Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 94

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүгч Ц.Одмаа, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүтэй, тус шүүхийн  хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.Б

Хариуцагч: Хил хамгаалах ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 18423851 төгрөг олгохыг хариуцагчид даалгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, иргэдийн төлөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б болон түүний өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

 “...Ахлах ахлагч Ц.Б би Сүхбаатар аймгийн О сумын **** дүгээр ангийн *-р заставын жагсаалын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ба тус ангид тасралтгүй нийт 17 жил ажилласан. 2014 оны 1 дүгээр сарын 20-ны үед ээлжийн амралтаа эдэлж байтал тухайн үед ангийн захирагчаар ажиллаж байсан хурандаа С.Э надад “Цагаан сар болох гээд чиний ажлын байранд ажиллах хүн байхгүй байна, цагаан сар өнгөртөл хэд хоног ажиллаж бай” гэж хэлсэн. Би хурандаа С.Э даргын тушаалаар ээлжийн амралт эдэлж байх хугацаандаа ажиллаж байхдаа буюу 2014 оны 2 дугаар сарын 07-ны өдөр харуулын ажил шалгах явцдаа манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Т.М-н 1963 ЕР4456 дугаарын гол төмөртэй АКМ бууны хоолойг сумлан шалгаж үзэх явцдаа өөрийн болгоомжгүй байдлаас баруун хөлөө буудаж хүнд гэмтэл учруулсан.

Гэтэл Хил хамгаалах ерөнхий газрын дарга, бригадын генерал Ш.Л “архидан согтуурч өөрийгөө санаатайгаар буудаж биедээ хүнд гэмтэл учруулсан ...” гэдэг үндэслэлээр намайг буруутган 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/256 дугаартай “Ц.Б-г үүрэгт ажлаас чөлөөлж, цэргийн албанаас халах тухай” тушаал гаргаж, би цэргийн албанаас чөлөөгдсөн. Харин дээрх хэргийг Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Р-н үйлдсэн 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5/182 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” тогтоолд “... Ц.Б-нь харуулын ажил шалгах явцдаа манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Т.М-н 1963 ЕР4456 дугаарын гол төмөртэй АКМ бууны хоолойг сумлан шалгаж үзэх явцдаа өөрийнхөө болгоомжгүй байдлаас баруун хөлөө буудаж хүнд гэмтэл учруулсан болох нь шинжээч эмчийн 127 тоот дүгнэлтээр тогтоогдсон ... тул эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэл байхгүй байна” гэсэн байдаг.

Би 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, амралтаа эдэлж дуусаад тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байсан төдийгүй ажлаас халагдах тушаал гарах хүртэлх хугацаанд цэргийн албанд тасралтгүй 25 жил 4 сар ажиллачихсан байсан юм. Гэтэл болгоомжгүй байдлаас биедээ хүнд гэмтэл учруулж хэвтэрийн дэглэм барих шаардлагатай болсон тул цэргийн тэтгэвэр болон тэтгэмжтэй холбоотой асуудлыг тухайн үед өөрийн биеэр хөөцөлдөх боломжгүй байсан.

Гэсэн ч 2015 оны 3 дугаар сараас миний биеийн байдал сайжирч, таяг тулан алхаж эхэлсэн тул өөрийн биеэр тэтгэвэртэй холбоотой асуудлаа зохих байгууллагад хандсан бөгөөд намайг цэргийн албанд нийт 25 жил 4 сар ажилласан ба үүнээс Сүхбаатар аймгийн АХГЗахиргааны цагдаагийн хэлтэст 3 жил 1 сар, хилийн цэрэгт 22 жил 3 сар ажилласныг Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс тогтоосон тул 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн надад тэтгэвэр олгож эхэлсэн.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Цэргийн албан хаагч эрэгтэй 25-наас доошгүй ... жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус заасан. 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 38 дугаартай Цэргийн албан хаагчид нэг удаагийн тэтгэмж олгох журмын 3 дахь хэсэгт “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийг олгохдоо сүүлийн 5 жилийн цалин хөлсний нийлбэрийг 60-д хувааж, гарсан дундаж цалин хөлсийг 36 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцно.” гэж заасныг үндэслэн нэг удаагийн тэтгэмж нь 18.423.851 төгрөг болж байгаа юм.

Дээрх хуулиуд болон журамд зааснаар Ц.Б-д нэг удаагийн тэтгэмжийг авах хууль зүйн үндэслэл бий болсон атал эрх бүхий албан тушаалтны гаргасан хууль бус актын улмаас Ц.Б нь цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж байна.

Иймд Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генерал Ч.С-н 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаартай албан бичгийг хүчингүйд тооцож, эрх бүхий албан тушаалтанд Ц.Б-д 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох тухай акт гаргахыг даалгаж өгнө үү” гэв.

Хариуцагч Хил хамгаалах ерөнхий газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...2015 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хилийн **** дүгээр ангийн дугаар заставын жагсаалын дарга, ахлах ахлагч Ц.Б нь заставын сургалт эрхэлсэн орлогч, ахлах дэслэгч Н.Э-с “Золголт хийгээд ирье” гэж чөлөө авч заставын байрлалаас мотоцикль уналгатайгаар 17.00 цагийн үед яваад Заставын байрлалд 23.00 цагийн орчим ирэхэд нь заставын жижүүр, дэд түрүүч П.Б угтаж очиход нилээд хэмжээний согтолттой байсан. Шөнийн 01.30 цагийн орчим заставын цагийн манааг дуудаж буугаа шалга гээд бууг шалгуулан авч, дахин өөрөө шалган 5-6 алхам зайд очин зогсож байснаа баруун хөлнийхөө шилбэн тус газар буудаж гэмтээсэн.

Тус аймгийн Наран сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Т, хэсгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.З нарт хэргийг шалгуулахаар эд мөрийн баримтыг хүлээлгэн өгч зохих журмын дагуу шалгуулсан. Сүхбаатар аймгийн Прокурорын газрын 2014 оны 04 дүгээр сарын 01- ний өдрийн 5/182 тоот тогтоолоор Ц.Б нь өөрөө өөртөө гэмтэл учруулсан тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.

Хилийн **** дүгээр ангийн заставын жагсаалын дарга, ахлах ахлагч Ц.Б нь архидан согтуурч өөрийгөө буудаж, биедээ хүнд гэмтэл учруулж цэргийн дүрэм, сахилгыг зөрчсөн тул Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5-ын 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 6/256 дугаар тушаалаар захиргааны санаачилгаар үүрэгт ажпаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халсан.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ц.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс цэргийн тэтгэвэр тогтоолгосон байна.

Цэргийн алба хаагч нь төрийн тусгай алба хаагч буюу Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын ангилалд хамаарагддаг. Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дах хэсэгт “Энэ хуулийн 24.1.1, 24.1.2-т заасан /тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн/ үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ алба хаагчид төрийн албанд ажилласан хугацааг харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно” гэж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж тус тус заасан.

Дээрхээс бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан тохиолдолд 36 хүртэл сарын цалинтай нь тэнцэх хэмжээний тусламж, тэтгэмж олгох хуулийн зохицуулалт байхгүй байна.

Нэхэмжлэгч Ц.Б нь цэргийн дүрэм, сахилгыг зөрчиж захиргааны санаачилгаар цэргийн жинхэнэ албанаас халагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй байна.

Иймд иргэн Ц.Б-с гаргасан нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ: “Хариуцагчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүх хуулийн дагуу эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Б нь нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэрийг буюу “Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгуулж, 36 хүртэл сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 18.423.851 төгрөг олгохыг даалгуулах”  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг үнэлэн холбогдох хуулийг тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Б нь хилийн **** дүгээр ангийн дугаар заставын жагсаалын даргаар ажиллаж байхдаа 2014 оны 02 дугаар сарын 06-наас 07-д шилжих шөнө харуулын албаны журам, түүний дагуу гаргасан захирагчийн тушаалыг зөрчин согтуурсан үедээ харуулын ажил шалгаж, заставын цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагч Т.М-н эзэмшиж байсан АКМ бууг өөрийн авч явсан сумаар цэнэглэн гал алдсаны улмаас өөрийн баруун  хөлнийхөө шилбэн тус газар буудаж хүнд зэргийн гэмтэл учруулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн Ц.Б-д холбогдох 201517000185 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтнээр Ц.Б-г байцаасан мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд Сүхбаатар аймгийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 5/200 дугаар тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “энэ хуульд ялаас өршөөн хасах болон өршөөлд хамааруулахгүйгээр зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн хүний хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Энэ зөрчлөөр нь хилийн **** дүгээр ангийн захирагчаас ирсэн саналын дагуу Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн б/256 дугаар тушаалаар Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/  -ийн 19 дүгээр зүйлийн 5.4-т заасан “цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчсөн ... тохиолдолд ... ахлагчийг нас харгалзахгүйгээр цэргийн жинхэнэ албанаас бэлтгэлээр хална” гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн албанаас халжээ.  

Нэхэмжлэгч Ц.Б нь цэргийн сахилга, дүрэм зөрчсөн гэсэн үндэслэлээр цэргийн албанаас халсан дээрх шийдвэрт маргаагүй, гомдол гаргаагүй болно.  

Харин түүний гаргасан цэргийн тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж гаргуулах хүсэлтэд Хил хамгаалах ерөнхий газрын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 1-3/2974 тоот албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.

Тэрээр цэргийн тэтгэвэр тогтоолгохоор Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “цэргийн тэтгэвэр тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон ...  байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно”, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “25-аас доошгүй жил цэргийн алба хаасан эрэгтэй ... нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй” гэж тус тус зааснаар цагдаагийн байгууллагад 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл , цэргийн жинхэнэ албанд 1997 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  ажилласан жилийг Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-ийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хилийн суманд алба хаасан нэг жилийг нэг жил дөрвөн сараар дүйцүүлэн тооцож” , 25 жил 4 сар цэргийн алба хаасан тул цэргийн алба хаасны тэтгэврийг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс тогтоолгон  авсан байна.   

Ц.Б нь Хууль зүйн сайдад 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хандан цэргийн албан хаагчийн 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж гаргуулахаар өргөдөл гаргасныг Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 8/4702 тоот албан бичгээр Хил хамгаалах ерөнхий газрын даргад “өргөдлийг судалж хариуг ирүүлнэ үү” хэмээн шилжүүлсэн, уг өргөдлийн хариуг Хил хамгаалах ерөнхий газрын орлогч дарга, бригадын генералын 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1-3/2095 тоот албан бичгээр Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад хүргүүлсэн авч аль аль нь өргөдөл гаргагчид хариуг өгөөгүй байна.

Улмаар Ц.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан өргөдлийн хариуг авахаар 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад дахин хандсанаар 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 6/1295 тоот албан бичгээр  Хил хамгаалах ерөнхий газрын даргад шилжүүлж, Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичиг -ээр “...Ц.Б нь Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 4 дэх заалтын дагуу цэргийн дүрэм, сахилгыг удаа дараа зөрчиж захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйл, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нэг удаагийн тэтгэмж олгох боломжгүй...” гэж шийдвэрлэн өргөдөл гаргагчид хариу өгчээ.

Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “...зохих байгууллагын шийдвэрээр цэргийн албан хаагчийн тэтгэврээ тогтоолгосон, нэг удаагийн тэтгэмж авах хууль зүйн үндэслэл бий болсон атал хариуцагчийн гаргасан энэхүү хууль бус актын улмаас цэргийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмж авах эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчиж байгаа нь хууль бус...” гэж, хариуцагчаас “...Ц.Б нь архидан согтуурч өөрийгөө буудаж, биедээ хүнд гэмтэл учруулж цэргийн дүрэм, сахилгыг зөрчсөн тул Монгол Улсын иргэний цэргийн үүргийн  болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5.4 дэх хэсэгт заасныг үндэслэн Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2014 оны б/256  дугаар тушаалаар захиргааны санаачилгаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, цэргийн жинхэнэ албанаас халсан, Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 24.1.2-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөөгүй тул мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18-д заасан нэг удаагийн тэтгэмж олгох үндэслэлгүй...” гэж тайлбарлан маргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Б-с 1 удаагийн тэтгэмж хүссэн өргөдөлд “1 удаагийн тэтгэмж олгох боломжгүй” хэмээн татгалзсан хариу өгсөн Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичиг нь захиргааны байгууллага, албан тушаалтнаас гарсан, нийтийн эрх зүйн хүрээнд тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нэг удаагийн тэтгэмж авах хууль зүйн үндэслэл бий болсон эсэх талаарх гадагш чиглэсэн үр дагавар үүсгэсэн, нэхэмжлэгчийн ашиг сонирхлыг хязгаарласан сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул энэ нь Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзлээ.

Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6-д зааснаар Ц.Б-н ажиллаж байсан хилийн цэргийн ахлагчийн алба нь төрийн тусгай албан тушаал байх тул мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т зааснаар түүний төрийн тусгай алба хашихтай холбоотой эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулах бөгөөд уг хуулиар зохицуулаагүй харилцааг хууль тогтоомжийн бусад актаар, тухайлбал цэргийн албанаас халах үндэслэлийг Монгол Улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль /1992 оны/-иар, цэргийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой нарийвчилсан харилцааг Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тус тус зохицуулжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Энэ хуулийн 24.1.1-д “тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн”, 24.1.2-т “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүртэл” гэж заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн жинхэнэ албан хаагчид үндсэн цалингийн дунджаас нь ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.”  гэж төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаа болох нэг удаагийн тусламж олгох үндэслэлийг уг хуулинд тодорхой тусгажээ. Түүнчлэн мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “төрийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох, тэтгэврийн сан байгуулах, зарцуулах журмыг хуулиар зохицуулах”-аар зааж, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлээр “цэргийн алба хаагч ажлаас чөлөөлөгдөхдөө нэг удаагийн тэтгэмж авах тохиолдол, үндэслэл”-ийг, 19 дүгээр зүйлээр “уг нэг удаагийн тэтгэмжийн хэмжээ”-г тогтоож өгчээ.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд  “Цэргийн албан хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно” гэж нэг удаагийн тэтгэмж авах эрх үүсэх цэргийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлүүдийг тодорхой зааж өгсөн байна. Харин мөн хуулийн 19 дүгээр зүйлээр нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг дээрх чөлөөлөгдсөн үндэслэлээс хамаарч харилцан адилгүй байхаар тогтоосон байна. Тухайлбал 19 дүгээр зүйлийн 1-д “Цэргийн албан хаагч эрэгтэй 25-аас доошгүй ... жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарч чөлөөлөгдсөн бол түүнд З6 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 2-т “орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж нэг удаагийн тэтгэмжийн хэмжээг дээрх чөлөөлөгдсөн үндэслэлээс хамаарч харилцан адилгүй байхаар заажээ. 

Нэхэмжлэгч Ц.Б нь хилийн заставын жагсаалын даргаар ажиллаж байхдаа харуулын албаны журам, захирагчийн тушаалыг зөрчин согтуурсан үедээ харуулын ажил шалгаж заставын цагийн манааны үүрэг гүйцэтгэж байсан байлдагчийн эзэмшиж байсан АКМ бууг өөрийн авч явсан сумаар цэнэглэн гал алдсаны улмаас өөрийн биед хүнд гэмтэл учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 288 дугаар зүйлийн 288.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж, өршөөлд хамрагдан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, энэ зөрчлөөрөө үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, цэргийн албанаас халагдсан өөрөөр хэлбэл Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрч эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрч тэтгэвэр тогтоолгохоор ажлаас чөлөөлөгдсөн байх нэг удаагийн тэтгэмж авах үндэслэл нөхцөл бүрдээгүй  байх тул нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр нь Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасантай нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байна. 

Ийнхүү нэг удаагийн тэтгэмж олгохоос татгалзсан шийдвэр нь хуульд нийцсэн, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 18.423.851 төгрөг олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ц.Б-н өргөдлийг шийдвэрлүүлэхээр Хил хамгаалах ерөнхий газрын даргад шилжүүлсэн Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 6/1295 тоот албан бичигт Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ш.Л тус газрын орлогч дарга, бригадын генерал Ч.С-д “хуулийн хүрээнд шийдвэрлэж хариу өгье” хэмээн цохож, тус газрын орлогч дарга, бригадын генерал Ч.С 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгээр хариу өгсөн нь Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2012 оны А/09 дүгээр тушаалаар батлагдсан Хил хамгаалах байгууллагад хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмын 2.1-д “өргөдөл гомдлыг удирдлагад танилцуулан цохолт хийлгэж, шийдвэрлэх албан тушаалтанд шилжүүлэх”, 4.9-д “Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын гишүүдээр уламжлагдан ирсэн өргөдөл, гомдолд Хил хамгаалах ерөнхий газрын даргын, бусад байгууллагаар уламжлагдан ирсэн бол дэд дарга, хэлтсийн дарга нарын гарын үсэг бүхий албан бичгээр хариуг өгнө.” гэж заасантай нийцсэн, Хууль зүйн сайдын тушаалаар батлагдсан Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын ажлын байрны тодорхойлолтод заасан ажлын байрны чиг үүрэгт хамаарч байгаа төдийгүй, дээрх шийдвэр Хил хамгаалах ерөнхий газрын даргын шийдвэр болохыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илэрхийлсэн болохыг дурьдах нь зүйтэй.

 

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.6, 30 дугаар зүйлийн 30.2, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийг тус тус баримтлан Хил хамгаалах ерөнхий газрын орлогч даргын 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 1-3/626 дугаар албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчид 36 сарын цалин хөлстэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж 18.423.851 төгрөг олгохыг даалгах тухай Ц.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.   

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ХАЛИУНА

 ШҮҮГЧИД                                                       Д.ОЮУМАА

                                                                    Ц.ОДМАА