| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0192/Э |
| Дугаар | 203 |
| Огноо | 2018-09-19 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 203
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Д.Нямдэлэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн дарга Б.Намуунзул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бугахайрхан овогтой Баянхүүгийн Гантулгад холбогдох 1831002290164 тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа: Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 1971 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн, 47 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар баг Боргүвээ 3 дугаар хэсгийн 70 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл, Сэлэнгэ аймгийн ардын хэсгийн 1 дүгээр шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 1/62 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн 3 дугаар хэсгийн шүүхийн 1991 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 211 дүгээр зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаар хорих ялаар, Орхон аймгийн шүүхийн 1997 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.3 дугаар зүйл, 239.2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хорих ялаар, Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 1997 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 301 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор эрүүгийн хуулийн 88 дугар зүйлд зааснаар 5 жилийн хорих ялаар, Багануур дүүргийн шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 123.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сумын дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Бугахайрхан овогтой Баянхүүгийн Гантулга, /РД:МЮ71111771/
Шүүгдэгч Б.Гантулга нь 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” цайны газрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж насанд хүрээгүй хохирогч Ш.Хүслэнчимэгийн эзэмшлийн LG-160 маркийн гар утсыг хулгайлж 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1. Шүүгдэгч Б.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 07 дугаар сарын 21-нд яллагдагчаар өгсөн: Цайны газрын цонхоор харсан чинь заалны ширээн дээр гар утас байхаар жижиг цонхоор орж авсан. ...гэх мэдүүлэг ,/хх-ийн 43-р ху/,
2.Шүүгдэгч Б.Гантулгын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 20-нд би Болдбаатартай хамт жаазтай зураг зарах гээд явж байсан. Тухайн гуанзаар орж тэр зургийг минь худалдаж авах эсэхийг асуусан чинь “авахгүй” гэж хэлээд гуанзаа цоожлоод яваад өгсөн. Тэгээд явах гэтэл гуанзны цонх онгорхой гар утас нь ширээн дээр цонхтой ойрхон байсан. Цонхоор нь нэг хөлөө хийгээд гараа оруулаад гар утсыг нь аваад Мөнгөншагайд “утас авах уу” гэж үзүүлээд 20.000 төгрөгөөр зарсан. Удалгүй Шижирбаатар болон Хүслэнчимэг нартай таарсан. Надаас гар утсаа асуухаар нь авсан талаар үнэнээ хэлээд сим картыг нь буцааж өгсөн. Би гар утасных нь төлбөрийг олох гээд Шаамар суманд 7 хоног ажил хийгээд 50.000 төгрөгийн цалин аваад “эхлээд үүнийг авч байна уу дараа нь 50.000 төгрөгийг өгье” гэж хэлсэн чинь “үгүй” гэж хэлсэн. Дараа нь 100.000 төгрөг хохирогчийн ээжид өгсөн. Хөдөө ажилд явах гээд зардлын мөнгөгүй байсан болохоор хулгай хийсэн. гэв. Өөрийнхөө хийсэн үйлдэлд харамсаж шаналж байна. Гар утсыг хулгайлсандаа маш их харамсаж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэдгээ амлаж байна. Хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
3.Насанд хүрээгүй хохирогч Ш.Хүслэнчимэгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөөний 09 цагийн үед би “Оч” цайны газарт хамгийн түрүүн ирээд байж байтал танихгүй 2 ах жаазтай зураг барьчихсан орж ирсэн. Надаас “жаазтай зураг авах уу” гэхээр “хэдэн төгрөгөөр зарах” гэж байгааг нь асуухад “20.000 төгрөгөөр зарна” гэхээр “авахгүй” гэдгээ хэлсэн. Тэгсэн тэр 2 ах гарч яваад манай үүдний урд суусан. Би сүү авах гэж гарахдаа өөрийнхөө утсыг заалны ширээн дээр цэнэглэж үлдээгээд цайны газраа түгжээд гарсан. Цайны газрын жижиг вакум цонх онгорхой байсан. Намайг цайны газрын хаалгаа түгжиж байхад Гантулга ах үүдэнд сууж байсан. Харин хамт явсан Болдбаатар нь хүнтэй уулзаж байсан. Би таксины зогсоол руу очиж сүүгээ аваад дээш өгсөж байхад Гантулга, Болдбаатар 2 надтай зөрсөн. Цайны газраа ортол миний ширээн дээр цэнэглээд үлдээсэн гар утас байхгүй байсан. Би гар утсаа 2018 оны 04 дүгээр сард авч байсан. Ингээд аавтайгаа хамт Гантулгын гэрт очиход “гар утсыг зарчихсан, сим карт нь байгаа” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р ху/,
4. Насанд хүрээгүй хохирогч Ш.Хүслэнчимэгийн 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөөний 09 цагийн үед би “Оч” цайны газарт ирээд байж байтал танихгүй 2 ах жаазтай зураг барьчихсан орж ирсэн. Надаас “жаазтай зураг авах уу” гэхээр “ “авахгүй” гэж хэлсэн чинь гараад явчихсан.Тэгээд би “Мазаалай” руу сүүнд яваад ирсэн чинь миний LG-160 маркийн гар утас алга болчихсон байсан. Би энэ утсыг 2018 оны 04-р сард захын лангуун дээрээс 120.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний гар утас LG-160 маркийн, гадуураа гэргүй, цулгуй цагаан өнгөтэй, ард хэсэгтээ хуруундаа хйидэг бөгж хийсэн байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,
5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн Б.Пүрэвхүүгийн 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Сүхбаатар сумын 6-р багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оч” цайны газрыг түрээсэлж ажилладаг. Тэгээд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө охин Хүслэнчимэг рүү утасдаж, “цайны газраа очоод цайгаа чанаад байж байгаарай, ээж нь удахгүй очно” гэж ярьсан. Тэгээд гэрээсээ гараад явж байхад манай охин Хүслэнчимэг хажуу талын хүнийхээ утсаар над руу залгаад “цайны газрын цонхоор хүн ороод миний утсыг хулгайлчихлаа” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 21-р ху/,
6.Гэрч Г.Шижирбаатарын 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...“Оч” цайны газар охин Хүслэнчимэгтэйгээ уулзахаар очиход “утсаа хулгайд алдчихлаа” гэж хэлсэн. Хаанаас алдсан талаар асуухад “2 ах жаазтай зураг бариад явж байсан” гэхээр Гантулга, Болдбаатар нарыг авчихлаа гэж бодоод гэр лүү нь охиноо дагуулаад очсон. Гантулгаас “хүүхдийн утас яасан бэ” гэхэд “сая зарчихсан” гэж хэлээд сим картыг өгсөн. Болдбаатар, Гантулгыг гар утас хулгайлж авсныг мэдээгүй байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 22-р ху/,
7.Гэрч И.Болдбаатарын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өглөө найз Гантулгын хамт Сүхбаатар сумын 6 дугаар баг таксины зогсоол орчмоор Гантулгын эхнэрийн хийсэн жаазтай зургийг зарах гээд явж байхад Гантулга бид 2 “Оч” цайны газар зөөгч охинтой таараад “ахын дүү энэ зургийг 20.000 төгрөгөөр худалдаж авах уу” гээд асуусан чинь авахгүй гээд байсан. Тэгэхээр нь бид 2 өөр хүнд үзүүлэх гээд явсан. Тэр зөөгч охин цайны газраа түгжээд гараад явсан. Би тухайн үед жаазтай зураг худалдах гээд хүнтэй юм ярьж байсан. ... Тэгээд Гантулгын гэрийн гадна таксинаас буухад Шижирбаатар нөгөө цайны газрын охинтой ирээд “гар утас хаана байна” гэж асуухад “зарчихсан, сим карт нь байна” гэсэн. Тэгэхээр нь Гантулгаас “юун гар утас авсан юм бэ” гэсэн чинь “Оч” цайны газрын жижиг цонхоор орж аваад нүхэн гарцны тэнд Дэлгэрмаагийн хүүд 20.000 төгрөгөөр зарчихсан” гэж хэлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р ху/,
