| Шүүх | Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ядамсүрэнгийн Туул |
| Хэргийн индекс | 143/2013/0015/Э |
| Дугаар | 117 |
| Огноо | 2016-12-19 |
| Зүйл хэсэг | 091.1., 181.2.1, |
| Улсын яллагч | Ороогүй. |
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 117
Э.Э-, С.М- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:
Даргалагч шүүгч Я.Туул
Шүүгчид Б.Манлайбаатар
Ц.Амаржаргал
Ялтны өмгөөлөгч Ц.Раашзэвэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Солонго даргалж шүүгч Д.Баттулга, шүүгч Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 43 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Х.Бадарч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэбаатар нарын бичсэн давж заалдах гомдлоор Өмнөговь аймгийн Прокурорын Газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын Э-, С-ын М- нарт холбогдох эрүүгийн 201216000186 тоот 6 хавтас хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 онд Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Дундсайханы 3 дугаар гудамж 16 тоотод оршин суух хэрэгт татагдах үедээ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарт жагсаалын дарга ажилтай байсан, урьд ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хурдан овогт Э-ын Э- /РД:КЛ81051512/ нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн шөнө 24:00 минутын орчим Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн Шүүлэн булаг хэмээх газар хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тус салбарын орлогч дарга Б.Энхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүнийг зодож, түүний биед амь насанд нь аюултай хүнд зэргийн гэмтэл учруулж, улмаар хохирогч Б.Энхбаатар нас барсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Монгол Улсын иргэн, 1986 онд Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 7 дугаар гудамжны 207 тоотод оршин суух хэрэгт татагдах үедээ Хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарт харуулын дарга ажилтай байсан, урьд нь ял шийтгэл, гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Хальбин овогт С-ын М-, /РД:ЧЕ86072618/ нь 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 22:00 минтуын орчим Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн Шүүлэн булаг хэмээх газарт хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн танхайрч тус салбарын орлогч дарга М.Ууганбаатартай маргалдан улмаар түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Анхан шатны шүүх Э.Э-, С.М- нарт холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Э.Э-, С.М- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Э.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, С.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнх-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ.
Хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн давж заалдах гомдолд: “...Өнөөдөр бид бүхэн хүний эрх, эрх чөлөө, шударга ёс дээдлэн хүндэлсэн ардчилсан нийгэмд амьдарч байгаа хэдий ч эрүүл ч бай согтуу ч бай ухаант хүний оюун санаанаас гарамгүй, үгээр илэрхийлж, үйлдлээрээ гүйцэтгэж харгис хэрцгийгээр хүний амь нас хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд зохих Эрүүгийн хуулийн тусгай ангийн заалтын дагуу хуулийн хүрээнд асуудлыг үнэн, зөв шийдвэрлэн тохирсон шийтгэлийг оногдуулах байх гэж 4 жил 4 сар 19 хоног өнгөрөөсөн ч өнөөдрийг хүртэл асуудлыг шийдэлгүй хэдэн ч удаагийн шүүх хуралд суулгав даа. Шүүхийн шинжилгээний албаны 2012.07.16-ны өдрийн 47 дугаар шинжээчийн дүгнэлтийг нэг бүрчлэн шалгаж, нягталж үзвэл тархины хатуу хальсны доорх болон дээрх цусан хураа гадны нөлөөтэй гэмтлийн улмаас нас барсан мөн биед нь учирсан том жижиг 30 гэмтэл бэртэл авсан нь энэ хүн араатан биш бол нэг хүний үйлдсэн хэрэг биш бөгөөд ажлын байранд архидан согтуурсан хэсэг бүлэг этгээдүүдийн хамтран үйлдсэн хам шинжийг агуулсан болох нь тодорхой байтал зөвхөн нэг талыг баримтлан Э.Э-, нөгөө этгээд С.Мөнх-Эрдэнийг ялаас мултлах шүүхийн тогтоолыг олон удаа шүүх хурлаас гаргаж байгаад хохирогчийн төлөөлөгчид, гэр бүлийнхэн бид гүнээ харамсаж байгаагаа энэхүү өргөдлөөр дамжуулан илэрхийлж байгааг хүлээн авч судалж үзнэ үү. Хэрэв энэ этгээд Э.Э- үйлдсэн гэж үзэж тогтоол гаргаж байгаа бол бид маш их гомдолтой байна. Утга нь уг хэрэг үйлдэгдэн хавтаст хэрэг нээснээс эхлэн гэрч, сэжигтнээр татагдан байцаалт өгсөн хүмүүсийн мэдүүлгээс ажиглахад хэргийн газар дээр бодит мэдээлэл өгч болохуйц н.Ууганбаатар, н.Эрдэнэчулуун нар мэдүүлгээ олон дахин өөрчилсөн, тухайн цаг хугацаанд харуулд гарч байсан харуулчин байлдагч н.Гансүх, н.Бат-Эрдэнэ нараас дахин давтан байцаалт аваагүй зэргээс харахад анхнаасаа асуудлыг шийдвэрлэхгүй чирэгдүүлж хугацаа авч цаг хожсон нь ямар нэгэн өөр зорилгыг агуулсан тул Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 43 дугаар тогтоол нь бодит үнэнд нийцэхгүй эзнээ олоогүй буруу шийдвэр гаргасан байна. Иймд та бүхнийг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиа баримтлан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсоо дээдлэн асуудлыг үнэн зөвөөр харж шийдвэрлэж өгөхийг үнэн сэтгэлээсээ хүсье” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Ц.Раашзэвэг: Би ялтан Э.Э-гийн өмгөөлөгчөөр хэрэгт мөрдөн байцаалтын шатнаас эхлэн оролцсон. Энэ хэрэг олон удаагийн шүүх хуралдаанаар орж 4 жил гарангийн хугацаа өнгөрч байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлэг олон дахин өөрчдөгдсөн бөгөөд ялангуяа С.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Ш.Энхмаа хэрэгт өмгөөлөгчөөр орсноос хойш гэрчүүдийн мэдүүлэг болон С.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг эрс өөр болж өөрчлөгдсөн. Энэ хэрэгт С.Мөнх-Эрдэнийг би ял завшиж байна гэж үздэг бөгөөд түүнийг израйль гуталтай явж байсан гэдгийг гэрчүүд мэдүүлдэг. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 326 дугаар зүйлийн 326.1 дэх хэсэгт заасныг биелүүлж шийдвэрлэсэн гэж бичсэн байгаа. Гэхдээ анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан үндэслэл нь буруу байсан учраас давж заалдах шатны шүүх хэргийг яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлүүлэхээр буцаасан гэж ойлгож байна. Ийм учраас шийтгэх тогтоолыг хэвээр нь баталж өгнө үү гэв.
Тодорхойлох нь:
Өмнөговь аймгийн Номгон сумын Дэрсэн ус багийн Шүүлэн булаг хэмээх газарт байрлах хилийн цэргийн 0131 дүгээр ангийн 0153 дугаар салбарын байранд 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Эх үрсийн баяр” тэмдэглэж улмаар шөнийн 24:00 минутын орчим тус салбарын орлогч дарга Б.Энхбаатартай жагсаалын дарга Э.Э- нь архи ууж согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг зодож биед нь амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсны улмаас Б.Энхбаатар 2012 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нас барсан, тус салбарын харуулын дарга С.М- 2012 оны 06 дугаар сарын 01-ний өдөр “Эх үрсийн баяр” тэмдэглэсний дараа салбарын орлогч дарга М.Ууганбаатартай маргалдан хүч хэрэглэн танхайрч түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэж Өмнөговь аймгийн Прокурорын газраас Э.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар, С.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, шүүхээс Э.Э-, С.М- нарын үйлдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй, Э.Э-д оногдуулсан ял шийтгэлийн төрөл, хэмжээ нь түүний үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон, С.М-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсгийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар С.Мөнх-Эрдэнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь буруу биш байна.
Давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн хохирогч Х.Бадарч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Эрдэнэбаатар нарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар “...шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор...” хянан хэлэлцэж хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул хохирогчийн гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 2 заалтанд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 хэсэг” гэж буруу бичснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг” гэж залруулан өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4, 325 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 43 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтанд:
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1-д” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ Я.ТУУЛ
ШҮҮГЧИД Б.МАНЛАЙБААТАР
Ц.АМАРЖАРГАЛ