Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 226/МА2022/00003

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-н нэхэмжлэлтэй,

хариуцагч П.А-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2023/00004

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Г.Болормаа, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Г.З нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаар шийдвэртэй Б.Э-н нэхэмжлэлтэй, П.А-д холбогдох “11.130.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагч П.А-ын гаргасан давж заалдах гомдлоор 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Ганзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр П.А-с Х аймгийн ........ хорооллын А-57 байрны доор машины 01 тоот зогсоолыг худалдаж авахаар харилцан тохиролцож 11.100.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн юм. Гэтэл уг зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ нь Г.А гэдэг хүний нэр дээр давхардсан байдлаар гарсан байх тул 11.100.000 төгрөгийг П.А-с буцаан гаргуулах хүсэлтэй байна. Уг 01 тоот авто зогсоол нь Б.Э-н өмчлөлд ирээгүй, ирэх боломжгүй байна. Мөн эвлэрүүлэн зуучлах хэсэгт өргөдөл гаргасан улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөгийг нэмж нийт 11.130.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. ...Мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2102 дугаартай худалдах, худалдан авах гэрээг  хүчин төгөлдөр бусад тооцуулж өгнө үү...” гэв.

Хариуцагч П.А шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Улсын дээд шүүхээс надад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэх зорилгоор Т-н өмчлөлийн Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А-57 байрны доор машины 01 тоот зогсоолыг битүүмжилж, Т-н өөрийнх нь хүсэлтээр тус зогсоолыг миний өмчлөлд шилжүүлж хохирлыг маань барагдуулж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх албанаас тус зогсоолын өмчлөлийн асуудлыг Х аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсээс шалгуулсан бөгөөд Т-н өмчлөлийнх мөн болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн лавлагаа, мөн Ү-18170.... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргээр баталгаажуулж өгсөн. Миний бие хууль ёсны дагуу улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлж Х аймгийн Х сумын 4 дүгээр баг, А-57-01 тоот зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлж авсан. Ингээд өөрийн өмчлөлийн тус зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын эхээр Б.Э гэдэг хүнд 11.100.000 төгрөгөөр зарсан.  Б.Э нь худалдаж авахаасаа өмнө биечлэн ирж зогсоолын хэмжээ, байрлал, Ү-181700... дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг харж үзээд худалдан авахаар зөвшөөрсөн. Б.Э гэрээнд заагдсан мөнгөн дүнгээс нь татвар надаар төлүүлж, би өөрөө гэрчилгээг улсын бүртгэлийн хэлтэс дээр шилжүүлж авна, худалдах худалдан авах гэрээ байгаа болохоор асуудалгүй шилжүүлнэ гэж хэлээд надаас Ү-18170.... дугаартай үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг авч үлдсэн. Гэрчилгээг авснаас хойш 12 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр буцааж өгсөн, өгөхдөө улсын бүртгэлийн хэлтэс наад зогсоол чинь А гэж хэллээ, та учрыг нь олоод надад хэлээрэй гэсэн. Х аймгийн Х сумын 4 дүгээр баг, А-57 байрны доор машины 01 тоот зогсоол нь П.А-ны өмчлөл биш гэсэн шийдвэр гараагүй байгаа. Иймд миний зүгээс биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй эд хөрөнгө Б.Э-д худалдсан тул Б.Э-н нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаартай шийдвэрээр: “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.А-с 11.100.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 11.100.000 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 192.550 төгрөгийг хариуцагч П.А-с гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч П.А нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...миний бие ямар нэгэн эрхийн доголдолгүй эд хөрөнгийг Б.Э-д шилжүүлсэн. Энэ талаараа ч тайлбарлаж, хэрэгт П.А миний нэр дээрх улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, холбогдох баримтууд авагдсан байдаг. Шүүх машины зогсоолд хожим эрхийн доголдол илэрсэн гэж байгаа ч эрхийн доголдолтой эсэх нь хууль хяналтын байгууллагын хүчин төгөлдөр эцсийн шийдвэрээр тогтоогдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл машины зогсоол нь П.А, Г.А нарын хэний өмчлөлийнх болох нь эцэслэгдэж тогтоогдоогүй байхад эрхийн доголдол илэрсэн гэж дүгнэж шийдвэрлэсэнд гомдолтой байна...

Миний өмгөөлөгч Ц.Б-н зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгох талаар үндэслэл бүхий өмгөөллийн дүгнэлт хэлсээр байхад энэ талаар холбогдох баримтууд буюу маргаан бүхий авто зогсоолын өмчлөлтэй холбоотой, эрхийн доголдолтой эсэх талаарх асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан, энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтууд шинжлэн судлагдсан атал огт баримт байхгүй мэтээр дүгнэсэнд маш их гомдолтой байна.

