Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00344

 

 

 

 

 

 

 

 

    2023             02             10                                                     210/МА2023/00344                                       

 

 

“Ү.Б.ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03554 дугаар шийдвэртэй

“Ү.Б.ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Э.Гд холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 55,296,937 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Будрагчаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Энхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Зээлдэгч Э.Гтай 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21/119 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 30,000,000 төгрөгийг нэг сарын 3,5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлүүлэхээр тохирсон. Мөн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 21/119 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байрны ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-... дугаарт бүртгэлтэй, ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг барьцаалсан.  

1.2.Хариуцагч Э.Г нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 20,790,000 төгрөг нэмэгдүүлсэн хүү 3,955,000 төгрөг, нийт 55,296,937 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Э.Г-ын өмчлөлийн,  Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-... дугаартай, ... м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний төлж чадах мөнгөн дүн 45,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сар бүрийн 05-10-нд 15,000,000 төгрөгийг төлөх боломжтой. Дээрх хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаа хөрөнгө болох Ү-.... улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахад татгалзах зүйлгүй гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гас 31,260,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Б.ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 23,485,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Г шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл улсын бүртгэлийн Ү-2204072869 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байрлах, ... м.кв талбай бүхий ...өрөө орон сууцыг хуульд нийцүүлэн албадан худалдсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,937 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Гас 314,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ү.Б.ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгч төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй тул хэтэрсэн хугацааны хүүг шаардах эрхгүй гэж үзсэн. Зээлийн гэрээний 1.1-т сарын 3.5 хувь, 1.2-т зээлийн хүүг гэрээний хавсралтын дагуу төлөх асуудлыг зохицуулсан. Мөн зээлийн гэрээний 1.9, 1.12 дахь заалтууд нь хугацаа хэтэрсэн зээл, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хувь хэмжээг тогтоохдоо уг гэрээний 1.1, 1.2 дахь заалтуудыг иш татаж тогтоосон.

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 23,485,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул 54,745,000 төгрөгийг гаргуулсан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчаас давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч “Ү.Б.ББСБ” ХХК нь хариуцагч Э.Гд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 20,790,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,955,000 төгрөг, нийт 54,745,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч 48,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3.1.“Ү.Б.ББСБ” ХХК болон Э.Г нарын хооронд 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч нь 30,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 1 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч тохирсон хугацаанд зээл, зээлийн хүүг төлөх, гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохоор харилцан тохиролцжээ. (хэргийн 10-11 дэх тал)

3.2.Мөн талууд 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, хариуцагчийн өмчлөлийн, Баянзүрх дүүрэг, ... дугаар хороо, ... Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж, ... дугаар байр, ... тоот хаягт байршилтай, улсын бүртгэлийн Ү-... дугаартай, ... м.кв талбай бүхий ... өрөө орон сууцыг барьцаалахаар тохиролцжээ. (хэргийн 12 дахь тал)

3.3.Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар, барьцааны гэрээ мөн хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар тус тус байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, талуудын зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоо хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ.

 

4.Нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө болох 30,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн, энэ талаар зохигчид маргаагүй.

 

5.Анхан шатны шүүх зээлийн гэрээнд хэтэрсэн хугацааны хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй гэж дүгнэж, хэтэрсэн хугацааны хүүтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцээгүй байна. 

Зээлийн гэрээний 1.1-д зээлийн хүүг сарын 3.5 хувь гэж тогтоосон бөгөөд гэрээний 1.9-д “Зээлдэгч нь гэрээний 1.1-т заасан хугацаа дуусахад зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд энэхүү хугацаа нь цаашид ... бүрэн төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан хугацаа дууссан нь хугацаа хэтэрсэн зээл, түүний хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй”, 1.12-т “Зээлдэгч энэхүү гэрээний 1.2-т заасан хуваарийн дагуу зээл, түүний хүүг төлж барагдуулаагүй нөхцөлд Иргэний хуулийн 453.1 дүгээр зүйлийн дагуу зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэх хүртэл хугацаанд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт төлнө” гэж тус тус заажээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ба гэрээний дээрх нөхцөлүүдэд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх утга илэрхийлэгдсэн байна.

 

6.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны буюу 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хугацааны хүү 19,775,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,955,000 төгрөг төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцооллыг маргаагүй.

 

7.Дээрх үндэслэлээр хариуцагчаас 54,745,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/03554 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Гас 54,745,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ү.Б.ББСБ ХХК-д олгосугай.” гэж өөрчлөн найруулж, 3 дахь заалтын “56.2” гэснийг “56.1” гэж, “314 250” гэснийг “551,937” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч “Ү.Б.ББСБ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 431,675 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.ЦОГТСАЙХАН

 

                                                ШҮҮГЧИД                               М.БАЯСГАЛАН

 

                                                                                                Д.ЗОЛЗАЯА