Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 910

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

улсын яллагч: Б.Хурц,

шүүгдэгч: У.Г, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Н.Намжилцогт, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Г, Б.Энарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802004260241 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.Г, 1991 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, эмээ нарын хамт .... тоот регистртэй,
  2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Цахар овогт Баясгалангийн Э, 1991 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, ...., урьд 2014 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 631 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн сарын 26-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 68 дугаар байрны  6 тоот дахь гэртээ болон биедээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,34 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, уг бодисноос 0,1 граммыг худалдаалах зорилгогүйгээр 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Эад өгсөн,

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 68 дугаар байрны 1 дүгээр орцонд биедээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт: “...Тухайн өдөр 10 жилийн нэг ангийн найз болох У.Гтай уулзаж, удалгүй болох гэж байсан ангийн охины хуримын талаар ярилцсан. Бид нар уулзаагүй удсан байсан. Тэгтэл манай найз шавар гэх зүйл гаргаж ирээд сонирхох уу гэхээр нь хамт хэрэглэж үзсэн. Би хар тамхины талаар ойлголт мэдээлэлгүй байсан тул энгийн хэрэглэдэг тамхи гэж ойлгож байсан бөгөөд манай найз авах уу гэхээр нь бага зэргийг авсан. Тэгтэл гаднаас цагдаа нар орж ирээд намайг баривчилсан. Тэдгээр цагдаа нар чамайг хэн гэдэг вэ гээд байхаар нь хүн андуурч байна л гэж бодсон...” гэв.

Шүүгдэгч У.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Эын хэлсэнтэй адилхан зүйл болсон” гэв.

Яллагдагчаар У.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний биеэс хураагдсан шавар гэх мансууруулах бодисыг би 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Төмөр замын 50 дугаар байрны ойролцоо байх газраас олсон. 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр би гэрээс гараагүй байж байтал 22 цагийн үед найз Э над руу өөрийнхөө 88851122 гэсэн дугаараас залгаад “юу хийж байна” гэж асуухад нь “гэртээ амарч байна” гэж хариулсан. Э ойрхон явж байна ойрд таарсангүй уулзъя гэж хэлээд гэрт ирсэн. Бид хоёр манай орцонд уулзаад ойр зуурын юм ярьсан. Тэр үед би халаасанд байсан нөгөө шавар гэх зүйлийг гаргаж ирээд Эад сонирхуулаад хамт хэрэглэхээр болсон. Тэгээд мөнгөлөг цаасан дээр тавьж байгаад доороос нь галаар төөнүүлээд ууршихаар нь утааг нь сорж хэрэглэсэн. Араас нь энгийн янжуур тамхи татсан. Э явах болоод надад хандаж би анх удаа хэрэглэж байгаа болохоор наадах чинь надад нөлөөлөхгүй байх шиг байна жоохон өгчих гэхээр нь өгсөн. Тэр үед цагдаа нар орцонд бид хоёрыг баривчилсан. Би бол Эад уг шавар гэх зүйлийг сонирхуулах гэж л өгсөн. Мөнгөөр зараагүй, худалдаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 120-125/,

Яллагдагчаар Б.Эын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа. Баянголын замын цагдаа орчихоод буцаж гэр лүүгээ явах замдаа 00 цагийн үед Гтай өөрийнхөө 88264411 гэсэн дугаар луу залгаж яриад уулзахаар болсон. Г бид 2 уулзаагүй хэсэг удсан байсан учир ангиараа уулзъя гэж ярилцсан. Гтай орцонд уулзаад хэсэг хугацаа өнгөрөхөд Г шавар гэх зүйл гаргаж ирээд энийг хэрэглэж үзэх үү гэж асуусан. Би тэр зүйлийг нь анх удаа харсан учир сонирхоод ямар юм байдаг юм бэ гэж сонирхоод хамт хэрэглэхээр болсон. Гэтэл Г уг хайрцагтай шавар гэх зүйлээс бага зэргийг тасдаж аваад мөнгөлөг цаасан дээр тавиад доороос нь асаагуураар шатаагаад ууршихаар нь утааг нь сорж хэрэглэсэн. Хэрэглэсний дараа толгой эргэсэн, өөр ямар нэгэн  мэдрэмж төрөөгүй. Тэгээд тамхи татаж зогсож байгаад Г надад хандаж чи жоохон авах уу гэхээр нь дараа нь тэгж байгаад нэг сорж үзье гэж хэлээд хэрэглэх зорилготой авсан. Би шавар аваад эхлээд өөрт байсан асаагуур дээр наагаад, асаагуур дээр нааж багтахгүй үлдсэн хэсгийг нь түрийвчинд байсан виза картан дээр наасан. Тэр үед цагдаа нар орж ирээд бид хоёрыг баривчилсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 112-117/

Шинжээчийн 10058 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан ногоон өнгийн 9496-1881-9714-9979 дугаартай хаан банкны картанд дээр наалдсан хүрэн бор өнгийн шавар мэт зүйлд дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн №2 гэж дугаарласан чанартай асаагуур гэсэн бичигтэй улаан өнгийн асаагуур дээр наалдсан хүрэн өнгийн шавар мэт зүйлээс дельта-9-тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ илрэв. Тетрагидроканнабинол /delta-9-tetrahydrocannabinol/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг ” гэсэн дүгнэлт /хх-н 74/,

