Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00375

 

 

А- Засаг даргын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/03365 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А- Засаг даргын хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан 2.0 м.вт болон 1,6 м.вт хүчин чадал бүхий 2 ширхэг зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулах тухай гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч М.Цогтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн Г.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

          Тосонцэнгэл сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дулаан үйлдвэрлэх зуухыг өргөтгөх 80,000,000 төгрөгийг тусгуулан тендер зарласнаар “И-” ХХК тендерт шалгарч ЗАТЦСЗДТГ/202004056 дугаартай гэрээ байгуулсан. Тус компанийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гарал үүсэл, хүчин чадал нь тодорхойгүй дулаан үйлдвэрлэх 2 ширхэг зуух болон шаардагдах тоног төхөөрөмжүүдийг суурилуулж, угсрах ажил нь гэрээнд заасан хугацаанд хийгдээгүй бөгөөд цаг агаар хүйтэрч халаалтын улирал эхэлсэн байсан тул зайлшгүй галлагааг эхлүүлж, үйл ажиллагаа явуулах шаардлага тулгарсан тул 55,650,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ хугацаанд галлагааны явцад үүсэж байсан хүндрэл, доголдлыг арилгуулахаар “И-” ХХК-д хүсэлт хүргүүлсэн. Уг хүсэлтэд дурдагдсан доголдол, эвдрэлүүдийг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрүүдэд гүйцэтгэгч компаниас ирж гэмтэл доголдлуудыг арилгах ажиллагаа хийгдсэн боловч уг ажил нь галлагааны үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй, шинээр суурилагдсан хоёр зуух нь гэрээнд заагдсан зуухны хүчин чадалд хүрэхгүйн улмаас дахин нөөц зуухны хэрэгцээ үүссэн бөгөөд гэнэтийн аваар осол, гэмтэл доголдлын үед бэлэн байдлаа хангаж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээний биелэлт хангагдаагүй гэж үзэн “И-” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу захиалагчийн төлөх төлбөрийг үндэслэн энэхүү гэрээний бүх нөхцөл, болзолд нийцүүлэн энд заасан ажлыг гүйцэтгэж, зөрчил, гологдол арилгах үүргээ зөрчсөн. Иймд 2.0 м.вт болон 1.6 м.вт хүчин чадал бүхий 2 зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

     “И-” ХХК нь А- Засаг даргын тамгын газраас 2020 оны 08 дугаар сард эмнэлгийн уурын зуухны өргөтгөл шинэчлэлийн ажлын тендерт шалгарч гэрээний үүргийн дагуу ОХУ-ын Барнаулл хотын БКЗЭ ХХК-ийн бүтээгдэхүүн болох 2.0 м.вт болон 1.6 м.вт усан халаалтын тогоог бусад тоног төхөөрөмжийн хамт нийлүүлэн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр гэрээний үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Гэвч ажлаа хүлээлгэн өгч 2020 онд санхүүжилтээ авах гэсэн боловч “Тосон-Очирт хайрхан” ОНӨААТҮГ-ын дарга Г.Батжаргал нь манайхыг хуурамч бичиг баримттай зуух суурилуулсан, халахгүй байна гэх асуудал үүсгэсэн. Гэвч гүйцэтгэсэн ажил нь ямар нэгэн доголдолгүй болно гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.2.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А- Засаг дарга нь хариуцагч “И-” ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээнд заагдсан 2.0 м.вт-1 ширхэг, 1.6 м.вт-1 ширхэг хүчин чадал бүхий зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

       4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

       Анхан шатны шүүх “... “Эрдэм түм” ХХК-ийн 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Э.Т-ШД11/22 дугаар шинжээчийн дүгнэлтэд 2 тогоо нь нэрлэгдсэн хүчин чадлын тогооны паспорт дээрх үзүүлэлттэй тохирч байна, хариуцагч нь гэрээгээр тохирсон 2.0 м.вт, 1.6 м.вт хүчин чадал бүхий дулаан үйлдвэрлэх усан халаалттай зуух суурилуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн ...” гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин шинжээч томилох хүсэлтийг гаргасан боловч шүүх хүсэлтийг хангаагүй ба энэ талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй.

            Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн зуухны туршилт, судалгааны төвийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зуухны туршилт, судалгааны төвийн А- “Тосон-Очир” ОНӨААТҮГ-ын халаах зуухны хүчин чадлыг тодорхойлох туршилтын ажлын дүгнэлт, зөвлөмжид зааснаар гэрээгээр тохирсон 2.0 м.вт, 1.6 м.вт хүчин чадал бүхий дулаан үйлдвэрлэх усан халаалттай зуух суурилуулах үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

            5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

         Анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй нотлох баримтыг давж заалдах шатны шүүх хэлэлцэхгүй тул давж заалдах гомдолд хавсаргасан шинжээчийн дүгнэлтийг үнэлэхгүй байхыг шүүхээс хүсэж байна. Шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах хүсэлтийг шийдвэрлэсэн захирамж хэрэгт авагдсан. Шинжээчийн дүгнэлт хууль ёсны шаардлага хангаагүй гэх тайлбар үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шинжээчид худал дүгнэлт гаргавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар сануулсан. “Эрдэм түм” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн зардлыг нэхэмжлэгч төлөхөөр шүүгчийн захирамж гарсан. Уг төлбөрийг нэхэмжлэгч төлөөгүй. Шүүх хариуцагч байгууллагыг төлчих гэсний дагуу хариуцагч байгууллага төлсөн. Шинжээчийн зардлыг хуваарилж нэхэмжлэгчээс гаргуулж, хариуцагчид олгож өгөхийг хүсэж байна. Нэхэмжлэгч нотлох баримттай танилцах үүрэгтэй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу тохирсон засвар үйлчилгээг хийсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

            1. Нэхэмжлэгч А- Засаг дарга нь хариуцагч “И-” ХХК-д холбогдуулж ЗАТЦСЗДТГ/202004056 дугаартай гэрээний дагуу 2.0 м.вт болон 1.6 м.вт хүчин чадал бүхий 2 зуухыг суурилуулах, шаардагдах тоног төхөөрөмжийг стандартын шаардлагад нийцүүлэн суурилуулан угсарч, гэрээний биелэлтийг шаардсан нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний үүргийн дагуу ажлаа хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэсэн ажил нь ямар нэгэн доголдолгүй гэж тайлбарласнаас үзвэл зохигчид гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар шүүхэд маргажээ.

       2. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэйн зэрэгцээ мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3-т зааснаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргах эрхтэй.

2.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “...хариуцагчийн суурилуулсан зуух нь гэрээнд заасан хүчин чадалд хүрэхгүй доголдолтой, доголдлыг арилгах ажлыг гүйцэтгэсэн боловч шаардлага хангаагүй...”  гэж тодорхойлсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргал “одоо суурилуулсан зуухнууд нь 2.0 м.вт, 1.6 м.вт хүчин чадал бүхий зуухны шаардлагадаа хүрч байгаа эсэх болон хийгдсэн гэх ажил нь хэвийн ажиллах чанарын шаардлага хангаж бүрэн хийгдсэн эсэх талаар ... тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах...”  хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2022/11793 дугаар захирамжаар хангаж, шинжээчээр “Эрдэм түм” ХХК-ийг томилжээ.

           2.2. Шүүгчийн дээрх захирамжаар шинжээчид “Завхан аймгийн Тосонцэнгэл суманд суурилуулсан экономайзер 1.6 м.вт хүчин чадалтай болон экономайзер 2.0 м.вт хүчин чадалтай усан халаалттай дулаан үйлдвэрлэх зуух нь чанарын шаардлага болон хэвийн ажиллагааны горимын шаардлага хангаж байгаа эсэх, мөн техникийн тодорхойлолтод заасан хүчин чадлын хэмжээд хүрч байгаа эсэхийг тогтоох гэсэн асуулт тавигдсан. 

            2.3. Шинжээч “Эрдэм түм” ХХК-ийн дүгнэлтээр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд суурилуулсан экономайзер 1.6 м.вт хүчин чадалтай болон экономайзер 2.0  м.вт хүчин чадалтай усан халаалттай дулаан үйлдвэрлэх зуухнуудын хувьд нэрлэсэн хүчин чадалд хүрэхгүй байгаа нь хэд хэдэн үндсэн шалтгаантай байна. Үүнд: 1. Түлж байгаа нүүрсний физик химийн шинж чанараас шалтгаалж байна.....” гэж дүгнэсэн.

            2.4. Дээрх шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шинжээчид тавигдсан асуултад бүрэн хариулт өгсөн гэж үзэхээргүй байхаас гадна түлж байгаа нүүрсний физик химийн шинж чанартай холбоотой асуулт шинжээчид тавигдаагүй байхад анхан шатны шүүх уг дүгнэлтийг үндэслэн түлж байгаа нүүрсний физик химийн шинж чанараас шалтгаалан төлөвлөсөн дулааныг үйлдвэрлэж чадахгүй байгаа явдалд гүйцэтгэгчийг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэж нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж үзсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.

            3. Нэхэмжлэгч тал “ ...энэхүү зуух нь түлшнээс хамаарч бүрэн хэмжээндээ ажиллах боломжгүй гэсэн эргэлзээтэй дүгнэлт гаргасан ...” гэсэн үндэслэлээр дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан байхад шүүх “... нэмэлт нөхцөл байдлыг тусгаагүй нь дахин шинжээч томилох үндэслэлд хамаарахгүй” гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт тус тус нийцээгүй байхаас гадна шинжээчийн дүгнэлт гаргуулах хэргийн оролцогчийн хүсэлт хангагдаагүй байхад мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь буруу байна.

            4. Гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэж Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт заасан. Харин үүргийн гүйцэтгэлийн чанарын талаар гэрээнд тодорхой заагаагүй бол үүрэг гүйцэтгэгч нь ердийн шаардлагад нийцүүлэн үүргээ гүйцэтгэж, дундаас доошгүй чанарын эд хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй болохыг мөн хуулийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан.   

            Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй буюу хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүн доголдолгүй болох нь тодорхой бус байхаас гадна шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т тус тус зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2022/03365 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

                                 ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

                                                                                   Н.БАТЗОРИГ