Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00389

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 15 210/МА2023/00389

 

 

Д.Э ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Ш.Оюунханд, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/03545 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Д.Э

Хариуцагч: Б. т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 38,750,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Д.Э нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б. тай харилцан тохиролцож, 25,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр барьцаагүйгээр зээлдүүлсэн. Тус мөнгийг Б. ын Хаан банк дахь 010 дугаар данс руу удаа дараагийн үйлдлээр 6,950,000 төгрөг, эцэг н.ийн Хаан банк дахь 000 дугаар данс руу 550,000 төгрөг, орон сууцны төлбөр төлөх шаардлагатай гэсэн тул бэлнээр тус өдрөө 17,500,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг шилжүүлсэн боловч тэрээр өнөөдрийг хүртэл зээлийг төлөөгүй.

Иймд зээлийн гэрээний үндсэн үүрэгт 25,000,000 төгрөг, 2019 оны 10 сарын 23-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх 11 сарын хүүгийн төлбөрт 13,750,000 төгрөг, нийт 38,750,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгчийн 25,000,000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлсэн гэх баталгаа нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр огноотой үйлдэгдсэн байх бөгөөд Б. нь баталгаа бичигдсэн цаг хугацаанд Улаанбаатар хотод биш Хэнтий аймагт байсан учир гарын үсэг зурсан байх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн зүгээс мөнгө шилжүүлсэн гэх баримтуудын огнооны зарим нь өмнө, зарим нь хойно байна. Өмнө нь шилжүүлсэн мөнгийг баталгаа бичихдээ оруулж бичсэн байлаа гэхэд үнийн дүн нь 20,250,000 төгрөг болж баталгаа бичигдсэн үнийн дүнд хүрэхгүй байна.

Харин баталгаа бичигдснээс хойш 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 22-ны хооронд цувуулан хийсэн мөнгийг урьдчилан тааж 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр баталгаа бичих боломжгүй. Мөн нэхэмжлэлдээ 17,500,000 төгрөгийг бэлнээр авсан гэж худал үнийн дүн бичсэн. Тухайн өдөр 15,000,000 төгрөгийг авсан болох нь кассын орлогын ордероор тогтоогддог. Б. ын эцэг н.ийн дансанд мөнгө шилжсэн асуудалтай маргах зүйл байхгүй.

2.2 Д.Э гэдэг хүн хариуцагч Б. ын аавынх нь уурхайд тэдэнтэй хамтарч ажиллахаар тохиролцоод үйл ажиллагааны зардалд дансаар мөнгө шилжүүлж байсан. Харин орон сууцны төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б. өөрөө Хэнтий аймагт байхдаа байрны мөнгө хэрэг болоод байна зээлээч гэж Д.Э т хэлж, түүний эхнэрт Д.Э 15,000,000 төгрөгийг өгсөн. Д.Э сүүлд өгсөн мөнгөө 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр бичсэн баталгаа гэдэгт оруулж бичсэнийг ойлгохгүй байна. Авсан 15,000,000 төгрөгийг бол ямар ч хүү ярилцаагүй авсан. Уг мөнгөнөөс үлдэгдэл 3,000,000 төгрөгийг төлөхөө хэлсэн. Дээрх нэхэмжлээд байгаа мөнгө бол уурхайд ажиллах хугацаандаа хоол, унаа, түлш зэрэгт ашигласан зардалд шилжүүлсэн мөнгө байдаг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-д заасныг тус тус баримтлан хариуцагч Б. аас 6,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э т олгож, үлдэх 32,750,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б. аас 110,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Э т олгож шийдвэрлэсэн байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Дан ганц шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй бөгөөд өөр бусад баримтаар давхар нотлогдох шаардлагатай. Гэвч шинжээчийн дүгнэлтээс өөрөөр нотлогдоогүй байхад тус баримтыг анхан шатны шүүх үнэлээгүй нь нотлох баримтыг хуульд нийцүүлэн тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж шийдвэрлээгүй гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн хариуцагчийн тайлбар, шинжээчийн дүгнэлтийг үндэслэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна гэж үзэж байна. Гэтэл тухайн баримтыг үйлдэхэд байсан, харсан гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, дансны хуулга, хариуцагчийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэж байх үед мөнгө шилжүүлж байгаа үйлдэл зэргээр нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байгаа юм. Бодит байдал дээр хариуцагч Б. нь Д.Э ээс удаа дараагийн үйлдлээр бэлнээр болон дансаар их хэмжээний мөнгийг авч байсан бөгөөд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр талууд харилцан тохиролцож зээлийн гэрээг бичгээр хийсэн байдаг. Гэрээ байгуулах үед Д.Э , Б. нараас гадна найз Б.Б, Л. , нар хамт байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

4.2 Гэрээнд зурагдсан гарын үсэг Б. ын гарын үсэг мөн болох, талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн эсэх нь гэрчүүдийн мэдүүлэг, чатны үзлэг, талуудын тайлбараар нотлогдож байна. Мөн шүүх хуралдааны явцад хариуцагчийн төлөөлөгч, гэрчүүд нь үзлэг хийлгэх гэж буй чат Б. ын чат мөн болохыг шүүх хуралдааны явцад гэрчилсэн. Харин үзлэгээр баталгаажсан чатад дансаар шилжүүлсэн буцаан төлөх талаар Б. удаа дараа хүлээн зөвшөөрсөн, шүүх хуралдааны өмнөх өдөр дансаа өгчих мөнгө шилжүүлье гэдгээ илэрхийлж 9,000,000 төгрөгийг нэхэмжлэгч рүү шилжүүлсэн үйлдэл зэрэг нь хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж, нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэдгийг баталж байхад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 23,750,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Б. т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38,750,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч ...15,000,000 төгрөгийг авсан үйл баримтын талаар маргахгүй, харин үлдэх хэсэгт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй гэж үгүйсгэн маргажээ.

3. Хэрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баримт авагдсан. /хх 5/ Уг баримтад Миний бие Д овогтой Э би овогтой т түүний гуйлтаар тусалж 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийг сарын 5% хүүтэйгээр барьцаагүйгээр итгэж өгөв гэсэн байх бөгөөд уг баримтыг нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ болгосон.

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг бөгөөд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлснээр зээлдэгчид мөнгөн хөрөнгийг гэрээнд зааснаар зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг үүснэ.

Хариуцагч Б. нь нэхэмжлэгч Д.Э ээс зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй буюу талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч мөнгөн хөрөнгийг түүнд шилжүүлсэн болохыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүрэгтэй.

Хэргийн 5 дугаар талд авагдсан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Баримт гэх нотлох баримт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан үндэслэлийг бий болгож чадахгүй байна. Учир нь, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 1776 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2019 оны 10 сарын 23-ны өдрийн Баримт гэсэн гарчигтай баримтын доод хэсэгт авсан гэсний ард Б. гэсний урд хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б. ын гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэжээ. /хх 169-179/

Анхан шатны шүүх дээрх баримтад заасны дагуу 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, уг баримтад зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн гарын үсэг биш болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээнд гарын үсэг зурсан гэж үзэхгүй. Нөгөөтээгүүр, гэрчийн мэдүүлэг нь бусад нотолгооны хэрэгслээр буюу нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаардана. Гэрч Б.Бын гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан талаарх мэдүүлэг нь бусад нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас 25,000,000 төгрөг болон хүүгийн төлбөрт 13,750,000 төгрөгийг дээрх хэлцлийн дагуу мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...дан ганц шинжээчийн дүгнэлт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй, ...гэрчийн мэдүүлгийг шүүх буруу үнэлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

4. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 15,000,000 төгрөгийг бусдад шилжүүлсэн нь талуудын тайлбараар тогтоогдож байхаас гадна нэхэмжлэгч нь уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлсэн гэж тодорхойлсныг хариуцагч үгүйсгээгүй тул анхан шатны шүүх талуудын хооронд 15,000,000 төгрөгийн хэмжээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь зөв.

4.1 Хариуцагч нь зээл 15,000,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэгчид төлсөн нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байна. /хх 197/ Иймд анхан шатны шүүх зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс үлдэх 6,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

4.2 Талууд дээрх 15,000,000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас хүүгийн төлбөрийг шаардах эрхгүй.

5. Д.Э ийн данснаас Б. т 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 1,500,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 150,000 төгрөг, нийт 6,950,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна. /хх9-12/

5.1 Нэхэмжлэгч нь дээрх мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлдүүлсэн агуулгаар тодорхойлсон, хариуцагч нь хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн агуулгаар үгүйсгэсэн. Хариуцагч нь уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 6,950,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд 6,950,000 төгрөгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа үүссэн, уг мөнгөн хөрөнгийг хариуцагч нэхэмжлэгчид буцаан төлсөн гэх үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул хариуцагчаас 6,950,000 төгрөг нэмж гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх гомдлыг хангана.

6. Харин Г.ийн 000 дугаар данс руу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 500 000 төгрөг, нийт 550,000 төгрөг шилжүүлснийг хариуцагчийг нэхэмжлэгчээс зээлсэн гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 550,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дэх хэсгийг баримталсан нь оновчгүй болсон байх тул залруулж мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэг болгон өөрчилнө.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 12,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 25,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 184/ШШ2022/03545 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б. аас 12,950,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Э т олгож, үлдэх 25,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 110,950 гэснийг 222,150 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 276,700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

М.БАЯСГАЛАН