Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 01

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Баяраагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 148/2016/00031/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч шүүгч        Б.Батзориг

                                Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                                    Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    А.Ариунзаяа

           Хариуцагчийн өмгөөлөгч       М.Гансүх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

     Сэлэнгэ аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхзул даргалж, ерөнхий шүүгч Л.Энхтайван, шүүгч Л.Соёлмаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Б.Баяраагийн нэхэмжлэлтэй Б.Мөнхбаатарт холбогдох  “эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Тодорхойлох нь:

      

        Нэхэмжлэгч Б.Баяраа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        Б.Мөнхбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний орой 20 цагийн үед Б.Баяраагийн эзэмшлийн “Санг ян коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Замын хөдөлгөөний дүрмийн 2.5 а.в, 2.7 а, 9.3 дахь заалтуудыг зөрчсөний улмаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 3 дугаар баг төв зам дээр иргэн Ж.Цолмонгийн эзэмшлийн бухыг мөргөж, зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдож, иргэн Б.Баяраад хохирол учруулсан. Иймээс Б.Мөнхбаатараас хохирлын үнэлгээ 7.786.000 төгрөг, машиныг журмын хашаанд тавьсан 150.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

      

        Хариуцагч Б.Мөнхбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Миний хувьд уг осол гарах болсон шалтгаан бол хариулгагүй үхэр замд явж байснаас болж энэ осол гарсан гэж бодож байна. Мөн Портер маркийн машины жолоочийг энэ хэрэгт буруутай гэж үзэж байна. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

 

         Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд 282 дугаартай шийдвэрээр:

         1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.3, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Мөнхбаатараас 7786000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Баяраад олгож, нэхэмжлэлээс үлдэх 214000 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж,

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн  хураамжид 139526 төгрөг нөхөн гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.    

       

         Хариуцагч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч М.Гансүх давж заалдах гомдол болон  хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

         “... Б.Баяраа нь нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тодорхой бус, мөн үндэслэлгүйгээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн захирамжиндаа тусган улсын тэмдэгтийн хураамжаас хууль бусаар чөлөөлж, хэргийг шийдвэрлэхдээ уг алдаагаа засалгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим зүйл, заалтыг эрүү, иргэний шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай...” тогтоолын 1.1 дэх хэсэгт “...Энэ зүйлийн 115.1-д заасан эд хөрөнгийн болон эдийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно...”, 5.1 “...Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцах этгээд гэж хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй яллагдагчийн эцэг эх, асран хамгаалагё, харгалзан дэмжигч, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хуулийн дагуу хариуцюал зохих хуулийн этгээдийг хэлнэ...” гэж заажээ. Дээрх хууль зүйн баримт бичгүүдээс дүгнэн үзвэл эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хохирсон этгээдэд төлж барагдуулахаар байна. Гэтэл Б.Мөнхбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйл “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэрэгт бус харин мөн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан “зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугатаасан” гэмт хэрэгт ял шийтгүүлсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн өөр өөр зүйл хэсэгт заасан гэмт хэргүүдийг холбож,хор уршгийг нэг байгаа мэтээр ойлгон дүгнэж, үндэслэлгүйгээр улсын тэмдэгтийн хураамжаас төлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн шаардлага хангаагүй нэхэмжлэлийг шүүх авч шийдвэрлэсэн.

Уг тээврийн хэрэгсэл Хас банкны өмчлөл байсныг тогтоосон, гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ Б.Баяраагийн нэр дээр бичигдсэн техникийн гэрчилгээг үндэслэн уг тээврийн хэрэгслийн өмчлөгч Б.Баяраа мөн байсан гэж дүгнэсэн хэдий ч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь хэзээ үүссэн талаар огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг анхааран үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Б.Баяраагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

       

        Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ариунзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Анхан шатны шүүхийн гэм хорын хохирлыг гаргуулж шийдсэн шийдвэр нь үндэслэлтэй гарсан. Б.Мөнхбаатарын идэвхтэй үйлдлийн улмаас гэмт хэрэг гарч, гэм хор учирсан. Иргэний хуулийн 89.3-т “...Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна...” гэж заасны дагуу уг тээврийн хэрэгслийг Б.Баяраагийн эд хөрөнгө биш гэж үзэх боломжгүй...” гэв.

 

Үндэслэх нь:

 

         Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн  хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзлээ.

 

        Нэхэмжлэгч Б.Баяраа нь хариуцагч  Б.Мөнхбаатарт холбогдуулан “Эд хөрөнгөнд учруулсан гэм хорын хохирол 8.000.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасаныг хариуцагч Б.Мөнхбаатар нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

         Анхан шатны шүүх  хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хариуцагч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

 

        Хэргийн материалыг судлан үзвэл: Хариуцагч  Б.Мөнхбаатар нь 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Б.Баяраагийн эзэмшлийн “Санг янг коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ иргэн Ж.Цолмонгийн үхрийг  мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас автомашинд хохирол учруулсан болох нь  хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

         Хэргийн зохигчид нь автомашинд хохирол учирсан эсэх талаар маргаагүй байна.

 

         Харин  хариуцагч  Б.Мөнхбаатар  болон түүний өмгөөлөгч нь осол гарах үед түүний жолоодож явсан “Санг янг коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь  “ХАС” банкинд зээлийн барьцаанд байсан тул  банкны эзэмшлийнх бөгөөд  нэхэмжлэгч Б.Баяраа нь тухайн машинд учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд мөн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь эрүүгийн гэмт хэргээс учирсан гэм хорын хохирол гэж үзэх боломжгүй учраас улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгчийг чөлөөлсөн нь  хууль зөрчсөн гэж маргажээ.

 

        “Санг янг коронда” маркийн 69-99 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь нэхэмжлэгч Б.Баяраагийн өмчлөлийнх бөгөөд “ХАС” банкны зээлийн гэрээний  барьцаанд байсан  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

        Барьцаа гэдэг нь үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийг хангах аргын нэг төрөл бөгөөд барьцаагаар тухайн хөрөнгийн өмчлөгч нь барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд түр хугацаагаар шилжүүлдэг. Иймд барьцаалуулагч “ХАС” банкийг  тухайн хөрөнгийн өмчлөгч гэж үзэх боломжгүй  юм.

 

        Мөн хариуцагч Б.Мөнхбаатар нь  зам тээврийн осол гаргаж, улмаар  зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийн улмаас ял шийтгүүлсэн бөгөөд энэхүү гэмт хэргээс  үүдэлтэй Б.Баяраагийн эд хөрөнгөд хохирол учирсан байна.

 

        Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гаргуулахаар хариуцагч Б.Мөнхбаатарт холбогдуулан гаргасан Б.Баяраагийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас шүүх чөлөөлсөн нь үндэслэлтэй байна.

        Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчдын хооронд үүссэн маргаантай эрх зүйн харилцааг зөв тодорхойлж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           

        1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын  Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 282 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй  орхисугай.

 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 139.526  төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Б.БАТЗОРИГ 

 

                           ШҮҮГЧИД                                       Л.АМАРСАНАА

 

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН