин орос эмээл 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 1 ширхэг, 15.000 төгрөгийн хуучин суран ногт 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хөх өнгийн цэмбэн материалтай хөлсөвч 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий хуучин эсгий тохом 1 ширхэг, 6000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн, хуучин 6 метр урттай олс, ташуур болон 50.000 төгрөгийн үнэ бүхий, хар өнгийн гэртэй, “байгиш” нэртэй хар өнгийн 2 нүдний дуран 1 ширхэг, 3500 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн гэртэй, модон иштэй хурц иртэй “ХАЗАР” гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгож, хэлхээтэй 4 ширхэг түлхүүр, шар өнгийн асаагуур 1 ширхэг, лоперамид нэртэй эм 4 ширхэг, хоосон эмийн уут 1 ширхэг, сульгин авексмима нэртэй эм 1 ширхэг, 001647 дугаартай үслэг ан агнах зөвшөөрөл 1 ширхэг, 009110 дугаартай анчны үнэмлэх 1 ширхэг, АН 0751958 дугаартай цэргийн үнэмлэх, 93 14 527821 дугаартай паспорт 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч С.А.О нь Монгол хэл мэдэхгүй тул Тува хэлээр мэдүүлэг өгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар Тува хэлний орчуулагчаар Н.Х-г томилон шүүх хуралдаанд оролцуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар орчуулагчид төлөх зардал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэм буруутай нь тогтоогдсон этгээдээс гаргуулахаар хуульчилжээ.
Шүүгдэгч С.А.О гэм буруутай нь тогтоогдсон тул түүнээс уг зардлыг гаргуулах үндэслэлтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3-д “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу хэрэгт битүүмжилсэн шүүгдэгчийн морьны үнээс дээрх зардлыг төлүүлж, үлдэх хэсгийг улсын орлого болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.А.О нь энэ хэрэгт 37 хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдсон нэг хоногийг 15 /арван тав/ нэгж буюу 15.000 төгрөгөөр тооцож торгох ялаас хасаж тооцох нь зүйтэй байна. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч С.А.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэг,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Улсын хилээр бараа хууль бусаар нэврүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.755 /нэг мянга долоон зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.755.000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ял,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 800.000 /найм зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасныг баримтлан шүүгдэгч С.А.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 1.755 /нэг мянга долоон зуун тавин тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.755.000 /нэг сая долоон зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заассан гэмт хэрэгт оногдуулсан 800 /найм зуу/ нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 800.000 /найм зуун мянга/ төгрөгөөр торгох ял нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2.555.000 /хоёр сая таван зуун тавин таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А.О-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 37 хоногийн нэг хоногийг 15/арван тав/ нэгж буюу 15000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 555.000 /таван зуун тавин таван мянга/ төгрөгийг торгох ялаас хасаж тооцсугай.
5. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3,4 дэх хэсгүүд зааснаар шүүгдэгч С.А.О-ийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 60.000 төгрөгийн үнэ бүхий хуучин орос эмээл 1 ширхэг, 20.000 төгрөгийн үнэ бүхий хуучин суран хазаар 1 ширхэг, 15.000 төгрөгийн хуучин суран ногт 1 ширхэг, 15.000 төгрөгийн үнэ бүхий хуучин хөх өнгийн цэмбэн материалтай хөлсөвч 1 ширхэг, 10.000 төгрөгийн үнэ бүхий хуучин эсгий тохом 1 ширхэг, 6000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн, хуучин 6 метр урттай олс, ташуур болон 50.000 төгрөгийн үнэ бүхий “байгиш” нэртэй хар өнгийн 2 нүдний дуран 1 ширхэг, 3500 төгрөгийн үнэ бүхий хар өнгийн гэртэй, модон иштэй хурц иртэй “ХАЗАР” гэсэн бичигтэй хутга 1 ширхэгийг тус тус хурааж улсын орлого болгохоор Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, НВ 3553Д серийн дугаартай ВПО калибр-366 ТКМ загварын галт зэвсэг 1 ширхэг, НВ 3553Д серийн дугаартай галт зэвсэгийн сум 4 ширхэг, сумны хонгио 2 ширхэгийг тус тус улсын орлого болгохоор 14093299 дугаартай галт зэвсэг эзэмших үнэмлэхийн хамт Увс аймаг дахь Цагдаагийн газарт тус тус хүргүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжилэгдсэн шүүгдэгчийн өмчлөлийн 800.000 /найман зуун мянга/ төгрөгний үнэ бүхий 10 настай цавдир алаг морийг хурааж, түүний үнээс 42.858 /дөчин хоёр мянга найман зуун тавин найм/ төгрөгийг орчуулагчийн зардлад гаргуулж орчуулагч Н.Х / РД:ОЭ73032900/-д олгож, үлдэх 757.142 /долоон зуун тавин долоон мянга нэг зуун дөчин хоёр/ төгрөгийг улсын орлого болгохыг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч С.А.О-ээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэлхээтэй 4 ширхэг түлхүүр, шар өнгийн асаагуур, лоперамид нэртэй эм 4 ширхэг, хоосон эмийн уут 1 ширхэг, сульгин авексмима нэртэй эм 1 ширхэг, 001647 дугаартай үслэг ан агнах зөвшөөрөл 1 ширхэг, мөн хэргийн хамт ирүүлсэн , 001647 дугаартай үслэг ан агнах зөвшөөрөл 1 ширхэг, 009110 дугаартай анчны үнэмлэх 1 ширхэг, АН 0751958 дугаартай цэргийн үнэмлэх, 93 14 527821 дугаартай паспорт 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч С-д тус тус буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.А.О-д өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