Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 624

 

Э.Б, С.М, Д.О  нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Т, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 16-ны өдрийн 221 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн  869 дүгээр магадлалтай, Э.Б, С.М, Д.О  нарт холбогдох 1802005080255 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Хүнсний үйлдвэрлэлийн технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар дүүрэг дэх М-ийн х-ын хэлтэст хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2006 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу ялаас өршөөн хэлтрүүлсэн, М овгийн Э-ын Б.

2. Монгол Улсын иргэн, 1966 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Х М” дэлгүүрийн няраваар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, Ц овгийн С-ийн М.

3. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Рашаант суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Х М” дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байсан, ял шийтгэлгүй, Б овгийн Д-ын О.

Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, С.М, Д.О  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч М овогт Э-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан буюу нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан гэмт хэргийг,

шүүгдэгч Ц овогт С-ийн М, Б овогт Д-ийн О нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөгийг хахуульд өгсөн гэмт хэргийг хамтран бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э-ын Б-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 /арван таван мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-ийн М, Д-ийн О нарыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, тэдгээрийг тус бүр 2.700 /хоёр мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М, Д.О  нарын цалин, орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан С.М, Д.О  нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мөн шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тус тус тайлбарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Баас 500.000 төгрөгийг, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улаанбаатар банк дахь 2611038142 тоот дугаар данснаас 1.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгийг хэвээр үлдээж, шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.М, Д.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсантай холбоотой хэсгүүдийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Б.Т-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр “Х М” ХХК-ны хүнсний дэлгүүрт шалгалт хийж, гарсан зөрчлийг илрүүлж Зөрчлийн хуулиар торгууль ногдуулах арга хэмжээ авч ажилласан.

Өмнөх шүүх хуралдааны үеэр би энэ хэргийн талаар бүх үнэнээ хэлсэн. Надад торгуулийн мөнгө нэг сая төгрөгийг “Х М” ХХК-ны хоёр ажилтан бэлнээр авчирч өгсөн нь үнэн. Цагдаагийн газар анх өгсөн мэдүүлэгтээ энэ хоёр ажилтан сая төгрөг өгснөө мэдүүлсэн байдаг. Харин би Эрдэнэчулуун даргын үгэнд орсноос болоод нэг сая таван зуун мянган төгрөг авсан гэж худлаа мэдүүлж, Баасандоржийн эсрэг худал мэдүүлэг өгсөндөө одоо харамсаж байна. Тухайн үед Эрдэнэчулуун дарга тэгж мэдүүлчих, чамд ямар ч асуудал болохгүй, би байцаагчийг нь таньдаг гэж хэлснээс л бүх юм болсон. Яг цагаа тулахаар дарга намайг хамгаалаагүй, бүр гурван сая төгрөгийн асуудал ярьсан байсан нь үнэхээр ойлгомжгүй.

Хоёр хүний авчирч өгсөн нэг сая төгрөгийг яагаад тэр дороо тушаагаагүй учраа би тодорхой ярьсан. Ажлын шаардлагаар тушаах боломж гараагүй байсан. Гантуяагаар тэр мөнгийг төлүүлэх үед бэлэн авсан мөнгө нь миний өрөөнд байсан ч би ажил дээрээ очоогүй гадуур ажиллаад явсан учир Гантуяагаар тэндээс нь төлүүлсэн нь одоо миний буруудах шалтгаан болоод байх шиг байна. Хэрвээ би буруутай асуудалтай байсан бол ядаж Гантуяад миний нэрийн өмнөөс мөнгөө төлөөрэй гэж хэлнэ. Гэтэл надад айх ямар нэгэн асуудал байхгүй байсан учраас юу ч бодоогүй, нөгөө хоёр ажилтных нь өгсөн торгуулийн мөнгийг нь төлж амжихгүй удчихлаа гэж бодоод Гантуяагаар төлүүлсэн.

“Х М” ХХК-ний хоёр ажилтан торгуулийн мөнгө авчирсан өдрийн өглөө нь би байрны лизингээ төлж таарсан байдаг. Гэхдээ энэ нь цаг хугацааны зөрүүгээр нотлогддог.

