| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2018/0125/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2018-12-18 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Э.Тулгаа |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, шүүгч Д.Ц, шүүгч А.Ц нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Э.Т
Иргэдийн төлөөлөгч Ц.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Хохирогч О.Ц
Шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Д-д холбогдох эрүүгийн 182.0002.4001.14 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гэр бүл судлаач мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүү нарын хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2-р багт оршин суух бүртгэлтэй, одоо Замын-Үүд сум 2-р багт О.Ц-д амьдардаг, Б овогт М.Д,
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч М.Д нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух О.Ц-тэй маргалдаж улмаар түүнийг 2 удаа хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 23-ны орой 18 цагаас хойш гэртээ харих хүртлээ найзындаа хоёуулаа 4 ширхэг 2,5 л пиво уусан. Найз Б гэртээ хоноод яв гэсэн боловч би айлд хонож чаддаггүй болохоор гэр лүүгээ явсан. Гэртээ 22 цаг өнгөрч байхад ирсэн. Нилээд согтолттой байсан. Гэхдээ ухаан санаагаа алдаагүй байсан. Гэрт ирэхэд Ц ах хоймортоо газар ор засчихсан хэвтэж байсан. Би Ц ахаас 1 ширхэг тамхи авч татаад хажуу хашаанд байх ээжийн дүү О эгчийнх рүү орж замдаа авсан 2,5 л пивнээс бага зэрэг уусан. Тэгээд О эгчийн байшинд жаахан хүйтэн болохоор нь пивоо аваад Ц ахын гэр лүү орсон. Ц ах унтаж байгаад сэрээд намайг загнаж, “чиний архи уудаг газар биш шүү, гар яв” гээд хөөсөн. Би үг дуугүй гараад О эгчийн байшинд очиж пивоо тавьчхаад тамхи татмаар санагдаад буцаад эгчийн байшинд очиж пивоо тавьчхаад тамхи татмаар санагдаад буцаад Ц ахын гэр лүү орсон. Тамхи татчихаад унтъя гэж бодож байсан юм. Гэрт ороод тамхи асуухад Ц ах нэг тамхи өгсөн. Чүдэнз асуухад байхгүй гэсэн. Би хоолны шүүгээ, хоолны ширээний шургуулга, зуухны хажуугаар, доогуур чүдэнз хайсан боловч олдоогүй. Чүдэнз хайж байгаад ширээн дээр түмпэнтээ чанасан мах байхаар нь хоолны ширээний шургуулганаас цагаан эрээн өнгийн ясан юм шиг иштэй жижиг хутга аваад махнаас идсэн. Хутгыг мах идэх гэж л шургуулганаас авсан. Ингээд мах идэж байхдаа ахдаа жаахан гомдоод “намайг хөөж туугаад яагаад байгаа юм бэ, гал малаа өгчихгүй, сүртэй юм энэ тэр” гэж жаахан үглэсэн. Тэгтэл гэнэт Ц ах “юу гээд хуцаад байгаа юм бэ” гээд босч ирээд намайг заамдаж боосон. Би мах идэж байсан болохоор зүүн гартаа барьсан хутгаа ч тавьж амжаагүй. Би “агаа яагаад байгаа юм бэ, больё больё” гэсэн ба намайг заамдчихаад тавихгүй байхаар нь өөрөөсөө холдуулах санаатай 2 гараараа Ц ахын гаран доогуур явуулж түлхсэн. Тэгтэл Ц ах “чи намайг хатгачихлаа ш дээ” гээд өөдөөс дайрахаар нь сандарсандаа ахиад Ц ахыг холдуулж, өөрөө зугтах гээд 2 гараараа цээж рүү нь түлхсэн. Энэ үед миний зүүн гарт мах идэж байсан хутга байсан. Сүүлд түлхэхэд цээж рүү нь хутга орж байгаа нь мэдэгдсэн. Ц ахын цээжнээс цус гараад доошоо суухаар нь би айгаад ширээн дээр хутгаа тавиад ширээний хажууд сандал дээр суутал яг тэр үед гаднаас дүү Х, эгч Т 2 ороод ирсэн гэв.
