Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 908

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Д.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч: Б.Аөөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Аод холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705018190869 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А, 1984 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 2, эхнэрийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ань 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 3 дугаар орцонд иргэн Д.Б, У.Жнарыг зодож эрүүл мэндэд нь тус тус хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Аын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

           Хохирогч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой өөрийн эхнэр Ж, охин Р нарын хамт хамаатныхаа айлд очоод гэртээ 21 цагийн үед ирээд өөрийн “Тоёота Камри” маркийн суудлын жижиг тэргээ зогсоолд байрлуулах гээд хайж явж байтал нэг машин зам хаагаад зогсчихсон байхаар нь би машин дотроосоо дуут дохио болон гэрлээ анивчуулсан боловч ерөөсөө машинаа холдуулж өгөхгүй болохоор нь хажуугаар их ойрхон зөрсөн. Тэгтэл нөгөө машины жолооч гарч ирээд “чи миний машиныг шүргэчихвэл яах юм бэ, юугаараа төлөх юм” гээд байхаар нь би “чи миний машиныг хоёр хоног хаасан хүн мөн байна, чи алгын чинээхэн цаасан дээр өөрийнхөө гар утасны дугаарыг тавьчихад яадаг хүн бэ” гэхэд шууд барьж авахаар нь чи араа даана биз дээ, энэ улс хуультай улс шүү гэхэд намайг заамдаж аваад цохьсон. Би чамайг алчих юмсан гээд дайраад байсан. Тэгээд мултраад цаашаагаа орц руу ороход араас дагаж ороод лифт ажиллахгүй болохоор нь дээшээ шатаар гарах гэсэн чинь ямар овоо муу гар вэ гэж хэлээд орцонд дахин нүүрэн тус газар цохьсон. Тэгээд намайг хавираад дээрээс боож унагаасан. Тэгэхэд байрны жижүүр нөхрийн хамт юу болоод байнаа гэж гарч ирэхэд нөгөөх залуу орцны жижүүрийн нөхөртэй зодолдсон. Мөн жижүүр Т эгч нөгөө залуутай хамт явж байсан эмэгтэйтэй зууралдаж эхэлсэн. Эхнэр хүүхдээ оруулчихаад гарч ирээд намайг салгах гэхэд нөгөөх залуу манай эхнэрийг тохойгоороо цохиод унагачихсан. Тэгээд манай эхнэр босоод гэр лүүгээ дээшээ шатаар алхаад зугатааж явахад тэр залуутай хамт явж байсан эмэгтэй манай эхнэрийг араас нь үсдээд шатан дээр чирсэн. Тэгээд над дээр хүрч ирээд намайг бас багалзуурдсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,

Хохирогч У.Жгийн  мөрдөн байцаалтад өгсөн: “...манай нөхрийг шатан дээр унагаачихсан цохиж байхыг нь тав юм уу зургаан давхраас харсан. Дээшээ хүүхдээ гаргахаас өмнө манай нөхрийг цохиод байхаар нь би салгах гээд очиход нөгөө залуу намайг гараараа угзран нэг удаа цохиж хана руу түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч Г.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...нэг эмэгтэй хүн гарч ирээд ...аймар харааж өмсөж байсан углаашаа тайлж шидээд байх шиг байсан. ...миний харснаар Баяраа бол ямар ч үйлдэл хийхгүй, нөгөө залуу бяр чадал, хүчтэй юу ч хийлгэхгүй дайрч давшлан хана руу тулгаж багалзуурдсан. Тэр залуу нилээн ааг омогтой аймаар ууртай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/,

            Сэжигтнээр Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...эвдэрчихсэн машинтай хүн машинаа түрж гаргаж байна, та нар ямар тэвчээр муутай юм бэ гээд хэлтэл шууд үгийн зөрүүгүй хөдөөний муу орк минь зүгээр дуугүй зайл гээд хэлэхээр нь би чи муу юу гээд байгаан бэ гээд цаашаа хартал эхнэр хүүхэдтэйгээ явж байхаар нь айлгачих юм болов уу гээд хэрэлдээгүй юм. Тэгээд би гэр лүүгээ орж явтал нөгөө хүн манай орц болж таараад орцон дотор намайг орк, зайл гээд доромжлоод байхаар нь хуцаад байлгүй эхнэр, хүүхдээ авч ор гэж хэлээд шатаар хамт алхаад явж байтал 3 дугаар давхарын өгсөх шатны дээрээс над руу шүлсээрээ нүүр лүү нулимахаар нь би гүйж очоод барьж заамдаж аваад куртикных нь энгэрээр нүүрээ арчих гээд татаж чангааж байгаад нүүр аманд нь санаандгүй хүрчихсэн юм. Тэгэхэд амнаас нь жаахан цус гарах шиг болсон юм. Тэгтэл хэрүүл болж манай дүү гэрээсээ гарч ирээд ...ямар заваан амьтан бэ гээд манай дүү нөгөө нөхөр дээр очоод зодоон нүдээн хийлгэхгүй гээд түлхэж холдуулахад нөгөө нөхрийн эхнэр манай дүүг үсдээд автал манай дүү зөрүүлээд үсдэж аваад зодолдоод байсан. Тэгтэл манай дүүг нөхөр нь хана руу түлхэхээр нь би нөхрийг нь бариад автал манай дүү зодоон хийлгэхгүй гээд дахиж салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-н 54-55/,