“Х М” ХХК-ний хоёр ажилтан хахууль өгөх эрх бүхий хүн ч биш, бас л даргынхаа өгсөн даалгаврын дагуу зараалд явж байсан хүмүүс.

Тиймээс надад оногдуулж байгаа энэ ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхээс Ханара март ХХК-ний хоёр ажилтны үйлдлийг хэрэгсэхгүй болгож дахин шалгуулах шаардлагатай гэж үзсэн мөртлөө яагаад намайг хахууль авсан гэж үзсэнийг ойлгож чадахгүй байна.

Хэргийг хамт буцааж, дахин сайтар шалгуулж, үнэн учраа олох чин хүсэлтэй байгааг минь хүлээн авна уу.

Миний эхнэр группд байдаг, хүнд өвчтэй, бага насны 3 хүүтэй, залуу хүний хувьд том хэрэгт орох гэж байгаадаа маш их харамсаж байна. Ажилгүй болж, дээр нь их хэмжээний торгуулийн өрөнд орно гэдэг бол манай амьдрал тэр чигтээ сүйрч, нурнаа гэсэн үг. Надад маш их дарамттай, хэцүү байна. Би үнэхээр ийм хэрэг санаатай хийсэн бол үнэнээ хэлэх байсан. Үнэхээр гомдолтой байна. Энэ асуудлыг үнэн зөвөөр шалган шийдвэрлэж, дахин хянаж нягтлан асуудлыг шийдвэрлүүлэх боломжийг олгож өгнө үү гэж дээд шүүхийн бүрэлдэхүүнээс хүсч байна.

Иймд надад холбогдох хэргийг дахин нягталж шалгуулахаар прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн Э.Б-ын өмгөөлөгч Б.Т хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... Анхан шатны шүүхээс Э.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүхээс Э.Бад холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, Д.О  нарт холбоотой хэсгийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. Давж заалдах шатны шүүхээс хахууль өгсөн гэх үйлдлийг тусгаарлан, прокурорт буцааж шийдвэрлэхдээ: ... Хуульд зааснаас бага хэмжээтэй торгууль төлөх нь “Х М” ХХК буюу захирал Парк Хьюн Сукын хүсэл сонирхол байтал мөнгийг хүргэж өгсөн нярав, худалдагч нарыг яллагдагчаар татан, гэм буруутайд тооцсон учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтын дагуу хахууль өгөх гэмт хэрэг гарсан байдал болон гэмт хэргийг хэн үйлдсэнийг нотлох мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэж үзнэ.

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Н.Баасандорж нь Э.Баас мөнгө авснаа хүлээн зөвшөөрч, заруулахаар өгсөн номны мөнгө гэж ойлгосон талаар мэдүүлжээ. Прокуророос Н.Баасандоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь дан ганц Э.Бын мэдүүлгээс өөр нотлох баримтгүй гэж дүгнэжээ. Гэтэл Э.Б өгсөн номыг нь зараагүй ба тэр мөнгө нь “Х М” ХХК-аас авсан мөнгө байсан талаар гэрч, яллагдагч нарын мэдүүлж, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын албаны шалгалтын тайлан баримт бичиг давхар баталж байхад прокурор энэ нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийлгүй шийдвэр гаргажээ.

Иймд хахууль өгөх, авах гэмт хэргийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг тусгаарлан прокурорт буцаан шийдвэрлэсэн ... болно гэж дүгнэлт хийж хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 3-т “Хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шийдвэрлэхэд саад болохгүй бол зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлаж болно” гэснийг баримтлан Э.Бад холбогдох хэргээс тусгаарлан шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянан шийдвэрлэхэд саад учрах учир дутагдалтай дүгнэлт хийн шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Хахууль өгөх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотлох мөрдөн шалгах ажиллагаа явагдаагүй гэж, мөн энэ хэрэгт хахууль авсан гэж яллагдагчаар татагдаж, прокуророос хэрэгсэхгүй болсон Н.Баасандоржийн үйлдлийг дахин шалгаж хахууль өгөх, авах гэмт хэргийн талаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар хэргийг тусгаарлаж прокурорт буцаан шийдвэрлэсэн боловч Э.Быг хахууль авсан гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдал бүрэн тогтоогдоогүй байхад хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь харагдаж байна.

2. Э.Б нь торгуулийн мөнгө бусдаас авсан болох нь

- Э.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд анх гэрчээр өгсөн мэдүүлэгтээ \2хх-100-102\ “...нягтлан бодогч Батхүү ах мэргэжлийн хяналт яваад ирсэн юм байна лээ. Тэгээд торгуулийн 1 сая төгрөг төлөх ёстой шүү, хэн ч явсан яахав дээ гэж хэлээд биднийг явахаар болоход эмэгтэй захирал 1 сая төгрөг өгсөн” гэх мэдүүлэг.

- Э.М, Д.О  нарын гэрчээр болон яллагдагчаар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ ... торгууль төлөхөөр очсон, торгууль л төлсөн талаараа мэдүүлдэг.

- 1хх-94-95 дугаар талд Шийтгэлийн хуудас болон 1 сая төгрөгийн торгуулийг Улаанбаатар хотын банкны Нийслэлийн мэргэжлийн хяналтын 2611038142 дугаар дансанд хийсэн баримт.

- 1хх-69-70 дугаар талд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б\483 дугаар тушаалаар “Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллаагүй тул албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж” шийдвэрлэсэн шийдвэр зэргээс харагдаж байна.

3. “Х М” ХХК-иас илэрсэн хугацаа зассан, хугацаа дууссан бүтээгдэхүүн нь Ханара мартын Баянгол дүүрэгт байрлах агуулахаас илэрсэн үү, эсхүл Сүхбаатар дүүрэгт байрлах дэлгүүрээс илэрсэн үү гэдгийг нарийвчлан шалгалгүй, бүх бүтээгдэхүүнийг Э.Б нь шалгаж тогтоогоогүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дээрх ажиллагаануудыг нарийвчлан шалгуулахаар хэргийг бүхэлд нь прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү” гэсэн бол шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Шүүгдэгчийн гомдлыг дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас авилга авсан” гэж хоёр шатны шүүх дүгнэсэн. Өмгөөлөгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэж байна. 2 дугаар хавтаст хэргийн 100-102 дугаар талд С.М “...Батхүү ах мэргэжлийн хяналт яваад ирсэн юм билээ, тэгээд торгуулийн 1.000.000 төгрөг төлөх ёстой шүү хэн ч явсан яах уу гэж хэлээд биднийг явахаар болоход эмэгтэй захирал 1.000.000 төгрөг өгсөн...” гэж мэдүүлдэг. С.М, Д.О  нар нь гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ торгууль төлөхөөр очсон гэдгийг тодорхой мэдүүлдэг. Мөн хэрэгт шийтгэлийн хуудас, 1.000.000 төгрөгийн торгуулийг Улаанбаатар хотын банкны 2611038142 тоот дансанд хийгдсэн баримт байгаа. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Б/483 дугаар тушаалаар албаны үүргээ хангалтгүй биелүүлсэн байна, хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн дээр хяналт тавьж ажиллаагүй тул цалингийн 20%-ийг 3 сарын хугацаатайгаар хасах нь зүйтэй гэсэн сахилгын шийтгэл оногдуулсан баримт бий. Хугацаа зассан, хугацаа дууссан бүтээгдэхүүнүүд нь Баянгол дүүрэгт байрлах агуулахаас илэрсэн үү, Сүхбаатар дүүрэгт байрлах дэлгүүрээс илэрсэн үү гэдгийг нарийвчлан тогтоогоогүй нөхцөл байдал байдаг. Иймд хэргийн бодит байдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай бусад байдлыг нарийвчлан шалгах нь зүйтэй гэж үзэж байгаа учир хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гаргасан гомдолдоо “... Нэг. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь:

Хахууль өгсөн гэх Мөнхцэцэг, Оюундарь нар хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын явцад анх мэдүүлэг өгөхдөө торгуулийн нэг сая төгрөгийг Баасанбат байцаагчид өгсөн гэж мэдүүлдэг. Харин байцаагчийн хөтөлсөн сануулсан байцаалт, асуултын дагуу нэг сая таван зуун мянга болж мөнгөний тоо өөрчлөгдсөн байдал нь өмнөх мэдүүлгээ өөрчилж, Баасанбаттай ижил мэдүүлэх ёстойн байна гэсэн ойлголт авч цаашид мэдүүлгээ нэг сая таван зуун мянга болгож өгсөн байдал.

