Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 02

 

 

 

             

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

                                                                       Хэргийн индекс: 150/2015/0279/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх  хуралдааны бүрэлдэхүүнд :

 

Даргалагч шүүгч        Б.Батзориг

                                Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                                    Г.Давааренчин

   Оролцогчид :

           Нэхэмжлэгч               С.Дэлгэрмаа

           Түүний  өмгөөлөгч    Л.Цуурай

           Хариуцагч                  Ц.Сампилноров

           Түүний өмгөөлөгч     Д.Даваахүү

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Шинэбаяр нар оролцож,

     Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Мөнхбаярын даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй Ц.Сампилноровт холбогдох  “2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, “Гоё” байрны 08 тоот орон сууцыг буцаан авах, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь 1 дүгээр баг, “Гоё” байрны 08 тоот орон сууцыг гаргуулах” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

 

        Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ:

        “…С.Дэлгэрмаа би 3 давхрын 8 тоот  58.96м2 1 өрөө байрыг Ц.Сампилноровын худалдан авах санал тавьсны дагуу 37000.000 төгрөгөөр зарах санал тавьж, урьдчилгаа 10.000.000 төгрөг авч, худалдах-худалдан авах гэрээ хийж, үлдэгдэл 27000.000 төгрөгийг дараа өгнө гэснээр гэрээнд бичүүлсэн боловч одоо болтол өгөхгүй  байгаа тул гэрээний дагуу 27000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

        Хариуцагч Ц.Сампилноров шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

        “…барилгын ажил дуусч сууцнуудыг хуваарилж дуусаад сүүлчийн үлдсэн 1 өрөө сууцыг надад өгсөн бөгөөд энэ нь 1 талаас барилга барихад оруулсан миний хувь нэмэр, хөдөлмөрийн үнэлгээ, нөгөө талаас хувийн сууцны барилга барихад тусална гэсэн амлалтаа биелүүлээгүйн төлбөр байсан. Энэ 1 өрөө орон сууц нь харьцангуй том талбайтай байсан учир би шударга ёсыг бодож, байрны үлдэгдэл үнэ нэрээр 10.000.000 төгрөг  нэмж төлсөн бөгөөд үүнийг 2013 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн үлдэгдэл тооцоо хийсэн баримтаар  нотолж байна. Тэгэхээр би Дэлгэрмаагаас сууц худалдан аваагүй, хөдөлмөрийн үнэ өртгөнд  авсан учир  төлбөрийн тухай яриа байгаагүй юм. Иймд С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Миний амьдарч байгаа 25 дугаар байшингийн 8 тоот байр бол миний өмч бөгөөд үүнийг  байрны гэрчилгээ батална гэжээ.

 

        Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…энэ барилгыг барихад Ц.Сампилноров гуай болон “Цемент шохой” ХХК-аас туслалцаа үзүүлээгүй, барилгыг хамт барилцсан хүн биш.

        …Би байраа 2 жилийн турш зарах гээд зар тавьсан. Би яагаад байрыг Ц.Сампилноров  гуайд өгсөн бэ гэвэл өөрөө байргүй хэцүү байна, нэг хүнтэй хамт амьдрах гэсэн юм гэхээр нь 1 жил үнэгүй суулгасан. Тэгээд би байраа зарах шаардлагатай боллоо гээд байрныхаа түлхүүрийг авах гээд очиход сайхан дулаахан байр байна, нэг өвөл сайхан өвөлжлөө, би энэ байрыг авах тул  байраа зарчих гэхээр нь итгэлтэй, мөнгөтэй хүн болохоор нь зөвшөөрсөн. Энэ хүн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээд өг гэхээр нь итгээд шилжүүлсэн.

         …Иймд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн С.Дэлгэрмаа, Ц.Сампилноров нарын хооронд хийгдсэн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”, мөн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Орон сууц зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-нээс тус тус татгалзаж, учирсан хохирол буюу Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 1 дүгээр баг 17 айлын орон сууц, 08 тоот, 58.96м2 бүхий орон сууц байраа буцаан авах, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн С.Дэлгэрмаа, Ц.Сампилноров нарын хооронд хийгдсэн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт  заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэлд  тооцуулж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу уг хэлцлээр Ц.Сампилноровт шилжүүлсэн Сэлэнгэ аймаг, Сайхан сум, 1 дүгээр баг 17 айлын орон сууц, 08 тоот байрыг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

 

        Хариуцагч Ц.Сампилноров шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        “…Би С.Дэлгэрмаагаас байр авъя гээгүй, байраа зарчих гэж хэлээгүй. Үндсэндээ бол байрыг надад өгсөн. Би хүний байрыг яаж зүгээр авах вэ гэж бодоод С.Дэлгэрмаад 10.000.000 төгрөг өгсөн. Тэгэхдээ бэлэн мөнгөний орлогын баримт бусад зүйлсээр баримтжуулаад өгсөн. С.Дэлгэрмаагийн гаргаж өгч байгаа баримтууд хуурамч байна гэж би үзэж байгаа. Жишээ нь байрыг зээлээр худалдах-худалдан авах гэрээ. Би үүнийг огт хараагүй. С.Дэлгэрмаа нь надтай байгуулсан гэрээнээс өөр миний гарын үсгийг хуурамчаар үйлдсэн гэрээг шүүхэд нотлох баримтаар гарган өгч, улмаар энэ гэрээ нь криминалистикийн шинжилгээгээр гарын үсгийг дуурайлган зурсан гэдэг нь тогтоогдоод ирэхээр өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, гэрээнээс татгалзаж, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэлээ өөрчилж байгаа нь үндэслэлгүй байна.

        Нэхэмжлэгч С.Дэлгэрмаатай би 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлж, улмаар Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд гэрээгээ хүргүүлэн Орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан” гэв.

 

        Сайхан сум дахь Сум дундын шүүх дээрх иргэний  хэргийг  2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 144 дугаартай шийдвэрээр:

  1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн орон сууц зээлээр худалдах-худалдан авах  гэрээнээс татгалзаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг, Гоё байшингийн 08 тоот орон сууцыг буцаан авах, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Орон сууц худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр баг Гоё байшингийн 08 тоот орон сууцыг буцаан гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

        Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:

        “...Ц.Сампилноров шүүх хуралдаан дээр ...С.Дэлгэрмаа бид 2 утсаар маргалдсан. Байраа авья гэж хэлж байсан, би амлалтаа биелүүл, тэгээд байраа аваарай гэж хэлсэн... гэж ярьдаг. Үүнээс үзэхэд Ц.Сампилноров угаасаа байр авах сонирхолгүй, харин хувийн байшингаа бариулж байж байрыг нь буцаан  өгөх хүсэлттэй байсан нь дээрх хариуцагчийн тайлбараар нотлогддог. Үүнээс харахад 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хийгдсэн худалдах, худалдан авах гэрээ нь 2 талын хүсэлт зоригийн үндсэн дээр хийгдээгүй, дүр эсгэсэн байдал нь тодорхой байна. Нөгөөтэйгүүр байрны үнэ 27.000.000 төгрөгөөр тохирсон гэсэн бичвэр заалт байдаг. Үүнийг шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл тусгагдсан, Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт зааснаар худалдагч, худалдан авагч талууд гэрээнд гарын үсэг зурж гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэжээ. Гэтэл хариуцагч Ц.Сампилноров би С.Дэлгэрмаагаас байр авья гээгүй гэж байгаа нь угаасаа хүсэл зоригийн дагуу хийгдээгүй гэж үзэх бас нэг үндэслэл юм.

        Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “...худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч...баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...” гэжээ. Дээрх гэрээ ч үүний дагуу хийгдэж, нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, Ц.Сампилноров нар хэн алиныхаа өмнө үүрэг хүлээсэн. Гэтэл хариуцагч гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй.

       Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “...талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй...” гэжээ. Үүнээс үзэхэд хариуцагч үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч С.Дэлгэрмаа гэрээнээс татгалзах эрхтэй байна. Гэрээнээс татгалзсан нөхцөлд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн нэхэмжлэл хууль зүйн дагуу бүрэн үндэслэлтэй байхад шүүх иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн илтэд нэг талыг барьсан, хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэжээ.

