Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2022/01340

 

 

2022 07 20 210/МА2022/01340

Р.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч М.Баясгалан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/00881 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Р.О-ийн хариуцагч Ж.С-, С.Ч- нарт холбогдуулан гаргасан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Миний бие 2001 оноос нотариатын байгууллагад ажиллаж эхэлсэн бөгөөд 2003-2007 оны хооронд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Сөүлийн гудамжинд нотариатын үйл ажиллагаа эрхэлж байсан. 2017 оноос эхлэн өнөөдрийг хүртэл Монголын Н- танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Нотариатын үйл ажиллагаа эрхэлж байх хугацаандаа С.Ц- агсны хийж байсан өвийн хүсэлт, өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдэл, иргэн Д.Я-, С.О- нарын иргэний хэлцэл зэргийг гэрчлэн баталгаажуулж байсан бөгөөд эдгээр нотариатын үйлдлийг С.Ч-, Ж.С- нар нь илтэд үгүйсгэж, хуурамч гарын үсэг зурсан, хууль зөрчсөн хэмээн илтэд худал ташаа мэдээллүүдийг дараах хэлбэрээр олон нийтэд удаа дараа тарааж, миний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан. Үүнд: Корпорэйт конвеншн төв дээр 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон Монголын хуульчдын холбооны дөрөвдүгээр их хурлын завсарлагаанаар С.Ч-ын эхнэр Ж.С- нь менежер Г- гэдэг хүнтэй хамт ирж, Монголын хуульчдын холбооны Их хурлын даргалагчаар уламжлан хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх нь гэсэн хэвлэмэл хуудсыг тухайн хуралд ирсэн хуульчдад тараасан. Агуулгыг дурдвал, Монгол Улсын Их сургуулийн багш, доктор Д.Я- өөрийн өмчлөлдөө хууль бусаар авах нөхцөл байдал бий болоод байна, энэ хууль бус үйлдэлдээ өөрийн дотны найз, Монголын Н- танхимын ерөнхийлөгч Р.О-тэй хуйвалдан өмчлөгчийг нотариат дээр очоогүй байхад хассан, мөн бусад өвчлөгч байгааг мэдсээр байж хууль бусаар өв залгамжлах эрхийн гэрчилгээг олгох үйлдлийг тус тус санаатай хийсэн хэмээн иргэн Д.Я-, С.О- нарын 2009 оны иргэний хэлцэл, С.Ц- агсаны 2013 оны өвлөх хүсэлт, 2017 онд түүнд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин хийгдсэн, гарын үсэг нь хуурамч, нотариатч Р.О-, Д.Я- нар нь бүлэглэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн, тэдний хөрөнгийг хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон мэтээр ор үндэслэлгүй гүтгэлэг бүхий хэвлэмэл хуудсыг Их хурлын төлөөлөгч 500 гаруй хуульчдад өөрсдийн биеэр тараасан. Мөн гүтгэлэгийнхээ доод хэсэгт хэрэв Их хурлын төлөөлөгчид, хуульчдын холбооны зөвлөл, цахим сонгуулиар сонгогдчихоод байсан нотариатч Р.О-ийг батламжлах юм бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн ажиллагаагаа явуулна гэсэн агуулга бүхий заналхийлэх утгатай зүйлийг бичсэн. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр өмнө нь дурдсан хэвлэмэл хуудаст бичсэн зүйлээ хэрэгжүүлж С.Ч-, Ж.С- нар нь Бид Монголд хайртай фейсбүүк хуудаст нэхэмжлэгч Р.О-ийн зургийг зөвшөөрөлгүйгээр тавьж байгаад Нотариатчид үл хөдлөх эд хөрөнгө дээрэмдэж байна гэсэн гарчиг бүхий гүтгэлгийг олон нийтэд тараасан. Агуулгыг дурдвал: Нотариатчид ийм бусармаг ажиллагаанд оролцдог, нэр төр муутай нөхдийг эгнээнээсээ хөөн зайлуулах болно, толгой дээр залснаас бүх гэмт хэргийн хамжигч болох мөрөөдөлтэй юу гэлтэй Монголын Н- холбооны ерөнхийлөгч Р.