Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 906

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,

Улсын яллагч: Н.Дамбадаржаа /томилолтоор/,

Өсвөр насны шүүгдэгч: Ж.Т, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Жамбалдорж, өмгөөлөгч Ц.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Ж.Тд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805047160944 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ж.Т, 2001 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Ерөнхий боловсролын 73 дугаар сургуулийн 12а ангийн сурагч, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт  ... тоот регистртэй,

Шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр хамт тоглож байсан 15 настай М.Этэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэх судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Ж.Ты шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Насанд хүрээгүй хохирогч М.Эий мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны гадаа сагсны талбай дээр тоглосон. Тэгэхэд манай ангийн Ч, дээд ангийн Т, Учрал нар гээд олон хүүхэд сагс тоглож байсан. Тэгээд би дээд ангийн Тыг санаандгүй түлхэхэд намайг “чи яагаад байгаа юм” гэхээр нь би “яасан юм бэ, яагаа ч үгүй байна шүү дээ” гэхэд намайг дээрээс хойш давраад байгаа шүү гээд зүүн шанаа руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь биеийг нь түлхээд өрөөсөө холдуулахад дахиж ирээд намайг түлхсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэхэд тэнд байсан хүүхдүүд ирээд салгасан. Тэгээд би доошоо тонгойгоод үдээсээ үдээд сууж байхад Т гүйж ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хамраас цус гараад газар унахад дээрээс нүүр рүү цохиод байхаар нь би нүүрээ тагласан. Тэгэхэд нөгөө хүүхдүүд ирээд салгаад бид хоёр салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/,

           Насанд хүрээгүй гэрч Т.Уын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 07-нд 18 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны гадаа сагсны талбай дээр ангийн хүүхэд Т, манай сургуулийн 10 дугаар ангийн Э, бас 65 дугаар байрны Төрөө, Хүлэгч, бас нэг хүүхдийн хамт бид 6 гурваараа хуваагдаад сагс тоглосон. Тэгээд Т, Э хоёр талбайгаасаа гарч явж байгаад бие биенийгээ түлхсэн. Тэр хоёр тухайн үед бие биенийгээ олон удаа түлхээд хоорондоо муудалцах гээд байсан. Тэгээд тэр хоёр өөд өөдөөсөө тулаад дух духаа нийлүүлж зогсож байгаад Т, Эгийн нүүр лүү нь нэг удаа цохиход зөрүүлээд Э цохиод тэр хоёр зууралдаад эхэлсэн. Тэгээд бид нар очиж салгасан бөгөөд Э хэл амаар өдөж байгаад цаанаас гүйж ирээд Ты цээж рүү жийсэн. Э, Тд хандаж “чи ичээч доод ангийнхаа хүүхдэд цохиулаад” гэхэд Ты уур нь хүрээд намайг түлхэж, Эг үдээсээ үдээд сууж байхад нь нүүр лүү нь очоод нэг удаа өшиглөж харагдсан. Тэр хоёр дахиж нэг нэгнийгээ цохиод зууралдаж байгаад  Т, Эг нүүр лүү нь нэг удаа цохиход Эгийн хамраас нь цус гараад тэгээд тэр хоёр салсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/,

Шинжээчийн 10997 тоот дүгнэлтэд: “...М.Эгийн биед хамар ясны хугарал, хоёр нүдний зовхи, хамрын нурууны цус хуралт, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-н 18/,

Өсвөр насны яллагдагчаар Ж.Ты мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 65 дугаар байрны гадаа сагсны талбай дээр ангийн хүүхэд Учрал, манай сургуулийн 10 дугаар ангийн Э бас 65 дугаар байрны 3 хүүхдийн хамтаар сагс тоглож байсан. Тэгээд бид нар гурав гурваараа тоглосон. Тэгээд бөмбөг залаад явж байхад Э ирээд миний бие рүү хэд хэдэн удаа түлхэхээр нь “түлхэхээ болиоч” гэхэд Э өндөр дуугаар над руу “албаар түлхсэн юм уу” гээд байсан. Тэгээд би зүүн гарын булчин луу нь баруун гараараа нэг удаа цохиход над руу дайраад бид хоёр зууралдсан ба тоглож байсан хүүхдүүд бид хоёрыг салгасан. Тэгээд Э өөрөө гүйж ирээд гэдэс рүү бас доошоо тонгойход толгой руу нэг удаа хөлөөрөө жийсэн ба хашаа руу шахаж хөлийг нь барьж авахад толгой руу хэд хэдэн удаа цохиод байсан. Нөгөө хүүхдүүд ирж бид хоёрыг салгасан бөгөөд салаад явж байхдаа Э намайг “өдий том болчихоод доод ангийнхаа хүүхдэд цохиулахаасаа ичээч” гээд үгээр өдсөн. Эг доошоо тонгойгоод үдээсээ үдээд сууж байхаар нь би очоод нүүр лүү нь өшиглөсөн, тэр босч ирээд бид хоёр ахин зууралдаад Э миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиод “чам шиг тагжгар юм намайг яах юм” гэхээр нь би уурандаа очоод түүний нүүр лүү нь 3 удаа цохиход хамраас нь цус гараад хүүхдүүд ирж салгаад бид хэд хэсэг тайвширч сууж байгаад би Эгээс очиж уучлалт гуйсан. Сагс тоглож байгаад Э намайг түлхээд байхаар нь болиоч гэхэд өөдөөс том том дуугараад үгээр өдөөд байхаар нь би тэсэлгүй гар хүрч зодоон болсон. Тухайн үед уурандаа Эд гар хүрсэндээ гэмшиж, хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Этэй эвлэрч эмчилгээний зардал 800.000 төгрөг бүрэн төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 22-23/,

   Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Хохирогчийн өргөдөл /хх-н 3/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-50,/, хохирол төлсөн баримт /хх-н 54-55/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч Ж.Т нь 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 17 цагийн орчим Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 65 дугаар байрны сагсан бөмбөгийн талбай дээр хамт тоглож байсан 15 настай М.Этэй маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэм  буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч М.Эгийн: “... намайг дээрээс хойш давраад байгаа шүү гээд зүүн шанаа руу нэг удаа цохьсон. Тэгэхээр нь биеийг нь түлхээд өрөөсөө холдуулахад дахиж ирээд намайг түлхсэн. Тэгээд бид хоёр хоорондоо хэрэлдэхэд тэнд байсан хүүхдүүд ирээд салгасан. Тэгээд би доошоо тонгойгоод үдээсээ үдээд сууж байхад Т гүйж ирээд миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн. Тэгэхэд миний хамраас цус гараад газар унахад дээрээс нүүр рүү цохиод байхаар нь би нүүрээ тагласан. Тэгэхэд нөгөө хүүхдүүд ирээд  салгаад бид хоёр салаад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 10-11/, насанд хүрээгүй гэрч Т.Уын: “...Т, Эгийн нүүр лүү нь нэг удаа цохиход зөрүүлээд Э цохиод тэр хоёр зууралдаад эхэлсэн. Тэгээд бид нар очиж салгасан бөгөөд Э хэл амаар өдөж байгаад цаанаас гүйж ирээд Ты цээж рүү жийсэн. Э, Тд хандаж “чи ичээч доод ангийнхаа хүүхдэд цохиулаад” гэхэд Ты уур нь хүрээд намайг түлхэж, Эг үдээсээ үдээд сууж байхад нь нүүр лүү нь очоод нэг удаа өшиглөж харагдсан. Тэр хоёр дахиж нэг нэгнийгээ цохиод зууралдаж байгаад Т, Эг нүүр лүү нь нэг удаа цохиход Эгийн хамраас нь цус гараад тэгээд тэр хоёр салсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 12/, шинжээчийн 10997 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Ты үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний  эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Т нь хохирогч М.Этэй сагсан бөмбөг тоглох явцдаа маргалдаж харилцан зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн өсвөр насны шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч М.Эгийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь өсвөр насны шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардалд 800.000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-н 54-55/ бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх өсвөр насны шүүгдэгч Ж.Ты үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Өсвөр насны шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгчийг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх, зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх ялын санал, өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэсэн санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно...” 2 дахь хэсэгт “...шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэнэ...” гэж тус тус хуульчилжээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Ты холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

  Иймд шүүхээс өсвөр насны шүүгдэгч Ж.Ты гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, хохирогчийн хохирлыг барагдуулсан, Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагч зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Тыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Ж.Тд ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын  арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгах зүйтэй гэж шүүх үзлээ.

Өсвөр насны шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Өсвөр насны шүүгдэгч Тыг  “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Тыг ял оногдуулахгүйгээр тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Т нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Ж.Тд авсан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсэн хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгасугай.
  5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Ж.Тд хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Ч.ОТГОНБАЯР