            Шинжээчийн 14364 тоот дүгнэлтэд: “...У.Жгийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 38/,

            Шинжээчийн 14357 тоот дүгнэлтэд: “...Д.Бгийн биед тархи доргилт, эрүү, цээжинд зулгаралт, баруун тохойд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 40/,

            Хохирогч нарын өргөдөл /хх-н 12-14/, Комьютер томографийн оношлогоо /хх-н 39, 41/, Хохирлын баримтууд /хх-н 48-51/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 67-79/ зэрэг болно.

          Гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Б.Ань 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 3 дугаар орцонд иргэн Д.Б, У.Жнартай маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Бгийн: “...Тэгтэл нөгөө машины жолооч гарч ирээд “чи миний машиныг шүргэчихвэл яах юм бэ, юугаараа төлөх юм” гээд байхаар нь би “чи миний машиныг хоёр хоног хаасан хүн мөн байна, чи алгын чинээхэн цаасан дээр өөрийнхөө гар утасны дугаарыг тавьчихад яадаг хүн бэ” гэхэд шууд барьж авахаар нь “чи араа даана биз дээ, энэ улс хуультай улс шүү” гэхэд намайг заамдаж аваад цохьсон. Би чамайг алчих юмсан гээд дайраад байсан. Тэгээд мултраад цаашаагаа орц руу ороход араас дагаж ороод лифт ажиллахгүй болохоор нь дээшээ шатаар гарах гэсэн чинь ямар овоо муу гар вэ гэж хэлээд орцонд дахин нүүрэн тус газар цохьсон. Тэгээд намайг хавираад дээрээс боож унагаасан. Тэгэхэд байрны жижүүр нөхрийн хамт юу болоод байнаа гэж гарч ирэхэд нөгөөх залуу орцны жижүүрийн нөхөртэй зодолдсон. ...Эхнэр хүүхдээ оруулж тавьчихаад гарч ирээд намайг салгах гэхэд нөгөөх залуу манай эхнэрийг тохойгоороо цохиод унагачихсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/, хохирогч У.Жгийн: “...манай нөхрийг шатан дээр унагаачихсан цохиж байхыг нь тав юм уу зургаан давхраас харсан. Дээшээ хүүхдээ гаргахаас өмнө манай нөхрийг цохиод байхаар нь би салгах гээд очиход нөгөө залуу намайг гараараа угзран нэг удаа цохиж, хана руу түлхсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/, гэрч Г.Тгийн: “...нэг эмэгтэй хүн гарч ирээд ...аймар харааж өмсөж байсан углаашаа тайлж шидээд байх шиг байсан. ...миний харснаар Баяраа бол ямар ч үйлдэл хийхгүй нөгөө залуу бяр чадал хүчтэй юу ч хийлгэхгүй дайрч давшлан хана руу тулгаж багалзуурдсан. Тэр залуу нилээн ааг омогтой аймаар ууртай залуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 31-32/, шинжээчийн 14364, 4357 тоот дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Аын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ань хохирогч У.Ж, Д.Б нартай маргалдан тэднийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Ж, Д.Б нарын биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.

Хохирогч У.Ж, Д.Б нарын компьютер томографикт үзүүлсэн тус бүр 120.000, нийт 240.000 төгрөг, Жгийн эмнэлэгт эмчилгээ хийлгэсний төлбөр 350.000 төгрөг, нийт 590.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч У.Ж, Д.Б нарт олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч Б.Аыг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй болно.

Прокуророос шүүгдэгч Б.Аод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заажээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “энэ хуулийн тусгай ангид....зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил түүнээс бага хугацаагаар тогтоосон...гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно...” гэж тус тус заажээ.

Иймд шүүгдэгч Б.Аын 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой үйлдсэн гэмт хэрэг үйлдэгдснээс хойш  1 жилийн хугацаа өнгөрсөн буюу хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Ань цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

            Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1, 2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Аыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг хоёр хүнд учруулж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аоос 590.000 төгрөг гаргуулж хохирогч У.Ж, Д.Б нарт олгосугай.

5. Шүүгдэгч Б.Аод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Аод хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР