Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2023/00394

 

 

 

“Н-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч М.Баясгалан, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/004086 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Н-” ХХК-ийн хариуцагч “У-” ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 115,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Болорсайхан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

            “Н-” ХХК нь 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Киргиз улсаас бүх жин 13,100 кг, цэвэр жин 12,204 кг жинтэй сармисыг оруулж ирсэн. “У-” ХХК 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1 кг сармисыг 20,000 төгрөгөөр тооцон 12 тонн буюу 12,000 кг сармисыг худалдаж авахаар гэрээ байгуулж мөн өдөр сармисыг хүлээн авсан. Тус гэрээний дагуу сармисны нийт үнэ 240,000,000 төгрөгийг 4 хувааж төлөхөөр тохиролцсон бөгөөд эхний төлбөр 60,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, 2 дахь төлбөр 60,000,000 төгрөгийг 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр, 3 дахь төлбөр 60,000,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр, үлдэх 60,000,000 төгрөгийн төлбөрийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тус тус төлөхөөр тохиролцсон. Гэвч хариуцагч компани гэрээгээр тохиролцсон хугацаандаа бус хугацаа хэтрүүлэн нийт 240,000,000 төгрөг төлөхөөс 163,000,000 төгрөг төлж үлдэгдэл 77,000,000 төгрөгийг төлөөгүй.

            Худалдах, худалдах авах гэрээний 6.1-д заасны дагуу төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор заасан тул 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 350 хоног хугацаа хэтрүүлсэн. Үлдэгдэл төлбөр 77,000,000 төгрөгийн хоногийн 0,5 хувь нь 385,000 төгрөг бөгөөд үүнийг 350 хоногоор тооцвол 134,750,000 төгрөг болсон. Гэвч хуульд анз нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан тул үлдэгдэл 77,000,000 төгрөг дээр түүний 50 хувь болох 38,500,000 төгрөг гаргуулна. Иймд хариуцагчаас нийт 115,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

            2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

            “У-” ХХК нь “Н-” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу 12,000 кг сармисыг хүлээж авсан. Сармисыг үзэхэд шинэ ургацынх боловч чийгтэй байсан. Киргиз улсаас бараа андуурч ирсэн гэх асуудлаар анх удаа Б.Болорсайхантай ярилцаж байсан. Тухайн сармисыг хараад чанарын шаардлага хангах эсэхэд эргэлзэж байсан. Нойтон сармисыг заавал даавуу дэвсэж нар салхинд хатааж худалддаг. Шууд худалдвал муудах эрсдэлтэй. “Н-” ХХК манай компанийг 300,000,000 төгрөгийн борлуулалт хийсэн гэдэг боловч дэлгүүрээс сармисыг буцаасан. Гэрээнд сармисны төлбөрийг богино хугацаанд буюу 2 сарын хугацаанд төлбөрийг бүрэн төлж барагдуулахаар заасан нь нэг талыг барьсан. Сармисыг 20,000 төгрөгөөр худалдан авч дэлгүүрт НӨАТ-ыг тооцож 24,000 төгрөгөөр борлуулж ь ашиг бага олсон. Мөн нэхэмжлэгч компани нь сармисыг Монгол улсад ирүүлэхдээ хугацаа алдсан. Нойтон сармисыг ачилт хийхээс эхлэж чанарын шаардлага хангах ёстой. Сармис чийгтэй байсан тул жингийн хорогдолд орж, чанар муудсан.

            Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Корона вируст цар тахалтай холбоотой өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй худалдаа арилжаа хийх боломжгүй нөхцөл байдал үүсэж сармис хатаж жингээ алдаж, хөгцөрч алдагдалд орсон. Тухайн сармисны кг тутамд 2,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн татвар багтаасан тул нэхэмжлэгч татварыг хариуцах ёстой.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

            3.1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.4-т заасныг тус тус баримтлан “У-” ХХК-аас 115,500,000 төгрөгийг гаргуулан “Н-” ХХК-д олгож,

            3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 735,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “У-” ХХК-аас 735,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

            4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

            “У-” ХХК нь “Н-” ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 12 тонн буюу 12,000 кг сармисыг нэг тонныг 20,0000 төгрөгөөр тооцож 240,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэрээнд 12 тонн сармисны төлбөр үнэ 240,000,000 төгрөгөөс 2021 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 60,000,000, 2021 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 03-ны 60,000,000 төгрөг, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдөр 60,000,000 төгрөгийг тус тус төлөхөөр тохиролцсон. “У-” ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 77,000,000 төгрөг, алданги 38,500,000 төгрөг, нийт 115,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Учир нь: 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр гэрээ хийгдсэн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болсон. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 176 дугаар тогтоолоор Корона вируст цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал дахин сунгаж худалдаа арилжаа хийх, хөдөө орон нутагт явах замыг хааж хүндэтгэн үзэх нөхцөл үүссэн. Эдгээр нөхцөл байдлаас сармис хатаж жингээ алдаж их хэмжээний алдагдалд орсон. 1 кг сармис тутамд 2,000 төгрөгийн татвар багтсан. Үүнийг нэхэмжлэгч хариуцах үүрэгтэй байтал хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

            Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэлэлцээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

            5. Давж заалдах гомдол гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

            Хариуцагч Ковид-19 цар тахалтай холбон тайлбарладаг. Гэвч Улсын онцгой комиссоос хөл хорионы дэглэм тогтоосон боловч хүнсний үйлдвэрлэл, тээвэрлэлт, түгээлт, худалдааны үйл ажиллагаа хэвийн явагдаж 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал энэ төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоогүй. “У-” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварыг нэхэмжлэгч хариуцах талаар дурдсан. “Н-” ХХК болон “У-” ХХК 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан сармис худалдах, худалдан авах гэрээний 3.1-д энэхүү гэрээгээр нийлүүлэгдэх сармисны үнэ 1 кг сармисыг 20,000 төгрөгөөр тооцож 12 тонн сармисны үнийг төлөхийг зөвшөөрч гэрээ байгуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаж шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч “Н-” ХХК хариуцагч “У-” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг буюу сармисны үлдэгдэл төлбөрт 77,000,000 төгрөг, алданги 38,500,000 төгрөг, нийт 115,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            1. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр худалдагч “Н-” ХХК нь 12 тонн сармисыг худалдан авагч “У-” ХХК-д шилжүүлэх, худалдан авагч нь 1 кг сармисны үнийг 20,000 төгрөгөөр тооцож, нийт 240,000,000 төгрөг төлөхөөр талууд тохиролцжээ. Иймд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

 

            Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан. Худалдагч “Н-” ХХК нь дээрх гэрээний дагуу 12 тонн сармисыг худалдан авагч “У-” ХХК-д шилжүүлэн өгсөн талаар талууд маргаагүй болно.

 

            Иймд нэхэмжлэгч “Н-” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар сармисны үнийг хариуцагч “Суперсилвер силвер” ХХК-аас шаардах эрхтэй.

 

            1.2. Хариуцагч “Суперсилвер силвер” ХХК сармисны үнэ 240,000,000 төгрөг төлөхөөс 163,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 77,000,000 төгрөг төлөөгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй байна. Иймд анхан шатны шүүх хариуцагч “Суперсилвер силвер” ХХК-аас сармисны үлдэгдэл төлбөр 77,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

            1.3. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийг 254.6 дахь хэсэгт “Худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй” гэж заасан. Гэвч хариуцагч “Суперсилвер силвер” ХХК нь худалдан авсан сармис чийг ихтэй, буруу тээвэрлэсний улмаас чанар алдагдсан гэх үндэслэлээр нэхэмжлэгч “Н-” ХХК-д шаардлага  хүргүүлж байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй  тул хариуцагчийн тайлбар нотлогдоогүй, сармис чанарын доголдлын улмаас  байснаас алдагдалд орсон гэж төлбөрийг төлөхөөс татгалзах үндэслэлгүй болно.

 

             2. Талууд гэрээний 6.1-т “Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд 4.1, 4.2, 4.3-т заасан төлбөрийг худалдан авагч хугацаанд нь төлөөгүй нөхцөлд хугацаа 1 (нэг) хоног тутамд нийт төлөгдөөгүй үнийн дүнгээс 0,5 хувийн алданги тооцож худалдагч талд төлнө” гэж харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан анзын гэрээг бичгээр хийх шаардлагад нийцжээ.

            Хариуцагч “Суперсилвер силвер” ХХК гэрээгээр тохиролцсон хугацаанд төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч “Н-” ХХК сармисны үлдэгдэл төлбөр 77,000,000 төгрөгөөс алданги тооцож шаардах эрхтэй тул алданги 38,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

 

2.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...нэхэмжлэгч талаас алдангийг багасгаж эвлэрэх санал гаргасан...” гэж тайлбарласан болон сармис худалдах, худалдан авах гэрээний харилцааны үед Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй хэргийн нөхцөл байдлыг харгаллзан нэхэмжлэгчийн нэхэмжилсэн алданги 38,500,000 төгрөгийн алдангийг 50 хувиар бууруулан 19,250,000 төгрөг гаргуулах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасантай нийцнэ

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Суперсилвер силвер” ХХК-аас сармисны үлдэгдэл төлбөр 77,000,000 төгрөг, алданги 19,250,000 төгрөг, нийт 96,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийн хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй  гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2022/04086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “У-” ХХК-аас 96,250,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Н-” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19,250,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “хариуцагч “У-” ХХК-аас 735,450 төгрөг” гэснийг “хариуцагч “У-” ХХК-аас 639,200 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59  дүгээр  зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 735,450 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.ЦОГТСАЙХАН

 

                                              ШҮҮГЧИД                                 М.БАЯСГАЛАН

 

                                                                                                Н.БАТЗОРИГ