Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 134

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.А

Улсын яллагч Э.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц

Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц.А-т холбогдох эрүүгийн 182.0002.0501.21 тоот хэргийг 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, УБТЗ-н ЗШ ангид ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, М овогт Ц.А,

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой өөрийн эзэмшлийн улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр Б.Г-г дайрч амь насыг хохироосон  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 сарын 08-ны өдөр манай байгууллагын 20 жилийн ойн арга хэмжээ, хүлээн авалтын бэлтгэл ажил хангах гээд ажилтай өглөө 05:40 цагт талийгаач Х.Г бид хоёр гэрээсээ улсын дугаартай Соната-6 маркийн автомашинтай гараад намайг ажил дээр хүргэж өгчхөөд буцаад гэртээ хариад 09 цагийн үед ирсэн. Ажил дээр ирж хүлээн авалтад оролцчихоод М, М нарын хүмүүстэй бөөндөө гараад явцгаасан. Ингээд 14 цагийн үед Хилийн цэргийн ... дугаар ангийн зааланд баярын хурлын арга хэмжээнд оролцохоор Д бид 2 миний улсын дугаартай автомашинтай очсон. Талийгаач бид 2 заалны гадаа зургаа авхуулсан, тухайн үед төмөр замын цэнхэр цамц, хар өмд хувцастайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай халамцуухан ”З зоогт архи уусан юм аа” гэж байсан. Тэгээд би буцаад машинаа унаад ажил руугаа талийгаач нөхөр нөгөө хэд дээрээ очлоо гээд ганцаараа явсан. Ингээд би ажил дээрээ очоод ажлаа хийж байгаад 17 цагийн үед М-н эхнэр Б руу залгаад “манай нөхөр ямархуу байна” гэсэн чинь “гайгүй байна” гэж байсан, “тасарчихвал унтуулчихаарай би ажлаасаа буугаад авна” гэж хэлсэн. Тэгээд талийгаачийн утас руу залгасан чинь халамцуухан байдалтай утсаа аваад “Маргаашийн баярын ямаа хуйхалж байна ганц нэгэн юм уугаад байж байна” гэсэн. Тэгэхээр нь би “за за битгий их уугаарай” гэж хэлсэн чинь “за за” гэж хэлээд утсаа салгасан. Түүнээс хойш хэсэг хугацааны дараа буюу 18 цагийн үед дахин залгасан чинь талийгаач Б.Г утсаа авсан, энэ үед нилээд нэмж уусан бололтой согтчихсон байсан. “энд бөөн юм болж байна, паялник нь буудаад Э, Х 2 түлэгдсэн” гэж байсан. Би түүнээс “Чи гайгүй юу” гэсэн чинь “би гайгүй ээ” гэж байсан. Хэсэг хугацааны дараа Б-тай утсаар яриад “Э, Х хоёр түлэгдсэн би энэ хоёрыг эмнэлэг рүү аваад явж байна, М, Г хоёр гадаа үлдсэн, чи ирэх болж байна уу” гэхлээр нь “би дөхөж байна, ажлаа дуусгаад хүрээд очно” гэж ярьсан. Тэгээд 19 цагийн үед талийгаачийн утас руу залгаад байсан чинь утсаа авахгүй байсан, тэгээд ажлаа дуусгах гээд байж байсан чинь ажлын утас дуугараад Б аваад утсаар ярьж дуусаад “Хөөе танай нөхөр чинь гарам дээр хөл дээрээ тогтож чадахгүй явж байна гэнээ чи хурдан яваа” гэхлээр нь би ажлаасаа гарч гүйгээд хашааны гадаа зогсоол дээр байсан улсын дугаартай Соната-6 маркийн автомашинаа жолоодоод ажлын гаднаас хөдлөөд гарам чиглээд явж байсан чинь нэг юман дээгүүр гарчих шиг болоод дүүлээд явчихсан. Яанаа нохой дайрчихсан юм болов уу гэж бодоод машинаасаа буугаад зам руу харсан чинь нөхөр маань байсан. Түүнээс цааш юу болсон эсэхийг санахгүй байна гэв.                