Торгуулийн мөнгө аваачиж өг гэж мөнгө өгч явуулсан этгээдийг хэрэгт гэрчээр асуух болон бусад байдлаар шалгаж, мэдүүлэг аваагүй байдал.

Баасанбатыг нэг сая төгрөг бэлнээр аваад хаана яаж хадгалж байсан, мөнгө тушаалгах хүртлээ хаана яаж ажиллаж байсан, ажлын эсвэл амралтын өдрүүд яаж таарсан талаар мэдүүлэг авч, нөхцөл байдлыг тогтоогоогүйгээр хэргийг прокурорт шилжүүлсэн байдал.

Байрны лизинг төлсөн цаг хугацаа, торгуулийн мөнгө аваачиж өгсөн цаг хугацаа яаж таарч эсвэл хэрхэн зөрж байгаа талаар мөрдөн байцаагчийн тэмдэглэл үйлдсэн ажиллагаа хийгээгүй байдал.

Яагаад Гантуяагаар торгуулийн мөнгө тушаалгах болсон нөхцөл байдлыг тогтоогоогүй байдал.

Хахуульд авсан гэх мөнгөний хэрэглээ, тооцоог хэрхэн яаж нотолсон байдал, Баасандоржийг гүтгэж гүжирдсэн гэх мэдүүлэгт хэрхэн ач холбогдол өгч шалгасан байдал зэрэг нь хэргийг хуульд нийцүүлэн эцэслэн шийдвэрлэж бодит байдлыг тогтоосон гэх боломжгүй байна.

Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасны дагуу шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.2, 8.3-д зааснаар хамтран ажиллаж байсан яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж тэдний гэм буруутайг нотолж шийдвэрээ гаргасан. Бусад нотлох баримтаар яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдоогүй болно.

Мөн өмгөөлөгч Тэнгис, яллагдагч Баасанбат нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-д заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү” гэсэн бол шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хэргийн материалтай танилцаад шүүхэд гомдол гаргахдаа Э.Бад холбогдох хэргийн зүйлчлэл тохирохгүй байна, Э.Б нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй, хоёр шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдлоо гаргасан. 2 дугаар хавтаст хэргийн 114-116 дугаар талд гэрч н.Мөнхцэцэгийн мэдүүлэг авагдсан ба 1.500.000 төгрөгийн торгууль өгсөн гэж мэдүүлсэн. Мөнхцэцэг нь анх 1.000.000 төгрөгийн торгууль өгсөн гэж мэдүүлдэг боловч сүүлд 1.500.000 төгрөг болж нэмэгдсэн байгаа. Гэрч н.Эрдэнэчулуун “Э.Б надад 1.500.000 төгрөг гэж хэлээгүй, 3.000.000 төгрөгийг “Х М” ХХК-иас аваад бүгдийг нь Баасандорж даргад өгсөн, надад шагнал нь гэж 300.000 өгнө гэж хэлсэн” талаар мэдүүлдэг. 10 дугаар сарын 12-ны өдөр Худалдаа хөгжлийн банканд төлсөн 950.000 төгрөг нь Э.Бын зээлээ төлсөн мөнгө байдаг. Гэтэл 10 дугаар сарын 12-ны өдөр нь хахуулын мөнгийг Э.Бын өрөөнд өгсөн асуудал байдаг. Шүүхээс зээлээ төлсөн 1.000.000 төгрөгийг хахуулаас авсан мөнгөөр төлсөн гэж дүгнэсэн байгаа нь үндэслэлгүй. 500.000 төгрөгийн асуудлыг огт тогтоогоогүй, авсан эсэх нь тодорхой биш, гэрч нарын мэдүүлэг нь үнийн дүнгийн зөрүүтэй байдаг. Шүүх хамтран ажиллаж байсан шүүгдэгч, яллагдагч нарын мэдүүлгийг үндэслэж шийдвэрээ гаргасан нь хуулийг буруу хэрэглэсэн, шүүгдэгчийн гэм бурууг бүрэн гүйцэд нотолж чадаагүй. Иймд Э.Бад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Бад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял оногдуулсан хэсгийг хэвээр үлдээсэн. Шүүгдэгч С.М, Д.О  нарт холбогдох хэргийг тусгаарлаж прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг хязгаарлах замаар, эсхүл бусад хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Т, Т.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн Э.Б, С.М, Д.О нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Б нь “Х М” ХХК хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүн зарж, борлуулж байна” гэх гомдлын дагуу хяналт шалгалт хийхдээ тус компанийн захирал Солонгос улсын иргэн Парк Хьюн Сукийн бага хэмжээгээр торгуулах гэсэн ашиг сонирхлын үүднээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг хэтрүүлэх, хуулийн үндэслэл бүрдээгүй байхад хялбаршуулсан журмаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах зэргээр албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, шалгалтаар илэрсэн хугацаа дууссан хүнсний бүтээгдэхүүнийг хадгалсан, борлуулсан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаас бага хэмжээгээр торгууль ногдуулахаар урьдчилан амлан хийх ёсгүй үйлдэл хийхийн тулд 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр албан өрөөндөө “Х М” ХХК-ийн ажилтан С.М, Д.О  нараас 1.500.000 төгрөгийн хахууль авсан үйлдэлд,

