Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 210/ма2023/00349

 

 

 

 

 

 

2023 02 10 210/МА2023/00349

 

 

Н ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/03635 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н ХХК-ийн хариуцагч Ш ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч О.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б, хариуцагчийн төлөөлөгч Т.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч нь Ш ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу Ш ХХК нь Богдхан уулын дархан цаазат газрын Н амны 10.0 га талбайд аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний ажил буюу гэрээний 1.1.1-1.1.4-т заасан ажлуудыг 4.1.1, 4.1.2-т заасан шаардлагад нийцүүлэх ба Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт багтааж, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ тайланг ерөнхий үнэлгээний дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх, Н ХХК буюу захиалагч нь гэрээний 5-т заасан нөхцөлийн дагуу ажлын хөлс 8,000,000 төгрөгийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд захиалагчийн зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж 8,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Ш ХХК-д бэлнээр хүлээлгэж өгсөн. Гэвч гэрээ байгуулснаас хойш 3 хоногийн дараа Н ам гэх газар нь Богд уулын тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаггүй, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг олж мэдсэн учир цаашид Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх, тайлан гаргуулах шаардлагагүй болсон учраас гэрээнээс татгалзаж байгаа талаар гүйцэтгэгчид утсаар мэдэгдсэн боловч хариуцагч нь 8,000,000 төгрөгийг буцаан шилжүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд гэрээнээс татгалзаж, ажлын хөлс 8,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Манай зүгээс 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Н амны 10.0 га талбайд аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, түүний Байгаль орчны үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэхээр Н ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний 3.1-д заасны дагуу Байгаль орчны үнэлгээг гэрээгээр тогтоосон хугацаанд гэрээнд заасан болон захиалагчаас тавьсан шаардлагад нийцүүлэн мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж гүйцэтгэх, мөн гэрээний 4.2-т гэрээний дагуу ажлын хугацаа Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг ажлын 7 хоногт, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайланг ерөнхий үнэлгээтэй дүгнэлт гарсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хийж гүйцэтгэх-ээр заасан. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны төлөв байдлын тайланг хүргүүлж батлуулах үүргийн хуулиар хүлээсэн болно. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх эрх үүсдэг. Нэхэмжлэгч Н ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж дээрх хүсэлтийг өгөөгүй ба ерөнхий үнэлгээний дүгнэлт Байгаль орчин аялал жуулчлалын яамаар гаргуулаагүй. Ш ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хээрийн судалгаа, хөрсний судалгаа, ургамлын судалгаа, лабораторийн судалгаа, зураглал боловсруулах, тайлан боловсруулах зэрэг байгаль орчны төлөв байдлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр бүрэн дуусгаж, энэ талаар захиалагч талд мэдэгдсэн бөгөөд 2 хоногийн дараа Б.А ирж авсан. Н ХХК нь гэрээнээс татгалзаж байгаа талаар утсаар мэдэгдсэн. Манай компани 8,000,000 төгрөгөөс нь гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэхдээ 3,000,000 төгрөгийг зарцуулсан бөгөөд 4,000,000 төгрөгийг нь ажил зуучилсан Б.А д өгсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш ХХК-аас ажлын хөлс 8,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Ш ХХК-аас 142,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Тус компани нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Н амны 10.0 га талбайд Н ХХК-ийн аялал жуулчлалын бааз байгуулах төсөл, түүний Байгаль орчны үнэлгээний ажлуудыг хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Байгаль орчинд нөлөөлөх байдлын тайланг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгсөн. Н ХХК нь гүйцэтгэгч Ш ХХК-д гэрээнээс татгалзах талаар мэдэгдэж байгаагүй. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасны дагуу төсөл хэрэгжүүлэгч нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд байгаль орчны төлөв байдлын тайланг хүргүүлж батлуулах үүргийг хуулиар хүлээсэн болно. Нэхэмжлэгч Н ХХК нь Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж дээрх хүсэлтийг өгөөгүй ба ерөнхий үнэлгээний дүгнэлт Байгаль орчин аялал жуучлалын яамаар гаргуулаагүй, гүйцэтгэгч Ш ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, хээрийн судалгаа, хөрсний судалгаа, ургамлын судалгаа, лабораторийн судалгаа, зураглал боловсруулах, тайлан боловсруулах зэрэг байгаль орчны төлөв байдлын тайланг бүрэн дуусгаж захиалагч талд мэдэгдэж хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн. Ш ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлсэн тухай Хөрсний задлан шинжилгээний дүн, Байгаль орчны төлөв байдлын тайлан зэрэг баримтаар нотлогдоно. Гүйцэтгэгч Ш ХХК нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг тогтоосон хугацаанд гүйцэтгэх үүргээ биелүүлсэн атал шүүх Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх тайлбар үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагч талын гомдлын агуулга нь байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайланг нэхэмжлэгч талд хүлээлгэж өгсөн ба хүлээлгэж өгөхдөө гуравдагч этгээд Б.А д хүлээлгэж өгсөн гэж маргадаг. Энэ талаар нотлох баримт байхгүй. Нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Гэрээний 6.4-т талуудын солилцсон материал нууцад хамаарна, ийм материалыг гуравдагч этгээдэд хүлээлгэж өгөхгүй гэж заасныг зөрчсөн тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй. Гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй гэж маргадаг. Гэтэл шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гэрээг зөрчсөн талаар маргадаггүй. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлийн 2, 4, 7 дугаар хуудсанд тодорхой тусгагдсан. Өөрөөр хэлбэл, гэрээг цуцалсан талаар маргаагүй учраас дүгнэх шаардлагагүй гэсэн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгагдсан. 3,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн учраас төлөхийг зөвшөөрөхгүй гэдэг ба энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх үүргээ биелүүлээгүй. Гэтэл гэрээний 6.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 3.4, 6.6 дахь хэсэгт заасны дагуу эрх бүхий байгууллага үүргээ биелүүлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянасан бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч Ш ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8,000,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Н ХХК, Ш ХХК нар хоорондоо 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь Богдхан уулын дархан цаазат газрын Н амны 10.0 га талбайд Аялал жуулчлалын бааз байгуулах төслийн Байгаль орчны үнэлгээний доор гэрээний 1.1.1-1.1.4-т заасан ажлуудыг тус гэрээний 4.2-т заасан хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь гэрээний 5.1-д заасны дагуу ажлын хөлсөнд нийт 8,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын тайлбар болон хамтран ажиллах гэрээ зэрэг баримтаар тогтоогджээ. /1хх3-6/

4. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар хүсэл зоригоо илэрхийлж, гэрээнд хэн аль нь гарын үсэг зурсан байх бөгөөд зохигчид хамтран ажиллах гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй. Анхан шатны шүүх талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

5. Нэхэмжлэгч Н ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 8,000,000 төгрөгийг байгаль орчин үнэлгээний ажлын хөлс гэх гүйлгээний утгатайгаар хариуцагч Ш ХХК-д шилжүүлсэн болох нь бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон байна. /хх-7/

6. Гэрээ хүчин төгөлдөр тул зохигч хэн алинаас гэрээний үүргийг биелүүлэхийг харилцан шаардах эрхтэй ба нэхэмжлэгч нь ажлын хөлсөнд нийт 8,000,000 төгрөг төлсөн талаар зохигч маргаагүй, харин гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх шаардлагагүй болсон, уг ажлыг яамнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр хийгдэх байсан гэж зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болжээ.

7. Нэхэмжлэгч нь Н ам нь Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанд хамааралгүй Төв аймгийн нутаг дэвсгэрт хамаардаг үндэслэлээр гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх боломжгүй гэсэн агуулгаар гэрээнээс татгалзсанаа илэрхийлсэн байх ба Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт зааснаар захиалагч гэрээгээ хэдийд ч цуцлах эрхтэй болохыг тодорхойлсон, энэ дагуу гэрээгээ захиалагч цуцалсан үйл баримт тогтоогдсон тул ажлын хөлсөнд шилжүүлсэн мөнгөө буцаан шаардах эрхтэй.

8. Хариуцагчийн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гэрээнээс татгалзсан гэдгээ мэдэгдсэн гэж тайлбарласан байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үр дүн гарч, гэрээ хэрэгжихээс өмнө нэхэмжлэгч гэрээ цуцалсныг хариуцагч хүлээн авсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

9. Хариуцагч нь гэрээ цуцлагдах хүртэл гэрээнд заасан ажлыг хийх явцад 3,000,000 төгрөгийн зардал гарсан, үлдэх 4,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид өгөхөөр Б.А д өгсөн гэх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, хариуцагчийн татгалзлыг үнэн зөв гэж үзэх үндэслэл баримтаар тогтоогдоогүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэлгүй байна.

10. Хариуцагчийн төлөөлөгчийн ...байгаль орчны төлөв байдлын тайланг бүрэн дуусгаж захиалагч талд хүлээлгэн өгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээнээс татгалзах талаар мэдэгдээгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан тайланг хэзээ гаргасан, уг тайланг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэх байдлаа хариуцагч нотлоогүй бөгөөд хэргийн баримтаар тогтоогдоогүй ба уг асуудлаар хүсэлт гаргаж мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй байх тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.

11. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 182/ШШ2022/03635 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

Д.ЦОГТСАЙХАН