Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 03

 

 

                               *******гийн нэхэмжлэлтэй иргэний

                                                      хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс: *****************

******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч        Б.Батзориг

                     Шүүгчид                      Л.Амарсанаа

                                                         Г.Давааренчин

   Оролцогчид:

           Нэхэмжлэгч               *******

           Түүний  өмгөөлөгч    *******

           Хариуцагч                  *******

           Түүний өмгөөлөгч     *******

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ундрам нар оролцож,

     ******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******гийн нэхэмжлэлтэй ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд холбогдох “******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт болон сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” тухай иргэний хэргийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Миний бие тус сургуульд бага ангийн багшаар 8 жил ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл тус сургуулийн захирлаар 2013-2014 оны хичээлийн жилийн 04 дүгээр сараас эхлэн ажиллах болсон ******* надад сануулах болон үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэлийг хууль бусаар ногдуулсан бөгөөд энэ талаар тушаал шийдвэрээ надад гардуулж өгөөгүй ба харин тушаалуудын хуулбарыг би хөдөлмөрийн гэрээ цуцлах тушаалын хамт 09 дүгээр сарын 08-ны өдөр гардаж авсан. Надад сануулах сахилгын шийтгэл ногдуулахдаа 12 дугаар ангийн сурагч Чинсэтгэлийн ар гэрээс ирсэн гомдлын дагуу сургуулийн ёс зүйн салбар зөвлөлийн хурлын тэмдэглэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байтал захирал ******* үүнийг үндэслэн 7 хоногийн дараа дахин тушаалаар сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

Намайг ээлжийн амралтаа авчихсан байхад буюу 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр захирал *******, нийгмийн ажилтан ******* нар дуудаад очиход миний ажлын байрыг сонгон шалгаруулалтанд оруулах болсон талаар хэлсэн. Түүнчлэн надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах болсон шалтгаанаа сахилгын зөрчил давтан гаргаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа 4 хоног тасдсан гэжээ. Багш нарын хичээлийн жилийн ажил 08 дугаар сарыг 27-ны өдөр эхлэх ёстой байсан. Би ээжийн бие тааруу байсан учир Улаанбаатар хотод ээжийгээ сахиж байсан бөгөөд 08 дугаар сарын 24-ний өдөр нутаг руугаа явах гэж байтал найз утасдаж телевизээр 2 дугаар сургууль дээр эрэгтэй, эмэгтэй технологийн багш авна гээд зар яваад байна, чи ажлаасаа халагдсан юм уу гэж утсаар ярьсан, сонсоод цочирдсоны улмаас эмнэлэгт очиж үзүүлтэл хяналтанд байх шаарлагатай, машинаар хол замд явж болохгүй, харвах аюултай гэсэн тул шалгаруулалтанд орж амжаагүй. Иймд ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн технологийн багшийн орон тоонд явагдсан 2015 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн сонгон шалгаруулалт болон сахилгын шийтгэл ногдуулсан 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/12 дугаар, хөдөлмөрийн гэрээ цуцалсан 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/60 дугаар тушаалуудыг тус тус хүчингүйд тооцон, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацаагаар гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

        Хариуцагч Д.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

        “…1. Миний захирлаар ажиллаж байх хугацаанд ******* ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадвар, тэр дундаа технологийн багшийн ажлыг хангалттай гүйцэтгэж чадахгүй байгаа нь ажиглагдсан. Анх энэ ажилд орохдоо сонгон шалгаруулалтанд ороогүй.  Мөн ажиллаж байх хугацаанд сургалтын гүйцэтгэл хангалтгүй 50-60 хувьтай, 10 сарын хөндлөнгийн шалгалтаар амжилт 55 хувь, чанар 18.2 хувь, 01 дүгээр сарын шалгалтаар амжилт 67 хувь, чанар 19 хувь гэж дүгнэгдэж байсан. Шалгалтын амжилт чанар 100 хувь байх ёстойгоос энэ багшийн чанар 20 хувьд ч хүрдэггүй. ******* аймгийн 35 сургуулиас оролцсон 24 технологийн багш нарын мэргэжлийн хичээлийн олимпиадад онолын шалгалтанд 22 дугаар байр эзэлсэн. Сургуулийн дотоод журамд заасны дагуу үндсэн цалинг 1 сарын 20 хувиар бууруулсан. Миний шийдвэр хууль зөрчөөгүй.

        2. Багш ******* нь 2014-2015 оны хичээлийн жилд сургуулийн хэмжээнд зохиогдсон төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус 52 ажлаас 26-д буюу 50% нь оролцсон нь хувь хүний хариуцлага, оролцоо иэдвхи санаачлага хэр зэрэг байгааг харуулж байна. Мөн 2014 оны 9 дүгээр сараас 2015 оны 01 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд 720 минут хоцорч сурагчдын сурах эрхийг хохироож байсан нь багш ажилчдын ирцийн бүртгэлээс харагдах юм…

       3. Монгол Улсын Боловсрол соёл шинжлэх ухааны сайдын 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 41 тоот тушаалаар баталсан Багшийн ёс зүйн дүрмийн 2 дугаар хэсэгт заасны дагуу сурагч Чинсэтгэлийн ар гэрээс гаргасан гомдлыг үндэслэн сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэ тушаал нь бодит зөрчилд оногдуулсан хуульд нийцсэн зөв шийдвэр гэж  үзэж байна. *******д ёс зүйн салбар хороо сахилгын шийтгэл оногдуулаагүй, оногдуулах эрх зүйн үндэслэл ч байхгүй, тиймээс нэг зөрчилд 2 шийтгэл давхардуулан оногдуулаагүй болно.

        4. Сургуулийн дотоод журмын 7.5-д “хөдөлмөрийн гэрээг 2-оос дээш удаа хангалтгүй дүгнүүлсэн ба элсэлтийн шалгалтаар 20-с хойш байранд 2 удаа орсон байгаа юм.” гэжээ.

 ******* сум дахь Сум дундын шүүх дээрх иргэний хэргийг 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 92 дугаартай шийдвэрээр:

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 128 дугаар зүйлийн    128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа:

“...Тус шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат нь миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүх хэт нэг талын эрх ашигт нийцүүлэн, үндэслэл муутай хууль бус шийдвэр гаргасан төдийгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудад бүрэн үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй гэж би үзэж байна.

Хариуцагч тал нь 12а ангийн сурагч н.Чинсэтгэлийн ар гэрээс ирсэн гомдлыг үндэслэн уг шийтгэлийг надад ногдуулахдаа намайг ёс зүйн зөрчил гаргасан үйл баримт буюу фактыг нотолж чадаагүй. Учир нь шилжилтийн насандаа яваа, сэтгэл санааны хувьд тогтворжоогүй хүүхдийн үгээр үг хийж гомдол гаргасан эцэг эхийн гомдлыг үндэслэн Чинсэтгэл бид хоёрыг хамт байлгаж болсон асуудлыг тодруулаагүй атлаа сургуулийн ёс зүйн хороо нь сануулах сахилгын шийтгэл ногдуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж, улмаар тус сургуулийн захирал ******* нь надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Гэтэл энэхүү ажиллагаа нь хууль бус буюу ******* аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн ёс зүйн хороо нь эрхийн чадамжгүй этгээд болох талаар шүүх хуралдаан дээр хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт болох Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 41 дугаарын хавсралтаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтыг үндэслэн миний өмгөөлөгч ******* маргасаар байхад хариуцагчийн өмгөөлөгчийн уг дүрмийн утгыг илтэд мушгин тайлбарласан тайлбарт үнэлэлт өгсөн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг хагас бүтэн жилээр 2 удаа дүгнэсэн боловч зохих журмын дагуу үнэлж дүгнээгүй, сул орон тоо гараагүй ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус юм. Учир нь хариуцагчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэхэд буюу өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байх бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ үүнд үнэлэлт, дүгнэлт өгч, улмаар хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан.

Тус сургуулийн зүгээс багш нартай тухайн хичээлийн жил тутам хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулдаг. Энэ утгаараа 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр надтай ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээ байгуулсан боловч Хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын байрны тодорхойлолтыг танилцуулж, гарын үсэг зуруулаагүй. Гэтэл шүүхэд нотлох баримтаар надад танилцуулж гарын үсэг зуруулсан гэх ажлын байрны тодорхойлолтын хуулбарыг ирүүлсэн байх бөгөөд би тухайн гарын үсгийг өөрийн гарын үсэг биш гэж үзсэн тул шинжээчийн дүгнэлт гаргуулах гэтэл эх хувь биш учир дүгнэлт гаргах боломж байгаагүй. Иймээс эх хувийг хариуцагч талаас шаардахад байхгүй гэж хэлсэн.

Намайг хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан болохыг нотолж чадаагүй байж шийтгэл оногдуулан, мөн ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны орон тоонд өөрөөр хэлбэл сул орон тоо гараагүй байхад хууль бусаар сонгон шалгаруулалт явуулж, үүнд оролцоогүй гэдгээр шалтаглан өвчтэй үед ажлаас халсан нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эх миний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчсөн явдал юм.

Иймд ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 92 дугаар шийвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“…Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирал ******* нь *******д удаа дараа сахилгын шийтгэл авч байгаад ажлаас нь халсан. Ойр ойрхон ингэж арга хэмжээ авсан нь цаанаа ажлаас халах гэсэн атгаг санаа агуулж байсан. Анхан шатны шүүх хавтаст хэргийн 231 дүгээр хуудсанд авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримт болон хөдөлмөрийн гэрээг зохих журмын дагуу үнэлээгүй. Хариуцагч тал хуурамч нотлох баримт гаргасан.

       Сурагч н.Чинсэтгэлийн ар гэрээс гаргасан хүсэлт, Боловсролын сайдын тушаал, хөдөлмөрийн гэрээ, захирлын №Б/60 дугаартай тушаал, сонгон шалгаруулалтын мэдээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн гаргасан гомдолтой танилцсан. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан. … Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Үндэслэх нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Дархан-Уул, ******* аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхийн 2016 оны 02 сарын 29-ний өдрийн 37 дугаартай магадлалаар анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ. 

Гэтэл  анхан шатны  шүүх энэхүү магадлалд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг арилгахгүйгээр хэргийг дахин хянан шийдвэрлэжээ. 

Тухайлбал 37 дугаартай магадлалаар  шүүхээс гарч буй эрх зүйн актуудын  бүтэц агуулга тодорхойгүй, хариуцагчийг зөв тодорхойлоогүй, тэмдэгтийн хураамжийн асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай  болон  өөр захирамжийн дугаар ижил  байгаа зэрэг алдаануудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар шүүгч захирамж гарган хүчингүй болгох эсхүл өөрчлөх байтал, алдаатай гаргасан захирамжаа устган  захирамжуудыг өөрчлөн  хэрэгт хийсэн нь  хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

       Мөн хэргийн зохигчдоос ирүүлсэн нотлох баримтуудыг хэрхэн баталгаажуулсан нь ойлгомжгүй байгааг анхаарах нь зүйтэй.

         Иймд дээрх алдааг давж заалдах шатны шүүх залруулан хэргийг шийдвэрлэх  боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* аймгийн  ******* сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04 сарын    06-ны өдрийн 92 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч ******* нь давж заалдах гомдол гаргах тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.БАТЗОРИГ 

                           ШҮҮГЧИД                                    Л.АМАРСАНАА

                                                                                Г.ДАВААРЕНЧИН