Бодит байдал дээр маргаан бүхий авто зогсоолын өмчлөлтэй холбоотой асуудал Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа, прокурорын байгууллагаас уг шалгасан асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан ч уг прокурорын шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу Хэнтий аймгийн Ерөнхий прокуророос хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгосон, уг асуудал хэрэг бүртгэлийн ажиллагаанд байгаа нь бодит үнэн болно.

Нэгэнт эрүүгийн журмаар шалгагдаж байгаатай холбоотой баримтууд авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн эсэх талаар эргэлзээтэй байгаа гэж шүүх үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг үндэслэн нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг авах ажиллагааг хийх боломжтой байсан гэж үзэж байна. Учир нь эрхийн доголдолтой гэж шүүх дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж байгаа энэ тохиолдолд эрхийн доголдолтой эсэхийг эцэслэн тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр, энэ талаар эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх тохиолдолд уг асуудал шийдэгдсэн эсэх асуудлыг тодруулах нь зайлшгүй шаардлагатай, шүүхээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой ажиллагаа байсан болно. Гэтэл энэ байдлыг  орхигдуулж, шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж үзэж байна.

Иймд Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Б.Э нь Х аймгийн Х сумын Х хорооллын А-57-р байрны 00 давхарын 01 тоот автомашины зогсоолыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр П.А-с гэрээ байгуулан 11,100,000 төгрөгөөр худалдан авсан боловч тус машины зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ нь П.А-с өөр хүний нэр дээр давхардан гарсан байх тул гэрээнээс татгалзаж, төлбөрт шилжүүлсэн 11,100,000 төгрөгийг гаргуулах, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, энэ маргааны улмаас шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан тул улсын тэмдэгтийн хураамж 30,000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч нь П.А нь Х аймгийн Х сумын Х хорооллын А-57-р байрны 00 давхарын 01 тоот автомашины зогсоолыг ...хууль ёсны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан. Өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг Б.Э-д 11,100,000 төгрөгөөр зарсан. Би эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг худалдсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргажээ. 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан хариуцагч П.А-с 11,100,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч Б.Э нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариуцагч П.А-с Х аймгийн Х сумын Х хорооллын А-57-р байрны 00 давхарын 01 тоот машины зогсоолыг худалдан авахаар бичгээр гэрээ байгуулж 11,100,000 төгрөгийг түүний дансанд шилжүүлсэн боловч гэрээ хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй болох нь талуудын тайлбар, тэдний хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, улсын бүртгэлийн байгууллагын лавлагаа зэргээр тогтоогдож байгаа бөгөөд талууд энэ талаар маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “...худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах...”-аар нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүхээс тухайн шаардлагад хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, гэрээг хүчин төгөлдөр хэлцэл байна гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй, хуулийг нэг мөр ойлгон хэрэглэж чадаагүй байна гэж үзэв.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар тодорхойлохдоо “...хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн...” нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т “...хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн...” тохиолдолд л бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр хуульчилжээ. Харин Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж заасан буюу энэхүү хуулийн заалт нь хэлцлийг бүртгүүлэхийг хуульд тусгайлан зааж зохицуулсан өөрөөр хэлбэл хэлцлийг заавал бичгээр хийхээр хуульд тусгасан заалт юм.

Дээр дурдсан үйл баримтын хувьд талууд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд шийлжүүлэхээр тохиролцсон боловч тухайн хэлцлээ Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлж чадаагүй, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хэлцлийг бичгээр хийх талаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байжээ. Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох шаардлагагүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй...” гэж заасанчлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчийн төлсөн 11,100,000 төгрөгийг хариуцагч П.А-с буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.Э-д олгох нь зүйтэй байна. 

Мөн нэхэмжлэгч Б.Э нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаж, уг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон /хх-ийн 6/ ба нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,000 төгрөгийг хариуцагч П.А-с гаргуулахаар нэхэмжилжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна...” гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “...Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ...” гэж заасан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон тул нэхэмжилж байгаа улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Давж заалдсан гомдлын тухайд:

Хариуцагч П.А: “...миний бие ямар нэгэн эрхийн доголдолгүй эд хөрөнгийг Б.Э-д шилжүүлсэн... авто зогсоолын өмчлөлтэй холбоотой асуудал Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа... Нэгэнт эрүүгийн журмаар шалгагдаж байгаатай холбоотой баримтууд авагдсан, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд уг асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн эсэх талаар эргэлзээтэй байгаа гэж шүүх үзсэн бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг үндэслэн нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг авах ажиллагааг хийх боломжтой. Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулагдсан хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

                    

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 156/ШШ2023/00003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч П.А-с 11,100,000 /арван нэгэн сая нэг зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30,000 /гучин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч П.А-ны гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа П.А-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 192 550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ДЭНСМАА

                                                           ШҮҮГЧИД                                          Г.БОЛОРМАА

                                                                          Д.ГАНЗОРИГ