Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00377

 

 

 

И- ББСБ ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04198 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч И- ББСБ ХХК-ийн хариуцагч: Р-т холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 253,069,877 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг зохигчдын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Р-т 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлдүүлсэн. Р- нь зээлийн үндсэн төлбөрт 252,677 төгрөг, зээлийн хүү 13,864,970 төгрөг төлж, үлдэгдэл зээлийн үндсэн төлбөр, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээ гүйцэтгээгүй. Иймд зээлийн үндсэн төлбөр 49,747,523 төгрөг, зээлийн хүү 175,086,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,235,876 төгрөг, нийт 253,069,877 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: И- ББСБ ХХК-аас 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 50,000,000 төгрөгийг 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч Р- нь төлбөрийн чадваргүй болсон тул 2015 оноос зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй. Энэ тухайгаа зээлдүүлэгчид мэдэгдэж байсан. Нэхэмжлэгч нь 2015 онд гэрээний 10.2.3, 10.2.4-д зааснаар зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг үндэслэлээр өөрийн санаачилгаар гэрээг цуцлах эрхтэй байсан. Иймээс урт хугацааны буюу 8 жилийн зээлийн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй. И- ББСБ ХХК-ийн зүгээс хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас 2 хоногийн өмнө шүүхийн эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан. Хариуцагч гадаад улс руу явсан учир эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцох боломжгүй байна гэдэг үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон. Энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа, тасалдсан зогссон асуудал яригдахгүй. Иймд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн болон барьцааны гэрээг байгуулсан зээлийн эдийн засагч А.Баттүвшин нь И- ББСБ ХХК-ийг төлөөлөх эрхгүй, түүнд тухайн гэрээг байгуулах эрх олгогдсон баримт хавтас хэрэгт байхгүй. Гэрээний эхний нүүрний дээд буланд гүйцэтгэх захирал А.Золзаяа батлав гэсэн тамга дарагдсан байна. Гэрээг баталж, тамга дарснаар тухайн гэрээг А.Золзаяа байгуулсан гэсэн үйл баримт биш, харин банк бус санхүүгийн байгууллага зээл гарахдаа дагаж мөрдөх гэрээний төслийг баталгаажуулсан явдал юм. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 10.4-д гэрээг ямар үед хүчин төгөлдөр болохыг заасан. Иймд хүчин төгөлдөр бус гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-т зааснаар хариуцагч Р-ээс зээлийн гэрээний үүрэгт 169,304,319 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И- ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 83,765,558 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011269 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 бичил хороолол, Хасбаатар гудамж 28 дугаар байрны 50 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,493,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р-ээс улсын тэмдэгтийн хураамжид 1,074,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ "И-" ББСБ нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсанаар зээлийн гэрээг цуцалсан гэж үзэхээр байна. Энэ үед дагаж мөрдөж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 он/ 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг зээлийн гэрээг цуцалсан тохиолдолд үүсэхгүй, талуудын байгуулсан гэрээний 10.2, 10.3-т зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлийг заасан байх боловч гэрээг цуцалсан нөхцөлд зээлдэгч хүү нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээгээгүй байна" гэж дүгнэн дээрх шийдвэрийг гаргасан нь үндэслэлгүй байна. 1995 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан бол 2021 онд батлагдсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийг 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж тус тус заажээ. Дээрх заалтууд нь зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй бол үүргээ бүрэн биелүүлж дуустал хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх агуулгын хувьд адил бөгөөд 2021 оны хуулиар дээрх нөхцөлөөс гадна хууль болон гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгч тал нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд ч зээлдэгч нь зээлийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөр нэмж зохицуулсан байна. Гэтэл шүүх зээлдүүлэгчийг зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан мэтээр дүгнэж ийнхүү зээлийн гэрээг цуцалсан учраас хүү, нэмэгдүүлсэн хүү авах эрхгүй байна гэх агуулга бүхий ойлгомжгүй дүгнэлт хийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгож байгаа нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Талууд зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хугацаанд гэрээг цуцалж, үүрэг шаардаагүй. Зээлдэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйл, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд тооцогдох зээлийн үндсэн зээл 49,747,523 төгрөг, хүү 175,086,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,235,876 төгрөг, нийт 253,069,877 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж зээлдэгчээс зээлийн үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт нийт 253,069,877 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Хэргийн 14 дүгээр талд нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл байдаг. Уг тэмдэглэлээс харахад Р- гэж хүнтэй харилцаагүй, дүү Д.Уранбилэгтэй харьцсан харилцан яриаг бичиж баталгаажуулсан. Тухайн үед Р- Монгол улсад байхгүй байсан учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаныг мэдээгүй. И- ББСБ ХХК Д.Уранбилэг гэж хүнтэй харилцаа холбоотой байсан. Уг тэмдэглэлээр Д.Уранбилэгтэй харьцсан нь тогтоогддог гэжээ

