Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 861

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Д.Пүрэвдагва,

Шүүгдэгч: Н.Нөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Н.Нид холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн  18050484451044 дугаартай хэргийг  2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.Н, 1990 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ..... тоот регистртэй,

          Шүүгдэгч Н.Ннь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Улаанбаатар менежмент ХХК-ний хашаан дотор иргэн Д.Бийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч  Н.Нийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хохирогч Б 2018 оны 6 дугаар сард манайд ирээд барилгын гадна талын фасадны ажил байна, хөрөнгө оруулалт хийгээч, хамтарч ажиллъя гэж гуйсан. Би мөнгө төгрөггүй учир зуслангийн хашаа, байшингаа барьцаанд тавьж хүнээс хүүтэй мөнгө зээлж Бт өгсөн. Миний мөнгийг өгөхгүй удсан. Чиний мөнгийг өгөхгүй, сүртэй юм бэ бацаан минь гээд байсан. Бид хоёрын энэ маргаан удаан хугацаанд үргэлжилсэн” гэв.

        Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 12-13 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар менежментийн хашаанд мөнгө цаасны тооцоотой байсан Н.Нтой уулзахаар болоод хүлээж байтал Н ирээд үгийн зөрүүгүй ална чамайг гээд намайг манай ажлын менежерийн машинаас заамдаж буулгаад толгой нүүр лүү цохиж, хөл рүү өшиглөж, банз бариад над руу дайрахад манай ажлын залуу Э дундуур орж салгасан. Тэгээд Э бид хоёр машиндаа сууж зугтаад нисэхэд байдаг ажил руугаа очсон. Тэгтэл миний нүд улайж, уруул дотроо язарч толгой ар дагзаар хавдаж товойн, зүүн нүднээс нулимс гоожиж аргаад байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/,

       Гэрч У.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б ах бид хоёр түүний нэг ажилд хөрөнгө оруулсан гэх хүнтэй уулзахаар нисэхэд очтол уулзах хүмүүс нь ирээгүй байсан. Тэгээд бид хоёр хөдлөөд Улаанбаатар менежмент гэх газрын гадаа очсон. Би бууж тамхи татаад байж байтал нөгөө уулзах хүн болох Н, Э нар хүрээд ирсэн. Э над дээр хүрээд ирсэн, гэтэл гэнэт шууд л муудалцаад зодолдоод эхэлсэн ба Э бид хоёр очоод салгатал дахиж хэрэлдээд Н нь газраас нэг мод аваад дайраад байсан. Би модыг авч салгаад Бтой хөдлөөд нисэхэд байрлах барилга дээр очсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/,

      Гэрч С.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 12-13 цагийн хооронд Б ах болон Э нар нь Улаанбаатар менежментийн хашаанд байна, ярилцах зүйл байна гэхээр нь Нийн хамт яваад очтол Б ганцаараа машиндаа сууж байсан. Би Нид Б та хоёр учраа ол гэж хэлээд Эын хамт цаана юм яриад зогсож байсан. Тэгээд нэг харахад Б, Н нь бие биетэйгээ барилцаад зогсож байгаад зодолдож эхэлсэн. Э бид хоёр очиж салгасан. Салгасны дараа тэр хоёр бие биенийгээ цохьсон. Тэгээд Э ах Бийг аваад явсан. Би ч бас явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

           Шинжээчийн 11413 тоот дүгнэлтэд: “...Д.Бийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, зүүн хацрын төвгөр, зүүн шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн зулайн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэсэн дүгнэлт /хх-н 20/,

            Яллагдагчаар Н.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 13-14 цагийн үед надад мөнгө өгөх ёстой байсан Б гэх хүнтэй уулзахаар Улаанбаатар транс ХХК-ний хашаанд ажил хамтарч хийдэг Э бид хоёр очсон. Тэгээд уулзаж мөнгөө хэзээ өгөх юм бэ, яагаад мөнгө өгөхгүй бултаад байгаа юм, ядаж утсаа аваач гэхэд ямар сүртэй пизда вэ гээд Б хэлээд машинаас буугаад ирсэн. Тэгээд бид хоёр заамдалцаад хоорондоо зодолдсон. Намайг ч бас ганц нэг цохьсон. Харин би нүүрэндээ шарх сорви аваагүй болохоор арай илүү цохьсон байх. Тэгээд бид хоёрыг Э салгаад, би гэртээ хариад Б ажил руугаа явсан. ...Би шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би Д.Бийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би баруун гараараа Бийн толгойны зүүн хэсэгт цохиж дээрх гэмтлүүдийг учруулсан байгаа. Д.Б нь 2018 оны 6 дугаар сард надаас 45 сая төгрөг 2 сарын хугацаатай зээлсэн боловч мөнгөө өгөхгүй болохоор нь уулзах гэж очтол мөнгийг чинь өгнө, яасан сүртэй пизда вэ гээд намайг харааж зүхсэнээс болж маргалдсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26, 37-38/,

           Хохирогчийн өргөдөл /хх-н 2/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 27-33/, хохирогчийн хүсэлт /хх-н 44/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ннь 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 12-13 цагийн орчим Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутагт байрлах Улаанбаатар менежмент ХХК-ний хашаан дотор иргэн Д.Бтой зээлдүүлсэн мөнгөө өгөхгүй байна гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Бийн: “...Н ирээд үгийн зөрүүгүй ална чамайг гээд намайг манай ажлын менежерийн машинаас заамдаж буулгаад толгой, нүүр лүү цохиж, хөл рүү өшиглөж, банз бариад над руу дайрахад манай ажлын залуу Э дундуур орж салгасан. Тэгээд Э бид хоёр машиндаа сууж зугтаад нисэхэд байдаг ажил руугаа очсон. Тэгтэл миний нүд улайж, уруул дотроо язарч толгой ар дагзаар хавдаж товойн, зүүн нүднээс нулимс гоожиж аргаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 13-14/, гэрч У.Уын: “...гэнэт шууд л муудалцаад зодолдоод эхэлсэн ба Э бид хоёр очоод салгатал дахиж хэрэлдээд Н  нь газраас нэг мод аваад дайраад байсан. Би модыг авч салгаад Бтой хөдлөөд нисэхэд байрлах барилга дээр очсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 15/, гэрч С.Эын: “...Би Нид Б та хоёр учраа ол гэж хэлээд Эын хамт цаана юм яриад зогсож байсан. Тэгээд нэг харахад Б, Н нь бие биетэйгээ барилцаад зогсож байгаад зодолдож эхэлсэн. Э бид хоёр очиж салгасан. Салгасны дараа тэр хоёр бие биенийгээ цохьсон. Тэгээд Э ах Бийг аваад явсан. Би ч бас явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, шинжээчийн 2013 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.Нийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Ннь хохирогч Д.Бийг зээлсэн мөнгөө өгсөнгүй гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь гомдол саналгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн хүсэлт /хх-н 57/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

   Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Н.Нийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.Нид “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Нид хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ч.ОТГОНБАЯР