Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 912

 

 

 

 

 

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

           Шүүгдэгч: Т.Бөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Бт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1805010321039 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б, 1991 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ...., ПЮ-91072651 тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Бнь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 102 дугаар байрны орчимд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Г.Жгийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж 60-20 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ чирч хүч хэрэглэсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хохирогч Г.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...60-20 ХОА улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус-20 автомашиныг заагаад энэ автомашины жолооч хэл амаар доромжлоод байсан гэж хэлсний дагуу уг автомашин руу харахад жолооч нь үл таних хүнтэй машин дотроо юм ярилцаж байснаа хамт сууж байсан хүн нь буугаад явж байгаа харагдахаар нь уг машины жолооч дээр очоод дуудлагын дагуу ирлээ, бичиг баримтаа шалгуулчих гэсэн шаардлага тавихад бичиг баримтаа гаргаж ирээд холоос үнэмлэхний хавтсаа үзүүлэхээр нь өгч бай, тодруулж харах шаардлагатай байна гэж хэлсэн. Тухайн үед гадаа харанхуй болж байсан учир машин дотор сайн харагдахгүй байсан. Тэгээд чам шиг муу сайн цагдаад шалгуулахгүй шүү гэсэн. Автомашин асаалттай байсан учраас хөдөлж магад гэж бодоод машины баруун урдхан талд зогсоод жолоочийг бууж ирээд бичиг баримтаа шалгуул гэхэд шууд араандаа хийж, өндөр хаазтай хөдлөх үедээ баруун урд талын гупер хэсгээрээ баруун тийш дараад явах үед миний хаанаас юу тээглэснийг мэдэхгүй албанаас тавьж өгсөн ногоон гэрэлтдэг хантааз хэсгээс тээглэж зүүгдээд 10 орчим алхаад чирэгдсэн маягтай унах гээд чирэгдээд явсан.  Тухайн үед явж байхад хажууханд нь зогсож байсан машин дунд хавчуулагдах гээд байхаар нь машин руу гараараа түлхэж байгаад арай хийж салаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/,

Гэрч А.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаагийн ахмад очоод машины жолоочийг бичиг баримт үзүүл гэж хэлэхэд нь үзүүлэхгүй, миний бичиг баримт байгаа, чамд үзүүлэх шаардлагагүй, чи өөрөө яах гэж ирсэн юм өөрөө бичиг баримтаа үзүүл гээд шаардлагыг нь эсэргүүцээд байсан. Цагдаагийн албан хаагч өөрөө бичиг баримтаа гаргаж ирж үзүүлээд бичиг баримтаа үзүүлэх хэрэгтэй байна, дуудлагын дагуу ирж байна гэдгээ хэлсэн. Ингээд машины жолооч бичиг баримтаа үзүүлэхгүй гээд маргалдаж байснаа машин нь асаалттай байсан тул урагшаа хөдлөх гэхээр нь цагдаагийн албан хаагч биеэ холдуултал уг машины жолооч хаазаа нэмээд маш хурдтай хөдлөөд явсан. Энэ үед цагдаагийн албан хаагч холдох үед баруун талын толиноос нь ногоон өнгийн хантааз нь тээглээд машинд чирэгдээд 5-6 орчим метр газар яваад уг машин зогсоолд байсан машинуудын эсрэг хөдлөн явсан учраас цагдааг зогсоолд байсан машинд бараг хавчуулж мөргүүлэх шахсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/,

Гэрч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...цагдаа жолооч дээр очоод дуудлагын дагуу ирлээ бичиг баримтаа гэхэд нөгөө хүн үзүүлэхгүй гээд байсан. Сүүлдээ цагдаа нь намайг Ж гэдэг гэж нэрээ хэлээд бичиг баримтаа үзүүлэхэд нөгөө хүн холоос бичиг баримтаа үзүүлчихээд машинаасаа гарахгүй, өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг мэдэгдүүлэхгүй байж байгаад хөдлөхөөр бага багаар урагшилж байгаад цагдааг шүргэчихээд зугатаагаад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/,

Гэрч Б.Үын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед цагдаагийн ахмад Г.Жгийн хамт очиж дуудлагыг шалгасан. Тухайн үед приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад тус жолооч нь бичиг баримтаа шалгуулахгүй шууд хөдлөөд явсан. Тэр үедээ харин цагдаагийн ахмад Г.Жгийн хөлийг шүргээд өмсөж явсан ногоон өнгийн хантааз нь толинд нь гогдоод цагдаа газар унасан. Тэр жолооч харин машинаа унаад цааш явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Яллагдагчаар Т.Бын мөрдөн байцаалтад өгсөн: “...Цагдаа ирээд бичиг баримтаа шалгуул гэсэн. Тэгэхээр нь би бичиг баримтаа тус цагдаад шалгуулсан. Тэгээд цагдаа намайг зогсоолоос гар гэж хэлсэн. Автомашинаа гаргачихаад байж байх үед Ж гэх цагдаагийн ахмад намайг торгоно гэж хэлсэн. Тэгэхээр нь тухайн үед намайг торгох үндэслэлгүй гээд автомашиныхаа бичиг баримтыг булаагаад шүүрээд авсан. Тэгээд автомашиндаа суугаад автомашинтайгаа хөдлөөд явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 37-38/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, Хохирогчийн өргөдөл /хх-н 9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 41-43, 46, 48-61/, хохирогчийн хүсэлт /хх-н 89/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар  зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

        Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Т.Бнь 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Баянгол дүүргийн 6 дугаар хороо 102 дугаар байрны орчимд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн албан хаагч Г.Жгийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж 60-20 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ чирч хүч хэрэглэсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Г.Жгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...жолоочийг бууж ирээд бичиг баримтаа шалгуул гэхэд шууд араандаа хийж, өндөр хаазтай хөдлөх үедээ баруун урд талын гупер хэсгээрээ баруун тийш дараад явах үед миний хаанаас юу тээглэсэнг мэдэхгүй албанаас тавьж өгсөн ногоон гэрэлтдэг хантааз хэсгээс тээглэж зүүгдээд 10 орчим алхаад чирэгдсэн маягтай унах гээд чирэгдээд явсан ба тухайн үед явж байхад хажууханд нь зогсож байсан машин дунд хавчуулагдах гээд байхаар нь машин руу гараараа түлхэж байгаад арай хийж салаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч А.Гын: “...Цагдаагийн ахмад очоод машины жолоочийг бичиг баримт үзүүл гэж хэлэхэд нь үзүүлэхгүй, миний бичиг баримт байгаа, чамд үзүүлэх шаардлагагүй, чи өөрөө яах гэж ирсэн юм өөрөө бичиг баримтаа үзүүл гээд шаардлагыг нь эсэргүүцээд байсан. Цагдаагийн албан хаагч өөрөө бичиг баримтаа гаргаж ирж үзүүлээд бичиг баримтаа үзүүлэх хэрэгтэй байна дуудлагын дагуу ирж байна гэдгээ хэлсэн. Ингээд машины жолооч бичиг баримтаа үзүүлэхгүй гээд маргалдаж байснаа машин нь асаалттай байсан тул урагшаа хөдлөх гэхээр нь цагдаагийн албан хаагч биеэ холдуултал уг машины жолооч хаазаа нэмээд маш хурдтай хөдлөөд явсан. Энэ үед цагдаагийн албан хаагч холдох үед баруун талын толиноос нь ногоон өнгийн хантааз нь тээглээд машинд чирэгдээд 5-6 орчим метр газар яваад уг  машин зогсоолд байсан машинуудын эсрэг хөдлөн явсан учраас цагдааг зогсоолд байсан машинд бараг хавчуулж мөргүүлэх шахсан” гэсэн мэдүүлэг /хх-н 17-18/, гэрч Г.Нийн: “...цагдаа жолооч дээр очоод дуудлагын дагуу ирлээ бичиг баримтаа гэхэд нөгөө хүн үзүүлэхгүй гээд байсан. Сүүлдээ цагдаа нь намайг Ж гэдэг гэж нэрээ хэлээд бичиг баримтаа үзүүлэхэд нөгөө хүн холоос бичиг баримтаа үзүүлчихээд машинаасаа гарахгүй, өөрийнх нь бичиг баримт мөн эсэхийг мэдэгдүүлэхгүй байж байгаад хөдлөхөөр бага багаар урагшилж байгаад цагдааг шүргэчихээд зугатаагаад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22/, гэрч Б.Үын: “...приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад тус жолооч нь бичиг баримтаа шалгуулахгүй шууд хөдлөөд явсан. Тэр үедээ харин цагдаагийн ахмад Г.Жгийн хөлийг шүргээд өмсөж явсан ногоон өнгийн хантааз нь толинд нь гогдоод цагдаа газар унасан. Тэр жолооч харин машинаа унаад цааш явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.Бын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэх” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Бнь цагдаагийн албан хаагч Г.Жгийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж 60-20 ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслээрээ зугтах үедээ түүнийг машинаар чирэн хүч хэрэглэсэн нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн хүсэлт /хх-н 89/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

          Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

          Шүүгдэгч Т.Бнь торгуулийн ял оногдуулж, уг торгох ялыг төлөх хугацааг боломжит урт хугацаагаар тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ба шүүх шүүгдэгчийн дээрх хүсэлтийг харгалзан үзэж торгуулийн ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

          Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч Т.Быг “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Т.Барсахт шүүхээс оногдуулсан 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

          4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР