Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 848

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Иргэдийн төлөөлөгч: Х.Камесхан,

Улсын яллагч: Н.Ням-Очир,

Хохирогч: М.О, түүний өмгөөлөгч Б.Золзаяа,

Шүүгдэгч: Б.У, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт Б.Уд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1705012280200 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.У, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, зочид буудал, зоогийн газрын менежер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт..., урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1362 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, .... тоот регистртэй, 

Шүүгдэгч Б.У нь иргэн М.От өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг, Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар ирж байгаа хүлэмж олж өгнө, мөн дүү нарт чинь Солонгос Улсын виз гаргаж өгнө гэх байдлаар хандаж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Увс аймагт байхад нь болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 28 тоотод ирсэн байх үед нь нийт 8.000.000 төгрөг, М.Оийн аав Д.Гд өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол” тэмдэг авч өгнө гэх байдлаар хандаж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Д.Гг Увс аймагт байхад нь болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 28 тоотод ирсэн байх үед нь итгэл төрүүлэн өөрөөс нь болон М.Оээр дамжуулан нийт 4.800.000 төгрөг авч, нийт 12.800.000 төгрөг залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Угийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 онд би фэйсбүүк дээр хүүхдээ алдсан тухайгаа бичсэн пост оруулсан. Түүний дараа фэйсбүүкээр хохирогчтой танилцсан. Би өмнө нь асуудалд орж байсан учраас найзын хүрээлэл багатай, гадагшаа хүмүүстэй харилцаа тогтоохдоо тааруухан. Тэр үед хохирогчтой фэйсбүүк чатаар бага багаар харьцаж байгаад нарийн нандин зүйлсээ ярилцдаг найзууд болсон. Тэгтэл би жоохон хүүхдээ тэвэрч яваад цүнхнээсээ хэтэвч, утас, эд зүйлээ алдчихсан. Тэгээд “памперсны мөнгөгүй болсон 10.000 төгрөг зээлэх боломж байна уу” гэтэл над руу мөнгө шилжүүлсэн байсан. Би дараа нь буцаан данс руу нь шилжүүлсэн. Түүнээс хойш бид хоёрын хооронд гүнзгий харьцаа тогтсон. Бие биедээ бүх зүйлээ ярьдаг болсон байсан. Сүүлд О намайг гэр бүлээсээ дутуугүй эгчтэй болсон гэж бодоорой гэж байсан. Бид хоёрын дунд мөнгө төгрөгний асуудал болсон. Гэхдээ би тэр бүхнийг бүтээх гэж тартагтаа тултал хөөцөлдсөн. Би буруутай зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. О намайг чи “хүн алсан” гэсэн ч би хүлээн зөвшөөрөхөөр тийм байна. Учир нь бид хоёрын дунд тийм сайхан харилцаа үүсээд байсан юм. Тиймээс ч өнөөдрийн шүүх хуралдаанд гэрч дуудаагүй. Мөн мөрдөн байцаалтын явцад надаас ямар нэгэн тайлбар аваагүй. Би гэмтсэн байсан учраас очиж тайлбар өгч чадаагүй юм. Би Оээс хэзээ ч бэлэн мөнгө авч байгаагүй. Харин би түүнд мөнгө өгч байсан тохиолдол байгаа. Өөрөөр хэлбэл би Оээс дансаараа 9.151.000 төгрөг авсан. Үүнээс 250.000 төгрөг нь данс андуурч орж ирсэн мөнгө байсан. Мөн Оийн дүү нь эгчид битгий хэлээрэй гээд надаас дансаар 50.000 төгрөг авч байсан. Хохирлыг бодитоор тогтоолгохыг хүсч байна” гэв. 

Хохирогч М.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 дугаар сард фэйсбүүкээр танилцсан. Түүнээс хойш ойр зуур харилцаатай байж байгаад 4 дүгээр сард над руу би таксинд цүнхээ орхиод буучихлаа. Манай нөхөр хөдөө ажилтай, “пампарс“-ны мөнгө зээлээч гэхээр 10.000 төгрөгийг шилжүүлсэн. 14 хоногийн дараа буцаан 10.000 төгрөг шилжүүлсэн байсан. Түүнээс хойш найз нөхөд болсон. Надад нөхөр нь зоддог байсан, одоо тусдаа амьдарч байгаа гэх зэргээр ярилцдаг байсан. Тэгээд чи надад байнга тусалдаг болохоор найз нь чамд тусалмаар байна гэхээр нь би өөрөө газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болохоороо “надад хүлэмж хэрэгтэй байна” гэсэн. Тэгтэл У манай ах хөдөө аж ахуйн яаманд төрийн нарийн бичгийн дарга хийдэг. Би ахаасаа асуугаад өгье гэсэн. Дараа нь ахаасаа асуулаа, Хөдөө аж ахуйн яаманд ийм хүлэмж байдаг гэж байна гэсэн. Монголоос Хятад улс руу захиалга авдаг юм байна. Хөдөө аж ахуйн яамнаас хүлэмжний захиалга нь Хятад руу явчихсан байна. Сүүлийн захиалга нь 8 сарын сүүлээр явах гэж байна. Яаралтай мөнгө хий гэхээр нь би 156.000 төгрөг хийсэн. Н гэдэг хүний дансаар 80.000 төгрөг авсан. Би хил дээр байна, юаны зөрүү гарчихлаа. Н гэдэг хүний данс руу 80.000 төгрөг хийгээрэй гэсэн мессеж ирсэн. Түүнээс хойш байнга мөнгө шилжүүлж эхэлсэн. Хүлэмж чинь ирж байна, би өөрийнхөө жолоочийг Замын-үүд рүү явуулчихлаа. Мөнгө хэрэгтэй байна гэхэд би мөнгө шилжүүлсэн. Дараа нь хүлэмж чинь Толгойт өртөөн дээр ирчихлээ. Одоо эндээс танай аймаг руу явуулна эсвэл өөрөө ирээд ав гэх мэтээр ярьж байсан учраас нөхөр бид хоёр хот орж хүлэмжээ авахаар замд явж байтал би хүлэмжийг чинь Увс аймаг руу ачуулчихсан. Бараг очиж байна гэнэ, захиалга нөхрийн чинь нэр дээр хийгдсэн учраас заавал нөхөр чинь гарын үсэг зурж хүлээн авах юм байна гэхээр нь Эмээлтээс нөхөр замын унаанд сууж буцаж явсан. Би хотод ирэхэд У намайг хүлээж авсан. Өөрийн гэр гэх хороололд байх байрандаа авч ирсэн. Маргааш нь У би өөрөө танайх руу явмаар байна. Танай өвөө чинь лам хүн байдаг гэл үү гээд надтай хамт Увс аймаг руу явсан. Тэгтэл Завханы Нөмрөг өнгөрөөд явж байтал албаны дарга Солонго над руу залгаж байна. Албан бичиг сольж явуулсан байна гэж байна. Яаралтай буцахгүй бол болохгүй нь ямарч мөнгөгүй гэхээр нь 50.000 төгрөг хүнээс авч өгөөд явуулсан. Тэгээд би Увс аймаг ороод нөхрийн хамтаар хүлэмжээ хүлээж байтал У хүлэмж Нөмрөг дээр ирсэн байна, давхар ачаа ачсан болохоор замдаа саатаж байна гэсэн. Асуудалгүй, найдвартай манай ах бүгдийг зохицуулж байгаа гэж байсан. Тэгтэл сүүлдээ эрх мэдлээ урвуулан ашигласан. 40 гаран сая төгрөгийн хүлэмжийг хамаатан садан, найз нөхдөө хямд өгсөн байна гээд намайг Авилгатай тэмцэх газраас шалгаад албан тушаал буулгаж байна гэсэн. Миний 3 хүүхдийг та нар тэжээх юм уу гээд утсаар хашгираад байсан. Би сандраад энэ тухай нь нөхөртөө хэлсэн. Мөн манай аав 2 жилийн өмнө “алтан гадас” тэмдгээ авсан. Одоо гавъяат цолоо авах гээд материалаа бүрдүүлж өгөөд удлаа гэтэл би наадахыг чинь асуудалгүй зохицуулж чадна. Ойролцоогоор 5.000.000 төгрөг болох байх гэсэн. Тиймээс би аав руу залгаад энэ тухайгаа хэлсэн. Аав тэтгэврийн зээл аваад над руу мөнгө шилжүүлсэн. Би тэр мөнгийг нь Угийн данс руу шилжүүлж байсан. Дараа нь санаандгүй байж байгаад манай дүү нар Япон явах гээд “хулхидуулчихлаа” гэтэл У манай хоёр дүү Солонгост байдаг. Таньдаг хүн байгаа би Солонгос улс руу үнэ төлбөргүй гаргаад өгье, чи очсон хойно нь эхний сарын цалинг нь надад өгөөрэй гэхээр нь би Угийн дугаарыг өгсөн. Түүнээс хойш 9 дүгээр сарын 26-нд виз гарсан, 9 дүгээр сарын 28-нд ниснэ гэж над руу ярьсан. 2 дүү чинь цагаан махны тариа хийлгэх ёстой юм байна, явахаас нь өмнө нь тэр тариаг нь хийлгэхгүй бол болохгүй гэж байсан. Үүнээс хойш ямар нэгэн шалтаг хэлдэг болсон. Тэр үед уулчид талийгаач болсон ажлын хэсэгт орсон гээд байсан. Мөн аавыг төрийн ордон эсвэл Их тэнгэрийн аман дээр байнга дуудаж сэтгэл санаагаар нь тоглож байсан. Өглөө болгон өнөөдөр л бүтээнэ, тушаал гарсан, ёслолын албанаас шагналаа авна гэх мэтээр ярьж байсан. Манай аав Улаангомоос 300 гаруй км-ын цаана амьдардаг бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 02-нд Улаангомд орж ирээд нааш явах гэтэл билет олдохгүй байсан тул 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр автобусаар хот руу явуулсан. Би хадам ээжийн хамт 2017 оны 10 дугаар сарын 10-нд хотод ирсэн. Бид нар хотод ирээд талбай дээр хүлээж байтал АТГ-ээс шалгаад шагналыг хойшлуулж байна гэсэн. Үдээс хойш У манай ээжийн нэг өрөө байр байдаг энд хамт байж бай, шагнал өгөхөөр холдоод байна гээд 1 өрөө байранд бид нарыг байлгасан. Удаа дараа орж ирээд зарлиг гарсан гэх мэтээр сэтгэл санаагаар тоглож байснаас болоод аавын бие муудаж эхэлсэн. Би дансаар 10.521.000 төгрөг өгсөн, бэлнээр 600.000 төгрөг дээр нь замын зардалд 1.730.000 төгрөг, нийт 12.851.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хохирогч М.Оийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 4 дүгээр сарын эхээр над руу таксинд явж байгаад цүнхтэй бичиг баримтаа, мөнгөө мартаад буучихсан байна, хүүхдийн пампарсны мөнгө байвал зээлээч гэсэн. Ингээд би өөрийн дансаа үзтэл 10.000 төгрөг байхаар нь Угийн Хаан банкны 5059307143 дугаарын данс руу хийсэн ба 10 орчим хоногийн дараа 10.000 төгрөг эргүүлээд өгсөн. Ингээд 2017 оны 4 дүгээр сараас эхэлж байнгын ойр зуурын чат бичдэг болсон нэг нэгийнхээ хийж байгаа ажил, мэргэжил, гэр бүлийн талаар ярилцдаг болсон. Энэ хугацаанд У нь “би төрийн ордонд ажилладаг, нөхөр гайгүй ажил хийж байгаад ажлаасаа халагдсан, бусдад авилга өгч нөхрөө ажилд оруулах гэж байгаа” талаар ярьж, мөн ажлын газрынхаа зураг болон ажлаас өгсөн гэх унаагаа үзүүлж эхэлсэн. Энэ байдлаас болж миний бие У гэх хүнд итгэж эхэлсэн. Анх 2017 оны 8 дугаар сараас эхэлж мөнгө өгч эхэлсэн. Би 2 хүлэмжийн захиалгын мөнгө гэж 1 хүлэмжийн 320.000 төгрөг буюу нийт 640.000 төгрөгийг Угийн Хаан банкны данс руу бэлэн мөнгийг Оээс гэж хийсэн. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр У нь залгаад хүлэмж захиалах мөнгийг шилжүүлээд Хятад улсаас хүлэмжээ оруулж ирэх гэтэл юань буюу мөнгөний зөрүү гараад байна, 1 хүлэмжийг 80.000 төгрөг буюу 2 хүлэмжийн 160.000 төгрөгийг яаралтай шилжүүлээтэх гэхээр нь би мөнгийг Н гэж хүний 5007329678 дугаарын данс руу 80.000 төгрөгийг, Угийн данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Угаас Н гэж хүн ямар учиртай талаар асуухад Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар хүлэмж оруулж ирж нийлүүлдэг хүн нь байгаа юм гэж хэлсэн. Нтэй ерөөсөө уулзаж байгаагүй. 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг авсан. У нь уг мөнгийг Хүлэмж захиалчихсан байна, ойр зуурын мөнгө /хүмүүстэй уулзах/-д хэрэг болоод байна гэхээр нь мөнгийг бэлнээр данс руу нь хийсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр У нь надад дүү М.О, Бнарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж 680.000 төгрөг болон 20.000 төгрөгийг авсан юм. Би Хүлэмж захиалах талаар ярилцаж байхдаа дүү нар Япон улс руу явах гээд хүнд 6.000.000 төгрөг өгөөд хулхидуулчихсан байна гээд ярихад тэгэж байхаар Солонгос явуулаач, манай дүү нар тэнд байдаг юм, их мөнгө ордоггүй юм, виз болон сургалт, эрүүл мэндийн мөнгө гээд надад өгчих би хямдхан гаргаад өгье гэж хэлсэн. Яг хэдэн төгрөгөнд багтаах талаар хэлээгүй юм. Ингээд би итгэчихсэн байсан учраас Угийн хаан банкны данс руу бэлнээр 20.000 төгрөг болон 680.000 төгрөг шилжүүлсэн. 680.000 төгрөгийг виз болон эрүүл мэндийн үзлэгт орох мөнгө гэж авсан ба мөнгө дутлаа гэж 20.000 төгрөг авсан. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 210.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг дүү нарын чинь визийг чинь гаргуулах гэж байна, виз гаргуулахад Солонгос хэлний сургалтад суусан сертификат хэрэгтэй байна, түүнийг гаргуулах гэж байна, 210.000 төгрөг болох юм байна гээд байхаар нь бэлнээр төрийн банк руу орж байгаад Угийн хаан банкны данс руу данс хоорондын гүйлгээ хийлгэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Капитал банк руу орж байгаад 100.000 төгрөгийг Угийн Хаан банкны данс руу данс хоорондын гүйлгээр хийсэн. Энэ мөнгийг У нь дүү нар чинь Япон явна гээд Хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлчихсэн байна, түүнийг устгуулж Солонгос улс руу виз хүсэгчид рүү оруулахад тус ажилтанг авилгадах 100.