С.М, Д.О  нар бүлэглэн Солонгос Улсын иргэн Парк Хьюн Сукийн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Бад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.500.000 төгрөгийг хахуульд өгсөн үйлдэлд ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Э.Бад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Э.Б нь хугацаа дууссан, хугацааг засварласан илэрхий зөрчлийг “Х М” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж хахууль авсан болох нь гэрч Х.Ч /2хх 187-188 хуудас/, гэрч О.Н /2хх 192-193 хуудас/, гэрч О.О /2хх 89-90/, гэрч Ц.П/2хх 97-98 хуудас/, гэрч Б.Б /2хх 183-184/ нарын мэдүүлгүүд, “Хадгалалтын хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн илэрсэн зөрчил байгаагүй болно. Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Э.Б” гэсэн тэмдэглэл /1хх 24 хуудас/ болон бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа болно.

Харин давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгч Э.Б-ад холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч С.М, Д.О  нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг тусгаарлан нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэснийг буруутгах, няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нийт хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдлын хангах нь хүнсний аюулгүй байдлаас ихээхэн шалтгаалах ба хадгалалтын хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнийг шууд худалдан борлуулах нь нийгэмд учирч болох хохирол, хор уршгийн хувьд ноцтойд тооцогдох тул тус гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрдүүлсэн “Х М” дэлгүүрийн захирал болох нэг гэр бүлийн 2 этгээдийн үйлдлийг дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг шалгах, тодруулбал, хээл хахууль өгөх гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцсон эсэх, мөн дэлгүүрийн 2 ажилтнаа мэргэжлийн хяналтын байцаагчид нөлөөлөн хамгийн бага үнийн дүнгээр торгуулж ирэхгүй бол цалингаас нь суутгана хэмээн гэмт үйлдэл хийлгэсэн тухай зэрэг нотлох баримтын зарим эх сурвалжийн хүрээнд мөрдөн шалгах, хянах ажиллагааг иж бүрэн хийж, хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр орхигдуулсныг зөвтгөх үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг хяналтын шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ба дахин шалгаж нэг мөр болгосны үндсэн дээр хэргийг шүүхэд шилжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны  07 дугаар сарын 02-ны өдрийн 869 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                   ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                               Б.БАТЦЭРЭН

                                                                             Ч.ХОСБАЯР

                                                                                             Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН