Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2017/00669

 

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 715 дугаар магадлалтай,

Л.Болормаагийн нэхэмжлэлтэй,

Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нарт холбогдох,

41.308.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч түүний өмгөөлөгч Л.Болормаа, Р.Пүрэвлхам, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуул, А.Эрдэнэбилэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нар нь 2012 оны 6 сарын 25-ны өдөр 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10% хүүтэй зээлийн гэрээ байгуулж авсан. 2013 оны 7 сарын 20-ны өдөр С.Эрдэнэтуул нь гэрээний ард 1.300.000 төгрөгийн үлдэгдэлтэй болохоо өөрийн гараар баталж бичсэн. Үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, алданги 1.100.000 төгрөг, нийт 3.300.000 төгрөг төлөхөөс 700.000 төгрөг төлсөн, үлдэгдэл 2.600.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж,  хариуцагч нар 2014 оны 01 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 12.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 3% хүүтэй хугацаа хэтэрвэл алданги тооцохоор тохирсон. Гэрээний хугацаа дууссан боловч зээлийг төлөөгүй тул зээл 12.000.000 төгрөг, хүү 4.320.000 төгрөг, алданги 8.160.000 төгрөг, нийт 24.480.000 төгрөг болсон. Дээрх мөнгийг зээлдүүлэхдээ 2014 оны 2 сарын 18-ны өдөр иргэн Д.Энхжаргалаас 12.000.000 төгрөгийг 6% хүүтэйгээр 5 сарын хугацаатайгаар зээлж хүүд 7.200.000 төгрөг төлсөн. Д.Энхжаргалын мөнгийг төлөхийн тулд 2014 оны 12 сарын 08-ны өдөр “Сити Партнерс” ББСБ-аас 12.000.000 төгрөгийг 4% хүүтэй 3 сарын хугацаатай зээл авсан ба хүүд 8.160.000 төгрөг төлсөн тул 15.360.000 төгрөг шаардсан. Хариуцагч нараас нийт 42.440.000 төгрөг нэхэмжилсэн ба үүнээс 1.132.000 төгрөгийг хасч,  41.308.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нар шүүхэд гаргасан тайлбартаа:Л.Болормаа нь өөрийн хөрөнгөөр Ниссан тина гэдэг машиныг  худалдан авсан ба хүргэн дүү Дэслэгчийн нэр дээр бүртгэлтэй. Намайг “машин авах санаатай байна” гэж хэлэхэд Болормаа нь “миний машиныг 6.000.000 төгрөгөөр ав, хэрэв мөнгө байхгүй бол миний дүү Гэрэлмаагийн СБД-ийн 7-р хороо, 11-р хороолол, 7-р байрны 0 тоот 16 м.кв байрыг нэр дээрээ шилжүүлж аваад зээл аваад зээлсэн мөнгөө машины төлбөрт өг, тэгээд та нар зээлийг төлж дуусгаарай” гээд Гэрэлмаагийн нэр дээрх орон сууцыг сайн дураар шилжүүлэн өгч Транс капитал банкнаас 10.000.000 төгрөгийн зээл авч өгсөн. Ингээд зээл авч өгсөн гэж 1 сая төгрөг, машины мөнгө гэж 6.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг Болормаад шилжүүлэн өгсөн. Гэтэл Болормаагаас авсан машин эвдэрхий, оношилгоо үзлэгт ороогүй байсан бөгөөд одоо хүртэл  нэр дээр  шилжиж ирээгүй, замын хөдөлгөөнд ч оролцоогүй,  харин ч шаардлагагүй зүйлд зээл авч их хэмжээний хүү төлж хохирсон. Энэ нь прокурорын “эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай тогтоолоос тодорхой харагдана. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нараас 13.912.193 /арван гурван сая есөн зуун арван хоёр мянга нэг зуун ерэн гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 27.395.807 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 59, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370.150 төгрөгийг улсын орлогод үлдээж, илүү төлөгдсөн улсын тэмдэгтийн хураамж 160.400 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч нараас 227.511 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 715 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 496 дугаар зүйлийн 496.1” гэснийг “224 дүгээр зүйлийн 224.2.3, 497 дугаар зүйлийн 497.1” гэж, “13.912.193” гэснийг “18.110.193” гэж, “27.395.807” гэснийг “23.197.807” гэж, тогтоох хэсгийн 2 дах заалтын “227.511” гэснийг “248.501” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227.500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Болормаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 715 дугаар магадлалыг хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж гомдол гаргаж байна. Дээрх магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ мөн болохыг зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан гэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол...” гэж хуульчилсан байх бөгөөд дээрх зээлийг өгөөд ямар нэгэн үүрэг хүлээх шаардлага байгаагүй. Иймд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн алданги 8.160.000 төгрөгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Эрдэнэтуул, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, Ж.Амгалан нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан 2016.012.20-ны өдрийн Дугаар184/ШШ2016/01741 тоот шийдвэр болон Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.13-ны өдрийн 715 тоот магадлалыг эс зөвшөөрч доорхи гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заадах шатны шүүх халхавчилсан хэлцлүүдийг үнэлэн шийдвэрлэсэн учир эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч Болормаа нь мөнгө хүүлэх ажил эрхэлдэг ба барьцаа хөрөнгүүдийг өөрийн нэрэн дээр биш хүргэн Дэслэгчийн нэрэн дээр хадгалдаг.Ямар ч ажил эрхэлдэггүй , орлогогүй Дэслэгч нь Болормаагийн 6 машины эзэмшиж явдаг. Болормаа нь зээлийн барьцаанд хураагдсан машинаа Онцгэрэл , Эрдэнэтуул нарт шахаж энэ мөнгийг энэ тэндээс зээл нэрээр халхавчилсан хэд, хэдэн үйлдэл хийсэн байдаг.Болормаа нь Дэслэгчийн нэр дээр хадгалагдаж байгаа машинаа СХД-ийн шүүхээр Онцгэрэлийн нэр дээр болгуулах гэж нэхэмжлээд өөрийнхөө хийсэн халхавчлсан зээлийн асуудлаа мөн СХД-ийн шүүхээр шийдүүлэх улмаар магадлал гаргуулаад байна.Бодит байдлаар бол Болормаа нь өөрийн машинаа Онцгэрэлд зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийсэн ба энэхүү машин нь эвдэрхий , муу машин учир Онцгэрэл нь хүлээж авахаас татгалзсан учир машинаа хүчээр Онцгэрэлийн нэр дээр болгуулахаар шүүхдэж байгаа болно.Тухайн үед 7.000.000 төгрөгийн үнэтэй байсан, одоо бол 1.500.000 төгрөгний үнэтэй машины төлбөр анхан шатны шүүхээр 13.912.173 төгрөг болж , давж заалдах шатны шүүхээр 18.110.193 төгрөгөөр үнэлэгдээд байна. Машины эзэмшигч нь дэслэгч, эзэн нь Болормаа хэвээрээ байтал хий хоосон халхавчилсан хэлцэлүүдээр аваагүй, хэрэглээгүй машины төлбөрөөр шүүхийн шийдвэрүүд гараад байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан 2016.012.20-ны өдрийн Дугаар184ШШ2016/01741 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.03.13-ны өдрийн 715 тоот магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Л.Болормаа хариуцагч Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нараас  41.308.000 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг 2012 оны 6 дугаар сарын 25 болон 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол гэж тодорхойлжээ. Хариуцагч нар нэхэмжлэлээс татгалзахдаа 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээгээр мөнгө аваагүй, нэхэмжлэгч машинаа зарахын тулд дүү Гэрэлмаагийн байрыг бидний нэр дээр шилжүүлж, улмаар уг байрыг  барьцаалан “Транс капитал” ББСБ-с зээл авахуулж, машины мөнгийг авсан, байраа алдахгүйн тулд өөрөө дээрх зээлийг төлсөн..., худалдсан машин нь эвдэрхий тул ашиглах боломжгүй, машинтай холбоотой маргааныг шүүх эцэслэн шийдвэрлээгүй ...”  гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх ба мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулсанд тооцдог.

Түүнчлэн үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгсөн тохиолдолд үүргийг гүйцэтгэсэн гэж үзэхээр мөн хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т заажээ.

Зохигчдын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан хэдий ч Иргэний хуулийн дээрх зохицуулалтын агуулгаар нэхэмжлэгч мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгөх үүрэгтэй. Хэрэв шилжүүлэн өгөөгүй бол хариуцагч мөнгийг хүлээн авснаа бичгээр илэрхийлсэн тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэж, зээлийн төлбөрийг гэрээнд заасан нөхцлөөр барагдуулах үүрэгтэй болно. Гэтэл нэхэмжлэгч гэрээнд заасан мөнгийг хариуцагч нарт шилжүүлсэн, хариуцагч хүлээн авсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6, 236.8-д үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл эрх бүхий этгээдийн үйлдсэн үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан тухай баримт бичигт өрийн төрөл, хэмжээ, үүрэг гүйцэтгэгчийн буюу өр төлсөн этгээдийн овог, эцгийн нэр, үүрэг гүйцэтгэсэн газар, хугацаа зэргийг заана, үүрэг гүйцэтгүүлэгч нотлох бичгийг буцааж өгч чадахгүй бол үүрэг дуусгавар болсон тухай баримт хийж өгөхийг үүрэг гүйцэтгэгч шаардах эрхтэй гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нар нь “Транскапитал” ББСБ-с 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 10 сая төгрөгийг сарын 3.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаагаар, 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 12 сая төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 48 сарын хугацаагаар тус тус зээлсэн байх ба зээлийн дансны хуулгад “Онцгэрэл зээл төлж дуусгав” гэж тэмдэглэгджээ /хэргийн 127 дугаар тал/.

Нэхэмжлэгч нь мөнгийг  хариуцагч нарын  “Транс капитал” ББСБ-аас авсан зээлийн төлбөрт тооцон өгсөн гэж тайлбарлаж буй боловч хариуцагчийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн гэх байдал мөн тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагчийн бусдаас авсан зээлийг төлснөөр үүрэг дуусгавар болсон бол энэ тухай баримтыг хийж өгөхийг үүрэг гүйцэтгүүлэгчээс шаардах эрхтэй бөгөөд ийм баримт хэрэгт авагдаагүй байна.

Хэргийн 123 дугаар талд авагдсан “Транс капитал” ББСБ-ын орлогын баримтад “...Болормаагаас 11.662.193 төгрөгийг Онцгэрэлийн зээлийг төлөв” гэснийг хариуцагчийн заасан этгээдэд зээлийг шилжүүлсэн гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй байна. Зээлдэгч уг мөнгийг тус байгууллагад шилжүүлэхийг зөвшөөрсөн, нэхэмжлэгч хариуцагчийн өмнөөс үүргийг гүйцэтгэсэн нь нотлогдсон тохиолдолд нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

Түүнчлэн дээрх баримтад дурдсан үнийн дүн зээлийн гэрээнд заасантай тохирохгүй байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй байна.

Д.Дэслэгч нь Н.Онцгэрэл, С.Эрдэнэтуул нарт холбогдуулан гэрээний үүргээ биелүүлэхийг даалгах шаардлага гаргасан, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 370 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1548 дугаар магадлалаар Ниссан Тино маркийн машиныг өөрийн нэр дээр бүртгүүлэх үүргийг биелүүлэхийг С.Эрдэнэтуулд даалгаж шийдвэрлэсэн байх боловч Улсын дээд шүүхийн тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан, уг хэргийг шүүх эцэслэн шийдвэрлээгүй гэсэн хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй болно.

Дээрх хэргийн оролцогч, нэхэмжлэлийн шаардлага өөр боловч маргааны үйл баримт нь энэхүү хэрэгтэй хамааралтай байна. Өөрөөр хэлбэл, худалдан авсан машины үнийг төлөхөөр 12.000.000 төгрөг зээлсэн гэх нэхэмжлэгчийн шаардлага, худалдсан машин биет байдлын доголдолтой байсны улмаас ашиглаагүй гэх хариуцагчийн татгалзал хоорондоо холбоотой байгааг шүүх анхаараагүй байна.

Хариуцагч нь автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан эсхүл зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх нь тодорхойгүй байна. 

Хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй, энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хуулийг зөв хэрэглэсэн эсэхэд хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх боломжгүй байна.

Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх талаар гаргасан  хариуцагчийн гомдлыг хангав.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2016/01741 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 715 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Л.Болормаагаас төлсөн 371.000 төгрөг, хариуцагч Н.Онцгэрэлээс төлсөн 248.520 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН     

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