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч байгууллага 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 7 жилийн дараа шаардсан. Гэвч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийн зүгээс 3 жилийн хугацаа дуусгавар болгохоос өмнө эвлэрүүлэн зуучлах байгууллагад хандсан учраас хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан хэмээн тайлбарласан тайлбар татгалзал үндэслэлгүй талаар үнэн зөв дүгнэлтийг хийж чадаагүй. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхийн тулд талууд хэн аль нь эвлэрүүлэн зуучлалд хандах процессыг зөвшөөрсөн буюу сонгосон байх, эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд талуудын оролцсон байдлыг харгалзан үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан болохоос өөрөөр процесс ажиллагаа явагдаагүй хариуцагч эвлэрүүлэн зуучлалд хандах талаар тохиролцоогүй, мэдээгүй түүнчлэн процесс ажиллагаанд оролцоогүй байдаг.

Хариуцагч 2014 онд зээл авч 2015 оноос зээлийн эргэн төлөлтийг хийж чадахгүй болж энэ үеэс 2022 он хүртэл буюу сүүлийн 7 жил зээлийн эргэн төлөлтийг хийгээгүй. Гэвч нэхэмжлэгч байгууллага хариуцагчийг төлбөрийн чадваргүй болсон буюу гэрээний үүргийг гүйцэтгэх чадваргүй болсон гэдгийг мэдэж байсан атлаа гэрээг нэг талын санаачилгаар цуцалж үүргийн гүйцэтгэлийг шаардах бүрэн боломжтой байсан. 2015 онд зээлийн гэрээг цуцалж 2015 он хүртэлх зээл, хүүг шаардах боломжтой ч шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны зээл, нэмэгдүүлсэн хүү шаардах нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан хуулийн зохицуулалттай нийцэх юм. Иймд хариуцагчаас 169,304,319 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн. Зээлийн гэрээг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2 жилийн хугацаатай байгуулсан. 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээний хугацаа дуусаж, шаардах эрх тооцогдож эхэлсэн. Үүнээс хойш 3 жилийн хугацаанд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан ба 2 сарын хугацаанд ажиллагаа хийгдэж, дуусгавар болсон. Хариуцагчийн гомдол үндэслэлгүй. Учир нь хариуцагч талтай уулзахад төлнө, цар тахалтай холбоотой зээл төлөх боломжгүй байна гэдэг тайлбар хэлдэг байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зохигчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, тухайн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, харин тухайн маргаанд хамааралгүй хуулийг хэрэглэсэн тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

2. Нэхэмжлэгч И- ББСБ ХХК нь хариуцагч Р-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 49,747,523 төгрөг, хүү 175,086,478 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28,235,876 төгрөг, нийт 253,069,877 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүүг 2022 оны 04 дүгээр сард шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцно гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус маргажээ.

