Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2019/0171

 

 

 

   

 

 

Б.Т-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Т, түүний өмгөөлөгч Р.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, Б.Т-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуучлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэрээр “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 38 дугаар зүйлийн 38.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Т-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын иргэн Б.Т-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дахь талд нэхэмжлэгч шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй байна” гэж үзжээ. Хэрэгт авагдсан материалуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Т-д Богдхан уулын дархан цаазат газын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгээр мэдэгдсэн байдаг. Маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор шүүхэд гаргах байсан. Гэтэл нэхэмжлэгч 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд хандсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нөхцөлийг бүрдүүлсэн байдаг.

Гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй болох бөгөөд 3 сарын дотор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын даргаар батлуулсан байна. Нэхэмжлэгч 3 сарын дотор гэрээ байгуулаагүй улмаас газрын төлбөр төлөөгүй нь улсын төсөвт хохирол учруулаад байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх”, гэж заасны дагуу газар ашиглах эрхийг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад удаа дараа анхааруулж, яамны албан ёсны www.mne.mn сайтад 2018 оны 01 дүгээр сарын 02, 04-ний өдөр, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр тус тус зарлал, мэдээлэл тавьж ажиллаж байсан.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Газар ашиглах эрхийг дуусгавар болгох тухай” А/121 дүгээр тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг удирдлага болгосон. Нэхэмжлэгч Б.Т нь 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдрөөс хойно тухайн газар дээрээ үйл ажиллагаа явуулаагүй. Газрын төлбөрөө төлөөгүй нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа.

Гэтэл шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлаж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хууль хэрэглэх зарчмыг зөрчиж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтуудад зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Т нь Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн А/121 дүгээр “Газар ашиглах эрх дуусгавар болгох тухай” тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуучлалын үйл ажиллагаа явуулах зорилгоор газар ашиглах эрхийн гэрчилгээ авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил буюу түүнээс дээш хугацаанд ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэх шалтгаанаар нэхэмжлэгч Б.Т-ийн газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “... газар ашиглах гэрээ байгуулахаар удаа дараа захиргааны байгууллагад хандсан боловч гэрээ байгуулаагүй, тиймээс газрын төлбөрөө төлж чадаагүй” гэж тайлбарлан маргасан байна.  

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Байгаль орчин, аялал жуучлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга 2013 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд 3 га газрыг аялал жуучлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийн 2013/31 дүгээр гэрчилгээг нэхэмжлэгч Б.Т-д олгосон боловч түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, газар ашиглах гэрээ байгуулагдаагүй байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1-д “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн З6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах тухай гэрээг өөрөө буюу хамгаалалтын захиргаатай хамтран байгуулна”, 2-т “Газар ашиглах тухай гэрээнд Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаас гадна дараахь зүйлийг тусгана”, 2-ын 2-т “газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацаа”, 2-ын 3-т “газрыг ашиглах, хамгаалах талаарх талуудын эрх, үүрэг, хариуцлага” гэж хуульчилснаас үзэхэд газар ашиглах гэрээнд газрын төлбөрийн хэмжээ, төлөх хугацааг зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглагчийн хувьд хүлээх үүрэг нь тодорхой болох бөгөөд уг заалтаар тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай гэрээг хамгаалалтын захиргаа болон газар ашиглагчтай хамтран байгуулахыг сум, дүүргийн Засаг даргад үүрэг болгосон байх тул энэ тохиолдолд нэхэмжлэгч Б.Т-ийг гэрээ байгуулах үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...гэрчилгээ олгогдсон өдрөөс эхлэн газар ашиглагч нь тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулах эрхтэй...” гэх гомдол нь үндэслэлгүй бөгөөд “нэхэмжлэгч өөрөө араас нь хөөцөлдөж, лавлах шаардлагатай байсан” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд хариуцагч төрийн захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5-д зааснаар захиргааны байгууллагын шийдвэр нь шуурхай, тасралтгүй байж, үндэслэл бүхий, бодит байдалд тохирсон, тодорхой байх зарчмыг хангаагүй.

Түүнчлэн мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийг судалж, нөхцөл байдлыг тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.

Хэрэгт авагдсан шуудангийн дугтуй, нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч Б.Т нь маргаан бүхий 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн актын талаар мэдэгдсэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгийг хүлээн авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байх тул Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэгч Б.Т-д Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч маргаан бүхий акттай холбоотой нэхэмжлэлээ 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор шүүхэд гарах байсан...” гэх гомдол үндэслэлгүй.

Бодит байдалд 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 602 дугаар албан бичгийг тухайн өдрөө шууданд хийсэн гэж үзэхэд тэр өдрөө нэхэмжлэгчид гардуулсан гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд гомдолд дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0021 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

        ШҮҮГЧ                                                                                   С.МӨНХЖАРГАЛ

 ШҮҮГЧ                                                                                   Д.БААТАРХҮҮ