Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/00378

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/04133 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: ө ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9,001,050 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч С.Баярцэнгэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 ХХК нь ө ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21/38 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулан барилгын хэв хашмал хөлсөлсөн. Гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчид барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж 60*120 хэмжээтэй, нэг бүрийн 400 төгрөгийн үнэтэй 202 ширхэг хэв хашмалыг 30 хоногийн хугацаанд 2,424,000 төгрөгөөр, 40*120 хэмжээтэй, нэг бүрийн 400 төгрөгийн үнэтэй 40 ширхэг хэв хашмалыг 30 хоногийн хугацаанд 480,000 төгрөгөөр тус тус хөлслөхөөр тохиролцсон.

Гэвч хөлслөгч нь 32 ширхэг хэв хашмалыг 64 хоног хөлслөн, ашигласан төлбөрт 691,200 төгрөг, 210 ширхэгийг 84 хоног хөлслөн, ашигласан төлбөрт 7,056,000 төгрөг, нийт түрээсийн үндсэн төлбөр 7,474,200 төгрөг болсноос 1,746,500 төгрөгийг төлж, үндсэн төлбөр 6,000,700 төгрөгийн үлдэгдэлтэй.

Гэрээний 6.2-т заасны дагуу түрээсийн зүйлийг хүлээлгэн өгсөн өдрөөс алданги тооцогдож 8,400,980 төгрөг бодогдсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу алдангийн тооцоо 3,000,350 төгрөг болж, нийт 9,001,050 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгчтэй 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Эд хөрөнгө хөлслөх 21/38 тоот гэрээ байгуулан, гэрээний хавсралтад заасан барилгын хэв хашмалыг түрээслэн авч, төлбөрийг тухай бүр төлж байсан. Гэрээний үнийн дүн болох 1,570,800 төгрөг, барьцаа 471,240 төгрөг, нийт 2,042,040 төгрөгийг тус компанийн Хаан банкны 5115068996 тоот данснаас 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр ХХК-ийн 5175033020 тоот Хаан банкны данс руу гэрээний үүргийн дагуу 100 хувь шилжүүлсэн.

Улмаар гэрээний хугацаа дуусаж бид хэв хашмалыг ашиглаж дуусаагүй байсан тул цаашид үргэлжлүүлэн ашиглаж, ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч талд төлж байсан. 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 4,500,000 төгрөг, 01 дүгээр сарын 24-ний өдөр 5,615,000 төгрөгийг өөрийн компанийн Хас банкны 5001530008 тоот данснаас ХХК-ийн Хаан банкны дээрх данс руу тус тус шилжүүлсэн. Гэрээнд зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээг тодорхой хугацаатай байгуулаад, хоёр тал цуцлах санал гаргаагүй тохиолдолд дахин автоматаар нэг сар сунгагдахаар заасан бөгөөд энэ хугацааны ашигласан төлбөрийг бүрэн төлсөн бөгөөд нэхэмжлэгч талын гаргаж өгсөн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримт нь нэхэмжлэгч тал гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан боловч манай байгууллагаас харилцан тооцоо нийлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй.

