Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0158

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгч Г.Д, түүний өмгөөлөгч Л.А нарыг оролцуулан Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Г.Д-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын орлогч, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэрээр “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2.4, 4.2.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 9.2, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Д-ын тус шүүхэд гаргасан “Бугат сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дугаартай албан бичиг бүхий тус сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны шийдвэрийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн даргын сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Д нь давж заалдах гомдолдоо: Миний бие Бугат сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/07 дугаартай захирамжаар Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр түр томилогдон ажиллаж байгаад 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар захирамжаар бүр томилогдсон. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Гэтэл Бугат сумын Засаг даргын орлогч К.Х миний ажиллаж байсан орон тоог сул орон тоо гэж үзэж, 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дүгээр албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлд захиалга өгснөөр тус салбар зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар тухайн орон тоонд сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч миний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон явдалд гомдолтой байна.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 2.1-д зааснаар удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор захиалга ирүүлэх ёстой. Гэтэл Бугат сумын Засаг даргын орлогч намайг ажилд томилогдсоноос хойш 1 жил 8 сар 1 хоног өнгөрсний дараа захиалга ирүүлж журмыг зөрчсөнийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй.

Төрийн албаны тухай 2002 оны хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан. Миний ажиллаж байгаа Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн орон тоо Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр бөгөөд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1-д зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах ёстой. Сумын Засаг дарга Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтуудын хүрээнд надтай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан.

Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах 7 үндэслэлийг зааж өгсөн бөгөөд энэ дотор сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах заалт байхгүй.

Хэрэв маргаан бүхий орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж өөр иргэн тэнцсэн тохиолдолд надтай байгуулсан хугацаагүй хөдөлмөрийн гэрээг чухам ямар үндэслэлээр цуцлах нь өөрөө маргаантай асуудал бөгөөд энэ маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх зохицуулалттай.

Иймд гомдлыг зохих журмын дагуу хянаж, миний хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар Г.Д-ыг Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилж, тус сумын Засаг даргын орлогчийн 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 190 дүгээр албан бичгээр тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах санал хүргүүлж, үүний дагуу Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс Төрийн албаны зөвлөлд сонгон шалгаруулалт явуулах тухай зар хүргүүлэх шийдвэр гаргасан байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Бугат сумын Засаг даргын орлогчоос уг албан бичгийн үндэслэлээ “... Г.Д-ыг Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр томилсон захирамж хууль бус учраас уг орон тоог сул орон тоо гэж үзсэн... нэхэмжлэгч нь багийн бага эмч албан тушаалтай, сувилагч мэргэжилтэй, холбогдох хууль тогтоомжид заасан сум тосгоны эмнэлгийн эрхлэгч эмчийн ажлын байрны тодорхойлолтын шаардлага хэсэгт заасан “Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй их эмч мэргэжилтэй, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай” гэж заасныг зөрчсөн” гэж тайлбарлан харин нэхэмжлэгчээс “...миний бие тусгай дунд боловсролтой ч гэсэн багийн эмчээр 20 жил, энэ салбарт 35 жил ажилласан, Удирдлагын академийн “төрийн удирдлагын менежер” гэсэн мэргэжил эзэмшсэн учраас энэ орон тоонд ажиллах боломжтой” гэж маргажээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох этгээд нь “дээд боловсролтой, бакалавр зэрэгтэй, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан, их эмч мэргэжилтэй, төрийн албанд мэргэжлээрээ 3-с доошгүй жил ажилласан байх” шаардлагатайг уг албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан байх бөгөөд нэхэмжлэгч Г.Д нь “сувилагч” мэргэжилтэй, Иргэний улс төрийн боловсролын академид “төрийн удирдлагын менежер” мэргэшлээр суралцан төгссөн. Талууд уг үйл баримттай маргаагүй байна.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 9 дүгээр зүйл “Төрийн үйлчилгээний албан тушаал”, 9.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал”, 9.2-т “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор сумын Эрүүл мэндийн төвийн даргын албан тушаал нь төрийн удирдах албан хаагчийн ангилалд хамаарах бөгөөд Сум, тосгоны Эрүүл мэндийн төв, сум дундын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS5081:2013 стандарт болон Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын үлгэрчилсэн загвар” батлах тухай тушаалаар сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажлын байрын тодорхойлолтын үлгэрчилсэн загварт тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шаардлагыг зохицуулсан байх тул нэхэмжлэгч Г.Д нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохын тулд уг ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх учиртай.

Гэтэл нэхэмжлэгч Г.Д нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын ажлын байрны тодорхойлолтод заасан “Бакалавр болон түүнээс дээш боловсролтой, их эмч мэргэжилтэй, эрүүл мэндийн удирдлагын сургалтад хамрагдсан, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх” шаардлагыг хангаагүй болох нь тогтоогдож байна.

Төрийн албаны тухай /2002 он/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “... /хуульд/ заасан ерөнхий болон … тусгай шаардлага, … болзлыг хангасан Монгол Улсын иргэн төрийн ... албан тушаал эрхлэх эрхтэй” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, нэхэмжлэгч Г.Д нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн албан тушаалын ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан болзол шаардлагыг хангасны үндсэн дээр түүний уг албан тушаалыг эрхлэх эрх хамгаалагдах бөгөөд нэгэнт хуульд заасан шаардлага, нөхцөл болзлыг хангаагүй байхад шүүхээс Бугат сумын Засаг даргын тус сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн шийдвэр, Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбан зөвлөлийн “Сонгон шалгаруулалт зарлах тухай” шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох боломжгүй юм.

Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтанд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-аар төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах талаар зохицуулсан байна. Тиймээс Баян-Өлгий аймгийн Бугат сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлсэн хариуцагчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл байхгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 110/ШШ2018/0081 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

       ШҮҮГЧ                                                                                   Ц.САЙХАНТУЯА

  ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