Шинжээчийн 10059 тоот дүгнэлтэд: “...Шинжилгээнд 2 ширхэг зориулалтын хуванцар савтай ирүүлсэн шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Баясгалангийн Э 2018.09.26” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Шинжилгээнд ирүүлсэн “У.Г” гэж хаягласан шээсний дээжинд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт /хх-н 78/,

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр У.Гын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...надад шавар гэх хар тамхины нэг төрөл байгаа гээд халааснаасаа хар өнгийн шоо хэлбэрийн сав гаргаж түүнийгээ онгойлгоход хүрэн бор өнгийн шаварлаг зүйл гаргаж ирснийг албан жин дээр жигнэж үзэхэд 0,27 гр зааж байсныг №52 гэж дугаарлан уутанд хийн хураан авав...” гэх тэмдэглэл /хх-н 26/,

2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Б.Эын биед үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Г гэх залуугаас авсан шавар гэх бодис байгаа гээд өмсөж байгаа куртикны зүүн халааснаас улаан асаагуур гаргаж ирсэн бөгөөд нэг талд нь зуйван хэлбэрт оруулсан хүрэн өнгийн эхүүн үнэртэй шавар мэт зүйл байсныг зориулалтын төмөр саваагаар хусан авч албаны гар жин дээр жигнэхэд 1,10 грамм зааж байв...” гэх тэмдэглэл /хх-н 12/,

Сэтгэц эмгэг судлалын 823 дүгнэлтэд: “...У.Г нь 2016 оноос хойш Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг өвчнөөр өвчилсөн байх боломжтой юм. Одоо У.Г нь Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон төрх үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгтэй байна. У.Г нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 9 дүгээр сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. У.Г нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.Г нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. У.Гад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Сайн дурын эмчилгээнд СЭМҮТөвд эмчлүүлэх боломжтой юм. У.Г нь мансууруулах бодисын хамааралтай байна...” гэсэн дүгнэлт /хх-н 81-83/,

Сэтгэц эмгэг судлалын 846 дүгнэлтэд: “...Б.Э нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Одоо Б.Э нь сэтгэцийн эмгэггүй байна. Б.Э нь нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 09 дүгээр сарын 25-наас 2018 оны 09 дүгээр сарын 26-нд шилжих шөнө хэрэг хариуцах чадвартай байсан байна. Б.Э нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Б.Э нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. Б.Эад эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. Б.Э мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-н 90-91/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 5-10/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 12-18, 26-29/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 20-22, 30-31/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 52-56/ ,эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 57-61/ шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 23-25, 32-33, 147-176/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч У.Г нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс мөн сарын 26-ны өдөр хүртэл Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 68 дугаар байрны  6 тоот дахь гэртээ болон биедээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,34 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, уг бодисноос 0,1 граммыг худалдаалах зорилгогүйгээр 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Б.Эад өгсөн,

-шүүгдэгч Б.Э нь 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 68 дугаар байрны 1 дүгээр орцонд биедээ хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 0,1 грамм бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр У.Г, Б.Э нарын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-26/, шинжээчийн 10058, 10059 тоот дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан шавар мэт зүйл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Гын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” шүүгдэгч Б.Эын үйлдэл нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Г, Б.Э нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.

Харин шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хор уршиг учруулах, хор уршигтай болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У.Г, Б.Э нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Г, Б.Э нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.Гад 01 жил 6 сар, шүүгдэгч Б.Эад 01 жил хорих ял тус тус оногдуулах, шүүгдэгч нарын өмгөөлөгч хорих ял оногдуулахгүй тэнсэж өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч У.Г, Б.Э нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс шүүгдэгч У.Г, Б.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч У.Г, Б.Э нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоохоор шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Г, Б.Э нарт оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоосонд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №54 гэж дугаарласан чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, №53 гэж дугаарласан 0.0733 грамм шавар мэт зүйл, №55 гэж дугаарласан 0.00662 грамм шавар мэт зүйл, №52 дугаартай 0.3006 грамм шавар мэт зүйл тус бүрийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 9496188197149979 дугаартай Хаан банкны картыг шүүгдэгч Б.Эад буцаан олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч У.Г, Б.Э нар нь 01 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У.Гыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

-шүүгдэгч Цахар овогт Баясгалангийн Эыг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г, Б.Э нарыг хорих ял оногдуулахгүйгээр, 02 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай. 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Г, Б.Э нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

          4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч У.Г, Б.Э нарыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

          5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар 01 хоног баривчлагдсан, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж/ байгаа №54 гэж дугаарласан чанартай асаагуур гэсэн бичиглэлтэй улаан өнгийн асаагуур, №53 гэж дугаарласан 0.0733 грамм шавар мэт зүйл, №55 гэж дугаарласан 0.00662 грамм шавар мэт зүйл, №52 дугаартай 0.3006 грамм шавар мэт зүйл тус бүрийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 9496188197149979 дугаартай Хаан банкны картыг шүүгдэгч Б.Эад буцаан олгосугай.

          7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

          8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Г, Б.Э нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Ч.ОТГОНБАЯР