Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч.Б-д холбогдох эрүүгийн 1820002150115 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрт ажилтай, ам бүл 7, эхнэр, 3 хүүхэд, хүргэн зээ нарын хамт Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4-р багт оршин суух, урьд Хэнтий аймгийн сум дундын 2-р дугаар шүүхийн 25-ны өдөр эрүүгийн хуулийн 239 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жил 2 сарын хорих ял шийтгүүлж байсан, Х овогт Ч.Б,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 94 км зайд хот хоорондын хатуу хучилттай асфальтан зам дээр ... улсын дугаартай Пажеро маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 21.8 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Н.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумаас найз О-тай хамт өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота Пажеро маркийн тээврийн хэрэгслийг жолоодож Замын-Үүд суманд бид хоёр БНХАУлсын Эрээн хот руу гарсан. Тэгээд Эрээн хотын зочид буудалд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр байж байхад найз Б, Н, А нартай тааралдах үед чи хэзээ хойшоо явах юм бэ гэж асуухаар нь би 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд сум руу ороод тэндээс өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн унаад явна гэж хэлэхэд чи хэнтэй явж байгаа юм бэ гэж асуухаар нь би нэг найзтайгаа хоёулаа явж байгаа гэж хэлэхэд тэгвэл бид нар явж болох юм уу гэж асуухаар нь би хамт гараад явья гэж ярьсан. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 12-13 цагийн үед О, Б бид 3 Замын-Үүд суманд орж ирээд нөгөө хэдийг хүлээж байхдаа хоолны газар хоолонд ороод байж байтал 16 цаг өнгөрч байхад Н, А, М нар Замын-Үүд суманд орж ирээд бид нар машиндаа суугаад Б-н найзынд очиж машинд ачсан ачаагаа янзлаж дуусаад Б-н найз нь бид нарыг Замын-Үүд сумаас гаргаж өгнө гээд Замын-Үүд сумын Тэмээтэй хөшөөн дээр очоод бид нар машинаас буугаад Б-н хоёр найз нь /нэрийг нь мэдэхгүй байна/ нэг шил архи задлаж Б, М, О, хоёр найзтайгаа хамт архыг хувааж ууж дуусаад бид нар хөдөлхөөр болоод би жолоо бариад машины урд талын судалд А, ар талын суудлын жолооч талын ар талд Б, Н, М зүүн гар талд О нар суугаад бид нар хөдлөөд Б-н хоёр найз нь сум руу явсан. Тэгээд Замын-Үүд сумаас 10- 20 км явж байхад машины перда диск шатаад хий хааз аваад явж өгөхгүй байхаар нь 10-20 минут зогсож машинаа хөргөж байгаад дахин 3-4 удаа ийм байдалтай явж байгаад сүүлд уруу газар зогсож хөргөөж байгаад цаашаа хөдлөөд явж байхад гэв гэнэт машин замын буруу тал руу замаас гарах гэхээр нь машиныг зөв тал руу дарахад машин хазайгаад ирэхээр нь буцаагаад нөгөө тал руу дарахад машин баруун тал руугаа засмал зам дээр унаад гулгаад замын буруу тал руу машин зүүн талаараа унасан. Тэгээд би хамгаалах бүсээ тайлаад машины урд талын салхины шил хагарсан байсан тул цааш нь түлхээд хамгийн түрүүнд Алтантуяаг машинаас гаргаад дараа нь Н-г, Б хаалганы дээд талын цонхоор гараад, М-г гараад, О-г гараад би хамгийн сүүлд машинаас гараад ирэхэд Н миний гар яачихваа гээд орилоод байхаар нь гарыг нь үзэхэд урд хэсгээрээ хугарсан байсан. Тэгээд зам дээгүүр явж байгаа гар утас нуудаа олж аваад Цагдаагийн байгуулага, эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Миний буруутай үйлдлээс  болж хэрэг гарсан. Маш их гэмшиж байгаа...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 71-72/,

- Хохирогч Н.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн нөхөр Б, бэр А, найз М, Б, О нарын хамт 6-уулаа 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр 18 цаг өнгөрч байхад Замын-Үүд сумаас Сайншанд явахаар гарсан. Тухайн үед Б-ны автомашинд сууцгааж гарсан ба Б өөрөө машины жолоодож явсан. Ингээд замд гараад машин хурдтай явж болохгүй 60 гаруй км/цагийн хурдтай явж байсан. Би машины хойд талын суудалд голд нь баруун талд миний нөхөр зүүн талд М, О нар сууцгаан явж байсан ба би хэсэг газар унтчихсан байсан. Тэгсэн нэг мэдсэн машин дайвалзаад унаж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороход машинд явж байсан. Удалгүй Дорноговь аймгийн Улаан-Уулын эмнэлэгт сэрсэн ба миний баруун гар нилээн гэмтсэн мөн толгой гэмтсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн найз ”Н, Б, түүний бэр А нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Эрээн хотод байхдаа найз Ч түүний найз О-той таарсан. Бид нар Эрээн хотод хамт байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Замын-Үүд суманд ирж Замын-Үүд сумын Айраг сум руу гарсан. Ингэхдээ Ч-н машинд суугаад явсан ба Ч өөрөө машинаа жолоодон явсан. Ч-н машины урд суудалд буюу жолоочийн хажуугийн суудал дээр А, хойд суудал дээр Н, Б, О бид 4 сууцган явсан. Би замд явж байхдаа унтаж явсан нэг л мэдсэн орилолдоод машин өнхөрөөд замаасаа гарсан. Би өөрийгөө машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан Н гадаа орилоод хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-15/,

- Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би өөрийн хадам эгч Н, түүний нөхөр Б, О бид 4, 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотод явж байгаад Н эгч Б ахын найз Ч гэх хүнтэй таарсан. Ингээд хамтдаа Эрээн хотоос Замын-Үүд сум руу орж ирсэн. Ч гэх эрэгтэй Замын-Үүд суманд өөрийнх нь машин байгаа хамтдаа яваад Айраг сум дээр бууя гэж хэлсэн. Тухайн үед Ч өөрөө жолоогоо барьсан би хажууд нь сууж хойд суудал дээр Н эгч Б ах, О, Ч-н найз гэх нэг эрэгтэй сууцгааж явсан. Хэсэг явж байтал гэнэт машин эргээд уначихсан. Тэрнээс өөр зүйл санахгүй. Замд явж байхдаа Ч гэх эрэгтэй машин болохгүй нэг зүйл үнэртээд байна гэж хэлээд машинаа зогсоож байсан. Машин яагаад онхолдож хажуу талаараа унасан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/,

- Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би өөрийн эхнэр Н, бэр А, О, нарын хамт 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр БНХАУ-ын Эрээн хот орохоор Айраг сумаас гарсан. Ингээд 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Замын-Үүд суманд ирээд БНХАУ-ын Эрээн хот руу явсан. Бид нар Эрээнд явж байгаад өөрийн найз Ч, М нартай тааралдаж хамтдаа 2018 оны 09 дүгээр сарын 19-ны өдөр Эрээн хотоос Замын-Үүд сум руу орж ирцгээсэн. ... Бид нарыг замдаа явж байхад Ч-н машин болохгүй байн байн зогсож явж байсан ба Ч ч машинаа зөөлхөн явуулж байсан. Тэгсэн гэнэт л машин гуйвч байгаад баруун гар тал руу унаж буцаж босоод дахиад баруун гар тал руу унаад замаас гарчихсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эхнэр гадаа би юу болчихов гээд орилоод байсан. Удалгүй замын хүмүүс ирээд намайг машинаас гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-21/,

- Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр найз Б-ны хамт Замын-Үүд сумаас БНХАУ-ын Эрээн хот руу машины сэлбэг авах гэж гараад 2018 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Эрээн хотоос Замын-Үүд сум руу орж ирээд хамт явах 4 хүнийг хүлээж байгаад 15-16 цагийн үед орж ирэх дээр нь машиндаа суугаад бид нар Замын-Үүд сумаас Хэнтий аймгийн Бор-Өндөр сум руу гарах гэж байхад Б-н найз гэх эхнэр нөхөр хоёр бид нарыг Замын-Үүд сумын Тэмээтэй хөшөөний тэнд тэр хоёр нэг шил архи задлаж Б хоёр найз нь буцаад явсан. Тэгээд би машинд орж арын суудал дээр суугаад унтаад явж байхад гэнэт машин онхолдож би хэсэг хугацаанд ухаангүй болж машинаас гараад ирэхэд Б замын унаагаар эхнэрээ аваад Эрдэнэ сум явсан байсан. Тэгээд удаагүй байж байхад эмнэлгийн машин ирээд бид нарын биеийн байдлыг үзээд хамт байж байхад цагдаагийн албан хаагч нар болон манай эгч ирээд цагдаагийн албан хаагч нар хэргийн газрын үзлэг хэмжилтээ хийж дуусаад бид нар бүгд Эрдэнэ сум явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,

- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 02/0319 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны №4796 дугаартай өвчний түүхээс үзэхэд Н.Наранчимэгийн биед баруун сарвууны 2, 3 дугаар шивнүүрийн ил хугарал, духны шарх, ерөнхий биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. Н.Н-н биед учирсан баруун сарвууны 2, 3 дугаар шивнүүрийн ил хугарал нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Духны шарх ерөнхий биеийн доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарах ба цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

4. 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн №4796 дугаартай өвчний түүхээс үзэхэд Н.Н-н биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

5. Шинжилгээний явцад шинээр илэрсэн зүйл үгүй гэсэн дүгнэлт /хх-ийн 33/,

- Шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 17 дугаар дүгнэлтэнд:

1. ... улсын дугаартай Мицубиши Пажеро маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан Ч.Б нь МУ-ын ЗХД-ийн 1.5 Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл осолтой байдал бий болохгүйгээр зорчино мөн 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна мөн 21.8 хүн тээвэрлэхийг хориглох тохиолдолд: а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон хүн,

Тайлбар: Энэ тоонд 12 нас хүрээгүй хүүхдийг тооцохгүй бөгөөд харин уг тээврийн хэрэгслийн бодит жин нь жингээс хэтрэхгүй байвал зохино гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хариулт 2: Тухайн зам тээврийн осол гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл жолооч Ч.Б нь Монгол Улсын ЗХД-ын 9.2 дахь заалтыг зөрчсний улмаас тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байх үндэслэлтэй.

Хариулт 3: Уг зам тээврийн осол нь Ч.Б-ны өөрийн буруутай үйлдлээс үүссэн осол гэж үзнэ гэсэн дүгнэлт /хх-ийн 61/,

- А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 63-65/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 78/,

-  Ч.Б-ны гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар  /хх-ийн 94-98/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан ба эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Дээрх нотлох баримтуудаар Ч.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 94 км зайд хот хоорондын хатуу хучилттай асфальтан зам дээр ... улсын дугаартай Пажеро маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 21.8 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Н.Н-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, зам тээврийн осол бүхий гэмт хэрэг гарсан үйл баримт тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокуророос шүүгдэгч Ч.Баатарчулуун нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойш 94 км зайд хот хоорондын хатуу хучилттай асфальтан зам дээр ... улсын дугаартай Пажеро маркийн автомашин жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5, 9.2, 21.8 дугаар зүйлүүдэд заасныг зөрчиж зам тээврийн осол гаргаж улмаар хохирогч Н.Наранчимэгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч Ч.Б нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний биед хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Б-ны хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Н-н “...Би машины хойд талын суудалд голд нь баруун талд миний нөхөр зүүн талд М, О нар сууцгаан явж байсан ба би хэсэг газар унтчихсан байсан. Тэгсэн нэг мэдсэн машин дайвалзаад унаж байсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Нэг ухаан ороход машинд явж байсан. Удалгүй Дорноговь аймгийн Улаан-Уулын эмнэлэгт сэрсэн ба миний баруун гар нэлээн гэмтсэн мөн толгой гэмтсэн байсан....” гэсэн, гэрч Б.М-н “...Ч өөрөө машинаа жолоодон явсан. Ч-н машины урд суудалд буюу жолоочийн хажуугийн суудал дээр А, хойд суудал дээр Н, Б, О бид 4 сууцган явсан. Би замд явж байхдаа унтаж явсан нэг л мэдсэн орилолдоод машин өнхөрөөд замаасаа гарсан. Би өөрийгөө машинаас яаж гарснаа мэдэхгүй байна. Ямар ч байсан Н гадаа орилоод хэвтэж байсан” гэсэн, гэрч Б.А-н  “...Хэсэг явж байтал гэнэт машин эргээд уначихсан. Тэрнээс өөр зүйл санахгүй. Замд явж байхдаа Ч гэх эрэгтэй машин болохгүй нэг зүйл үнэртээд байна гэж хэлээд машинаа зогсоож байсан. Машин яагаад онхолдож хажуу талаараа унасан талаар мэдэхгүй байна....” гэсэн, гэрч Т.Б-н “...Бид нарыг замдаа явж байхад Ч-н машин болохгүй байн байн зогсож явж байсан ба Ч ч машинаа зөөлхөн явуулж байсан. Тэгсэн гэнэт л машин гуйвч байгаад баруун гар тал руу унаж буцаж босоод дахиад баруун гар тал руу унаад замаас гарчихсан. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд эхнэр гадаа би юу болчихов гээд орилоод байсан. Удалгүй замын хүмүүс ирээд намайг машинаас гаргасан...” гэсэн, гэрч О.О-н “...Тэгээд би машинд орж арын суудал дээр суугаад унтаад явж байхад гэнэт машин онхолдож би хэсэг хугацаанд ухаангүй болж машинаас гараад ирэхэд Б замын унаагаар эхнэрээ аваад Эрдэнэ сум явсан байсан...” гэсэн мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтүүд, зам тээврийн ослын талаарх дүгнэлт, хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ч.Б-г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч нь 5-21 насны 3 хүүхэдтэй сард дунджаар 600,000 төгрөг олдог, хохирогчид хохирол төлбөр төлөх зэрэг түүний хувийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Н.Н нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч.Б-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ч.Б-г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Ч.Б нь торгох ялыг дээрх хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ч.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.Н