Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 873

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: М.Мөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805047471023 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.М, 1965 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 2 хүүхэд, бэр, 2 ачийн хамт .... тоот регистртэй,

     Шүүгдэгч М.Мнь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 54-30 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох бэр С.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч С.Сийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 01-ний орой нөхрийн ажлаас болоод хадам ээжтэйгээ маргалдсан байсан. 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 12 цагийн орчим манай хадам ээж, хадам дүү нар манай нөхрийг өмөөрөөд хэрүүл маргаан хийсэн. Хадам ээжийн өмнөөс би эх хүн учраас хүүхдээ харж байна, би хүүхдээ хараагүйдээ яасан юм бэ гэхэд манай нөхрийн төрсөн дүү Эта хоёр ингэж байхаар салаач, юмаа аваад яваач гээд ор луу түлхэж унагасан. Тэр үед хадам ээж орж ирээд намайг цохиж түлхээд үсдээд зогсож байхад манай хоёр хүүхэд уйлаад зогсож байсан. Би хадам дүү Эг цохих гэхэд хадам ээж өмнүүр ороод цохигдсон. Нөгөө өрөөнөөс хадам аав орж ирээд та нар боль гэж хэлээд ээжийг аваад гараад явсан боловч ээж ахиж орж ирээд хэрүүл маргаан хийсэн бөгөөд манай хадам аав Мнамайг зүүн чих рүү нэг удаа алгадаад баруун хацар луу нэг удаа алгадаад миний нүүр лүү нэг удаа мангасдаад намайг хойшоо савуулсан. Энэ гурав нийлээд намайг зодож цохиод байсан. Би гомдолтой байна. Тухайн үед манай нөхрийг хадам аав дуудаад гаднаас ууртай орж ирээд та нар намайг яаа гээд байгаа юм бэ гэж орилоод дүүгээ цохиж аваад намайг нөгөө өрөөнд оруулаад хоолойноос боогоод алгадаад байсан. Тэгэхээр нь би айгаад шууд дуугүй болсон. Нөхөртөө удаа дараа тусдаа гармаар байна гэж гуйдаг байсан. Аав ээж чинь намайг дарамтлаад байна, энэ зүйл удаан үргэлжилж байна гэж хэлсэн. Тэгэхэд манай нөхөр хоёр хүүхдээ хувцаслаж байсан. Би тэр хооронд хувцсаа баглаж байсан. Нөхөр хоёр хүүхдээ аваад яваад өгсөн. Намайг энэ айл дандаа хөөдөг бас хадам ээж надад хандаад чи бол эх хүн биш, хоёр хүүхдээ хөхнөөс нь гаргасан. Чамд үрийн заяа гомдоно. Хүүгээ чамаас салгана, чи ямар хүүхэн гэртээ аваад ирсэн юм бэ гээд орилоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/,

Гэрч М.Бмөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 02-ны өглөө би гэрээсээ гараад айл руу явж байхад 11 цагийн орчим аав над руу залгаж эхнэр чинь орилж хашгирч ээжийг чинь зодоод байна, энэ нэг юмаа ав гэсэн. Би 10 минутын дотор ирж гэртээ ороход эхнэр өрөөндөө ээж, дүү хоёр 00-н өрөөнд, аав том өрөөнд байсан. Юу болоод байгаа юм та нар чинь гэхэд эхнэр Станай аав, ээж, дүү 3 чинь надад гар хүрсэн гэж хэлсэн. Аав над руу дайрч чи эхнэрээ өмөөрч миний хүүг алах нь уу гээд уурласан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

Шинжээчийн 10817 тоот дүгнэлтэд: “...С.Сийн биед тархи доргилт, баруун зүүн бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн дүгнэлт /хх-н 41/,

Яллагдагчаар М.Мын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр би амарч байсан. Тэгтэл гэр дотор шуугиан болоод манай эхнэр бэр хоёр муудалцаад байсан. Би хэвтээд сонсож байгаад очоод тэр хоёрыг одоо боль, дуугүй байцгаа гээд буцаж ороод зурагт үзээд байж байтал манай эхнэр Мөнхсайхан орилоод байхаар нь хүү Болор-Эрдэнийн өрөөнд яваад ороход манай эхнэрийг бэр зодсон. Хоёр гар нь хөхөрсөн эрүүний доод хэсэг хөхөрсөн байдалтай байхаар нь би тэр хоёрыг дахиж салгаж эхнэрийгээ 30 жил болоход гар хүрч үзээгүй байхад чи гар хүрлээ гээд нүүр лүү нь зүүн гараараа цаашаа бол гэж түлхсэн өөр зодож цохиогүй. Эхнэрээ аваад өрөө рүүгээ орж нөхөр лүү нь залгаж эхнэрээ ав, ээжийг чинь зодоод байна гэсэн. Хүү 10-аад минутын дараа орж ирээд уурлаад эхнэрийнхээ хувцас хунарыг аваад эхнэр хүүхдээ аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Хохирогчийн өргөдөл /хх-н 4/, Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 9-10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 22-23, 29-30, 50-55,/, хохирогчийн хүсэлт /хх-н 74/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Мнь 2018 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 54-30 тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу нэг гэрт хамт амьдарч байгаа бэр С.Сийг өөрийн эхнэртэй нь маргалдаж зодлоо гэсэн шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч С.Сийн: “...хадам аав орж ирээд та нар боль гэж хэлээд ээжийг аваад гараад явсан боловч ээж ахиж орж ирээд хэрүүл маргаан хийсэн бөгөөд манай хадам аав Мминий зүүн чих рүү нэг удаа, ...баруун хацар луу нэг удаа алгадаад миний нүүр лүү нэг удаа мангасдаад намайг хойшоо савуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 6-8/, гэрч М.Б: “... эхнэр Снад руу танай аав, ээж, дүү 3 чинь надад гар хүрсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, шинжээчийн 10817 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдэд “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг хамааруулахаар заажээ.  

Шүүгдэгч нь нэг гэрт хамт амьдарч байгаа бэр С.Сийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байх тул түүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Мнь бэр С.Сийг эхнэртэйгээ хэрэлдэж зодлоо гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 74/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч М.М “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3.   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР