Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2017/00764

 

Г.Сэвжидийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00132 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 741 дүгээр магадлалтай,

Г.Сэвжидийн нэхэмжлэлтэй,

Б.Батцоожид холбогдох,

Гэм хорын хохиролд 4.544.680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Б.Батцоожийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Сэвжид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2016 оны 8 сарын 15-ны өдөр 13 цагийн үед Тоёота приус-20 маркийн 35-99 УНЯ улсын дугаартай суудлын автомашинаар Улаанбаатар хотоос Хөвсгөл явах чиглэлд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд явж байхад Тоёота пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл урсгал сөрж, эсрэг урсгалруу орсны улмаас миний автомашины зүүн гар талаас мөргөсөн. Тоёота пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Батцоожийн буруутай үйлдлийн улмаас миний автомашинд 1.938.000 төгрөгийн хохирол учирсан. Машинд зорчиж явсан эхнэр Оюун-Ухааны эмнэлэгт үзүүлсний төлбөр 25.000 төгрөг, эмийн сангаас авсан эмийн төлбөр 43.680 төгрөг, хүү Бархасын толгойн томографын зураг авахуулсны төлбөр 120.000 төгрөг, автомашиныг осол болсон газраас Хөтөл, Хөтлөөс Улаанбаатар хүртэл тээвэрлэсний төлбөр нийт 590.000 төгрөг, замын зардал 48.000 төгрөг, осол болсон өдрөөс хойш олох байсан орлогыг цагийн 10.000 төгрөгөөр өдрийн 8 цагаар тооцоход 10 хоногийн орлого 800.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 1.000.000 төгрөг, нийт 4.544.680 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батцоож шүүхэд гаргасан тайлбартаа: Приус 20 маркийн автомашины жолооч Сэвжид миний машины дугуйн хэсэгтэй дугуйгаараа мөргөлдөж машинаа зогсоож чадалгүй 53 метр явсан байсан.

Бодит байдал ийм байхад шинжээч Х.Мянганбаяр үүнийг үл тоож, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч хар зурагт үүнийг тусгаагүй , миний тайлбарыг хүлээж аваагүй. Үүнээс үзэхэд жолооч Г.Сэвжид осол болсон цэгээс 53 мерт машинаа зогсоосон нь дор хаяж 120 км цагийн хурдтай явж байжээ гэсэн дүгнэлт хийх үндэс болж байна. Даваан дээр машин гүйцэж түрүүлээд эсрэг урсгалаар орж ирсэн үйлдлээс осол болсон. Үүнийг шинжээч анхаарч үзэлгүй орхисон. Автомашины техникийн үнэлгээний 2016 оны 08 дугаар сарын 16-ны тайлангаас үзэхэд дээрх ослын улмаас Приус -20 маркийн автомашинд 1.938.000 төгрөгийн, Пассо маркийн автомашин буюу миний машинд 1.489.000 төгрөгийн хохирол учирсан юм. Сэвжидээс илүү хохирлыг би амссан юм. Иймд дахин 3-оос доошгүй хүний бүрэлдэхүүнтэй нарийн мэргэжлийн шинжээчдээр дүгнэлт гаргуулах саналтай байна.

Г.Сэвжидийн 4.544.680 төгрөг нэхэмжилсний үндсэн санхүүгийн бус баримтуудаар бусад нотлох баримтуудаар тогтоож өгөхийг шүүхээс хүсч байна. Цалин хөлс нэхэмжилсэн байдалд ч энэхүү шаардлага хамаарах ёстой. Сэтгэл санааны хохирол гэдгийг бүр ч ойлгохгүй байна. Би Сэвжидэд сэтгэл санааны хохирол учруулах ямарч бодит шахалт үзүүлээгүй. Санаатайгаар осол гаргаагүй гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00132 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Батцоожоос 2.648.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Сэвжидэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.896.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87.665 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцоожоос 57.318 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Сэвжидэд олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 741 дүгээр магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00132 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцоожийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар заалдах гомдол гаргахдаа Б.Батцоожоос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Батцоож хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 741 тоот магадлалыг хариуцагчийн хувьд үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх ослын шалтгааныг эрх зүй, техникийн наад захын шаардлагын дагуу зөв оновчтой тодорхойлж дүгнээгүйгээр ослын фактыг бүрэн тодорхойлоогүй шинжээчийн дүгнэлтийг иш үндэс болгож хэргийг шийдвэрлэж нэхэмжлэгч Г.Сэвжидийн талд үйлчилж намайг буруутан болгож байгаад гомдолтой байна. Тухайлбал: Ямар ч ослын гол шалтгаан нь хурдтай шууд холбоотой байдаг. Гэтэл шинжээчид, намайг эсрэг урсгалд явсан гэдгээр буруутгаж өрөөсгөл дүгнэлт гаргаж байгааг аль ч шатны шүүх анхаарсангүй. Хэрэг бүртгэгч, шинжээчид А цэг буюу үл хөдлөх цэгийг актаар тодорхойлоогүй гадна анх мөргөлдсөн цэгийг нотлоогүйгээр бүдүүвч зурагт тормозлож мөр гаргасныг орхигдуулжээ. Мөн хэргийн газрын үзлэгийг тэмдэглэлд тусгаагүй байх юм. Осолд орсон хариуцагч Г.Сэвжидийг машин А цэгээс хар зам татуулаан 53 метр явж зогсоолыг тооцож хурдыг тодорхойлсонгүй зам нь хуурай ердийн зам байсан ба 53 км явж машинаа зогсоосноос үзэхэд 90 км цагаас дээш хурдтай Сэвжид явж байсныг нотлох факт юм. Анхан шатны шүүхээс томилогдсон 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нар осол болсон шалтгаанд үнэлгээ хийхгүйгээр дахин нягтлаж үзэхгүйгээр хэргийг бүрэн судлахгүйгээр анхны шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн. Энэ хариуцлагагүй байдлыг давж заалдах шатны шүүх бас л анхаарч үзсэнгүйд харамсаж байна. Цагдаагийн хэрэг бүртгэгч шинжээчид осол гарсан хэргийн газрын үзлэг дутуу хийж хэргийн газрын үзлэгийг тэмдэглэж, шинжээчийн дүгнэлтэд бодит үзлэгийг дутуу тусгаж ослын шалтгаан нөхцөлд бүрэн гүйцэд үнэлгээ өгөөгүй, үүнтэй холбоотой ганц бодит зүйл бол хэргийн газрын үзлэгт тормозны мөрийг тусгаагүй орхигдуулсан. Г.Сэвжид нь ослыг далимдуулан надаас сэтгэл санааны хохирол эм авсан зардал зэргийг нэхэмжилснийг дээр дурдсан нөхцөл байдлыг анхаарч үзэж 2 шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахиж 5 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч томилж ослын шалтгааныг үнэн зөв шударга тогтоож гэм бурууг бодитойгоор тодорхойлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Г.Сэвжид нь хариуцагч Б.Батцоожоос 4.544.680 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зам тээврийн ослын улмаас учирсан хохирол гэж тодорхойлжээ.

Хариуцагч Б.Батцоож 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн Тоёота пассо маркийн 30-49 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа нэхэмжлэгч Г.Сэвжидийн жолоодож явсан Тоёота приус маркийн 35-99 УНЯ дугаартай машиныг мөргөж зам тээврийн осол гаргажээ.

Зохигчид энэхүү үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч осол гарахад өөрийгөө буруугүй гэж үзэн нэхэмжлэлээс татгалзжээ.

Замын хөдөлгөөний дүрмийн 8.2-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэж заасныг хариуцагч зөрчсөнөөс осол гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх ослын улмаас Тоёота приус маркийн машинд 1.938.000 төгрөгийн хохирол учирсан ба нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг УБ хотод авчрахад 590.000 төгрөгийн зардал гаргасан, мөн хүү С.Бархасын духанд гэмтэл учирч, томографын шинжилгээ хийлгэхэд 120.000 төгрөг төлсөн байх ба хариуцагч эдгээрийг үгүйсгэж чадаагүй байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар  тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын эд юмс эвдэрч, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, нэхэмжлэгч зам тээврийн ослын улмаас учирсан гэм хор нэхэмжилсэн нь хуулийн дээрх зохицуулалтад нийцжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэлийн шаардлага тус бүрээр дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэгшүүхэдхянаншийдвэрлэхтухайхуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШШ2017/00132 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 741 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч Б.Батцоожийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 56.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