О-тэй хамтарч хуурамч гэрчилгээ, гарын үсгээр иргэн Л, О нарын 400 м.кв барилгыг булаах гэж байна, төрөөс баталсан хоёр гэрчилгээ байсаар байтал Зууны мэдээ сонинд гэрчилгээ гээгдүүлсэн гэх зар тавиад шинээр гаргуулан авчээ. Нотариатч нартай тодорхой хэрэг дээр хамтардаг бололтой хэмээн илэрхий дээрэмчин хулгайч нарын талд үйлчилсэн байх юм гэсэн илтэд гүтгэлгийн шинжтэй агуулга бүхий мэдээллийг олон нийтийн сүлжээгээр цахим орчинд нийтэд дэлгэж, албан үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа нэхэмжлэгч Р.О-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан. Энэхүү илтэд доромжилсон, гүтгэсэн, нэр төр гутаасан, ажил хэргийн нэр хүндэд халдсан худал мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулснаар нийт 279 шэйр хийж, түгээгдсэн. Дээр дурдсан агуулга бүхий мэдээллүүдийг мэдээллийн сайт болон сонин хэвлэлүүдээр мөн нийтэлсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал одоо болтол тогтоогдоогүй байна. Яллагдагчаар татагдаж байж энэ хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ. Энэ нөхцөл байдал тогтоогдоогүй байхад Улсын мөрдөн байцаах газраас 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигтээ Р.О-, Д.Я- нарт холбогдох гэж явуулсан нь хууль зөрчсөн баримтыг хариуцагч нар ашиглаад Р.О-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр төрд халдсан хууль бус үйлдлээ хамгаалах зорилгоор татгалзлаа тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, Иргэний хуулийн 21.2 дахь хэсэгт зааснаар нотлох үүргийг биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг хариуцагчид даалгаж, эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хуульчдын холбооны 4 дүгээр Их хуралд тараагдсан Монголын хуульчдын холбооны Их хурлын даргалагчаар уламжлан Их хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх нь гэсэн энэхүү хэвлэмэл хуудсыг хариуцагч Ж.С- тараасан. Гэхдээ нэхэмжлэгчийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан мэдээ мэдээлэл агуулаагүй. Харин тухайн мэдээлэлд нотариатч Р.О- гэдэг хүн хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ гаргасан, мөн үл хөдлөх эд хөрөнгийг холбогдох гэрээ хэлцлийг хийх талууд байхгүй байхад баталж, бусдад шилжүүлсэн асуудал цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн. Түүнээс гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон нотлогдсон гэдэг зүйлийг энэ мэдэгдэл дээр дурдаагүй, байхгүй. Энэхүү мэдэгдлийг дангаар нь тараагаагүй. Тухайн асуудал нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа гэсэн албан бичгийг хамт тараасан. Тэрхүү албан бичгийг нэхэмжлэгчээс нэхэмжлэлээ гаргахдаа хавсаргаж өгөөгүй байдаг. Хариуцагч талаас энэхүү албан бичгийг хэргийн материалд өгсөн. Цагдаагийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/4-4457 дугаартай албан бичиг байгаа. Тус албан бичигт: нотариатч Р.О-, Д.Я- нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна гэж тусгагдсан байдаг. Энэ албан бичиг байсан талаар гэрч н.Насанжаргал мэдүүлсэн. Иймд нотариатч Р.О-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан зүйл байхгүй, болсон процесс, үйл явдлыг нотлох баримтын хамт тараасан. Мөн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гарын үсгийн шинжээчийн дүгнэлтээр гарын үсгийг хуурамчаар үйлдсэн болох нь тогтоогдсон гэж дурдсан. Энэхүү дүгнэлт мөн хэргийн материалд авагдсан. Эрүүгийн хэрэгт Р.О- шалгагдаж байгаа бөгөөд өөрөө тайлбар мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээчийн дүгнэлтийг холбогдогч этгээдүүдэд танилцуулдаг. Энэ дүгнэлт гарсан талаар Р.О- өөрөө мэдэж байгаа. Эдгээр үндэслэлээр тус мэдээллийг тараасан нь нэр төрд нь халдсан гэж үзэх боломжгүй. Бид Монголд хайртай фейсбүк хуудас болон сайтуудад тараасан мэдээллийн талаар хариуцагч нарын хэн аль нь мэдэхгүй. Ямар нэг байдлаар ийм мэдээлэл өгөөгүй. Сайтуудын мэдээлэл, сонингуудад өгсөн гарчгуудад нотариатч Р.О-ийн нэр хүндэд халдах гэсэн санаа зорилготой ямар нэгэн зүйл байхгүй байна. Д.Я-гийн хэрэгт холбогдолтой гэдэг ч юм уу, ямар нэг байдлаар нэхэмжлэгчийн нэр төрд халдах зорилготой бичигдсэн зүйл байдаггүй. Энэ талаар хэн хаанаас мэдсэн талаар мэдэхгүй. Нотариатч Р.О-ийн миний нэр төрд халдсан үйлдэл гээд байгаа Д.Я-, С.О- нарын 2009 оны иргэний хэлцэл, С.Ц- агсаны 2013 оны өвлөх хүсэлт, 2017 онд түүнд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин хийгдсэн, гарын үсэг нь хуурамч гэх агуулга бүхий эрүүгийн 180902448 дугаартай хэрэг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст одоог хүртэл шалгагдаж байгаа, эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхээр заасан. Тараасан гээд байгаа бичгийг хариуцагч Ж.С- тараасан бөгөөд С.Ч- тараах ажиллагаанд оролцоогүй. Гэхдээ Ж.С- нь нэр төрд нь халдаагүй, үнэн бодит юм гэдгийг нотолсон баримтыг хавсаргаж тараасан. Мөн Хуульчдын холбооны Их хурлын төлөөлөгч бүрт материалыг тараагааүй, дөнгөж эхэлж байтал гэрч болоод бусад хүмүүс ирж хураасан байдаг. Яллагдагчаар татаагүй тул хамааралгүй, мөн гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шийдвэргүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өөрөө хэрэг бүртгэлийн үе, мөрдөн байцаалтын үеэс бүрдэх бөгөөд бид гэм буруугийн талаар дурдаагүй, харин холбогдох мэдээллийг л өгсөн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан нөхцөл байдал байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох боломжтой гэж үзэж байна гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Хариуцагч нар Монголын хуульчдын холбоонд мэдээлэл хүргэх нь гэсэн хуудас тараасан нь нэхэмжлэгчийн нэр хүндэд халдсан гэж үзэж байна. Фейсбүүкээр буюу сошиал орчинд нэр хүндэд халдсан гэж байгаа нь нотлогдоогүй байх тул хариуцагч нарыг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч яаж хохирсон талаар нотлогдохгүй, тухайн хүний нэр хүндэд халдсанаар хэдэн сар хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, нэг сарын дундаж цалин хэд байсан зэргээс хамааруулалгүйгээр 50,000,000 төгрөг шаардаж байгаа нь буруу гэж үзэж байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Ч-, Ж.С- нарт холбогдуулан гаргасан Монголын Хуульчдын холбооны дөрөвдүгээр Их хурлын завсарлагаанаар Их хурлын төлөөлөгч 500 гаруй хуульчдад тараасан хуудас, Бид Монголд хартай фэйбүүк пэйж хуудсанд тараасан мэдээлэл нь нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээлэл болохыг тогтоолгох, илт худал мэдээллийг тараасан хэлбэр, арга хэрэгслээр залруулга хийхийг үүрэг болгох, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах, сэтгэл санааны хохиролд 50,000,000 /тавин сая/ төгрөг гаргуулах тухай Р.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Р.О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дор дурдсан үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