8.Гэрч С.Дэлгэрмаагийн 2018 оны 07 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед Гантулга залгаад “хаана байна” гэж асуухад “3 дугаар хорооны нүхэн гарцны хажууд байна” гэж хэлэхэд “одоо очлоо” гэсэн. Удалгүй Болдбаатар, Гантулга 2 ирээд нүхэн гарцны хажууд суучихсан байсан машиныг гаргаж өгсөн. Тэр хооронд Гантулга миний хүү Мөнгөншагайд утас үзүүлээд юм яриад байсан. Тэгээд Мөнгөншагай хот руу яваад Гантулга, Болдбаатар бид 3 хамтдаа 5 дугаар хороо руу явсан. Ингээд гэрийн гадна ирэхэд Шижирбаатар охинтойгоо ирчихсэн “хүүхдийн утас хаана байн”а гэж Гантулгаас асуухад нь Мөнгөншагайд үзүүлээд байсан утсыг хулгайлсан юм байна гэж бодсон. Тэгээд маргааш нь хүүгээсээ тэр утсыг нь асуухад “тэр утсыг чинь зарчихсан, ямар хүнд зарснаа мэдэхгүй байна” гэсэн ....гэх мэдүүлэг,/хх-ийн 15-р ху/,.
9.Гэрч О.Мөнгөншагайгийн 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар сумаас Улаанбаатар явах гэж байхад манай ээжтэй хамтран амьдрахаар болсон Гантулга гэх хүн ирээд “мэдрэгчтэй гар утас зарна” гэж үзүүлтэл миний хажууд сууж байсан танихгүй хүн 20.000 төгрөгөөр худалдаж авсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-24-р ху/,
10. Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ний... LG-160 маркийн гар утас 2018 оны 07 дугаар сарын байдлаар зах зээлийн үнэ цэнэ нийт 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоов. ...гэх үнэлгээ, /хх-ийн 26-р ху/,
Шүүгдэгч Б.Гантулгын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, /хх 58-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай. /хх 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх 02-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 04-05-р ху/, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 06-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх 39-41-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх 42-44, 45-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, /хх 25-27-р ху/, оролцогч нарт үнэлгээний баримт танилцуулсан тэмдэглэл, /хх 28-29-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол, /хх-ийн 31-р ху/, шинжээчийн 43 тоот дүгнэлт, /хх-ийн 33-34-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 36-р ху/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 52,58,62,65,70,78,85-р ху/, шүүгдэгчтэй холбоотой бичиг баримтууд, /хх-ийн 48-50, 54-57–р ху/, шийтгэх тогтоолын хуулбарууд, /хх 62-80-р ху/, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 81-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх 82-р ху/, хохирол төлөгдсөн талаархи тодорхойлолт, /хх-ийн 85-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Б.Гантулгыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” цайны газрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж насанд хүрээгүй хохирогч Ш.Хүслэнчимэгийн эзэмшлийн LG-160 маркийн гар утсыг хулгайлж 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч болон яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, үнэлгээний баримт танилцуулсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Гантулгыг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Оч” цайны газрын цонхоор хууль бусаар нэвтрэн орж насанд хүрээгүй хохирогч Ш.Хүспэнчимэгийн эзэмшлийн LG-160 маркийн гар утсыг хулгайлж 100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Гантулга нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь учруулсан бодит хохиролоо нөхөн төлсөн, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Гантулга нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 1.2-д заасан ...учруулсан хохиролоо төлж барагдуулсан, мөн хуулийн 6.5-р зүйлийн 3-д заасан бусад нөхцөл байдал болох үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Бугахайрхан овогтой Баянхүүгийн Гантулгыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “...үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7-р зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Бугахайрхан овогтой Баянхүүгийн Гантулгыг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гантулгад оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч Б.Гантулга нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Шүүгдэгч Б.Гантулгад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН