| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2022/07078/И |
| Дугаар | 210/МА2023/00317 |
| Огноо | 2023-02-06 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2023/00317
ир
2023 02 06 210/МА2023/00317
***ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/05375 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ***ын нэхэмжлэлтэй, хариуцагч ***д холбогдох 5,111,059 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч ***, түүний өмгөөлөгч ***, хариуцагч ***, түүний өмгөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: ***тай 2021 оны 12 сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан *** хаягт байрлах, 68.2 м.кв талбайтай 2 өрөө байрыг худалдан авсан. Байрандаа ороход цонхоор дулаан алддаг, 2 өрөөний салхивч онгойхгүй, 00-ын өрөөний агааржуулагч ажиллахгүй байхаар нь ***д хандан доголдолтой байр байна, буцаая гэхэд ипотекийн зээлээр авсан учир буцаан өгөх боломжгүй гээд доголдлыг арилгах 10,000,000 төгрөг өгсөн. Тухайн үед ***аас ашиглалтын болон СӨХ-нд төлөх төлбөр байгаа эсэхийг асуухад ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй гэж хэлсэн. Түүний буцаан өгсөн 10,000,000 төгрөг нь доголдолтой холбоотой болохоос биш ашиглалтын зардал тооцно гэж тохиролцоогүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-д худалдагч тал худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой /ус,цахилгаан, дулаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ төлбөрийг төлөх үүрэгтэй гэж заасан. ***ОСНААК нь 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сар хүртэлх хугацааны ус, дулааны төлбөр 3,489,939 төгрөгийг төлөхгүй бол ус, дулаанаар хангахгүй гээд 2022 оны 10 сард ус тасалсан. Манайх аргагүйн эрхэнд 2022 оны 10 сарын 31-ний өдөр төлбөрийн тал хэсэг буюу 1,614,000 төгрөгийг төлсөн, гэхдээ баримтыг авчраагүй. Мөн *** СӨХ-нд хүсэлт тавиад төлбөрийг асуухад 2019 оны 05 сараас 12 сар, 2020, 2021 оны төлбөр 1,621,120 төгрөг төлөгдөөгүй гэдэг тодорхойлолт өгсөн. Миний бие байр худалдаж авснаас хойшхи хугацааны зардлыг СӨХ-нд төлж байгаа болно. Дээрх төлбөрийн талаар ***д хэлэхэд манайд хамааралгүй гэсэн. Байрыг худалдахдаа ийм хэмжээний төлбөртэй гэдгээ *** надад хэлээгүй, түүнд итгээд би холбогдох газруудаас нь асууж тодруулаагүй. Иймд ***аас 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 сар хүртэлх хугацааны орон сууцны ашиглалтын зардалд 3,489,939 төгрөг, 2019 оны 05 сараас 2021 оны 11 сар хүртэлх хугацааны СӨХ-ны зардалд 1,621,120 төгрөг, нийт 5,111,059 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь ***д 2021 оны 12 сарын 08-ны өдөр *** 68.2 м.кв 2 өрөө орон сууцыг нийт 147,500,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээгээр худалдсан. Орлогын 2 хувийн татвараа багасгахын тулд орон сууцыг 80,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулахыг *** зөвшөөрсөн тул энэ дүнгээр гэрээг байгуулсан. Байр ипотекийн зээлтэй байсан тул ипотекийн зээлийн төлбөрийн үлдэгдэл болох 72,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 75,500,000 төгрөгийг 5 хувааж төлсөн. Байрыг үзэхээр хамт явж байхад нь СӨХ-ны даргатай утсаар ярьж, СӨХ-ны төлбөр худалдан авагчид хамааралгүй, өмнө биллиард ажиллуулж байсан аж ахуйн нэгжийн төлбөр болохыг нь тодруулаад түүнд хэлж байсан. Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан өдрөө бүх төлбөр төлөгдсөн тул байрны түлхүүрийг ***д хүлээлгэн өгсөн, улмаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гэрээгээ өгснөөр бидний хоорондох үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх үйл ажиллагаа дуусгавар болсон. *** нь байранд орсноос хойш хэд хоногийн дараа утсаар залган, уулзах хэрэгтэй байна, байрны цонх сийгж байна, салхивч онгойхгүй, агааржуулалт ажиллахгүй, гадагшаа хаалга гаргана гэх мэт цоо шинэ барилга хүлээж авсан мэт шаардлага гаргасан. Мөн өмнө төлөгдөөгүй байсан ус, дулааны буюу ашиглалтын төлбөр болох 3,484,439 төгрөгийг зайлшгүй төлөх ёстой гэсэн. Ингээд бид 2021 оны 12 сарын 14-ний өдөр уулзаж, дээрх нөхцөл байдлыг доголдол гэж үзэн 10,000,000 төгрөгийг ***ын данс болох *** тоот Хаан банкны дансанд 2021 оны 12 сарын 15-ны өдөр шилжүүлж, *** дахин энэ асуудлаар хуулийн байгууллагад хандахгүй гэдэг баримт бичиж өгснийг нотариатаар гэрчлүүлсэн. Нэхэмжлэлд дурдсан 5,111,059 төгрөгийн 3,489,939 төгрөг нь бидний үл хөдлөх хөрөнгийн доголдолд тооцон төлсөн төлбөр гэж үзэж байгаа бөгөөд харин үлдэх 1,626,619.78 төгрөгийн төлбөр нь тухайн айлын өөрийнх нь ашиглалтын төлбөр гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь 2021 оны 12 сарын 08-ны өдрөөс уг байранд орсон учраас ашиглалтын төлбөр тухайн үеэс үүсэх ёстой болсон. Өөрөөр хэлбэл, дээрх айлын 2021 он 12 сараас 2022 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны ус, дулааны төлбөр нь 740,136.72 төгрөг гарсан байх бөгөөд өмнөх төлөгдөөгүй төлбөрийг нэмж тооцвол алдангийн хамт 4,766,740 төгрөг болсноос 3,025,802 төгрөгийг төлж, нийт үлдэгдэл нь 1,740,937 төгрөг болсноос харахад нэхэмжлэгч нь 3,489,939 төгрөгийг төлөхөөр манайхтай тохирсны дагуу дээрх төлбөрөөсөө төлсөн харагдаж байгаа нь бидний хоорондын тохиролцооны үндсэн дээр хийгдсэн гэж үзэхээр байна. Харин цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөрийг яагаад нэхэх болсон шалтгааныг огт ойлгохгүй байна. Түүний нэхэмжлээд байгаа төлбөр нь 3 жилийн өмнөх өр төлбөр байх ба эдгээр нь өмнөх өмчлөгч нарт хамааралтай бөгөөд ус, дулаан, СӨХ-ны төлбөрийг контор болон СӨХ нэхэмжлэх эрхтэй байтал *** 2018 оны төлбөр нэхэмжлэх эрхгүй, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иймд ***ын 5,111,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ***аас 38,720 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,072,339 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 4,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
4.а. ***тай 2021 оны 12 сарын 08-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний гэрээний дагуу хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж төлбөрийг бүрэн төлсөн. Гэвч хариуцагч *** нь гэрээний 4.8-д заасан үүргээ биелүүлээгүй болохыг хэрэгт авагдсан ***ОСНААК-ийн харилцагчийн гүйлгээ, *** СӨХ-ны 1,621,120 төгрөгийн нэхэмжлэхээр тус тус мэдсэн. Гэвч анхан шатны шүүх тухайн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүйд гомдолтой байна.
4.б. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасныг мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг шаардах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлгүй. Нэгэнт гэрээгээр харилцан тохиролцсон үүрэг үүссэн, тухайн үүрэгт хамаарах зардлууд нь хавтаст хэргийн 3, 4, 8, 23, 24 дугаар талд авагдсан баримтуудаар тодорхой харагдаж байгаа. Худалдах, худалдан гэрээний 4.8-д гэрээ байгуулахаас өмнөх бүх хугацааны ашиглалын зардлыг худалдагч тал бүрэн төлөх үүрэгтэй гэж тодорхой заасан байхад шүүх зөвхөн хариуцагч ***ы өмчлөлд байх хугацаанд төлөх ёстой төлбөрийг шаардах эрхтэй гэж 38,720 төгрөг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна гэжээ.
5. Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гэрээний 4.8-д зааснаар ашиглалтын зардал төлөх үүргийг худалдагч хариуцна гэж заасан. Гэтэл ямар хэмжээний үүргийг худалдагч хүлээхийг эрх бүхий этгээдийн нэхэмжлэлээр тогтоох боломжтой. Хариуцагч 2021 оны 09 сард уг байрны өмчлөгч болж, 3 сарын хугацаанд ашигласан. Уг 3 сарын хугацаанд өмчлөгч байсны хувьд энэ хугацааны СӨХ-ны зардлыг төлнө. Гэтэл 2018 оны ашиглаагүй байх үеийн төлбөрийг төлөх боломжгүй. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заасан тул давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
2. Нэхэмжлэгч *** нь хариуцагч ***д холбогдуулан орон сууц худалдан авахаас өмнөх хугацааны ашиглалтын зардал 3,489,939 төгрөг, СӨХ-ны төлбөр 1,621,120 төгрөг, нийт 5,111,059 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагчаас худалдан авсан орон сууцанд 2021 оны 11 сард орсон, уг хугацаанаас өмнөх хугацааны ашиглалтын болон СӨХ-ны зардлыг худалдагч тал хариуцахаар гэрээгээр тохиролцсон... гэсэн агуулгаар тайлбарладаг бол хариуцагч нь татгалзлын үндэслэлээ ...өмнөх СӨХ-ны төлбөр надтай хамааралгүй буюу өмнө биллиард ажиллуулж байсан аж ахуйн нэгжийн төлөх төлбөр, орон сууцны доголдолтой холбоотой 10,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлсэн, уг дүнд өмнөх хугацааны ашиглалтын зардал болох 3,489,939 төгрөг багтсан, нэхэмжлэгч нь энэ асуудлаар хуулийн байгууллагад хандахгүй гэж бичиг хийж өгсөн... гэсэн агуулгаар тайлбарлан маргасан байна.
3. Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:
3.1. Талууд 2021 оны 12 сарын 08-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр *** нь өөрийн өмчлөлийн *** тоот 68.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ***д худалдахаар харилцан тохиролцсон;
3.2. Хэлцлийн бодит үнэ 147,500,000 төгрөг боловч талууд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг бага төлөх зорилгоор бичгийн гэрээнд 80,000,000 төгрөгөөр бичиж, улсын бүртгэлд бүртгүүлсэн;
3.3. Худалдан авагч *** нь 2021 оны 12 сарын 08-ны өдөр нийт 147,500,000 төгрөгийг ***ы эзэмшлийн данс руу 6 хувааж бүрэн шилжүүлсэн;
3.4. Улмаар худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргасны дагуу ***аас уг доголдлыг арилгахад зориулж 2021 оны 12 сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг ***ын эзэмшлийн данс руу буцаан шилжүүлсэн.
4. Зохигчид дээрх үйл баримтын талаар маргаагүй, харин хариуцагч 2021 оны 12 сараас өмнөх хугацааны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрийг төлөх үүргийг хүлээх эсэх, мөн ***аас *** руу шилжүүлсэн 10,000,000 төгрөгт дээрх зардал, төлбөр багтсан эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
5.1. Хэрэгт авагдсан ***ОСНААК-ын харилцагчийн гүйлгээ, *** СӨХ-ны нэхэмжлэх зэрэг бичгийн нотлох баримтаас үзвэл 2018 оны 06 сараас 2021 оны 12 сар хүртэлх хугацааны хуримтлагдсан ашиглалтын зардал нийт 3,489,399 төгрөг, 2019 оны 05 сараас 2021 оны 12 сар хүртэлх хугацааны хуримтлагдсан СӨХ-ны төлбөр нийт 1,621,120 төгрөг болох нь тогтоогдож байна.
5.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.8-д Худалдаж буй үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулахаас өмнөх ашиглалтын зардал /ус, дулаан, цахилгаан, СӨХ, кабель, интернэтийн төлбөр гэх мэт/ болон татвар, хураамжийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэж тусгажээ.
Иймд нэхэмжлэгч нь өмнөх хугацааны ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн эдгээртэй холбоотой бичгийн нотлох баримтыг баримтаар няцааж чадаагүй. Мөн хариуцагчаас өмнөх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж байхдаа гаргасан гэх ашиглалтын зардал, СӨХ-ны төлбөр нь нэхэмжлэгчид хамааралгүй юм.
6. ...Нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөн 10,000,000 төгрөгт өмнөх хугацааны ашиглалтын зардал 3,489,939 төгрөг багтсан... гэх хариуцагч талын тайлбарыг үндэслэлгүй гэж үзэв.
Учир нь, шүүхээс үзлэг хийн бэхжүүлсэн талуудын харилцсан гэх цахим захидалд ...Хийлгэх зүйлс: цонх, агааржуулалт, паар, обой, хаалга, душ, гадагш шат гаргах, өрөөний хуваалт... гэж дурдагдсан буюу ...ашиглалтын зардал, СӨХ-ийн төлбөр...-ийн талаар огт дурдагдаагүй байна.
7. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол арилгуулахтай холбоотой Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийн зохицуулалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ. Тодруулбал, хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний дагуу эрхийн зөрчилгүй эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж үзнэ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 101/ШШ2022/05375 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***аас 5,111,059 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ***д олгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...үлдээсүгэй... гэснийг ...үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 96,726 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ***д буцаан олгосугай... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ***аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 94,571 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР