Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 860

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч: Д.Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Д.Нд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805045790953 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Н, 1972  оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 46 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7,  нөхөр, хүүхдүүдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E март” худалдааны төвийн лангуун дээрээс хохирогч Э.Смартаж үлдээсэн “Huawei P-20” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, 776.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Д.Нийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр би “И Март” худалдааны төв рүү үсний боолт авах гэж ороод юм үзэж байтал лангуун дээр сагсан дунд нэг ухаалаг утас байсан. Би тэр утсыг худалдагчид нь өгөх гэж байсан боловч, худалдагч нар эзэнд нь өгөхгүй байх гэж бодоод аваад гарсан...” гэв.

Хохирогч Э.Смөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би хорооллын эцсийн “И март” худалдааны төвд ажлаар явж байгаад нэг давхрын гоёл чимэглэлийн лангуун дээр 17 цаг 28 минутын орчим өөрийн “Huawei P-20” загварын гар утсаа мартаж яваад 20 орчим минутын дараа эргэж ирэхэд гар утас маань алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 40 гаран насны эмэгтэй хүн лангуун дээрээс аваад гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6/,

Яллагдагчаар Д.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Баянгол дүүрэг 13 дугаар хороо, “И март” худалдааны төвд үсний боолт авах гээд явж байгаад үсний даруулганы лангуу олоод үзэж байтал лангуунууд дээр жижиг сагснууд байсан бөгөөд нэг даруулгатай сагсан дунд дээд хэсэгт нь цэнхэр өнгөтэй андройд ухаалаг утас байхаар нь би аваад худалдагч нарт өгөх гэснээ энэ худалдагч эзнийг нь олж өгөхгүй байх гэж бодоод өөрөө аваад гэртээ хариад үзтэл цоожгүй шууд онгойж байсан. Манай хүүхдүүд надад хэлэхдээ Huawei загварын утас байна гэж хэлсэн. Би өөрийн сим карт болох 88621177 гэсэн дугаарыг хийгээд үзэхэд хэвийн ажиллагаатай утас байхаар нь симээ буцааж аваад далд тавьсан. Тэгээд юнителээс шинэ дугаар аваад сар бүр 3 gb интернеттэй гэхээр нь шинэ сим аваад утсандаа хийгээд ер нь бол өөрөө бариагүй гэртээ үлдээсэн байсан. Тэгээд цагдаагаас намайг ирж уулз гэхээр нь ирж уулзаад ийм хэрэгт холбогдсон гэдгээ мэдсэн. Би хууль мэдэхгүй гэдгээсээ болж ийм хэрэгт холбогдлоо хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би гар утсыг нь дараа нь цагдаа дээр хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 13, 40/,

        Хохирогчийн өргөдөл /хх-н 5/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 16-17/  Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 14, 30, 48-49/, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 19-20/, Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 45-46/ зэрэг болно.

        Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

       Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

       Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 17 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “E март” худалдааны төвийн лангуун дээрээс хохирогч Э.Смартаж үлдээсэн “Huawei P-20” загварын гар утсыг гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшиж, 776.000 төгрөгийн хохирол учруулсан гэм  буруутай болох нь:

        Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.С: “...2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр би хорооллын эцсийн “И март” худалдааны төвд ажлаар явж байгаад нэг давхрын гоёл чимэглэлийн лангуун дээр 17 цаг 28 минутын орчим өөрийн “Huawei P-20” загварын гар утсаа мартаж яваад 20 орчим минутын дараа эргэж ирэхэд гар утас маань алга болчихсон байсан. Тэгээд хяналтын камер шүүж үзэхэд 40 гаран насны эмэгтэй хүн лангуун дээрээс аваад гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 65-66/, хавтаст хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ннь хохирогч Э.Слангуун дээр үлдээсэн гар утсыг бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж авч явсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүгдэгчээс гар утсаа буцааж авсан гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Д.Нийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Д.Нийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ннь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Нийг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ч.ОТГОНБАЯР