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөгийг өөрийн хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг У нь ярихдаа Хүлэмж чинь замын үүд дээр ирчихсэн байна, гаалийн татвар төлөх мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 600.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 35.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг хүлэмжийг чинь авахад ачааны машины унааны мөнгө гэж авсан. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг нөхөр Ггийн Рийн Хаан банкны 5000719501 дугаарын данснаас Угийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгийн Хүлэмжийг гааль дээрээс авч Толгойт өртөө рүү аваачих зардлын мөнгө гэж авсан. Үүний дараа дахиж мөнгө нэмж авсан юм. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 110.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгөөр хүлэмжийг гааль дээрээс авч Толгойт өртөө рүү аваачих зардлын мөнгө гэж авсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг хамаатан А гэж хүнийг гуйж байгаад Мобайл банкаар нь шилжүүлсэн юм. Мөнгө шилжүүлэх гэтэл Увс аймагт тог тасраад мөнгийг Мобайлаар шилжүүлсэн юм. Уг мөнгийг У нь хадам аав Гд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан авч өгнө гэж авсан. Би Утай 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр шиг санагдаж байна, утсаар ярьж байгаад хадам аав Г нь Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдэг авах гээд материалыг явуулсан, 6 жилийн хугацаанд ямар ч хариу байдаггүй гээд яриан дундаа ярьтал У нь албан тушаал ахиж Засгийн газрын хэрэглэх газрын албаны даргаар очсон, аавын чинь гавьяат ажилтанг нь аваад өгье, би гарын үсэг зурдаг ажил дээр очсон гэж хэлсэн. Тэгээд итгэсэн учраас мөнгийг шилжүүлсэн. Энэ үед надад ажлын өрөө болон машиныхаа зургийг явуулсан юм. 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 710.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг хүлэмж авах мөнгө гэж авсан. Би анх Утай тохиролцохдоо хулдаасаар битүүлдэг хүлэмж гэж захисан боловч У нь надад хэлэхдээ үйлдвэрийн өөрөө хөрс, тоног төхөөрөмжтэй, автоматжсан хүлэмж ирсэн гэж хэлсэн. Миний дээрх хэлсэн 1 хүлэмжийг 42.000.000  төгрөгөөр авна гэдгийг энэ үөд хэлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг нөхөр Г.Рийн 5830252185 дугаарын данснаас Угийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг У нь одон авахад ашиглана гэж авсан. Анх Утай “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол тэмдгийг авч өгөхөд 5.000.000 төгрөг орно шүү гэхээр нь за гээд итгэчихсэн байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Рийн Хаан банкны данснаас У руу 80.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг аавын гавьяатын ажлыг хөөцөлдөхөд хэрэг болоод байна гэж авсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг өөрийн хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг У нь Авилгатай тэмцэх газраас намайг дуудаад шалгаж байна, яагаад гэвэл намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын үнэ цэнэтэй эд зүйлс буюу хүлэмжийг танил талаа харж бусдад хямд үнээр зарсан гээд шалгаж байна, мөнгө хэрэг болоод байна, чамаас болоод ийм асуудалд хүрлээ, одоо зохицуулах гээд байна гэхээр нь 350.000 төгрөгийг өөрийн эд зүйлсээ ломбардаж байгаад шилжүүлсэн. Тухайн үедээ би хүнийг ажилгүй болгочихлоо гэж сандраад шилжүүлчихсэн юм. Мөн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь дахин Төрийн банк руу орж данс хоорондын гүйлгээгээр 30.000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгийг Увс аймгийн Улаангом сумаас шилжүүлж байсан. Ингээд Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадам аавын шагнал бүтчихсэн, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан гэхээр ирсэн. Үүнээс хойш бүх мөнгийг Улаанбаатар хотод байхдаа өгсөн юм. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг дахин Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна, та нараас болоод ажилгүй болох гээд байна, миний 3 хүүхдийг хэн тэжээх юм, та нарын балиар хүлэмжээс боллоо гээд уурлаж, уйлж яриад байхаар нь шилжүүлсэн юм. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 800.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг нөхрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн. Авахаасаа өмнө 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр виз гарчихсан байгаа, нөгөө хүн мөнгөө авч байж виз өгнө гээд байна гэхээр нь зургийг нь явуулаач гэхэд зураг дарах боломжгүй байна, нөгөө хүн зөвшөөрөхгүй уурлаад байна гэхээр нь сүүлд Улаанбаатар хотод ирж байгаад шилжүүлсэн. Энэ хугацаанд У нь намайг өөрийнхөө хажууд байж бай, дүү нарынхаа асуудлыг шийдүүл, манай нөхөр лам, ойр зуурын номоо уншуулж бай гэхээр нь Угийн ээжийн гэх байранд 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс эхэлж 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл амьдарсан. Ингээд Утай байнгын ойрхон холбоотой болсон цагаас хойш он, сар, өдрөө сайн санахгүй байна, 50.000 төгрөгөөр 2 удаа, нийт 100.000 төгрөг, дахин 100.000 төгрөг, 400.000 төгрөгийг дүү нарын визийг гаргаж өгөхөд ашиглаж байна гэж авсан. Хамгийн сүүлд дүү нарыг чинь бүгдийг нь гаргаад өгьө гээд байхаар нь бага дүү Батболдод виз гаргуулна гэж өгсөн. Ингэхээр У нь надад худал хэлж баримтаар нийт 10.675.000 төгрөг, үүн дээр бэлнээр 600.000 төгрөг гарт нь өгсөн. Угийн дансны хуулгыг харах юм бол бусад мөнгөнүүд гарч ирнэ. Би нийт Уд өөрийн тооцоолж байгаагаар 12.800.000 төгрөгийг өгсөн байгаа. /хх-н 12-17/,

Хохирогч Д.Ггийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Манай бэр О Угийн талаар Засгийн газарт ажилладаг, таны цол тэмдэг авах, төрөөс олгуулах ажлыг зохицуулж өгнө гэж хэлсэн. Би Утай Засгийн газрын урд талд Сүхбаатарын талбайд уулзаж байсан. Мөн Угийн ээжийн амьдардаг гэрт дөрөв хоносон. У нь надад "аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгийг авах ажил бараг дуусч байгаа, удахгүй өгнө гэж хэлсэн. За маргааш өгнө, энд хүрээд ир гэж газар зааж дууддаг, Их тэнгэрийн аманд цол тэмдэг өгөх гэж байна гэх мэтээр худал ярьж байсан. Миний "гавьяат малчин" цол тэмдэг авахаар сумаас тодорхойлогдоод аймгаас хот руу 2 жилийн өмнө явсан. Түүний дараа Ерөнхийлөгчийн тамгын газар руу ороод дарагдчихлаа гэж хэлсэн. Манай бэр О надад таньдаг хүн байна "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол" тэмдгийг материал бусад зүйлийг бүрдүүлээд аваад өгөх хүн байна гэж хэлсэн. У нь маргааш цол тэмдэг өгнө, Их тэнгэрийн аманд оройн цагаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол" тэмдэг өгнө гэнэ наашаа хүрч ир, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол” тэмдгийг би бичиг баримт бүрдүүлээд аваад өгнө гэж хэлсэн. Гар утсаар ярьж газар зааж тэнд "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол” тэмдэг өгнө хүрээд ир гэж хэлэхээр нь тухайн газар очиход маргааш шийдэгдэхээр боллоо хойшиллоо гэх мэтээр худал хэлж, итгүүлж байсан. Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн бэр Оийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.800.000 төгрөг, миний том хүүхэд Дорлигт манай эхнэр С 800.000 төгрөг өгөөд Оийн данс руу шилжүүлсэн ба тухайн өдрийг санахгүй байна. Улаанбаатар хотод байхад Угийн ээжийн байранд хонож байхдаа 200.000 төгрөг өгсөн. Нийт 4.800.000 төгрөг өгсөн. Би Угийн худал ярьснаас болоод хот ороод 1 сар болоод ирээд очсон, буцаж ирсэн унааны зардал, хоол хүнсний зардал, дуудах үед нь дуудсан газарт очих үед үүсэн гарсан зардал 1.000.000 төгрөг болсон. Нийлээд 5.800.000 төгрөгийн хохирол учирсан ба түүнийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/,

Гэрч М.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манай төрсөн эгч О надад танилцуулсан. Над руу ярьж Солонгос улс руу баталгаатай гаргаад өгч чадах хүн байна гэж хэлээд надад Угийн 99814079 дугаарыг өгөөд энэ утсаар холбогдоод уулз гэж хэлсэн. Би Төв шуудангийн үүдний хэсэгт уулзъя гэж хэлэхээр очоод уулзаж танилцсан. Солонгос улс руу виз гаргадаг газарт миний таньдаг нэг залуу байгаа надад өртэй юм. Оронд нь хоёр хүнийг 3 жилээр Солонгос улс руу гаргаад өгье, өрөө гаргуулсан хоёр хүний зардлаас авчих, аль алиндаа ашигтай гэж бид хоёр хоорондоо ярьсан гэж хэлсэн. Одоо 3 сараар Солонгос улс руу гарахдаа доод тал нь дансандаа 5.000.000 төгрөг байршуулах шаардлагатай. Миний таньдаг залуугаар дамжуулаад үнэ төлбөргүй гарчихаад эхний сардаа ажлаад гарсан мөнгөө явуулчих гэж хэлсэн. У нь удаа дараа маргааш, эсхүл өдөр зааж явна шүү, хагас сайн өдөр нислэгтэй шүү гэх мэтээр худал ярьж байсан. Эгч О хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч Г.Рийн мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр О нь Утай харилцаж байсан. Энэ үед У нь би албан тушаал ахиж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон гэж хэлж байсан ба өөрийн албан тушаал ахисан өрөөний зураг болон албанаас өгсөн автомашины зургийг явуулж байсан. Тэгэхээр нь би эхнэрийн хамтаар итгэж эхэлсэн юм. Энэ үед Хятад улсаас хүлэмж ирсэн, гаалиас хүлэмж, нааш цааш нь ачуулах тээврийн хэрэгслийн мөнгө гэж эхнэрээс мөнгө авч байсан. Мөн энэ үед хадам дүү О, бэр дүү Э нарыг Солонгос улсын виз гаргуулах талаар Утай ярилцаж, мөнгийг өгсөн. Виз гарсан гэж хэлсэн. Тухайн үед У нь эхнэр От таньдаг хүнээрээ дамжуулж дүү нарт Солонгос улсад байх гэрээт 3 жилийн виз гаргаж өгнө гэж мөнгө авсан байсан. Ингээд Уг албан тушаал ахисан, дүү нарын виз гарсан, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Солонгос улс руу явна гэсэн байсан учраас Увс аймгаас эхнэр бид хоёр хүүхдийн хамтаар ирсэн. Ингээд би замд явж байхад У нь утсаар яриад хүлэмж Увс аймаг руу бараг очиж байна гэж байна. Хүлэмжийг захиалсан хүн өөрийн гараар гарын үсэг зурж авах ёстой юм байна, энэ талаар хөдөө аж ахуй яамнаас залгаж хэллээ гэхээр нь би эмээлтээс буцаж гэр рүүгээ явсан. Ингээд Увс аймаг руу 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ирж яваад замаасаа засгийн газрын ордонгоос Солонго дарга залгаж байна, ажлын бичиг баримтыг солиод явуулчихсан байна, яаралтай ир гэж байна гэж хэлээд У буцаад явсан. Ингээд эхнэр ирсний дараа хүлэмжээ хүлээгээд ирэхгүй байхаар нь Угаас дахин асуухад замдаа явж байна, саатчихсан байна гэх зэргээр ярьж байснаа сүүлдээ өөрөө яамнаас хүн аваад очиж хүлээж аваад өөрөө аваачиж өгье гэж ярьсан. Ингээд У нь Тосонцэнгэл сумаас хүлэмж аваад очиж явна гэж ярьсан. Тэгтэл хүлэмжийг Нөмрөг суман дээр аваачиж орхилоо, би өөрөө Тосонцэнгэл сумаас МИАТ-н онгоц хөлслөөд Улаанбаатар хот руу нислээ гэж хэлсэн. Тэгээд хүлэмжийг авах талаар эхнэр ярихад Нөмрөг суман дээр очоод ав, би наад асуудлаас чинь болоод төрөл садангийн хүмүүстэй хүлэмж авч өглөө гэж яамны хүмүүс хэл ам гаргаад Авилгатай тэмцэх газар шалгагдаж байна гэж хэлсэн. Ингээд би хүлэмжийг очиж авах гэж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нөмрөг суманд очсон ба хүлэмж байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41/,

Гэрч Д.Сын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны намар цол тэмдэг гардуулж өгөхөөр боллоо яаралтай ирж гэж У нь хэлүүлсний дагуу төрсөн ах Г нь Увс аймгаас ирээд, миний бие төрсөн ахтайгаа хамт болон ахын төрсөн хүү болох Рийн хамтаар Сүхбаатарын талбай дээр У гэж хүнтэй уулзсан. Тухайн үед удахгүй цол тэмдэг гарч ирэх болно, миний бие Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нарийн бичгийн даргын ажил хийдэг, би тэр асуудлыг чинь даруй зохицуулах болно, бараг бэлэн болоод гарч байгаа, цол тэмдэг нь гараад ирэхээр нь та нарыг дуудах болно гэж хэлсэн. Угаас чи гарчихсан гэж дуудсан биз дээ гэхэд гарын үсэг зурах дарга нар нь байхгүй байна гэсэн утгатай зүйл ярьж байсан. ...Их тэнгэрийн аман дээр хүрээд ир цол тэмдэг өгөх гэж байна гэхээр нь 16-17 цагийн хооронд Их тэнгэрийн аман дээр явж очтол ямар нэгэн арга хэмжээ болоогүй, ямар нэгэн хүн байхгүй байхаар нь У руу залгаж асуухад одоо хүмүүс очно, Ерөнхийлөгч очоод арга хэмжээ эхлэх болно гэж хэлсэн. Ингээд 2, 3 цаг хүлээгээд ирэхгүй байхаар нь 19 цаг өнгөрч байхад ярьсан зүйл нь худлаа боллоо гээд төрсөн ах Г, бэргэн эгч С бид гурав явж байтал араас У нь ахын утсаар холбогдоод би ирж байна, та хэд хаана байна гэхээр нь явж байна гэж хэлтэл эргээд хүрээд ир гэсэн. Тэгээд эргэж очоод Утай уулзахад одоо шагнал ирэх болно гээд байхаар нь У гэж хүнийг би шалгаасан маягтай ажлын байр, өрөөний талаар асуухад ямар нэгэн юм хэлэхгүй, нүүрээ зургаар халхлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 186-187/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Хохирогч М.Оийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 50-52/, Г.Рийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 53, 55/, Д.Аын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 54/, Хохирлын баримтууд /хх-н 56-74/, шүүгдэгч Б.Угийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 75-86/, Б.У, М.О нарын хоорондоо харилцсан мессежүүдийн фото зургууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 88-92, 95-118, 149/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Прокуророос шүүгдэгч Б.Уг иргэн М.Оээс 8.000.000 төгрөг, М.Оийн аав Д.Ггээс 4.800.000 төгрөг, нийт 12.800.000 төгрөг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хохирлын талаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Б.У нь иргэн М.О, Д.Г нараас дансаар 9.151.100 төгрөг, бэлнээр 600.000 төгрөг, 200.000  төгрөг, нийт 9.951.100 төгрөгийг залилж авсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч Б.Уг иргэн М.О, Д.Г нараас нийт 9.951.100 төгрөгийг залилж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээг мөрдөн шалгах ажиллагааны явцад буруу тогтоосныг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэж зөвтгөх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Б.У нь иргэн М.От өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг, Хөдөө аж ахуйн яаманд тусламжаар ирж байгаа хүлэмж олж өгнө, мөн дүү нарт чинь Солонгос Улсын виз гаргаж өгнө гэх байдлаар хандаж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд Увс аймагт байхад нь болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 28 тоотод ирсэн байх үед нь нийт 5.151.100 төгрөг, М.Оийн аав Д.Гд өөрийгөө Засгийн газрын хэрэг эрхлэх газрын албаны даргаар ажилладаг “Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол” тэмдэг авч өгнө гэх байдлаар хандаж зохиомол байдлыг бий болгож, бодит байдлыг нуух замаар 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Д.Гг Увс аймагт байхад нь болон Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, СОТ 2/1 байрны 28 тоотод ирсэн байх үед нь итгэл төрүүлэн өөрөөс нь болон М.Оээр дамжуулан нийт 4.800.000 төгрөг авч, нийт 9.951.100 төгрөг залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.Оийн: “...Энэ хугацаанд У нь “би төрийн ордонд ажилладаг, нөхөр гайгүй ажил хийж байгаад ажлаасаа халагдсан, бусдад авилга өгч нөхрөө ажилд оруулах гэж байгаа” талаар ярьж, мөн ажлын газрынхаа зураг болон ажлаас өгсөн гэх унаагаа үзүүлж эхэлсэн. Энэ байдлаас болж миний бие У гэх хүнд итгэж эхэлсэн. Анх 2017 оны 8 дугаар сараас эхэлж мөнгө өгч эхэлсэн. Би 2 хүлэмжийн захиалгын мөнгө гэж 1 хүлэмжийн 320.000 төгрөг буюу нийт 640.000 төгрөгийг Угийн Хаан банкны данс руу бэлэн мөнгийг Оээс гэж хийсэн. 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр У нь залгаад хүлэмж захиалах мөнгийг шилжүүлээд Хятад улсаас хүлэмжээ оруулж ирэх гэтэл Юань буюу мөнгөний зөрүү гараад байна, 1 хүлэмжийн 80.000 төгрөг буюу 2 хүлэмжийн 160.000 төгрөгийг яаралтай шилжүүлээтэх гэхээр нь би мөнгийг Н гэж хүний 5007329678 дугаарын дансруу 80.000 төгрөгийг, Угийн данс руу 80.000 төгрөг шилжүүлсэн. ...2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 50.000 төгрөг авсан. У нь уг мөнгийг хүлэмж захиалчихсан байна, ойр зуурын мөнгө /хүмүүстэй уулзах/-д хэрэг болоод байна гэхээр нь мөнгийг бэлнээр данс руу нь хийсэн. 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр У нь надад дүү М.О, Бнарыг Солонгос улс руу явуулж өгнө гэж 680.000 төгрөг болон 20.000 төгрөгийг авсан юм. Би хүлэмж захиалах талаар ярилцаж байхдаа дүү нар Япон улс руу явах гээд хүнд 6.000.000 төгрөг өгөөд хулхитуулчихсан байна гээд ярихад тэгж байхаар Солонгос явуулаач, манай дүү нар тэнд байдаг юм, их мөнгө ордоггүй юм, виз болон сургалт, эрүүл мэндийн мөнгө гээд надад өгчих би хямдхан гаргаад өгье гэж хэлсэн. Яг хэдэн төгрөгөнд багтаах талаар хэлээгүй юм. Ингээд би итгэчихсэн байсан учраас Угийн Хаан банкны данс руу бэлнээр 20.000 төгрөг болон 680.000 төгрөг шилжүүлсэн. 680.000 төгрөгийг виз болон эрүүл мэндийн үзлэгт орох мөнгө гэж авсан ба мөнгө дутлаа гэж 20.000 төгрөг авсан. 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр 210.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг дүү нарын чинь визийг чинь гаргуулах гэж байна, виз гаргуулахад Солонгос хэлний сургалтад суусан сертификат хэрэгтэй байна, түүнийг гаргуулах гэж байна, 210.000 төгрөг болох юм байна гээд байхаар нь бэлнээр Төрийн банк руу орж байгаад Угийн Хаан банкны данс руу данс хоорондын гүйлгээ хийлгэсэн. 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Капитал банк руу орж байгаад 100.000 төгрөгийг Угийн Хаан банкны данс руу данс хоорондын гүйлгээр хийсэн. Энэ мөнгийг У нь дүү нар чинь Япон явна гээд Хөдөлмөрийн бирж дээр бүртгүүлчихсэн байна, түүнийг устгуулж Солонгос улс руу виз хүсэгчид рүү оруулахад тус ажилтанг авлигадах 100.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр 600.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг У нь ярихдаа хүлэмж чинь замын үүд дээр ирчихсэн байна, гаалийн татвар төлөх мөнгө хэрэгтэй байна гэхээр нь 600.000 төгрөгийг өгсөн. 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 35.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг хүлэмжийг чинь авахад ачааны машины унааны мөнгө гэж авсан. 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 400.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг нөхөр Ггийн Рийн Хаан банкны 5000719501 дугаарын данснаас Угийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг хүлэмжийг гааль дээрээс авч Толгойт өртөө рүү аваачих зардлын мөнгө гэж авсан. Үүний дараа дахиж мөнгө нэмж авсан юм. 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 110.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгөөр хүлэмжийг гааль дээрээс авч Толгойт өртөө рүү аваачих зардлын мөнгө гэж авсан. 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр 1.500.000 төгрөгийг хамаатан А гэх хүнийг гуйж байгаад Мобайл банкаар нь шилжүүлсэн юм. ...Уг мөнгийг У нь хадам аав Гд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан авч өгнө гэж авсан. ...2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр 710.000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг хүлэмж авах мөнгө гэж авсан, би анх Утай тохиролцохдоо хулдаасаар битүүлдэг хүлэмж гэж захисан боловч У нь надад хэлэхдээ үйлдвэрийн өөрөө хөрс, тоног төхөөрөмжтэй, автоматжсан хүлэмж ирсэн гэж хэлсэн. ...2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг нөхөр Г.Рийн 5830252185 дугаарын данснаас Угийн Хаан банкны данс руу шилжүүлсэн. Уг мөнгийг У нь одон авахад ашиглана гэж авсан. Анх Утай “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол тэмдгийг авч өгөхөд 5.000.000 төгрөг орно шүү гэхээр нь за гээд итгэчихсэн байсан юм. 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нөхөр Рийн Хаан банкны данснаас У руу 80.000 төгрөгийг шилжүүлсэн. Уг мөнгийг аавын гавьяат ажлыг хөөцөлдөхөд хэрэг болоод байна гэж авсан. 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 350.000 төгрөг өөрийн Хаан банкны 5022496788 дугаарын данснаас шилжүүлсэн. Уг мөнгийг У нь Авилгатай тэмцэх газраас намайг дуудаад шалгаж байна, яагаад гэвэл намайг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын үнэ цэнэтэй эд зүйлс буюу хүлэмжийг танил талаа харж бусдад хямд үнээр зарсан гээд шалгаж байна, мөнгө хэрэг болоод байна, чамаас болоод ийм асуудалд хүрлээ, одоо зохицуулах гээд байна гэхээр нь 350.000 төгрөгийг өөрийн эд зүйлсээ ломбардаж байгаад шилжүүлсэн. Тухайн үедээ би хүнийг ажилгүй болгочихлоо гэж сандраад шилжүүлчихсэн юм. Мөн мөнгө хүрэхгүй байна гэхээр нь дахин Төрийн банк руу орж данс хоорондын гүйлгээгээр 30.000 төгрөгийг шилжүүлсэн. 2017 оны 8 дугаар сараас 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд мөнгийг Увс аймгийн Улаангом сумаас шилжүүлж байсан. Ингээд Улаанбаатар хотод 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хадам аавын шагнал бүтчихсэн, Ерөнхийлөгчийн зарлиг гарсан гэхээр ирсэн. Үүнээс хойш бүх мөнгийг Улаанбаатар хотод байхдаа өгсөн юм. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1.000.000 төгрөгийг авсан. Уг мөнгийг дахин Авилгатай тэмцэх газарт шалгагдаж байна, та нараас болоод ажилгүй болох гээд байна, миний 3 хүүхдийг хэн тэжээх юм, та нарын балиар хүлэмжээс боллоо гээд уурлаж, уйлж яриад байхаар нь шилжүүлсэн юм. 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 800.000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг нөхрийн Хаан банкны данснаас шилжүүлсэн. Авахаасаа өмнө 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр виз гарчихсан байгаа, нөгөө хүн мөнгөө авч байж виз өгнө гээд байна гэхээр нь зургийг нь явуулаач гэхэд зураг дарах боломжгүй байна, нөгөө хүн зөвшөөрөхгүй уурлаад байна гэхээр нь сүүлд Улаанбаатар хотод ирж байгаад шилжүүлсэн. Энэ хугацаанд У нь намайг өөрийнхөө хажууд байж бай, дүү нарынхаа асуудлыг шийдүүл, манай нөхөр лам, ойр зуурын номоо уншуулж бай гэхээр нь Угийн ээжийн гэх байранд 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс эхэлж 2017 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл амьдарсан. Ингээд Утай байнгын ойрхон холбоотой болсон цагаас хойш он, сар, өдрөө сайн санахгүй байна, 50.000 төгрөгөөр 2 удаа, нийт 100.000 төгрөг, дахин 100.000 төгрөг, 400.000 төгрөгийг дүү нарын визийг гаргаж өгөхөд ашиглаж байна гэж авсан. Хамгийн сүүлд дүү нарыг чинь бүгдийг гаргаад өгьө гээд байхаар нь бага дүү Батболдод виз гаргуулна гэж өгсөн. Ингэхээр У нь надад худал хэлж баримтаар нийт 10.675.000 төгрөг, үүн дээр бэлнээр 600.000 төгрөг гарт нь өгсөн. Угийн дансны хуулгыг харах юм бол бусад мөнгөнүүд гарч ирнэ. Би нийт Уд өөрийн тооцоолж байгаагаар 12.800.000 төгрөгийг өгсөн байгаа. /хх-н 12-17/, хохирогч Д.Ггийн: “...Манай бэр О Угийн талаар Засгийн газарт ажилладаг, таны цол тэмдэг авах, төрөөс олгуулах ажлыг зохицуулж өгнө гэж хэлсэн. Би Утай Засгийн газрын урд талд Сүхбаатарын талбайд уулзаж байсан. ...У нь надад "аж үйлдвэрийн гавьяат ажилтан” цол тэмдгийг авах ажил бараг дуусч байгаа, удахгүй өгнө гэж хэлсэн. За маргааш өгнө, энд хүрээд ир гэж газар зааж дууддаг, Их тэнгэрийн аманд цол тэмдэг өгөх гэж байна гэх мэтээр худал ярьж байсан. ...манай бэр О надад таньдаг хүн байна "Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол" тэмдгийг материал бусад зүйлийг бүрдүүлээд аваад өгөх хүн байна гэж хэлсэн. У нь маргааш цол тэмдэг өгнө, Их тэнгэрийн аманд оройн цагаар “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол" тэмдэг өгнө гэнэ наашаа хүрч ир, “Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол” тэмдгийг би бичиг баримт бүрдүүлээд аваад өгнө гэж хэлсэн. Гар утсаар ярьж газар зааж тэнд "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол” тэмдэг өгнө хүрээд ир гэж хэлэхээр нь тухайн газар очиход маргааш шийдэгдэхээр боллоо хойшиллоо гэх мэтээр худал хэлж, итгүүлж байсан. Би 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн бэр Оийн данс руу 2.000.000 төгрөг шилжүүлсэн. 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 1.800.000 төгрөг, миний том хүүхэд Дорлигт манай эхнэр С 800.000 төгрөг өгөөд Оийн данс руу шилжүүлсэн ба тухайн өдрийг санахгүй байна. Улаанбаатар хотод байхад Угийн ээжийн байранд хонож байхдаа 200.000 төгрөг өгсөн. Нийт 4.800.000 төгрөг, Угийн худал ярьснаас болоод хот ороод 1 сар болоод ирэхэд очсон, буцаж ирсэн унааны зардал, хоол хүнсний зардал, дуудах үед нь дуудсан газарт очих үед үүсэн гарсан зардал 1.000.000 төгрөг болсон. Нийлээд 5.800.000 төгрөгийн хохирол учирсан ба түүнийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 30-32/, гэрч М.Оын: “...Би төв шуудангийн үүдний хэсэгт уулзъя гэж хэлэхээр очоод уулзаж танилцсан. Солонгос улс руу виз гаргадаг газарт миний таньдаг нэг залуу байгаа надад өртэй юм. Оронд нь хоёр хүнийг 3 жилээр Солонгос улс руу гаргаад өгье, өрөө гаргуулсан хоёр хүний зардлаас авчих, аль алиндаа ашигтай гэж бид хоёр хоорондоо ярьсан гэж хэлсэн. Одоо 3 сараар Солонгос улс руу гарахдаа доод тал нь дансандаа 5.000.000 төгрөг байршуулах шаардлагатай. Миний таньдаг залуугаар дамжуулаад үнэ төлбөргүй гарчихаад эхний сардаа ажлаад гарсан мөнгөө явуулчих гэж хэлсэн. У нь удаа дараа маргааш, эсхүл өдөр зааж явна шүү, хагас сайн өдөр нислэгтэй шүү гэх мэтээр худал ярьж байсан. Эгч О хэдэн төгрөг өгснийг би мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч Г.Рийн: “...эхнэр О нь Утай харилцаж байсан энэ үед У нь би албан тушаал ахиж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга болсон гэж хэлж байсан ба өөрийн албан тушаал ахисан өрөөний зураг болон албанаас өгсөн автомашины зургийг явуулж байсан. Тэгэхээр нь би эхнэрийн хамтаар итгэж эхэлсэн юм. Энэ үед Хятад улсаас хүлэмж ирсэн, гаалиас хүлэмж, нааш цааш нь ачуулах тээврийн хэрэгслийн мөнгө гэж эхнэрээс мөнгө авч байсан. Мөн энэ үед хадам дүү О, бэр дүү Э нарыг Солонгос улсын виз гаргуулах талаар Утай ярилцаж, мөнгийг өгсөн. Виз гарсан гэж хэлсэн. Тухайн үед У нь эхнэр От таньдаг хүнээрээ дамжуулж дүү нарт Солонгос улсад байх гэрээт 3 жилийн виз гаргаж өгнө гэж мөнгө авсан байсан. Ингээд Уг албан тушаал ахисан, дүү нарын виз гарсан, 2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Солонгос улс руу явна гэсэн байсан учраас Увс аймгаас эхнэр бид хоёр хүүхдийн хамтаар ирсэн. Ингээд би замд явж байхад У нь утсаар яриад хүлэмж Увс аймаг руу бараг очиж байна гэж байна. Хүлэмжийг захиалсан хүн өөрийн гараар гарын үсэг зурж авах ёстой юм байна, энэ талаар хөдөө аж ахуй яамнаас залгаж хэллээ гэхээр нь би эмээлтээс хариу буцаж гэр рүүгээ явсан....Ингээд эхнэр ирсний дараа хүлэмжээ хүлээгээд ирэхгүй байхаар нь Угаас дахин асуухад замдаа явж байна, саатчихсан байна гэх зэргээр ярьж байснаа сүүлдээ өөрөө яамнаас хүн аваад очиж хүлээж аваад өөрөө аваачиж өгье гэж ярьсан. Ингээд У нь Тосонцэнгэл сумаас хүлэмж аваад очиж явна гэж ярьсан. Тэгтэл хүлэмжийг Нөмрөг суман дээр аваачиж орхилоо, би өөрөө Тосонцэнгэл сумаас МИАТ-н онгоц хөлслөөд Улаанбаатар хот руу нислээ гэж хэлсэн. Тэгээд хүлэмжийг авах талаар эхнэр ярихад Нөмрөг суман дээр очоод ав, би наад асуудлаас чинь болоод төрөл садангийн хүмүүстэй хүлэмж авч өглөө гэж яамны хүмүүс хэл ам гаргаад Авилгатай тэмцэх газар шалгагдаж байна гэж хэлсэн. Ингээд би хүлэмжийг очиж авах гэж 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Нөмрөг суманд очсон ба хүлэмж байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 39-41/, гэрч Д.Сын: “...2017 оны намар цол тэмдэг гардуулж өгөхөөр боллоо яаралтай ирж гэж У нь хэлүүлсний дагуу төрсөн ах Г нь Увс аймгаас ирээд, миний бие төрсөн ахтайгаа хамт болон ахын төрсөн хүү болох Рийн хамтаар Сүхбаатарын талбай дээр У гэж хүнтэй уулзсан. Тухайн үед удахгүй цол тэмдэг гарч ирэх болно, миний бие Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын нарийн бичгийн даргын ажил хийдэг, би тэр асуудлыг чинь даруй зохицуулах болно, бараг бэлэн болоод гарч байгаа, цол тэмдэг нь гараад ирэхээр нь та нарыг дуудах болно гэж хэлсэн. Угаас чи гарчихсан гэж дуудсан биз дээ гэхэд гарын үсэг зурах дарга нар нь байхгүй байна гэсэн утгатай зүйл ярьж байсан. ...их тэнгэрийн аман дээр хүрээд ир цол тэмдэг өгөх гэж байна гэхээр нь 16-17 цагийн хооронд их тэнгэрийн аман дээр явж очтол ямар нэгэн арга хэмжээ болоогүй, ямар нэгэн хүн байхгүй байхаар нь У руу залгаж асуухад одоо хүмүүс очно, Ерөнхийлөгч очоод арга хэмжээ эхлэх болно гэж хэлсэн. Ингээд 2, 3 цаг хүлээгээд ирэхгүй байхаар нь 19 цаг өнгөрч байхад ярьсан зүйл нь худлаа боллоо гээд төрсөн ах Г, бэргэн эгч С бид гурав явж байтал араас У нь ахын утсаар холбогдоод би ирж байна, та хэд хаана байгаа гэхээр нь явж байна гэж хэлтэл эргээд хүрээд ир гэсэн. Тэгээд эргэж очоод Утай уулзахад одоо шагнал ирэх болно гээд байхаар нь У гэж хүнийг би шалгаасан маягтай ажлын байр, өрөөний талаар асуухад ямар нэгэн юм хэлэхгүй, нүүрээ зургаар халхлаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 186-187/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 50-55, 75-86/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон нь нотлогдохгүй байна. Тухайн мөнгийг үргэлжилсэн үйлдлээр нэг эх сурвалжаас авсан байдаг. Олон хүнтэй холбогдож аваагүй. Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг гарах цаг хугацаанд өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж орлоготой байсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.У нь залилах гэмт хэргийг 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хооронд байнга буюу 2-оос дээш удаа үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэргийн хувьд өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх үедээ тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй, бага насны хүүхдүүдийн хамт амьдарч байсан ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлаас дүгнэхэд өөрийн хэвийн аж төрөхөд шаардагдах мөнгө хэрэг болсон үедээ буюу олон удаагийн үйлдлээр, олон янзын зохиомол байдлыг бий болгох замаар хохирогчийг хуурч хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Тухайн гэмт хэргийг үйлдсэн этгээд нь гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө, орлогоо ямар зүйлд, хэрхэн зарцуулснаас үл шалтгаалан өөрийн шударгаар олсон орлогоор гүйцэтгэж чадахгүй байгаа үүргээ гүйцэтгэж байгаа нөхцөлд уг гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдэх цаг хугацаанд “Нарантуул 2” худалдааны төвд лангуу түрээслэж ажилладаг, орлоготой байсан талаарх түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтууд нь түүнийг өөрийн амьдралын эх үүсвэрээ хангаж байсан болохыг нотолж чадахгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Тухайн түрээс төлж байсан гэх баримтуудыг нэг цаг хугацаанд дээр дээрээс нь давхар бичсэн нь шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед тогтоогдож байна. Иймд тухайн лангууг түрээсэлдэг, төлбөр төлөгдсөн эсэх, түрээсийн гэрээ байгуулагдсан эсэх нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Б.Угийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.У нь хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч Б.Уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, харин түүний үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсгийг зөвшөөрөөгүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс 1.512.000 төгрөг төлсөн талаар маргаагүй тул уг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтаст хэрэгт баримтаар болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтууд, банкны гүйлгээний баримтаар хохирогч М.О, Д.Г нараас дансаар шилжүүлэн авсан 9.151.100 төгрөг, бэлнээр өгсөн 800.000 төгрөг, нийт 9.951.100 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон.

Дээрх хохирол дээр уг гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийн буюу  хохирогч М.Оийн нэхэмжилсэн Увс аймгаас Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардал 1.730.000 төгрөгийн нэхэмжлэлээс хохирогч М.О, Д.Г, гэрч Г.Р нарын Увс аймгаас Улаанбаатар хот руу ирж очсон тээврийн зардлын нийт 968.700 төгрөг баримтаар тогтоогдож байх тул уг хор уршигийг бодит хохирол дээр нэмж нийт 10.919.800 төгрөгөөс шүүгдэгч Б.Угийн хохирогчид төлсөн 1.512.000 төгрөгийг хасч үлдэгдэл 9.407.800 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч М.О, Д.Г нарт олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь уг хохирлын талаар маргаагүй бөгөөд нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирол төлөх талаар шүүгдэгчийн өмгөөлөгч завсарлага авсан болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Уг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 05 жил 01 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал гаргасныг дурдах нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.Угийн хувийн байдал буюу бага насны хүүхдүүдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уд шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу шүүгдэгч Б.Угийн насанд хүрээгүй хүүхдүүдэд болох 2001 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн У.Энхмаа, 2005 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн У.Энхтөгөлдөр, 2017 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн П.Хан-Эрдэнэ, 2018 оны 9 дүгээр сарын 01-нд төрсөн У.Хантүмэн нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Уг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар Б.Уг 05 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Уд оногдуулсан 05 жил хорих ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Угаас 9.407.800 төгрөг гаргуулж хохирогч М.О, Д.Г нарт олгосугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч Б.Угийн насанд хүрээгүй хүүхдүүд болох 2001 оны 7 дугаар сарын 24-нд төрсөн У.Энхмаа, 2005 оны 01 дүгээр сарын 18-нд төрсөн У.Энхтөгөлдөр, 2017 оны 1 дүгээр сарын 18-нд төрсөн П.Хан-Эрдэнэ, 2018 оны 9 дүгээр сарын 01-нд төрсөн У.Хантүмэн нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянгол дүүргийн засаг даргад даалгасугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОТГОНБАЯР

    

   ШҮҮГЧИД                                  А.АЛТАНХУЯГ

                                                           

Л.ОЮУН