 

           Хариуцагч Ц.Сампилноров давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

         “…Би анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. С.Дэлгэрмаа бид нарын хооронд байр худалдан авах гэрээ гэж байгуулагдаагүй, зээлээр худалдан авсан мөнгөө төлнө гэсэн ойлголт байгаагүй. С.Дэлгэрмаа байраа барихдаа бидний ажилд тусал, бид байрыг чинь барихад тусална гэж хэлсэн. Би анхнаасаа баригдаж байсан байрнаас байр авна гээгүй, миний байрыг дуусгаад өг гэж л хэлсэн. Гэтэл С.Дэлгэрмаа гурван жилийн хугацаанд нэг ч тоосго бариагүй. Тэгээд С.Дэлгэрмаа амлалтандаа хүрсэнгүй гээд нэг өрөө байр өгсөн” гэв.

 

          Хариуцагчийн өмгөөлөгч Д.Даваахүү  давж заалдах шатны  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

 

        “…Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах, уг гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Өмгөөлөгчийн зүгээс уг гэрээ анхнаасаа байгуулагдаагүй гэж үзэж байна. Учир нь уг гэрээн дээрх гарын үсэг нь Ц.Сампилноровын гарын үсэг биш гэдгийг шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 205 дугаар зүйлд заасны дагуу дээрх гэрээнээс татгалзах үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

 

Үндэслэх нь:

             

         Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь  анх шүүхэд хариуцагч С.Сампилноровт холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 27.000.000 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчтай байгуулсан “2014 оны 03 сарын 28-ны өдрийн орон сууц зээлээр худалдах худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай “Гоё” байрны 08 тоот орон сууцыг буцаан авах”, 2014 оны 03 сарын 28-ны өдрийн  хариуцагч С.Сампилноровтой байгуулсан “худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж”,  “гэрээгээр шилжүүлсэн орон сууцыг буцаан гаргуулах” гэж өөрчилжээ.

 

           Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

          Зохигчдын  хооронд  2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр “орон сууц худалдах, худалдан авах гэрээ” /хэргийн 7 дугаар тал/, “Орон сууц зээлээр худалдах, худалдан авах  гэрээ”  /хэргийн 9 дүгээр тал/ тус тус байгуулагджээ.

 

         Талуудын хооронд 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр  хоёр төрлийн гэрээ байгуулагдсан бөгөөд тус гэрээнүүдийг байгуулаагүй гэж хэргийн хариуцагч маргадаг. 

 

          Гэтэл талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээнүүдийн аль гэрээгээр маргаан бүхий Сэлэнгэ аймаг Сайхан сумын 1 дүгээр багт байрлалтай “Гоё” байрны 08 тоот 58.9мкв талбай бүхий  орон сууц нь  нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн өмчлөлөөс /хэргийн 8 дугаар тал/ 2014 оны 04 сарын 04-ний өдөр хариуцагч Ц.Сампилноровын өмчлөлд  /хэргийн 61 дүгээр тал/ хэрхэн шилжсэн тухай  хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад  анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах худалдан авах гэрээ  байгуулагдаж, 2013 оны 08 сарын 04-ний өдөр  хариуцагч төлбөр төлөх үүргээ биелүүлж,  гэрээ дуусгавар болсон гэж  дүгнэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь  ойлгомжгүй байна.

 

         Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, хоёрдмол утга агуулга бүхий  байхад  нэхэмжлэлийн тухайн шаардлагыг тодруулаагүй мөн зохигч талууд гэрээ байгуулсан эсэх талаар маргаж байхад гэрээ дуусгавар болгосон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.   

 

          Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэх, тухай хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, мөн  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул   шийдвэрийг хүчингүй болгон дахин хэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн  167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын шүүхийн 2016  оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 144 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,  хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд  буцаасугай. 

 

         2. Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн    59.3-т зааснаар нэхэмжлэгч С.Дэлгэрмаагаас  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

         3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                       Б.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                           Л.АМАРСАНАА

 

                                                                                      Г.ДАВААРЕНЧИН