2.2 Нэхэмжлэгч талын дурдаад байгаа гэрээний үндсэн төлбөр 6,000,700 төгрөгийг ХХК-ийн Хаан банкны дээрх данс руу 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр өөрийн компанийн Хас банкны данснаас 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр мөн данс руу 2,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр мөн данс руу 4,000,700 төгрөгийг төлж дуусгасан. Нэхэмжлэлд дурдсан 3,000,350 төгрөгийн алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ямар үндэслэлээр аль тооцооллоос бодож гаргаж ирсэн нь ойлгомжгүй байна. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.1-т заасан нөхцөл байдал талуудын хамтран ажиллах үед үүссэн байсныг талууд хүлээн зөвшөөрдөг бөгөөд тус гэрээний заалтыг үндэслэн гэрээний үүрэг зөрчигдсөн буюу гэрээний үүрэг биелүүлээгүй шалтгаанаар аль нэг талдаа хариуцлага тооцолгүй хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй юм. Гэрээний үндсэн төлбөр 6,000,700 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан учир алдангид шаардсан 3,000,350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ө ХХК-иас 3,000,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,700 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 158,967 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 62,955 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 ХХК нь ө ХХК-тай байгуулсан 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 21/38 дугаар Эд хөрөнгө хөлслөх гэрээ-ний хүчин төгөлдөр үйлчлэх хугацааг дүгнэхдээ нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан гэж дүгнэсэн. Гэтэл тус гэрээ нь анх байгуулагдахдаа тодорхой хугацаатай байгуулагдсан бөгөөд улмаар тус гэрээний хугацаа дууссан. Гэсэн хэдий ч хуульд заасны дагуу анх байгуулагдсан нөхцөлөөр мөн хугацаагаар автоматаар сунгагдаж болохыг талуудын аль нэг тал гэрээ цуцлах санал гаргаагүй тохиолдолд хүчин төгөлдөр үйлчлэхээр заасан. Дээрх үйлчлэлийн хугацаа мөн дуусаж тухайн хугацаанд хөлслүүлэгч талын эд хөрөнгө хөлсөлсний төлбөрийг ашигласан хугацаандаа төлсөн байтал хүчин төгөлдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээ үргэлжилсэн гэж дүгнэж алданги шаардах эрхтэй гэж үзсэн нь үндэслэлгүй.

4.2 Талуудын хооронд үйлдэгдсэн гэх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үндэслэн нэгэнт дуусгавар болж алданги болон ашигласан хугацааны төлбөр төлөгдсөн Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээ гэж дүгнэн тус тооцооны үлдэгдлийн баталгаа нь гэрээг хүчинтэйд тооцох үндэслэл болж байна гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй. Иргэний хуульд заасны дагуу эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дуусаж хөлслөгч тал тухайн эд хөрөнгийн ашигласан хугацаан дах хөлсийг хугацаа хэтрүүлсэн алдангийн хамт хөлслүүлэгч талд төлсний дараа эд хөрөнгийг хөлслүүлэгч талд буцаан хүлээлгэн өгөлгүй үргэлжлүүлэн ашигласан тохиолдолд ашигласан хугацааны төлбөрийг төлөх зохицуулалттай учир хариуцагчийн зүгээс дээрх зүйл заалтыг удирдлага болгон ашигласан хугацаанд тооцож 6,000,700 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Гэтэл дээрх төлбөрийг хугацаа хожимдуулсан төлбөр гэж үзэн алданги тооцсон хариуцагчийн 3,000,350 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбарын агуулга:

5.1 Үндсэн төлбөрийг хариуцагч тал хүлээн зөвшөөрч төлсөн. Танай компани 9,000,700 төгрөгийн үлдэгдэлтэй байна, энэхүү төлбөрийг 02 дугаар сарын 10-ны өдрийн төлж барагдуулах тухай тооцооны үлдэгдлийн баталгааг манай компаниас гаргаж, хариуцагч талд хүргүүлсэн тухай нэхэмжлэх хэрэгт авагдсан. Түүнээс хойш хариуцагч тал 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 06 дугаар сард 2,000,000 төгрөг, нийт 3,000,000 төгрөг төлж, 6,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Үүнийг манай компаниас холбогдож удаа дараа шаардаж байсан боловч төлөхгүй байсан учраас 10 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл 11 дүгээр сард хариуцагч тал үндсэн төлбөрийг төлсөн атлаа алдангийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан. Гэрээний 6.2-т гүйцэтгээгүй үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн 0,5 хувийн алданги төлнө гэж заасан.

5.2 Гэрээний хавсралт 2-т 202 ширхэг 60х120 харьцах хэв хашмал, 40 ширхэг 40х120 харьцах хэв хашмал, нийт 242 ширхэг хэв хашмал хүлээлцсэн, гарын үсэгтэй акт байна. Нөүтийн төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд шивэх үүргийг хүлээн зөвшөөрч байна. Үүнд маргаан байхгүй. Хариуцагч тал тооцооны маргаан байхгүй гэж тайлбарласан. Алданги шаардах эрхийг гэрээний 6.2-т заасан. Түрээсийн төлбөрийг төлөөгүй улмаас алданги гаргуулах эрхтэй. Хэрэв тухайн үед хариуцагч талын тайлбарласан түрээсийн төлбөрийг урьдчилж төлсөн бол бид алданги нэхэмжлэхгүй. 3 сарын алданги тооцогдсон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ХХК хариуцагч ө ХХК-д холбогдуулан 9,001,050 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

3. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, маргааны зүйлд хэрэгт хамааралтай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

4. Талууд 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 21/38 дугаартай Эд хөрөнгө хөлслөх гэрээ-г байгуулсан. Гэрээгээр хөлслүүлэгчээс хөлслөгчид барилга барих, барилгын угсралт, засварын ажил явуулах аж ахуйн үндсэн үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй барилгын хэв хашмал эд хөрөнгийг түүний захиалгыг үндэслэн, тухай бүрт нь тохиролцсон нөхцөлөөр хөлслүүлэх, хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг тухайн бүрт нь тохиролцсон нөхцөлөөр бүрэн хүлээн, барилгын хэв хашмалыг хөлслүүлэгчээс актаар хүлээн авч, хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 7-10/

4.1 Гэрээний хавсралтад 60*120 хэмжээтэй нэг ширхэгийн нэг хоногийн 330 төгрөгийн үнэ бүхий 680 ширхэг хэв хашмалыг 7 хоногийн хугацаатай, 1,570,800 төгрөгөөр хөлслөх, 2021 оны оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хөлслөхөөр заасан байна.

4.2. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

5. Хэргийн 13 дугаар талд авагдсан ХХК-ийн гүйцэтгэх захирал Б. ө ХХК-д түрээсэнд гарсан хэв хашмалын тооцоо -21/38 дугаар баримтаар 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 7,474,200 төгрөгийн үнэ бүхий 19 нэр төрлийн материалыг хөлслөн авч, 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар гэрээний дагуу 1,746,500 төгрөг төлж, 6,000,700 төгрөг төлөөгүй болох нь тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч тал маргаагүй.

5.1 Хариуцагч ө ХХК нь 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 4,000,700 төгрөгийг нэхэмжлэгч ХХК-д төлснийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг хариуцагч тус тус үгүйсгээгүй. /хх 32-36/

6. Гэрээний 2.2-т гэрээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болохоос 30-с доошгүй хоногийн өмнө талуудын аль нэг нь гэрээг цуцлах саналыг нөгөө талдаа бичгээр гаргаагүй тохиолдолд гэрээ нь анх байгуулсан нөхцөлөөр дахин 1 сар сунгагдсанд тооцогдоно гэж талууд тохиролцсон. /хх 7/

6.1 Гэрээний хугацаа 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуусах байсан боловч талуудын хэн аль нь гэрээг дуусгавар болгох талаар санал гаргаагүй тул гэрээний 2.2-т зааснаар гэрээг 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзэх бөгөөд хариуцагч уг үйл баримтыг үгүйсгээгүй.

6.2 Талуудын шүүхэд гаргасан тайлбар болон Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар хариуцагч нь гэрээний зүйл болох эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгчид буцаан шижлүүлсэн нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болохоор байх боловч хариуцагч нь эд хөрөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл ашигласаар байгааг нэхэмжлэгч татгалзаагүй байх тул Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээний хугацаа дууссан боловч хөлслөгч эд хөрөнгийг үргэлжлүүлэн ашигласаар байгааг хөлслүүлэгч татгалзаагүй бол гэрээг тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгасанд тооцно гэж заасны дагуу гэрээг 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл сунгагдсан гэж үзнэ.

6.3 Анхан шатны шүүх хариуцагчийг гэрээний үлдэх төлбөр болох 6,000,700 төгрөгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн үндэслэлээр дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт нийцсэн байна.

6.4 Гэрээний 6.2-т хөлслөгч нь барилгын хэв хашмалын хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөөлгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алдангийн төлнө гэж заажээ. Хариуцагч нь гэрээний үндсэн үүрэг болох 6,000,700 төгрөгийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нь түүнд ногдох алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй. Иймд анхан шатны шүүх алданги 3,000,350 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2022/04133 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ө ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 62,955 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

М.БАЯСГАЛАН