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие тухайн зам тээврийн осол гарах үед Сэлэнгэ аймгийн Мандал суманд байсан бөгөөд хүүгээ зам тээврийн осолд орж нас барсан талаар мэдээд Замын-Үүд суманд ирсэн, түүнээс болсон асуудлын талаар нарийн сайн мэдэхгүй. Тухайн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэнэ биз, надад өөр хэлэх үг олохгүй хэцүү байна гэжээ. /хх-ийн 26-27/   

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ц шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

- Гэрч Ц.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 09 сарын 08-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд гэртээ байхад манай ажлын Т гэрийн гадаа ирж бид хоёр хамтдаа ажлын байр болох Шилжүүлэн ачих ангид байрлах Хилийн мэргэжлийн хяналтын байрлуу ирсэн. Тухайн үед Т бид хоёр Т-н машинтай явсан ба төмөр замын гарам гараад явж байтал гармаас замын эсрэг урсгалтай хатуу хучилтай замын ирмэг орчимд газар, баруун талаараа цаашаа харсан нэг гараа хөндлөн сунгачихсан байдалтай дээгүүрээ цэнхэр хувцастай хүн хэвтэж байсан. Тэр хүнийг эрэгтэй эмэгтэй гэдгийг анзаараагүй. Т бид хоёр газар хэвтэж байгаа хүнийг анх хараад согтуу хүн тасарчихсан хэвтэж байгаа харагдсан, хоорондоо ч согтуу байна гэж яриад цааш явсан. Т бид хоёрыг машинтайгаа цааш явж байтал өөдөөс нэг жижиг машин ирж байхаар нь Т машиныхаа гэрлийг дохисон боловч өөдөөс ирсэн машин зогсохгүй хажуугаар өнгөрөөд явсан. Т бид хоёр хурд багатай явж байсан тэр машин ч хурд нь гайгүй л байх шиг санагдсан. Бид хоёрыг зөрөхөд газар хэвтэж байсан хүнээс цус  гараагүй байсан. Хэрэв тэр эрэгтэй ямар нэгэн байдлаар цустай байсан бол Т бид 2 цагдаагийн байгууллагад дуудлага өгөх байсан. Т бид хоёр ажил руугаа явж байсан тэр эрэгтэй эсрэг урсгалд замынхаа ирмэг хэсэгт толгой нь ертөнцийн зүгээр урагшаа байрлалтай цаашаа харсан нэг гар нь замруугаа хөндлөн сунгасан байдалтай хэвтэж байсан. Ер нь хүн тасаад хэвтэж байгаа л харагдсан гэжээ. /хх-ийн 30-33/

- Гэрч Н.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 09 сарын 08-ны орой 20 цаг 40 минутын орчимд улсын байцаагч Т-н хамт өөрийнхөө Тоёота Ланд маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй МЧ-2 луу галт тэрэг авах гээд Замын-Үүд сумын төвөөс МЧ-рүү явдаг зам буюу депогийн хойд талын замаар 2 дахь презрийг даваад зүүн зүгт явж байхад асфальтан зам дээр төмөр замын цэнхэр хувцастай эрэгтэй хүн 2 гутлаа тайлаад хажуудаа тавьсан байдалтай, гараа дэрлээд унтаж байгаа харагдсан. Хажуугаар нь явах үед өөдөөс саарал өнгийн суудлын машин ирж яваа харагдахаар нь тэр машин руу гэрлээрээ дохиход зогсоогүй хажуугаар өнгөрөөд явсан. Ажил дээрээ ирэхэд цаг 20:55 байсан. Би тухайн үед гэрлээ асаагаад явж байсан эсэхээ санахгүй байна. Би 2 дахь презир гарахад зам дээр хэвтэж байсан хүн их л тод харагдсан ба гадаа машины гэрэл асаах хэмжээтэй харанхуй байгаагүй ба би тухайн үед машиныхаа гэрлийг асаагаагүй гэж л санаж байна. Би машинтайгаа хоёр дахь презир төмөр  дөнгөж давахад зам дээр хэвтэж байсан хүн ойролцоогоор 20 орчим метрийн зайтай харагдсан ба тэр хүн газын колонкийн харалдаа харагдаж байсан. Би баруунаас зүүн зүгт зорчих хэсгийн ертөнцийн зүгээр урд талд явж байхад тэр хүн миний явж байсан эгнээний эсрэг талд зүүнээсээ баруун зүгт явах чиглэлд /ертөнцийн зүгээр хойд/ асфальтан зам дээр голлоод хэвтэж байсан гэжээ. /хх-ийн 34-36/

- Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 09 сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байх үед ажлын байрандаа буюу гал тогоонд ахлах тогооч А, З, Ө, А нарын хүмүүстэй маргаашын ажилд бэлдээд байж байсан чинь албаны утас дугархаар би хамгийн ойр байсан тул утсыг аваад “байна уу” гэсэн чинь “таваарын конторын кассер байнаа нөгөө угаагч А-н нөхөр нь карго эргэдэг зам дээр согтуу явж байнаа эхнэрт нь хэлээрэй гэсэн” тэгэхлээр нь би тухайн үгийг А-т дамжуулсан чинь  А “за би яваад гэртээ хүргэж өгчихөөд ирье” гэж хэлээд гараад явсан, түүнээс хойш эргэж ажил дээрээ ирээгүй гэжээ. /хх-ийн 40/

- Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 09 сарын 08-ны орой 20 цаг өнгөрч байх үед ажилаа тараад хамт ажилладаг кассер Ш.О-н хамт миний ... улсын дугаартай Соната-6 маркийн машинтай ажлынхаа гаднаас хөдлөөд төмөр замын гармаар гарах гээд баруун зүгт засмал замаар гарамнаас ертөнцийн зүгээр зүүн талд явж байсан чинь засмал зам дээр машины гэрэлд Г нь согтуу бололтой явж байгаа харагдсан. Тэгээд санаа зовоод түүний эхнэр А-т нь хэлэх санаатай түүний утсыг нь мэдэхгүй гал тогооны  утасруу О-г залгуулаад яриулсан, тухайн үед би машин бариад явж байсан болохоор О-г яриулсан юм. Талийгаач Г нь ганцаараа явж байсан ямар нэгэн машин хүн дэргэд нь байгаагүй, биед нь ямар нэгэн гэмтэл шарх, цус шороо болсон зүйл харагдаагүй тэрээр цэнхэр өнгийн төмөр замын дүрэмт хувцасны дан цамцтай явж байсан ажил руу чиглэлтэй алхаж явсан бид нартай зөрсөн юм гэжээ. /хх-ийн 44/

- Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2018 оны 09 сарын 08-ны орой 20 цагийн орчимд ажилаа тараад хамт ажилладаг кассер Д.Б-ы хамт Б-ы машинтай ажлынхаа гаднаас хөдлөөд төмөр замын гарамаар гарах гээд баруун зүгт засмал замаар явж байсан чинь машины гэрэлд Г нь согтуу явж ядаад байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь Б бид хоёр хоорондоо ярихдаа “Өө энэ манайд ажилдаг хүн байна шүү дээ” гэсэн чинь Б нь “энэ залуу угаагч А-н нөхөр нь байна” гэсэн тэгээд “залгаад хэлчих” гэхлээр нь би “утсыг нь мэдэхгүй” гэсэн чинь “гал тогооруу залгаад хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би МЧ-ийн гал тогооны ... дугаарын албаны утасруу залгаад А-н нөхөр нь согтуу явж байгаа талаар хэлсэн юм гэжээ. /хх-ийн 45/

 - Гэрч Г.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2008-2015 оны хооронд МЧ-д ажилладаг байсан бөгөөд хуучин хамт ажиллаж байсан Х, М, М, талийгаач Г бид нар З зоогт хоолонд ороод 0,75 л С архи аваад бүгдээрээ хувааж уусан. Тэгээд ХЦ-ийн ... дугаар ангийн зааланд концерт, хуралд оролцох гээд гарцгаасан. Бид бүгд оролцчихоод тэндээсээ гараад үдийн хойно цаг бол сайн мэдэхгүй байна гарч ирээд М-н гэрлүү явцгаахаар болоод Х, М, М, талийгаач Г бид нар Эрүүл мэндийн ... тоотод очсон. Тэнд хоол идээд 2-3 шил архи лав ууцгаасан. Бүгдээрээ л адил жигд ууж байсан тэгээд тэдний ажлынх нь гэсэн М нь хонь хашаандаа авч ирж би хуйхлаад Х нь хөөг хусаж байсан чинь паялник нь бензин алдаад буудаад миний гар, Х-н нүүрний тал асаад бид айж сандраад яаралтай эмнэлэг явцгаах болоод Х, би, М, Б нь машинтай бид нарыг эмнэлэг рүү авч явсан. Тэнд М, талийгаач 2 нилээд болчихсон бараг согтуу үлдсэн, бид эмнэлэг дээр ирээд эмчилгээ хийлгэж байгаад би гараа боолгочихоод гараад ирсэн чинь гадаа М хүлээгээд байж байсан. Бид 2 эргээд М-н гэрт очсон чинь М нь гэртээ тасарчихсан унтаж байсан. Түүний эхнэр Б байсан, талийгаач Г байгаагүй хаашаа явсан эсэхийг мэдээгүй, тухайн үед би үүнийг асуугаагүй гэжээ. /хх-ийн 50/

    - Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн өдөр би гэртээ хүүхдүүдийн хамт байж байхад 15 цаг өнгөрч байхад манай нөхрийн ажлын 20 жилийн ойн баяр болоод нөхөр ажлын хүмүүсийн хамт гэрт орж ирсэн. Тэгээд би нөхрийн ажлын хүмүүст хоол цай хийж өгөөд тэд нар хоол цай идэж дуусаад жоохон хүүхэдтэй гээд манай гэрээс гараад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа гэрээс гарахад манай нөхөрийн ажлын хүмүүс граж дотор хонь хуйхалж бэлдэж байх зуураа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж  байсан яг ямар нэртэй архи байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд 18-19 цагийн үед нөхрийн ажлын хүмүүсийн хоёр алба хаагч нь хонь хуйхлаж байсан галдаа гар, нүүрэн хэсэг нь түлэгдсэн хүмүүсийн өөрийн эзэмшлийн машинд суулгаад сумын нэгдсэн эмнэлэг рүү авч яваад эмнэлэгт үзүүлж байхад эхнэрүүд нь хүрээд ирэх дээр нь буцаад 19 цаг өнгөрөөд 20 цагийн үед байх иргээд гэртээ ирэхэд харанхуй болсон байсан. Тэгээд гэрт ирэхэд манай нөхрийн ажлын хүн Б.Г гэрт байхгүй манай нөхөр гэртээ хүүхдүүдийн хамт унтаж байсан гэжээ. /хх-ийн 51-52/               

- Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 72 дугаартай дүгнэлт: 1.Амь хохирогч Б.Г нь толгойн гэмтлийн улмаас нас барсан байна. 2.Амь хохирогч Б.Г-н цогцост хийсэн шүүх эмнэлгийн гадна үзлэг болон магадлан шинжилгээгээр гавал ясны цөмөрч задарсан хугарал, баруун тал бөмбөлөгийн гадна хэсэг, дагз хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, гавлын суурь ясны зүүн чамархай, зүүн чулуулаг ясны дээд хэсэг, турк эмээл, дагзны хонхор хамарч цөмөрсөн хугаралтай нийлсэн хугарал. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Баруун тал бөмбөлөгийн суурь хэсгийн эдийн няцрал. Тархины зүүн тал бөмбөлөгийн эдийн дутагдал, их хэмжээний няцрал. Толгойн хуйхны язарч сөхөгдсөн, доод уруулын язарсан шарх. Уушгины хатгагдсан шарх, элэгний эдийн язралт. Баруун 1,2,3,4,5,6,7,8,9,10 дугаар хавирганы хугарал. Дух, доод уруул, хэвлийн олон тооны, эрүүний зулгаралт. Хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Амь хохирогчийн цогцосноос авсан цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Өөрийн үйлдлийг удирдах чадвар муутай байх ба энэ нь хувь хүний биеийн онцлогоос хамаарна. 5.Амь хохирогчийн  цогцост хийсэн шүүх эмнэлгийн магадлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Амь хохирогчийн цус нь О/I/ бүлгийн харъяалалтай байна. /хх-ийн 67-69/

- Шинжээчийн 18 дугаартай дүгнэлт: 1.Талийгаач Б.Г нь МУ-ын ЗХД-ийн 3.9.Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: б/аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн  хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, г/өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах. Гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгсэлийн жолооч Ц.А нь МУ-ын ЗХД-ийн 1.5.Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн 9.1.Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэлийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн  хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. 9.2.Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. 3.Уг зам тээврийн осол нь тухайн хөдөлгөөнд оролцогч нарын буруутай үйлдлээс үүссэн осол гэж үзнэ. 4.Тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь явган зорчигч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар  зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх, өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах гэсэн заалтыг зөрчиж зам дээр унтсан, тээврийн хэрэгслийн жолооч зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцоогүй, зогсоох арга хэмжээ аваагүйгээс тухайн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй. /хх-ийн 86-87/

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-14/

- Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 20/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож хураан авах тухай мөрдөгчийн санал, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 22-24/

- Шинжээчийн тоот 9671 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-59/

- Шүүх сэтгэц гэм судлалын 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-64/

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-74/

- Шинжээчийн 9669, 9670 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 77-81/

- Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 17 тоот дүгнэлт /91-95/

- Ашид билгүүн ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 102-105/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, жолоочийн үнэмлэх, тээврийн хэрэгслийн үнэмлэх /хх-ийн 120-123/

- Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 124-127/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хохирогчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 128-138/

- Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол /хх-ийн 148-149/   

- Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл  /хх-ийн 150-151/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгээр судалсан болно.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Ц.А нь 2018 оны 09 дүгээр сарын 08-ны орой өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хатуу хучилттай зам дээр Б.Г-г дайрч амь насыг хохироосон гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, гэрч Л.Б-н “2018 оны 09 сарын 08-ны орой 22 цаг өнгөрч байх үед ажлын байрандаа буюу гал тогоонд ахлах тогооч А, З, Ө, А нарын хүмүүстэй маргаашийн ажилд бэлдээд байж байсан чинь албаны утас дуугархаар би хамгийн ойр байсан тул утсыг аваад “байна уу” гэсэн чинь “таваарын конторын кассер байнаа нөгөө угаагч А-н нөхөр нь карго эргэдэг зам дээр согтуу явж байнаа эхнэрт нь хэлээрэй гэсэн” тэгэхлээр нь би тухайн үгийг А-т дамжуулсан чинь  А “за би яваад гэртээ хүргэж өгчихөөд ирье” гэж хэлээд гараад явсан, түүнээс хойш эргэж ажил дээрээ ирээгүй” гэх мэдүүлэг, гэрч Д.Б-ы “төмөр замын гармаар гарах гээд баруун зүгт засмал замаар гарамнаас ертөнцийн зүгээр зүүн талд явж байсан чинь засмал зам дээр машины гэрэлд Г нь согтуу бололтой явж байгаа харагдсан. Тэгээд санаа зовоод түүний эхнэр А-т нь хэлэх санаатай түүний утсыг нь мэдэхгүй гал тогооны утас руу О-г залгуулаад яриулсан, тухайн үед би машин бариад явж байсан болохоор О-г яриулсан юм. Талийгаач Г нь ганцаараа явж байсан ямар нэгэн машин хүн дэргэд нь байгаагүй, биед нь ямар нэгэн гэмтэл шарх, цус шороо болсон зүйл харагдаагүй тэрээр цэнхэр өнгийн төмөр замын дүрэмт хувцасны дан цамцтай явж байсан ажил руу чиглэлтэй алхаж явсан” гэх мэдүүлэг, гэрч Ш.О-н “...Б-ы машинтай ажлынхаа гаднаас хөдлөөд төмөр замын гарамаар гарах гээд баруун зүгт засмал замаар явж байсан чинь машины гэрэлд Г нь согтуу явж ядаад байгаа бололтой харагдсан. Тэгэхээр нь Б бид хоёр хоорондоо ярихдаа “Өө энэ манайд ажилладаг хүн байна шүү дээ” гэсэн чинь Б нь “энэ залуу угаагч А-н нөхөр нь байна” гэсэн тэгээд “залгаад хэлчих” гэхлээр нь би “утсыг нь мэдэхгүй” гэсэн чинь “гал тогооруу залгаад хэлчих” гэсэн. Тэгэхээр нь би МЧ-ийн гал тогооны ... дугаарын албаны утас руу залгаад А-н нөхөр нь согтуу явж байгаа талаар хэлсэн” гэх мэдүүлэг, шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 72 дугаартай дүгнэлт /хх-ийн 67-39/, шинжээчийн 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 86-87/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 04-14/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-17/, шинжээчийн тоот 9671 дугаартай дүгнэлт /хх-ийн 55-59/, шүүх сэтгэц гэм судлалын 20 дугаартай дүгнэлт /хх-ийн 62-64/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-74/, шнжээчийн 9669, 9670 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 77-81/, автотээврийн үндэсний төв ТӨҮГ Замын-Үүд техникийн хяналтын үзлэгийн төвийн 17 тоот дүгнэлт /91-95/ зэргээр тогтоогдож байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос шүүгдэгч Ц.А-т зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшсэн, бусдад төлөх хохиролгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага оногдуулсан болно.

Шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй ба иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг шүүгдэгч Ц.А авах хүсэлт гаргасан байх тул эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /2/ дугаартай 5.5х4 см хэмжээтэй яс бүхий зүйл, /4/ дугаартай 7х3.5 см хэмжээтэй яс бүхий зүйл, /3/ дугаартай 5.5x1.5 см хэмжээтэй яс бүхий зүйл, тарсан гэсэн бичиглэлтэй олон тооны яс бүхий зүйл, /7/ дугаартай эд эс бүхий зүйл, /2/ тоогоор тэмдэглэсэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйны урд кирланд наалдсан байсан улаан өнгийн цус мэт зүйл, /3/ тоогоор тэмдэглэсэн автомашны баруун урд дугуйны ирмэгт наалдсан байсан эд эс бүхий зүйл, /14/ тоогоор тэмдэглэсэн автомашины урд кирланд наалдсан байсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл, /5/ тоогоор тэмдэглэсэн автомашины урд дугуйны кирлан ирмэгт наалдсан байсан улаан өнгийн цус мэт зүйл,  /1/ тоогоор тэмдэглэсэн автомашины баруун доод хэсэгт наалдсан байсан улаан өнгийн цус мэт зүйл зэргийг Ц.А авахаар хүсэлт шүүх хуралдаан дээр гаргасан байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Ц.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний ам нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ц.А-т 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад  урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ц.А нь шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын дүгнэлтийг үндэслэн ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн /2/ дугаартай 5.5х4 см хэмжээтэй яс бүхий зүйл, /4/ дугаартай 7х3.5 см хэмжээтэй яс бүхий зүйл, /3/ дугаартай 5.5x1.5 см хэмжээтэй яс бүхий зүйл, тарсан гэсэн бичиглэлтэй олон тооны яс бүхий зүйл, /7/ дугаартай эд эс бүхий зүйл, /2/ тоогоор тэмдэглэсэн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд дугуйны урд Кирланд наалдсан байсан улаан өнгийн цус мэт зүйл, /3/ тоогоор тэмдэглэсэн автомашны баруун урд дугуйны ирмэгт наалдсан байсан эд эс бүхий зүйл, /14/ тоогоор тэмдэглэсэн автомашины урд кирланд наалдсан байсан улаан хүрэн өнгийн цус мэт зүйл, /5/ тоогоор тэмдэглэсэн автомашины урд дугуйны кирлан ирмэгт наалдсан байсан улаан өнгийн цус мэт зүйл, /1/ тоогоор тэмдэглэсэн автомашины баруун доод хэсэгт наалдсан байсан улаан өнгийн цус мэт зүйлийн шүүгдэгч Ц.А-т олгож, ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-т зааснаар энэ хэрэгт прокурорын 2018 оны 09 сарын 09-ний өдрийн 5/05 дугаар тогтоолоор битүүмжлэгдсэн ... улсын дугаартай Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжлэлийг хүчингүй болгож, өмчлөгч Ц.А-т буцаан олгосугай.

7. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.А-т урьд авсан хувийн баталгаа гарагах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ           Э.Б