Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2023/00348

 

 

 

 

 

 

 

 

     2023              02             10                                                210/МА2023/00348                                            

 

 

Д.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03290 дугаар шийдвэртэй

Д.Б-ын нэхэмжлэлтэй

“У.Б.Ц.Т.С” ТӨХК-д холбогдох

Тэтгэмж олгохыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Түвшинтөгс, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ялгуун, Б.Эрдэнэтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Д.Б 2001 оны 05 дугаар сараас “У.Б.Ц.Т.С” ТӨХК-ийн Сонгинохайрхан хэрэглэгчдэд үйлчлэх төвд гэрлийн байцаагч, авлага нэхэмжлэгчээр ажилласан. 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гэнэт ухаан алдаж унан, эмнэлэгт хүргэгдсэн, цус харвах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж группэд орсон. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өндөр насны тэтгэврээ тогтоолгосон.

1.2.“У.Б.Ц.Т.С” ТӨХК-ийн удирдлагын зүгээс тэтгэвэр тогтоолгоход нэг удаагийн тэтгэмж өгнө, санаа зоволтгүй гэж хэлсэн ч өргөдөл хүсэлт гаргахад шийдэж өгөлгүй 3 жил гаран болж байна.

Иймд надад эрчим салбараас өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг олгохыг “У.Б.Ц.Т.С” ТӨХК-д даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Д.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2008 онд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ердийн өвчин гэж дүгнэн хөдөлмөрийн чадвар алдалт 60 хувиар 12 сараар тогтоосон тул хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.

2.2.“У.Б.Ц.Т.С” ТӨХК-ийн Хамтын гэрээний 5.15-д “Компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс энэхүү хамтын гэрээний хугацаанд өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр нь үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно” гэж заасан.

Д.Б нь дээрх заалтад заасан тэтгэмжийг авах хүсэлтийг компанийн захиргаа болон үйлдвэрчний эвлэлийн хороонд удаа дараа ирүүлж байсан бөгөөд тухай бүрд нь журмыг тайлбарлан хариу өгч байсан.

Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон өвчний онош нь Хамтын гэрээний дээрх заалттай зөрчилдөж байгаа тул үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэн өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж олгох хүсэлтийг хүлээн авах боломжгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-д заасныг баримтлан хариуцагч “У.Б.Ц.Т.С” ТӨХК-д холбогдох өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Ажил олгогч байгууллагаас үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар мэргэжлийн боловсон хүчнийг томилж ажиллуулалгүй хуулийг зөрчиж, илтэд буруутай үйлдэл гаргасан байгааг шүүх дүгнээгүй орхигдуулсан.

4.2.“Улаанбаатар  цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас албан үүргээ гүйцэтгэж яваад хөдөлмөрийн чадвар алдаж групп тогтоолгохдоо ердийн өвчин гэсэн оношоор тогтоолгосон нь манай байгууллагаас нэг удаа өгдөг тэтгэмж олгох заалттай зөрчилддөг гэж хууль дүрмийг буруугаар хэрэглэж өндөр настан надад олгох тэтгэмжийг олгохгүй хуулийг зөрчиж өөрсдийн бурууг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр ердийн өвчин гэж дүгнэгдсэн. “У.Б.Ц.Т.С” ТӨХК-ийн хамтын гэрээ болон Эрчим хүчний салбарын хамтын хэлэлцээрт үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас гэж заасантай зөрчилдсөн учраас нэг удаагийн тэтгэмжийг нэхэмжлэгчид өгөх боломжгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч “У.Б.Ц.Т.СТӨХК-д холбогдуулан өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж олгохыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2006 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цус харвах өвчнөөр өвдөж, хөдөлмөрийн чадвараа алдсан, эрчим хүчний салбараас өндөр насны тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж авах эрхтэй” гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр нэхэмжлэгчийг ердийн өвчин гэж дүгнэн хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон. Хамтын гэрээний 5.15-д Компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас группт байгаа иргэдээс энэхүү хамтын гэрээний хугацаанд өөрсдийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тохиолдолд салбарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг салбарт ажилласан жилээр нь үржүүлж нэг удаа тэтгэмж олгоно гэж заасанд хамаарахгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй” гэж маргажээ.

 

3.Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

4.Хариуцагч талаас шүүхэд гаргасан 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн болон 2009 оны 05 дугаар  сарын 27-ны өдрийн Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон актууд, мөн хэрэгт хавсаргасан Эрчим хүчний салбарын 2017-2018 оны хамт /тариф/-ын хэлэлцээр нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. (хэргийн 22 дахь тал болон хавсралт)

Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтуудыг дүгнэж, шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.

Зохигчид өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд тэдгээрийн гаргасан нотлох баримт шаардлага хангаагүй тохиолдолд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж, нотлох баримт гаргаж өгөх боломжийг талуудад олгох учиртай.

 

5.Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

6.Мөн давж заалдах шатны шүүхээс зохигчдын маргааны үйл баримтыг дүгнээгүй тул ажил олгогч байгууллагаас үйлдвэрлэлийн осол мөн эсэх талаар мэргэжлийн боловсон хүчнийг томилж ажиллуулаагүй талаар шүүх дүгнээгүй, хууль дүрмийг буруугаар тайлбарлаж тэтгэмж олгохоос татгалзсан гэх нэхэмжлэгч талын гомдолд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/03290 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Бас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Д.ЦОГТСАЙХАН

 

                                           ШҮҮГЧИД                                        Т.БАДРАХ

 

                                                                                                    Д.ЗОЛЗАЯА