5.а.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, тэдгээрээр тогтоогдсон үйл баримтыг зөв үнэлж дүгнээгүй гэж үзэж буй үндэслэлийн талаар: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Монголын Хуульчдын холбооны 4 дүгээр Их хурлын даргалагчаар уламжлан хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх нь гэх С.Ч-ын үйлдэж, Ж.С-гийн тараасан хэвлэмэл хуудсанд бичигдсэн зүйлсээс ... Р.О-тэй хуйвалдан өмчлөгчийг нотариат дээр очоогуй байхад хассан мөн бусад өвлөгчид байгааг мэдсээр байж хууль бусаар өв залгамжлах эрхийн гэрчичгээ олгох үйлдлийг тус тус санаатай хийсэн ... хэмээн онцлон дурдсан. Энэ нь нэхэмжлэгчийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр шууд ойлгогдох утга, агуулгатай байх бөгөөд үүнийг нэхэмжлэгчийн зүгээс өөрийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэхээр шүүхэд хандаж нэхэмжтэл гаргасан. Дээр дурьдсан агуулга бүхий хэвлэмэл хуудсыг тараасан нь тэднийг нэхэмжлэгч Р.О-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах зорилгоор, зориуд тухайн өдөр, тус газарт тэрхүү хэвлэмэл хуудсыг тараасан гэж үзэх үндэслэл болж байгаа. Бодит байдалд Д.Я-, С.О- нарын 2009 оны иргэний хэлцэл, С.Ц- агсны 2013 оны өвлөх хүсэлт, 2017 онд түүнд олгосон өвлөх эрхийн гэрчилгээг хууль зөрчин хийгдсэн, гарын үсэг нь хуурамч гэх хэрэг нэхэмжлэгч Р.О-т хамааралгүйгээс гадна түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал одоо болтол тогтоогдоогүйн дээр, уг эрүүгийн хэрэгт Р.О-т эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдах ажиллагаа өнөөдрийн өдрийг хүртэл хугацаанд хийгдээгүй байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Гэтэл анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь тогтоогдсон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... гэж заасны дагуу хэвлэмэл хуудасны агуулгад дурдсан үйлдэлд хариуцагч нараас цагдаагийн байгууллагад гомдол гаргасан, уг гомдлын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаагаас үл хамааран нэхэмжлэгч Р.О- нь тус эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаагүй, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр шотлогдоогүй тул хариуцагч С.Ч-, Ж.С- нарын ... Монголын Н- Танхимын Ерөнхийлөгч Р.О-тэй хуйвалдан өмчлөгчийг нотариат дээр очоогүй байхад хассан мөн бусад өвлөгчид байгааг мэдсээр байж хууль бусаар өв зачгамжлах эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг тус тус санаатай хийсэн ... гэсэн нь нэхэмжлэгч Р.О-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл мөн болно. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо үнэлсэн нотлох баримт болох Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/4-4457 тоот албан бичиг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт заасныг зөрчиж цуглуулсан, мөн зүйлийн 38.5 дах хэсэгт заасны дагуу уг нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй юм. Тодруулбал, хариуцагч нар 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон Монголын Хуульчдын Холбооны дөрөвдүгээр Их хурлын завсарлагаанаар тараасан мэдээлэл гэх бичигтээ хавсаргасан байсан нь уг албан бичигт Р.О-, Д.Я- нарт холбогдох хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэрэг гэж дурьдсан нь хууль зөрчсөн. Түүнчлэн уг хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст анх 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, одоо эцэслэн шийдвэрлэгдээгүй, уг хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл тухайн хэрэгт холбогдох ажиллагааг огт явуулаагүй Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Улсын мөрдөн байцаах газраас Р.О-, Д.Я- нарт холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа мэтээр 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/4-4457 тоот албан бичиг үйлдсэн нь хууль зөрчсөн байгааг анхан шатны шүүх анхааран үзэлгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт болгосон нь үндэслэлгүй.

 

5.б.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Бид монголд хайртай фэйсбүүк пэйж хуудсанд нийтлэгдсэн нотариатчид үл хөдлөх эд хөрөнгө дээрэмдэж байна гэсэн гарчиг бүхий мэдээллийг иргэн Д.Янжинхороогийн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо фэйсбүүк компаниар дамжуулан, устгал хийлгэсэн хандалтыг хязгаарласан эсэх талаарх тодорхойлолт, тухайн мэдээллийг дахин сэргээх боломжтой эсэх, боломжтой бол тус мэдээллийг сэргээлгэн гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд гаргаж, уг хүсэлтийн дагуу шүүхээс Харилцаа холбооны зохицуулах хорооноос нотлох баримт шаардаж, Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 04/1627 тоот албан бичиг, түүнд хавсаргасан 8 хуудас баримт буюу иргэн Д.Я-гоос тус фэйсбүүк пэйж хуудсанд бичигдсэн мэдээллийг утсгуулах өргөдөл, пэйж хуудсанд нийтлэгдсэн мэдээлэл, түүний доор бичигдсэн сэтгэгдлүүдийг анхан шатны шүүхэд ирүүлсэн. Эдгээр баримтууд нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэргийн 34-48 дахь талд авагдсан бичгийн баримтуудтай утга, агуулгын хувьд тохирсон, адил баримтууд төдийгүй, нэхэмжлэгч талаас уг нотлох баримтыг өөрсдийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 34-48 дахь талд авагдсан бичгийн баримтыг дэмжиж, нотлох баримтын шаардлага хангасан байдлаар, нотлох баримтын хэмжээнд үнэлүүлж, дүгнүүлэх зорилгоор хуульд заасан үүргээ хэрэгжүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасны дагуу гаргуулан авсан. Харилцаа холбооны зохицуулах хорооноос ирүүлсэн дээрх нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасантай нийцсэн нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжтой нотлох баримт юм. Мөн нэхэмжлэгчийн зүгээс тус фэйсбүүк хуудсанд тавигдсан мэдээллийг хариуцагч нар нь нийтлүүлсэн, хариуцагч нар хамааралтай гэж үзэх болсон үндэслэл нь хариуцагч нарын тараасан 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн огноотой, Монголын Хуульчдын Холбооны 4 дүгээр Их хурлын даргалагчаар уламжлан хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх нь гэх хэвлэмэл хуудасны доод хэсэгт хэрэв Их хурлын тэргүүлэгчид Хуульчдын холбооны зөвлөлд цахии сонгуулиар сонгогдчихоод байсан нотариатч Р.О-ийг батламжлах юм бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараагийн ажиллагаа явуулна гэж заналхийлсэн бөгөөд энэ нь хариуцагч нарын зүгээс энэхүү заналхийллээ хэрэгжүүлсэн болохыг нотлож байгаа, мөн хэвлэмэл хуудсанд бичигдсэн Монголын Н- Танхичын Ерөнхийлөгч Р.О-тэй хуйвалдан өмчлөгчийг нотариат дээр очоогүй байхад хассан мөн бусад өвлөгчид байгааг мэдсээр байж хууль бусаар өв залгамжлах эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг тус тус санаатай хийсэн ... гэх агуулгатай адил ... Монголын Н- холбооны Ерөнхийлөгч Р.О-тэй хамтарч хуурамч гэрчилгээ, гарын үсгээр иргэн Л, О нарын 400 метр квадрат барилгыг булаах гэж байна ... гэх утга бүхий мэдээлэл Бид монголд хайртай фэйсбүүк пэйж хуудсанд нийтлэгдсэн байсан, мөн хариуцагч нар нэхэмжлэгч Р.О-ийн зургийг зөвшөөрөлгүйгээр тус фэйсбүүк пэйж хуудсанд нийтлүүлж, худал, ташаа мэдээллнйг олон нийтэд тараасан гэж үзэх үндэслэлтэй байна. Дээр дурьдсан ундэслэлүүдийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсье гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг эс зөвшөөрсөн. Монголын хуульчдын холбооны Их хурлын даргалагчаар уламжлан хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэсэн гэх бичвэр нь хариуцагч С.Ч-ын Хуульчдын холбооны зөвлөл-ийн гишүүнд тавигдах шаардлагад нотариатч Р.О- нь ёс зүйн хувьд тэнцэхгүй гэх хувь хүний үзэл бодлоо илэрхийлсэн бичвэр байгаа. Уг бичигт Р.О-ийн нэр төр, алдар хүндийг гутаасан, доромжилсон, худал мэдээллийн агуулга байхгүй. Нотариатч Р.О-ийн ажил үүргээ хууль бусаар гүйцэтгэсэн талаар Цагдаагийн байгууллагад хандаж, гомдол гаргасан. Уг асуудал нь Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаарх үнэн бодитой мэдээллийг тусгасан бичвэр байсан. Мөн уг мэдээллийн үнэн бодитой болохыг нотолсон баримт болох Цагдаагийн Ерөнхий газрын мөрдөн байцаах албаны 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 11/4-4457 дугаарын албан бичгийг хавсаргасан. Нэр төрийг гутаах зорилготой байсан бол уг албан бичгийг хавсаргах шаардлага байгаагүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа уг албан бичгийг зориуд шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэлдээ энэ талаар дурдаагүй. Харин гомдол гаргахдаа уг албан бичгийг хариуцагч нар нь зориудаар танилын хүрээгээр олж авсан. хууль бус нотлох баримт гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Хэрвээ хуурамч нотлох баримт гэж үзсэн бол нэр төр гутаасан гэх бичвэр тараагдах үед эрх бүхий байгууллагад хандаж, гомдол гаргаж, шалгуулах бүрэн боломжтой байсан. Уг албан бичиг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтын шаардлагыг хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Мөн тус албан бичгийн огноог харахад уг хэрэг маргаан үүсэхээс өмнө бий болсон. Нэхэмжлэгч Р.О-ийг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн мэтээр шууд ойлгогдох утга агуулгатай байна гэж бичсэн байна. Хариуцагч Ж.С- тус албан бичгийг тараахдаа ...Та хуульч мөн үү... гэж асууж байгаад тарааж байсан үйл баримтын талаар гэрч нар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, уг албан бичгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа талаар бичсэн болохыг мэргэжлийн хуульч нарт тараасан. Энэ бичгийг Хуульчдын Их хуралд оролцож байгаа мэргэжлийн хуульч нарт, Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүнийг сонгохдоо нотариатч Р.О-ийн ёс зүйгүй байдлыг харж үзээсэй гэх хариуцагч нарын үзэл бодол байсан. Мөн тухайн бичигт Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсан гэх агуулга байхгүй, мэдээлэл нь Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Үнэн зөв мэдээллийг нотолсон баримтаа давхар хавсаргасан үйл баримт байдаг. Бид Монголд хайртай фэйсбүүк хуудсанд нийтэлж, нэр төрд халдсан гэх шаардлагыг хариуцагч нар нийтлээгүй. Мөн уг фэйсбүүк хуудас болон нийтлэлийн талаар мэдээгүй. Уг фэйсбүүк хуудсаар дамжуулан нэр төрд халдсан гэж үзэж байгаа тохиолдолд тухайн фэйсбүүк хуудсанд хандаж, гомдол гаргах асуудал яригдана. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Р.О- нь хариуцагч Ж.С-, С.Ч- нарт холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийхийг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах, цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг хамгаалах талаар зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх боломжтой гэж үзлээ.

3.а.Хариуцагч Ж.С-, С.Ч- нар нь 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон Монголын Хуульчдын холбооны 4 дүгээр Их хурлын завсарлагаанаар хурлын төлөөлөгчдөд мэдээлэл хүргэх нь гэх хуудсыг тарааж, тус мэдээлэлд ... Д.Я-, Р.О- нар нь хуйвалдан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг санаатай хийсэн, ... ийм хариуцлагагүй, шударга бус хуулиа мэддэггүй, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй этгээд тус холбооны зөвлөлийн гишүүнд нэр дэвшиж байна ... гэж мэдээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

3.б.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар өөрөө нотлох үүрэгтэй ч Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасантай холбоотой маргаанд мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан, хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээдэг.

4.Хүний эрхийн суурь нь нэр төр, алдар хүнд бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн, хүний нэр төр, алдар хүнд, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлнэ гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй боловч аливаа хүний эрх, эрх чөлөө нь бусдын эрх, чөлөөгөөр хязгаарлагддаг.

4.а.Хариуцагч Ж.С-, С.Ч- нар нь нэхэмжлэгч Р.О-ийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч тэдгээрийн үзэл бодол, сэтгэгдлээ илэрхийлж буй хэлбэр нь бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан агуулгатай байх учиргүй юм.

4.б.Хэрэгт авагдсан Цагдаагийн Ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигт ... Р.О-, Д.Я- нарт холбогдох хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. гэжээ. /хх-ийн 150-р тал/. Дээрх албан бичиг гарснаас хойш 13 хоногийн дараа Монголын Хуульчдын холбооны 4 дүгээр Их хурал болсон буюу тухайн цаг хугацаанд Р.О- нарт холбогдох эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байжээ.

4.в.Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хариуцагч талын хүсэлтээр Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын 1-р хэлтсээс гаргуулсан 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн албан бичигт иргэн С.Ч-аас .... нотариатч Р.О- нь нотариатчийн үйл ажиллагааг хууль бусаар явуулсан гэх гомдол гаргасныг хүлээн авч, хойшлуулшгүй ажиллагаа явуулан, 2018 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн 180902448 дугаартай хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж дурдсан байна. /хх-ийн 176-р тал/

4.г.Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж буй дээрх нотлох баримтуудад үндэслэн хариуцагч Ж.С-, С.Ч- нарын тараасан Р.О- нь бусадтай хуйвалдан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг санаатай хийсэн, хариуцлагагүй, шударга бус хуулиа мэддэггүй, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй этгээд гэх агуулгатай мэдээ нь бодит байдалд нийцээгүй худал мэдээлэл гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

4.д.Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ... гэж заасан. Нэхэмжлэгч Р.О-т хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа нь хариуцагч нарын тараасан мэдээний үнэн, зөвийг шууд нотлохгүй юм. Тодруулбал, Р.О- нь бусадтай хуйвалдан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг санаатай хийсэн, хариуцлагагүй, шударга бус хуулиа мэддэггүй, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй этгээд гэсэн мэдээг үнэн зөв, бодит байдалд нийцсэн болохыг хариуцагч нар баримтаар нотолж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Р.О- нь бусадтай хуйвалдан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг санаатай хийсэн буюу хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэх шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоол, мөн хуульчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн болохыг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрүүд хэрэгт авагдаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагч Ж.С-, С.Ч- нар нь Монголын Хуульчдын холбооны 4 дүгээр Их хурлын төлөөлөгчдөд тараасан мэдээнийхээ үнэн зөвийг нотолж чадаагүй гэж үзнэ.

4.е.Үнэнд нийцээгүй дээрх мэдээллийг олон нийтэд тараасан явдал нь иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх байнгын үйлчилгээ эрхэлдэг мэргэжилтний тухайн үйл ажиллагааг явуулахад сөргөөр нөлөөлөх үр дагавартай гэж үзэхээр байна.

4.ё.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, залруулга хийсэн мэдээллийг гарган, няцаалт хийхийг хариуцагч С.Ч-, Ж.С- нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг тодруулахад ... Монголын Хуульчдын холбооны Их хурал нь байнгын ажиллагаатай биш учир Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудсаар няцаалт хийхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэж тодруулсан болно.

5.Харин, Бид Монголд хайртай фэйсбүүк группт бичигдсэн гэх нотариатчид үл хөдлөх эд хөрөнгө дээрэмдэж байна гэсэн гарчиг бүхий мэдээллийн хувьд тус мэдээллийг хариуцагч С.Ч-, Ж.С- нар оруулсан гэх байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Мөн эдийн бус гэм хорын хохиролд 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд 50,000,000 төгрөгийг фэйсбүүк группт оруулсан мэдээтэй холбоотойгоор нэхэмжилсэн гэж тайлбарласан тул уг шаардлагыг мөн хангах үндэслэлгүй.

6.Мөн цаашид нэр төрд халдсан үйлдэл гаргахгүй байхыг даалгах шаардлагын тухайд Иргэний эрх зүйн хамгаалалт нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байдаг тул тухайн шаардлагыг нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх шаардлагын үндэслэл гэж үзэв.

7.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэгчийн гаргасан эхний гомдол буюу бичиг тараасныг нэр хүндэд халдсан гэж үзэж байна, фэйсбүүкээр буюу сошиал орчинд нэр хүндэд халдсан гэж байгаа нь нотлогдоогүй байх тул хариуцагч нарыг буруутгах боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч яаж хохирсон талаар нотлогдохгүй, тухайн хүний нэр хүндэд халдсанаар хэдэн сар хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон, нэг сарын дундаж цалин хэд байсан зэргээс хамааруулалгүйгээр 50,000,000 төгрөг шаардаж байгаа нь буруу гэж үзэж байна гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байгааг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2022/00881 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р.О-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Р.О- нь бусадтай хуйвалдан, хууль бусаар өвлөх эрхийн гэрчилгээ олгох үйлдлийг санаатай хийсэн, хариуцлагагүй, шударга бус хуулиа мэддэггүй, ёс зүйн наад захын шаардлага хангахгүй этгээд гэх мэдээнд Монголын Хуульчдын холбооны албан ёсны цахим хуудсаар залруулга хийсэн мэдээллийг гаргаж, няцаалт хийхийг хариуцагч С.Ч-, Ж.С- нарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагад заагдсан бусад мэдээлэлтэй холбогдох хэсэг болон 50,000,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дах заалтын ... 56.1 ... гэснийг 56.2 гэж, ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Ж.С-, С.Ч- нараас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Р.О-т олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 478,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

Г.ДАВААДОРЖ