- Хохирогч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 10 сарын 23-нд 22 цаг өнгөрч байх үед Замын-Үүд сум 2-р багт гэртээ унтах гээд амарч байхад манай хадам дүү М.Д гаднаас орж ирсэн. М.Д бага зэргийн согтолттой, гартаа том 2,5 л пиво барьчихсан байсан. Тэгээд гэрт пиво уух гэхээр нь би “чиний архи уудаг газар юм уу, гар” гээд хөөсөн. Д надаас тамхи аваад пивоо бариад гарсан. Хаачсаныг нь мэдээгүй. Ингээд байж байтал Д эргээд 23 цагийн үед л байх орж ирээд надаас тамхи асуусан. Би ганц үлдсэн тамхиа өгсөн. Д надаас тамхиа асаах гал асуухаар нь би гал алга, ганц үлдсэн тамхиа өглөө, цаагуур чинь гал байгаа байх гэж хэлсэн. Д зуухны хажуугаар, доогуур хоолны шүүгээгээр, хоолны ширээгээр амандаа үглээд чүдэнз хайгаад байсан. Би чимээгүй орондоо хэвтээд л байсан. Д намайг гал харамлалаа, галаа өгчихгүй, хөөж мөөгөөд сүртэй “пизда” вэ энэ тэр гээд байсан. Тэгээд Д хоолны ширээн дээр байсан түмпэнтэй махнаас идэж байгаа бололтой өнөөхөө хэлээд над руу бараг агсам тавиад байсан. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд орноосоо босоод “юу гээд байгаа юм бэ, олон юм яриад байх чинь” гээд Д рүү очиход Д босоод ирсэн. Д-г заамдаад автал Д зүүн гараа миний баруун гаран доогуур явуулаад цохих шиг болсон. Тэгтэл нойт оргиод явчихсан. Харсан чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би чи намайг хатгачихлаа ш дээ гээд ахиад өөдөөс нь ойрттол ахиад зүүн гараа цээж рүү явуулаад хатгачихсан. Хэлж амжаагүй байтал ахиад л хатгачихсан. Д надаас айгаад л сандарсандаа хутгаар 2 удаа чичих шиг болсон. Ердөө 5 секунтын дотор л болсон асуудал. Тэгээд цээжнээс цус гарахаар нь би доошоо суусан, энэ хот руу явсан байсан эхнэр, охин хоёр маань гаднаас ороод ирсэн. Ингээд эмнэлэг явсан. Би Д-д гаргах гомдол санал алга. Миний хүү л гэж бодож явдаг болохоор ял зэмэнд унагамааргүй байна гэв.
- Гэрч П.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би Улаанбаатар хотоос 2018 оны 10 сарын 16-нд яваад 2018 оны 10 сарын 23-ны орой 23:01 минутад гэртээ охин Х-н хамт орж ирэхэд манай нөхөр О.Ц зурагтныхаа өмнө гудсан дээр тонгойгоод суучихсан намайг Д хутгалчихлаа, эмнэлэг дуудаадах гээд гудас болон газар цусаа гоожуулчихсан сууж байсан. Д нь болохоор ширээний хажууд сандал дээр суучихсан “би хутгалчихсан юм” гэж байсан. Би тэр даруй нөхрөө эмнэлэг рүү авч явсан ба эмнэлэг дээр очоод эмнэлэгийн жолоочоор цагдаад дуудлага өгүүлсэн гэжээ. /хх-ийн 21-22/
- Насанд хүрээгүй гэрч Ц.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10 сарын 23-ны орой Улаанбаатар хотоос ээжийн хамт машинаар Замын-Үүдэд ирээд шууд гэртээ харьсан. Энэ үед цаг 23 цаг дөнгөж өнгөрч байсан. Гэртээ ороход манай аав О.Ц гэрийн зүүн хойд талд зурагтын тавиурны урд гудсан дээр цээжнээсээ цус гоожуулчихсан намайг М.Д хутгалчихлаа гээд сууж байсан. М.Д ахыг харахад “би хутгалсан юм, яадаг юм” гээд хоолны ширээний хажууд сандал дээр сууж байсан. Хутгалсан гэхээр нь М.Д ахын гарыг хартал хутга байгаагүй, харин хоолны ширээн дээр манай цагаан эрээн өнгийн иштэй жижиг хутга харагдсан.Тэр үед аав энэ хутгаар хутгалсан, тэр хутгаар хутгалсан гэж хэлээгүй л дээ, ээж бид 2-т ч тэгж асуух сөхөө байгаагүй уйлаад л аавыг түшээд гарсан. Аав эмнэлэг явмаар байна гэсэн ба ээж бид 2 шууд аавыг аваад эмнэлэг рүү өөрсдийнхөө машинтай явсан гэжээ. /хх-ийн 23/
- Шинжээчийн 02/0347 тоот дүгнэлт: 1.2018 оны 10 сарын 23-ны 2276 дугаартай өвчний түүхээс үзэхэд О.Ц-н биед цээжний баруун 2,3 дугаар хавирга, 6,7 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэлж баруун уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, хурц цус алдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.О.Ц-н биед учирсан цээжний баруун 2,3 дугаар хавирга, 6,7 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэлж баруун уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндий цус хуралт, хурц цус алдалт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 29-41/
- Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би жижүүртэй байсан. 103-аас хутгалуулсан хүн ирлээ гэсний дагуу очиход цээжний баруун өмнөд дээд хэсэгт болон цээжний баруун хажууд хутгалуулсан хүн ирсэн байсан. Тухайн шархаар нь хөөстэй цус гарч байсан. Эмнэлэгийн тусламж яаралтай аваагүй бол амь насанд аюултай гэмтэл байсан. Ингээд яаралтай шинжилгээ авч, хагалгаанд бэлдсэн. Хагалгаа ортол шархыг цэвэрлэж, цусыг тогтоож, тайвшруулах эм өгч өвчнийг намдаах, шингэн нөхөх, шарханд оёдол тавих эмчилгээнүүдийг хийсэн гэжээ. /хх-ийн 64-65/
-Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн хүн цээжний хөндийдөө хутгалагдсан шархтай, хагалгааны өрөөнд орж байсан. Би хагалгаанд нь л орсон. Уг хүнийг Г эмч хүлээн авсан. Хагалгаанаас хойш би үзсэн. Энэ гэмтэл нь эмнэлгийн тусламж аваагүй бол амь насанд аюултай гэмтэл байсан гэжээ. /хх-ийн 66-67/
- Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
- Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-14/
- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/
- Согтуурал шалгасан тухай тэмдэглэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүгдэгчийн хил орчмоор зорчих үнэмлэх /хх-ийн 55/
- Замын-Үүд сумын 2 дугаар багийн ажлын албаны 2018 оны 484 дугаартай албан тоот, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56-58/
- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 70-71/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.Д нь согтуугаар 2018 оны 10 дугаар сарын 23-ны орой 22 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух О.Ц-тэй маргалдаж улмаар түүнийг 2 удаа хутгалж цээжний баруун 2,3 дугаар хавирга, 6,7 дугаар хавирганы завсраар цээжний хөндийг нэвтэлж баруун уушгийг гэмтээсэн шарх, цээжний хөндийн цус хуралт, хурц цус алдалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэг, хохирогч О.Ц-н “...Д намайг гал харамлалаа, галаа өгчихгүй, хөөж мөөгөөд сүртэй “пизда” вэ энэ тэр гээд байсан. Тэгээд Д хоолны ширээн дээр байсан түмпэнтэй махнаас идэж байгаа бололтой өнөөхөө хэлээд над руу бараг агсам тавиад байсан. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд орноосоо босоод “юу гээд байгаа юм бэ, олон юм яриад байх чинь” гээд Д рүү очиход Д босоод ирсэн. Д-г заамдаад автал Д зүүн гараа миний баруун гаран доогуур явуулаад цохих шиг болсон. Тэгтэл нойт оргиод явчихсан. Харсан чинь цус гарч байсан. Тэгэхээр нь би чи намайг хатгачихлаа ш дээ гээд ахиад өөдөөс нь ойрттол ахиад зүүн гараа цээж рүү явуулаад хатгачихсан. Хэлж амжаагүй байтал ахиад л хатгачихсан.” гэх мэдүүлэг, гэрч П.Т-н “...гэртээ охин Х-н хамт орж ирэхэд манай нөхөр О.Ц зурагтныхаа өмнө гудсан дээр тонгойгоод суучихсан намайг Д хутгалчихлаа, эмнэлэг дуудаадах гээд гудас болон газар цусаа гоожуулчихсан сууж байсан. Д нь болохоор ширээний хажууд сандал дээр суучихсан “би хутгалчихсан юм” гэж байсан.” гэх мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Ц.Х-н “...Гэртээ ороход манай аав О.Ц гэрийн зүүн хойд талд зурагтын тавиурны урд гудсан дээр цээжнээсээ цус гоожуулчихсан намайг М.Д хутгалчихлаа гээд сууж байсан. М.Д ахыг харахад “би хутгалсан юм, яадаг юм” гээд хоолны ширээний хажууд сандал дээр сууж байсан.” гэх мэдүүлэг, шинжээчийн 02/0347 тоот дүгнэлт /хх-ийн 29-41/, гэрч Б.Г-н “103-аас хутгалуулсан хүн ирлээ гэсний дагуу очиход цээжний баруун өмнөд дээд хэсэгт болон цээжний баруун хажууд хутгалуулсан хүн ирсэн байсан. Тухайн шархаар нь хөөстэй цус гарч байсан. Эмнэлэгийн тусламж яаралтай аваагүй бол амь насанд аюултай гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/, гэрч Б.Т-н “Тухайн хүн цээжний хөндийдөө хутгалагдсан шархтай, хагалгааны өрөөнд орж байсан. Би хагалгаанд нь л орсон. Хагалгаанаас хойш би үзсэн. Энэ гэмтэл нь эмнэлгийн тусламж аваагүй бол амь насанд аюултай гэмтэл байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 08-14/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 17/ зэргээр тогтоогдож байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч М.Д-д зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тохиолдлын шинжтэй анх удаа хэрэг үйлдсэн, гэмшсэн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг арилсан, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзлээ.
Шүүгдэгч М.Д нь цагдан хоригдсон хоноггүй ба иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-г журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-г 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д-д оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан эрээн өнгөтэй хуванцар 10 см урт иштэй, ажлын хэсэг нь 8,5 см урттай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Д-д урьд авсан хувийн баталгаа гарагах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД Д.Ц
А.Ц