Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00668

 

“Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00180 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 689 дүгээр магадлалтай,

“Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Түвшинжаргалд холбогдох,

2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад  тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ж.Түвшинжаргал, өмгөөлөгч Д.Долгормаа, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: тус компани нь Ж.Түвшинжаргалд холбогдуулж, түүний өмчлөлийн газрыг худалдан авсны төлбөрт төлсөн 550.000.000 төгрөгт дүйцүүлэн, Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Барилгачдын 6 дугаар гудамж, 2036 тоот 700 м.кв газрыг Эн Эн Жи Юу ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх дээрх нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2576 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг батлан шийдвэрлэсэн байна. Энэхүү захирамжийн үндэслэл болсон эвлэрлийн гэрээнд тус компанийн Ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг гарын үсэг зураагүй бөгөөд хэн нэгэн этгээд түүний гарын үсгийн дардсыг ашигласан байна.

Нэгэнт гэрээний нэг тал хүсэл зоригоо илэрхийлээгүй, гарын үсэг зураагүй тул 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Түвшинжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Би иргэн Ч.Сүрэнцэцэгтэй ярьж тохирсноор өөрийн өмчлөлийн 3 айлын гал, голомт болох 2.000 м.кв газраа үл хөдлөхийн гэрчилгээтэй 2 ширхэг 2 давхар байшин мөн 180 м.кв агуулахын хамт буулган чөлөөлж өгсөн боловч мөнгө төгрөгөө авах асуудлаас болж маргаан үүсч, улмаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар эвлэрлийг баталснаар дуусгавар болсон юм. Ч.Сүрэнцэцэг нь дээрх захирамжийн дагуу газрыг өөрийн компанийн нэр дээр шилжүүлэн авснаас хойш нэг төгрөг ч төлөөгүй. Миний хувьд Сүрэнцэцэгийн гарын үсэг, дардсыг хуурамчаар хийж ашиглах ямар ч боломжгүй бөгөөд хамт байлцан гэрээнд гарын үсэг зурж нотариатаар батлуулан шүүхэд өгч шүүгч хянан шүүх хурал болж захирамж гарсан. Сүрэнцэцэг нь төлбөр төлөхгүй байх бүхий  л арга замыг хайж ор үндэсгүй аргаар цаг хугацаа хожин хуурч, мэхлэн гүтгэж байна. Одоогийн байдлаар миний хувьд ямар ч бизнес хийх орлого олох боломжгүй болсон.  Энэ асуудал шийдэгдвэл болно гээд энд тэндээс хүүтэй мөнгө зээлж түүнийгээ буцаан төлж чадахгүй өрөнд орж,  гадагшаа гарах эрхээ хүртэл хасуулсан. Мөн байгаа бүх зүйлээ барьцаад тавиад алдсан. Иймд үнэн зөвийг олж тогтоон шударгаар шийдэж өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00180 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК болон хариуцагч Ж.Түвшинжаргал нарын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, -д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК-иас 4.564.250 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, хариуцагч Ж.Түвшинжаргалаас 4.634.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 689 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2017/00180 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Түвшинжаргалд холбогдох 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 689 дүгээр магадлалыг эс зөвшөөрч “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.Манай “Эн Эн Жи Юу” ХХК нь иргэн Түвшинжаргалаас Сүхбаатар дүүрэгт байрлалтай, 1559 мкв газрыг 1.150.000.000 /нэг тэрбум нэг зуун тавин сая/ төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Ингээд 550.000.000 /таван зуун тавин сая/төгрөгийгтүүнд төлсөн. Гэтэл Түвшинжаргал нь нэгч м.кв газар шилжүүлээгүй тул арга буюу манай компани анх нэхэмжлэл гаргасан. Шүүх төлөх ёстой үлдэгдэл 600 сая төгрөгийг 895 сая төгрөг болгож Түвшинжаргалд өгөх, мөн 2 өрөө байр 1 ширхгийг өгөх, мөн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож 860 м.кв талбайтай үйлчилгээний төвийн барилгыг Түвшинжаргалын барьцаанд байлгахаар, харин газрыг Эн Эн Жи Юу ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байсан.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг баримтлан магадлал гаргасан. Ингэхдээ “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцсон нь үндэслэлгүй юм” гэсэн дүгнэлтийг хийжээ.Эвлэрлийг баталсан 2376 тоот захирамж гэдгийг нэхэмжлэгч огт мэдээгүй, тухайд өдөр шүүх хуралдаанд нэхэмжлэгч огт байгаагүй. Гэнэт захирамж ирэнгүүд авсан даруйд давж заалдах мөн хяналтын гомдол гаргаж гэж үзсэн боловч гомдлыг шүүх аваагүй.Тэр бүгдэд эвлэрлийг баталсан, эвлэрлийн гэрээтэй гэдэг хариуг өгч "захирамжаа хянаагүй” хүчингүй болгоогүй. Нэхэмжлэгчийн байхгүйд, түүнд танилцуулалгүй, гарын үсэг зуруулаагүй, шүүх хуралдаанд оролцуулаагүй, нууцаар хийсэн гэрээг “хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай” нэхэмжлэлийг хаана, аль ч шүүх шийдээгүй, тийм шийдвэр хаана ч байхгүй. Бид хариуцагч Түвшинжаргалд холбогдуулан гаргаж байсан нэхэмжлэлээ дахин гаргаагүй, тухайн хэргийн үед талуудын хооронд маргаж байсан, газрын тухай, түүний төлбөрийн тухай гэх мэт үйл баримтыг тогтоолгохыг хүсээгүй, огт өөр агуулгатай нэхэмжлэл гаргасан. Тодруулбал “шүүгчийн захирамжийн үндэслэл болсон эвлэрлийн гэрээ Иргэний хуулийг зөрчлөө” гэсэн өөр үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэл юм. Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагатай нэхэмжлэл юм. Ийм шаардлагатай нэхэмжлэл өмнө нь хаана ч гаргаагүй, аль ч шүүх шийдээгүй, ийм агуулгатай шийдвэр хаана ч байхгүй. Энэ үйл баримтын талаар аль ч шүүх дүгнээгүй.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хуулийн65 дугаар зүйлийн 65.1.6 дахь заалтыг буруу ойлгож, буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 689 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 180 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Эн Эн Жи Юу” ХХК нь хариуцагч Ж.Түвшинжаргалд холбогдуулан эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай  нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг гэрээнд гарын үсэг зураагүй гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2376 дугаар шүүгчийн захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохдоо тэдгээрийн хооронд байгуулсан 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эвлэрлийн гэрээг үндэслэл болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчинтэй болно.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь шүүгчийн захирамжаар баталгаажсан, хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа  нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болсноос гадна Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтыг тухайн маргаанд буруу тайлбарлан хэрэглэжээ. 

Зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа,  энэ тохиолдолд шүүх хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т заасан.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 689 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