4. Талуудын хооронд 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14/17 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч И- ББСБ ХХК нь 50,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч Р- нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011269 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 бичил хороолол, Хасбаатар гудамж 28 дугаар байрны 50 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон байна. /хх 6-8/

Дээрхээс дүгнэвэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт тус тус заасан зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн, хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээний талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Зээлдүүлэгч И- ББСБ ХХК нь зээлийн гэрээний дагуу 50,000,000 төгрөгийг зээлдэгч Р-т шилжүүлсэн, зээлдэгч 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл үндсэн зээл 252,477 төгрөг, зээлийн хүү 13,864,907 төгрөг төлсөн үйл баримтын талаар талууд маргаагүй. Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

5. Дээрх зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусгавар болсон байх тул гэрээг цуцлах тухай асуудал яригдахгүй. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу. Мөн хариуцагчийн зээлийн гэрээг 2015 онд цуцлах байсан гэх агуулгатай давж заалдах гомдол үндэслэлгүй. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж хуульчилсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2-т зээлдэгч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж зээлийн үндсэн өр хүүг хугацаанаас өмнө төлөх болон хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүүг давхар төлөхийг шаардах эрхтэй гэж заасан. Дээрх байдлаар хууль болон гэрээнд заасан гэрээг цуцлах зохицуулалт нь зээлийн гэрээний хугацаанд хамаарч, харин хугацаа хэтэрсэн зээлийн гэрээнд цуцлах тухай зохицуулалт хамаарахгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь буруу тул уг заалтыг хасч өөрчлөх нь зүйтэй.

6. Харин анхан шатны шүүх И- ББСБ ХХК-аас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд Р-ээс зээлийн төлбөр гаргуулахаар өргөдөл гаргасан 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөр хязгаарлаж, зээлийн гэрээний хүү болон хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсоныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.

6.1. Тодруулбал, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасныг ББСБ-аас төлбөрийг нь төлүүлэхээр төрийн эрх бүхий байгууллагад нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

6.2. Эвлэрүүлэн зуучлагчид хандах хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 105,281,852 төгрөгийн хүү, 14,274,946 төгрөгийн хүү хуримтлагдаж, зээлийн үүрэг нь барьцаа хөрөнгийн харилцан тохиролцсон үнэлгээ 88,000,000 төгрөгөөс хэтэрсэн, түүнчлэн хариуцагчийн төлбөрийн чадвар алдагдсан болох нь гэрч А.Баттүвшингийн ...үл хөдлөх хөрөнгө рүү эргэлтийнхээ мөнгийг хийчихсэн.. эргэлт нь түгжигдсэн... төлөхгүй байсаар байгаад хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон... гэсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.

6.3. Санхүүгийн зохицуулах хорооноос зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан мэргэжлийн оролцогчийн хувьд шаардах эрх үүссэн 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш 3 жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор зээлийг төлүүлэхтэй холбоотой ямар нэгэн ажиллагаа явуулсан талаар баримтгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс хойш мөн ямар нэгэн ажиллагаа хийсэн баримтгүй, улмаар хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хөөн хэлэлцэх хугацаа дуусах 3 дах жилийн дотор хэрэгжүүлсэн байх тул анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

6.4. Анхан шатны шүүх хариуцагч Р-ээс үндсэн зээл 49,747,523 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргах хүртэл хугацааны зээлийн хүү 105,281,852 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,274,946 төгрөг, нийт 169,304,319 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И- ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэл гаргах хугацаагаар хэтэрсэн хугацааны болон нэмэгдүүлсэн хүү тооцон хариуцагчаас гаргуулах давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Түүнчлэн, зээлдэгч Р- нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Ү-2205011269 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүрэг 12 дугаар хороо 6 бичил хороолол, Хасбаатар гудамж 28 дугаар байрны 50 тоот хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

8. Анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацааны талаар хуульд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.

Тодруулбал, И- ББСБ ХХК нь эвлэрүүлэн зуучлагчид 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гаргаснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5 дах хэсэгт тус тус зааснаар тасалдаж, хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр тоолоход нэхэмжлэгч шүүхэд 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасантай нийцсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,493,499 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 1,074,672 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт тус тус заасанд нийцжээ.

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2022/04198 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаас 225 дугаар зүйлийн 225.1 гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 576,778 төгрөгийг, хариуцагчийн төлсөн 1,075,000 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Н.БАТЗОРИГ