Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 846

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: Н.А, түүний өмгөөлөгч  Б.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805043360943 дугаартай хэргийг  2018 оны 10 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.А, 1961 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, ....., урьд 1979 оны 11 дүгээр сарын 22-ны Нийслэлийн шүүхийн 250 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 168.б, 169.б-д зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, тэнсэн хянан харгалзсан, 1982 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Бүх цэргийн шүүхийн 145 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 200.а-д зааснаар 01 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 1984 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, 1999 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 398 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2-т зааснаар 01 жилийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, ...тоот регистртэй,

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23/б байрны гадаа иргэн Л.Цийн биед халдан зодож баруун зүүн нүдний алим, баруун дээд зовхи, доод уруулд цус хуралт, баруун хөмсөгт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Н.Аы  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр намайг байрнаасаа гарч ирэхэд тэд нар “хөөе новшоо юу байна” гэж дуудаад өдөөд байхаар нь би юм дуугаралгүй машиндаа суутал араас гүйж ирсэн. Намайг зодох гэж ирсэн байх. Би ажил ихтэй байсан болохоор машинаа асааж хөдлөх гэтэл манай хүргэн машинаас майханаа авна гэж ирээд аваад явсан. Тэгэхэд манай охин орцноос гарч ирээд нөхөр лүүгээ явж байхад нь нэг нь бөгс рүү алгадсан юм. Тэгэхээр нь би явж очоод маргалдаад гар хүрсэн. Би сүүлд нь Цд хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ гэхэд “чамайг ална” энэ тэр гээд байсан. Манайх тэр байрнаас нүүсэн. Манай байрны залуугийн гар утсанд болсон зүйл бичигдсэн байгаа. Гэтэл тэр залуу хөдөө явсан байсан...” гэв.

Хохирогч Л.Цийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 15 цагийн үед намайг Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 23/a  байрны 2 дугаар орцны подвальд байдаг урланд байхад надаар хөөрөг хийлгэсэн хүн ирээд хийлгэсэн хөөргөө аваад, тооцоогоо хийчихээд надад хоёулаа гарч кофе уух уу гэхээр нь би за тэгье гээд хамт гарсан. Тэгээд Билэг их дэлгүүрийн кофе шоп руу явж байтал манай байрны зүс таних залуу ахаа 5.000 төгрөг байвал өгөөч гээд гуйхаар нь би өөрт байсан мөнгөө нөгөө залууд өгөөд явах гэтэл  нөгөө залуу 5.000 төгрөг авсан даруйдаа хажуугаар гүйгээд гараад явчихаар нь би гайхаад цааш хөөрөг авсан залуутай явж байтал миний араас манай байрны өөр нэг 50 орчим насны ах толгой орчим хэсэгт халиваар нэг удаа цохиод авахаар нь би яаж байна ахаа гээд эргээд хартал нөгөө ах гартаа барьсан халиваар миний нүүр орчим хатгах гэхээр нь би хойшоо болтол миний баруун нүдний дээгүүр хөмсөг орчим зүссэн. Тэгээд би тэр ахыг та  чинь тэнэг юм уу гээд бариад авах гэтэл нөгөө ах барьж байсан халивны ишээр миний баруун нүд орчим нэг цохиод зугтаасан. Тэгээд би нөгөө ахыг буцаад ирэх болов уу гээд 2 дугаар орцны гадна хүлээгээд суусан боловч ирэхгүй байсан бөгөөд миний толгой эргээд хамар, хөмсөгнөөс цус гараад байсан болохоор гэртээ ороод яахав гээд аавындаа орж хоёр хоног босч чадахгүй хэвтэж байгаад цагдаад өргөдөл гаргасан. Хохирлоо нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч Л.Згийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 18-ны өглөө 09 цагийн үед Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 23в-75 тоот гэрээсээ гараад явж байхад манай тэр хавиар архи уугаад байдаг 3, 4 хүн согтуу орцны үүдэнд зогсож байсан. Манай нөхөр саравчинд майхангаа хатаагаад зогсож байхаар нь араас нь очих гээд явж байтал нөгөө согтуу хүмүүс араас инээлдээд миний бөгс рүү нэг нь хүрэх шиг болсон. Тэгээд эргээд хартал хоорондоо инээлдээд зогсож байсан. Би тэгээд нөхөр лүүгээ яваад өгсөн. Тухайн үед манай аав Н.А гадаа машиндаа сууж байсан гэсэн. Тэрнээс цааш юу болсныг би мэдээгүй. Тэгээд нөхөр бид хоёр майханаа хураачихаад гэрлүүгээ буцаад ороход аав машинаа унаад яваад өгсөн, нөгөө хүмүүс орцны гадаа байхгүй байсан...”  гэсэн мэдүүлэг / хх-н 14-15/,

Шинжээчийн 10280 тоот дүгнэлтэд: “...Л.Цийн биед баруун, зүүн нүдний алим, баруун дээд зовхи, доод уруулд цус хуралт, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 19/,

Сэжигтэн, яллагдагчаар Н.Аы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр өглөө гэрээсээ гараад хажуу талын орцны үүдэнд тавьсан байсан машин дээрээ очсон. Тэгэхэд байрны гадаа байнга тэр хавиар архи уугаад байдаг 3 залуу алхаад явж байсан. ...манай хүргэн гарч ирээд машины багажнаас хөнжил, гудас аваад цаашаа явсан. ...том охин Золзаяа гарч ирээд нөхрийнхөө араас зам хөндлөн гарах гээд явж байхад тэр гурван залуугийн өндөр нь манай охины бөгсийг араас нь цохих шиг болсон. Би араас нь халаасыг нь суульж байна гэж хараад машинаасаа халив аваад буугаад очсон. Тэгээд би тэр өндөр залууд хандаж чи яагаад байгаа юм бэ гэхэд “яасын” гээд өөдөөс хэрэлдээд байсан. Би аятайхан байгаарай, та нарыг ална шүү гээд гартаа барьсан халиваа харуулсан. ...би байрны Ц гэх залууд хандаж чи аятайхан байгаарай яах гээд байнаа гэхэд өөдөөс чи юу гээд байгаа юм гээд бид хоёрын хооронд хэрүүл болоод би гараараа Цийн нүүр лүү 2 удаа цохьсон. Тэгэхэд Цийн хамраас цус гоожоод би цаашаа явсан. Тэр хоёр байрны гадаа сандал дээр суухаар нь би араас нь очоод та нар зүгээр байгаарай гэж хэлээд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, хохирлын баримт /хх-н 18, 43/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-39/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.А нь 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23/б байрны гадаа иргэн Л.Цийн биед халдан зодож баруун зүүн нүдний алим, баруун дээд зовхи, доод уруулд цус хуралт, баруун хөмсөг, зүүн хацарт зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэм  буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Цийн: “...миний араас манай байрны өөр нэг 50 орчим насны ах толгой орчим халиваар нэг удаа цохиод авахаар нь би яаж байна ахаа гээд эргээд хартал нөгөө ах гартаа барьсан халиваар миний нүүр орчим хатгах гэхээр нь би хойшоо болтол миний баруун нүдний дээгүүр хөмсөг орчим  зүссэн. Тэгээд би тэр ахыг та чинь тэнэг юм уу гээд бариад авах гэтэл нөгөө ах барьж байсан халивны ишээр миний баруун нүд орчим нэг цохиод зугтаасан. Тэгээд би нөгөө ахыг буцаад ирэх болов уу гээд 2 дугаар орцны гадна хүлээгээд суусан боловч ирэхгүй байсан бөгөөд миний толгой эргээд хамар, хөмсөгнөөс цус гараад байсан болохоор гэртээ ороод яахав гээд аавындаа орж хоёр хоног босч чадахгүй хэвтэж байгаад цагдаад өргөдөл гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, шинжээчийн 10280 дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Аы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А нь хохирогчийг өөрийнх нь охины халаасныг ухаж байна гэж бодон маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Цийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирогчийн шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 200.000 төгрөг, нийт 208.000 төгрөгийн хохирлыг  шүүгдэгчээс гаргуулж хохирогч Л.Цд олгох нь зүйтэй байна.

Хохирогч Л.Ц нь шүүх хуралдаанд оролцоогүй ба хохирол, хор уршигийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Н.Аы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээний торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргасан ба шүүх шүүгдэгч Н.Аы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Н.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ааас 208.000 төгрөг гаргуулж хохирогч Л.Цд олгосугай.
  5. Хохирогч Л.Ц нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ад хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.ОТГОНБАЯР