Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 909

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: А.Намдаг,

Шүүгдэгч: Б.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б.Ат холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805031101000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А, 1987 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт ... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ань 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай саун” массажны газарт иргэн Д.Этай гар утасны мөнгө өгөхгүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Аийн  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч Д.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 20 цагийн орчим Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Скай нэртэй массажны газар дээр тус газрыг ажиллуулдаг Б.Атэй уулзах гээд очсон бөгөөд үүдэнд нь Атэй уулзаад би гар утасныхаа мөнгийг авмаар байна гэсэн чинь өөдөөс боломжгүй гэхээр нь цаашаа массажны газар луу бид хоёр хамт орсон. Тэгээд би гар утасныхаа мөнгийг нэхсэн чинь гэнэт А чи ёр нь яагаад давраад байгаа юм гэж хэлээд миний үснээс хоёр гараараа зулгааж доош нь дараад хоёр хөлөөрөө нүүр, толгой руу өвдөглөөд зодсон. ...Би хоёр сарын өмнө хамт ажилладаг байсан Ат өөрийн Самсунг эс-5 голд маркийн гар утсаа өгсөн байсан. Надаас миний гар утсыг авахдаа манайд үзэж, харах юм байхгүй байна, түр хэрэглэж байгаад өгнө гэж хэлээд одоог хүртэл миний гар утсыг өгөхгүй байхаар нь би Баянгол дүүргийн Скай саун массажны газарт очиж гар утасныхаа мөнгийг авах гэхэд А одоохондоо надад мөнгө байхгүй байна мөнгөтэй болохоороо өгнө гээд байхаар нь би ядахдаа 200.000 төгрөг өгчих надад мөнгө алга байна гэсэн.  А чи яагаад давраад байгаа гичий вэ гэж хэлээд намайг барьж авч үсдэж дарж нүүрэн тус газарт өвдөглөж цохиод, намайг ална шүү гэхээр нь би алахгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь би толинд хартал миний толгойн баруун урд хэсгийн үс газарт нэлээн их унасан байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн чинь А намайг гаръя гэхээр нь би байж бай цагдаа ирэхээр нь шалгуулна гэхэд А намайг цагдаа иртэл гадаа гараад байж байя гэж хэлээд гадаа байсан Ганбаа гэх дүүгийнхээ машинд гарч суухад нөхөр Батмөнх бас тухайн машин тодор байсан. Тэгээд намайг явах гэхэд явуулахгүй гээд уг машинд орж суухад дүү нь машинаа асааж хөдлөөд 3, 4 дүгээр хорооллын эцэст намайг машинаас хөөж буулгаад чи өөрөө цагдаа дээрээ очихгүй юу, чиний цагдаагаас айх юм уу гэж хэлээд намайг буулгачихаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 11, 24/,

Шинжээчийн 10964 тоот дүгнэлтэд: “...Д.Эгийн биед баруун зулай хэсэгт үс халцарч унасан, духны гол хэсгээр зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 26/,

Яллагдагчаар Б.Аийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Скай массажны газарт Э манай үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд тухайн өдөр жаахан архи үнэртүүлчихсэн байсан. Тэгээд Э надад одоо ажиллаасаа цалингаа авна гэхээр нь одоо надад мөнгө алга байна, дараа гэсэн чинь одоо авна гээд бид хоёр маргалдсан. Тэгээд би Этай маргалдаад хоорондоо үсдэлцсэн чинь тухайн үед манайд ажиллаж байсан Ану, Туяа хоёр салгасан.Тухайн үед би Эгийн үснээс үсдэж уг хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 8/, Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 32-46, 54-55 /, хохирол төлсөн баримт /хх-н 60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ань 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Скай саун” массажны газарт иргэн Д.Этай гар утасны мөнгө өгөхгүй гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Эгийн : “...А чи ёр нь яагаад давраад байгаарай гэж хэлснээ ...намайг барьж авч үсдэж дарж нүүрэн тус газарт өвдөглөж цохиод намайг ална шүү гэхээр би алахгүй юу гэж хэлсэн. Тэгээд миний толгой өвдөөд байхаар нь би толинд хартал миний баруун урд хэсгийн толгойны үс газарт нэлээн их унасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 11, 24/, шинжээчийн 10964  дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ань хохирогчид гар утасны мөнгө өгөхгүй гэж маргалдан улмаар түүнийг үснээс зулгааж өвдөглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэмт буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Эгийн  биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс 200.000 төгрөгийн хохирол авсан, гомдолгүй гэсэн хүсэлт /хх-н 60/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Б.Аийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь Б.Ань  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгч Б.Аийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй зэргийг харгалзан улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ань шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ОТГОНБАЯР