Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 129

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А,

Улсын яллагч Э.Т, 

Шүүгдэгч З.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт З.Ш-д холбогдох эрүүгийн 1820002160126 тоот хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, урьд Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2007 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн, Д овогт З.Ш,

Холбогдсон хэргийн талаар:  

Шүүгдэгч З.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19:00 цагийн үед Замын-Үүд сумын 2-р баг сургуулийн гудамжид хохирогч Н.А-н гээгдүүлсэн самсунг С6 гар утсыг олж аван завшиж 320,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч З.Ш мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ ... Би 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн орой /цагийг нь санахгүй байна гэх/ Э дэлгүүр орж хүнсний бүтээгдэхүүн авсан. Тэгээд Замын-Үүд сумын 2 дугаар баг Цагдаагийн гудамжны ... тоотод оршин суух ээж дээрээ очихоор явсан. Тухайн үед би өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай автомашинаар явж байсан юм. Тэгээд ээжийнхээ гэрийн хашааны үүдэнд машинаа зогсоогоод буутал машины хажуу талд нэг хар өнгийн утас байсан. Түүнийг нь аваад ээжийнхээ гэр рүү орсон. Тухайн үед ээж маань эзгүй, харин дүү М гэрт байсан. Дүү маань утасгүй байсан тул дүүдээ өөрийн олсон гар утсыг өгсөн. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа манай дүү М манай гэрт ирсэн. Тэгээд надад хэлэхдээ “Намайг урдаас орж ирж байсан чинь нэг эмэгтэй миний гар утсыг үзээд энэ утас байна. Утсаа авъя гэж хэлсэн” гэсэн. Тэгэхээр нь би “шагналаа өгөөд ав гэхгүй яасан юм бэ?” гэж хэлж байсан. Дүү маань тэр утасны эзэн гэх эмэгтэйтэй таарсан өдрөө утсаа гээгдүүлсэн гэж байсан. Тэр утасны барааг би дахиж олж хараагүй... Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлнө. Хохирогч эгчтэй тохироод мөнгийг нь өгье гэсэн чинь урагшаа явж байна гэсэн ...” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 23-24 /,

- Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 02-нд БНХАУ-н Эрээн хот руу хувийн ажлаар гарч ирчихээд орой 19:00 цагийн үед Төв талбайгаас такси бариад хамаатны дүү болох Э-н гэрийн гадаа буугаад орсон. Гэрт нь ороод нилээн сууж байгаад гар утсаараа ярих гэсэн чинь утас байхгүй байхаар нь намайг хүргэж өгсөн таксины жолооч руу залгаж асуусан чинь мэдэхгүй би машин дотроо үзсэн чинь алга байна гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Эрээнээс Замын-Үүд рүү хөлсний УАЗ-469 автомашинд суугаад явж байсан чинь жолооч нь болох эмэгтэй миний алдсан гар утастай яг адилхан утас гаргаж ирэхээр нь энэ миний алдсан утас байна гэж хэлсэн чинь биш гээд нөгөө эмэгтэй яваад өгсөн. Тухайн үед миний суусан автомашины жолоочийн барьж байсан гар утас яах аргагүй миний гээгдүүлсэн утас байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13/,

- Гэрч З.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотоос 4 зорчигчтой Замын-Үүд хилийн боомт руу орж явахад үл таних 40 гаруй насны эгч намайг утсаар ярьж байхад миний гар утсыг хараад наад утсаа олсон уу? Миний гээгдүүлсэн гар утастай адилхан байна. Би үзэж болох уу гэхээр нь гар утсаа өгсөн миний гар утсыг үзээд тэр эгч миний гээсэн гар утас мөн байна. Фэйсбүүк дээр нь манай нөхрийн хаяг нь байна гэсэн. Би өөрийнхөө утсыг 20,000 төгрөг өгөөд авчихъя болно биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ утсыг ах Ш-с авсан юм. Яасан гэж та миний барьж байгаа утсыг 20,000 төгрөгөөр авах гээд байгаа юм бэ гэсэн би ахаасаа асууж байж болно гэж хариулсан” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 7-8/,

- А ХХК-ны үнэлгээний дүгнэлт /хх-ийн 15-17/,

- Дорноговь аймаг Замын-Үүд сумын  2-р багийн тодорхойлолт, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 27-28/,

-  Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/ болон шүүгдэгчийн хувийн байдлын талаарх нотлох баримтуудыг судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч З.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19:00 цагийн үед Замын-Үүд сумын 2-р баг сургуулийн гудамжид хаясан байсан Н.А-н самсунг С6 гар утсыг олж аваад өгөөгүй дүү З.М-д өгсөн үйл баримт болсон байна.

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын Прокуророос шүүгдэгч З.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19:00 цагийн үед Замын-Үүд сумын 2-р баг сургуулийн гудамжид хохирогч Н.А-н гээгдүүлсэн самсунг С6 гар утсыг олж аван завшиж 320,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч З.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 19:00 цагийн үед Замын-Үүд сумын 2-р баг сургуулийн гудамжид хохирогч Н.А-н гээгдүүлсэн самсунг С6 гар утсыг завшиж 320,000 төгрөгний хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Н.А-н “...Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 11-ны өдөр Эрээнээс Замын-Үүд рүү хөлсний УАЗ-469 автомашинд суугаад явж байсан чинь жолооч нь болох эмэгтэй миний алдсан гар утастай яг адилхан утас гаргаж ирэхээр нь энэ миний алдсан утас байна гэж хэлсэн чинь биш гээд нөгөө эмэгтэй яваад өгсөн. Тухайн үед Миний суусан автомашины жолоочийн барьж байсан гар утас яах аргагүй миний гээгдүүлсэн утас байсан ...” гэсэн мэдүүлэг, гэрч З.М-н “...Би үзэж болох уу гэхээр нь гар утсаа өгсөн миний гар утсыг үзээд тэр эгч миний гээсэн гар утас мөн байна. Фэйсбүүк дээр нь манай нөхрийн хаяг нь байна гэсэн. Би өөрийнхөө утсыг 20,000 төгрөг өгөөд авчихъя болно биз дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би энэ утсыг ах Ш-с авсан юм. Яасан гэж та миний барьж байгаа утсыг 20,000 төгрөгөөр авах гээд байгаа юм бэ гэсэн би ахаасаа асууж байж болно гэж хариулсан...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч З.Ш-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, торгуулийн ялаар шийтгэж, шүүгдэгч З.Ш нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх тул шүүхээс оногдуулах торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заах шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч З.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Хохирогч Н.А-н гээгдүүлсэн самсунг С6 гар утсыг “А” ХХК-ний үнэлгээгээр 320,000 төгрөгөөр үнэлсэн байх ба шүүгдэгч хохирогчтой тохирсон төлбөрийг өгнө гэж байх тул шүүгдэгчээс 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.А-т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт З.Ш-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Ш-г дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З.Ш нь 460,000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч З.Ш нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч З.Ш-с 320,000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 2 дугаар багт оршин суух, Я овогт Н.А-т олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

7. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               Б.Н