Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 118

 

Д.Б-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                             Я.Туул

Шүүгчид                                           Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                          А.Оргилбаяр

Хохирогч                                          Я.Цэнгүүнжав

                                                          Л.Отгончимэг

Хохирогчийн өмгөөлөгч                  Ч.Булган

Ялтан                                               Д.Б-

Ялтны өмгөөлөгч                            Ж.Уранчимэг

                                                          Л.Энхтунгалаг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж, ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцлээр Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Б-ид холбогдох эрүүгийн 201509000857 тоот 4 хавтас хэргийг 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1982 онд Говь-Алтай аймгийн Алтай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт татагдах үедээ “Дархан Төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн санхүү, эдийн засгийн хэлтсийн даргаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол, 12-5 Б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Д овогт Д-гийн Б-, /РД:ТЭ82012211/ нь 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 минутын орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд Ц.Б-тэй “ архи ууж агсам тавьж, намайг гөлөг хэмээн дуудаж, ам руу салаавч хийлээ” гэж маргалдан хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний толгойн тус газар нь санаатай цохиж амь насанд нь аюултай “тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт” бүхий хүнд гэмтэл учруулж, улмаар хохирогч нас барсан, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-ид холбогдох хэргийг хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Д.Б-ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 болгон өөрчлөн зүйлчилж, түүнд 2 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн давж заалдах эсэргүүцэлдээ: “...шийтгэх тогтоолоор хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн байх тул шийтгэх тогтоол бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэхдээ шүүгдэгч Д.Б-ийн гэм буруугийн шууд бус санаатай үйлдэл эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ гэж дүгнэсэн нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаагүй, яагаад болгоомжгүй алсан гэж дүгнэж байгаагаа тодорхой дурдаагүй, бусдыг болгоомжгүй алсан гэж дүгнэж байгаа бол гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан аль хэлбэрээр үйлдэгдсэн болохыг шийтгэх тогтоолд үндэслэлтэй, дэлгэрэнгүй дурдаж өгөөгүй, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр шүүгдэгч Д.Б-ийг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна, 290 дугаар зүйлийн 290.2-т заасан шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй гэсэн шаардлагыг хангаж чадаагүй. Учир нь хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Д.Б-ийн үйл ажиллагаанд сэтгэл санааны гэнэтийн цочролд автсан, сэтгэхүйн хэвийн байдлаа алдсан шинж илрээгүй харин ч өөрийгөө удирдан жолоодож үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан хүний амь хохирох хор уршгийг хэдийгээр шууд хүсээгүй боловч  түүнд зориуд хүргэж, хохирогчтой тодорхой хугацаанд үргэлжлэн маргаж хохирогчийн хэлсэн үг, хийсэн үйлдэлд уурлан дүргүйцэж эхлээд нүүрэн тус газарт нь дараа нь цээжин тус газар нь өшиглөж гавал тархины хүнд гэмтэл учруулснаар хохирогч тэр даруйдаа нас барсан үйл баримтууд хавтаст хэрэгт цугларсан байна. Хохирогч нас барсан хор уршгийг Д.Б- хүссэн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй бөгөөд түүний үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг агуулаагүй харин түүний шууд бус санаатай үйлдлийн улмаас хохирогч нас барсан шалтгаант холбоотой байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 26 дугаар зүйлийн 26.3-т “гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн бол шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ” гэж зааж өгчээ. Шүүгдэгч Д.Б- нь хохирогчид хор уршиг учрахыг мэдэж үйлдлийнхээ нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлан  хохирогчийг цохиж унагаасны улмаас тархины суурь, 2 талын чамархай, дух, бага тархи, уртавтар тархи, багана хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүдийг санаатай учруулан зориуд үхэлд хүргэсэн нь хүнийг санаатай алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байгаа юм. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт зааснаар 182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Оргилбаяр гаргасан тайлбар дүгнэлтэндээ: Шүүхэд гаргасан давж заалдах гомдлоо дэмжиж байна. Шүүх хуралдаанд оролцож байгаа хэргийн оролцогч нар хэргийн материалтай танилцахдаа давж заалдах эсэргүүцэлтэй бүрэн танилцсан байгаа тул давж заалдах эсэргүүцлийнхээ үндэслэлийг товчхон тайлбарлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. Хэрэгт цугларсан нотлох баримтанд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болсон бөгөөд хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, ял завшуулах боломж олгосон гэж үзэж байна. Ялтан Д.Б- нь талийгаач С.Б-тэй маргалдаж улмаар түүний толгой болон цээжин тус газар нь цохисны улмаас талийгаач С.Б-ийн биед амь насанд нь аюултай тархины хүнд гэмтэл учруулсан бөгөөд энэ үйлдлийг шууд бус санаатай учруулсан гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдсон байхад анхан шатны шүүх түүний энэ үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр  учруулсан гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзээд эсэргүүцэл бичсэн гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Ж.Уранчимэг: Улсын яллагчийн эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Д.Б- нь талийгаач С.Б-ийн яг хаана нь цохиж гэмтэл учруулсан тодорхойгүй, энэ талаар олон янзаар бичиж байгаа нь ойлгомжгүй байна. Харин анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулсан нь зүйтэй гэж үзэж байна. Тухайн тохиолдолд С.Б-ийг санаатай алах санаа зорилго байгаагүй өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсаны улмаас талийгаачийн биед гэмтэл учруулсан, энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон, энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй болсон, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр шалгаж, туршилт хийхэд гэрчүүдийн мэдүүлэг нотлогдоогүй, ийм учраас  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтны өмгөөлөгч Л.Энхтунгалаг: Шийтгэх тогтоолд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон. Д.Б-ийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн өөрөөр хэлбэл өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандаж хохирогчийг түлхсэний  улмаас талийгаачийн  биед хүнд гэмтэл учруулж амь насыг нь хохироосон учраас анхан шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Я.Цэнгүүнжав мэдүүлэхдээ: Би маш их гомдолтой байна. Энэ улсууд анхан шатны шүүх хуралдаан болохоос өмнө надтай уулзаж намайг насан туршид минь харж үзэж, туслаж дэмжинэ, гомдолгүй гэж хэлээд өгөөч гэж гуйсан. Би тэдний хэлсний дагуу гомдолгүй гэж хэлсэн. Гэтэл шүүх хуралдаанаас хойш эд нар миний утсыг авахгүй, туслаж дэмжинэ гэсэн үгэндээ хүрэхгүй намайг маш ихээр гомдоож байна. Үхсэн хүн үг хэлдэггүй гэж үнэн юм аа. Эд нар нийлж миний хүүг санаатай алсан, би маш их гомдолтой байна. Шүүх хурлын дараагаар хэрэг гарах үед байсан хүмүүс нийлээд Д.Б-ид 25.000.000 төгрөг өгсөн гэсэн. Яагаад хохирогч бид нар хохирлоо барагдуулаагүй байхад Д.Б-ид ийм их мөнгө өгч байгаа ойлгохгүй байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогч Л.Отгончимэг мэдүүлэхдээ: Би энэ хэргийн улмаас бие сэтгэлийн болоод эд материалын хувьд маш их хохирсон. Д.Б- миний нөхрийг санаатай алсан гэж үзэж байна. Би маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх хуралдааны өмнө Д.Б-ийн ах н.Бүдхүү гэж хүн ирж уулзаад гэрчүүд миний дүүгийн талаар хөнгөрүүлсэн мэдүүлэг өгнө гэсэн, хохирол төлбөрт хашаа байшин, байр өгнө, охин н.Бадмаарагийг чинь 18 нас хүртэл нь тэжээгчээ алдсны тэтгэврийн зөрүүг нь өгнө гэж зөндөө зүйл амалсан боловч бидэнд өгсөн зүйл одоогоор алга байна. Сая аав хэллээ, үнэхээр үхсэн хүн үг хэлдэггүй гэдэг үнэн. Миний нөхөр бол архи дарс уудаггүй хүн байсан. Хаяа уусан ч тэгж агсам согтуу тавьж догшин авирладаг зантай хүн байгаагүй ээ. Миний нөхрийг санаатай алсан гэж үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон хохирогчийн өмгөөлөгч Ч.Булган: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй, прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгах шаардлагатай, хэрэгт танхайн гэмт хэргийн шинжтэй байгааг шалгаж тогтоогоогүй гэж үзэж байна. Д.Б-той хэрэг гаргах үед цуг байсан улсууд түүнд хэргийг шийдвэрлэсний дараа 25.000.000 төгрөг өгсөн асуудлыг шалгуулмаар байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон ялтан Д.Б- мэдүүлэхдээ: Анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2 дахь хэсэгт заасан шүүх таамаглалд үндэслэж болохгүй гэсэн заалтыг биелүүлж хэргийг шийдвэрлэсэн. Шинжээч эмчийн дүгнэлтэд Д.Б-ийн түлхсэн, цохисон нь чухал биш хохирогчид Д.Б- гэмтэл учруулаагүй гэж дүгнэлт гаргасан. Намайг тэр өрөөнөөс гарч явсан гэж байна. Би тэр өрөөнөөс гарч яваагүй. Би ер нь эрүүлжүүлэхэд ч орж үзээгүй, хүн ч цохиж, зодож үзээгүй, би талийгаачийн ар гэрт өөрийн чадлаараа тусална гэж бодож байгаа, энэ талаар би ар гэрийнхэндээ хэлсэн. Надтай цуг байсан хүмүүс 25.000.000 төгрөг өгсөн гэдгийг би сая л мэдсэн. Хохирогчийн ар гэрийнхэн яагаад 60.000.000-70.000.000 төгрөг нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МВМ” зочид буудлын 406 дугаартай өрөөнд 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 16:00 минутын орчим Д.Б- нь Ц.Б-ийг “архи ууж агсам тавьж, намайг гөлөг хэмээн дуудаж ам руу салаавч гарган хийлээ”  гэж толгойн тус газарт нь цохиж амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэж Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Д.Б-ид холбогдох хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд гаргасан 182 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримтаар 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 16:00 минутын орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МВМ” зочид буудлын 406 тоот өрөөнд С.Б- нь амь насандаа аюултай хүнд гэмтэл авч, улмаар энэ гэмтлийнхээ улмаас нас барсан болох нь тогтоогдсон, хэрэгт цугларсан нотлох баримтаар дээрх байдал нотлогдсон байна. Анхан шатны шүүх ялтан Д.Б-ийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ хийсэн дүгнэлт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 296 дугаар зүйлийн 296.1 дэх хэсэгт заасан “шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт... шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт, шүүхээс бусад нотлох баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл...түүнчлэн урьд сонсгосон ялыг шүүхээс өөрчилсөн бол түүний үндэслэл...шалтгааныг тодорхойлно гэсэн заалтыг зөрчиж, гэрчүүдийн мэдүүлгүүдээр “...Д.Б-ийн гэм буруугийн шууд санаатай үйлдэл  эргэлзээтэй байх тул Эрүүгийн хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийж зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Д.Б-ийг талийгаач С.Б-ийн биед түүний амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь шууд санаатай үйлдэл болох нь эргэлзээтэй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн гэж  дүгнэж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж байгаа бол дээрх дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримтууд болох гэрчүүдийн мэдүүлгүүд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ тодорхой заагаагүй, дүгнэлт нь шийтгүүлсэн этгээдийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ялыг зөв оногдуулахад нөлөөлсөн, ноцтой зөрүүтэй болсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ялтны өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хууль зүйн  үндэслэлтэй, тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, Д.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсан гэж мэтгэлцэж байгаа боловч өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, давж заалдах эсэргүүцэлд бичсэн тайлбарууд нь тэдний мэтгэлцэж байгаа үндэслэл болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдохгүй байх тул тэдний тайлбаруудыг хүлээж авч шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх үндэслэл болохгүй байгааг дурдах нь зүйтэй.

Хохирогч нар болон тэдний өмгөөлөгчийн Ч.Булганы хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй, хэрэг зочид буудлын өрөөнд өдрийн цагаар гарсан, н.Анхбаярын танхайн үйлдэл болон танхайрах гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг яллагдагчаар татаагүй гэсэн үндэслэлийг хүлээж авч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаах үндэслэлгүй, хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтыг үнэлэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар “... шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор шийдвэрлэх...” боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Мөн түүнчлэн анхан шатны шүүх  талийгаач С.Б-ийн насанд хүрээгүй хүүхдүүд болох Б.Ихбаяр, Б.Эрдэнэбаяр, Б.Бадмаараг нарын тэжээгчийн алдсаны тэтгэврийн зөрүүг гаргасан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3, 508.4 дэх хэсэгт заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн охин Б.Бадмаарагт олгохоор дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу болсон байгаа тэмдэглэх нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2, 319 дүгээр зүйлийн 319.1.3, 321  дүгээр зүйлийн 321.1.3 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Б-ид холбогдох эрүүгийн 201509000857 тоот 4 хавтас хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, улсын яллагчийн эсэргүүцлийг хангасугай.

2. Д.Б-ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

Энэхүү магадлалд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичихгүй болохыг дурдсугай.

 

 

                                                 ДАРГАЛАГЧ                                         Я.ТУУЛ

                                                 ШҮҮГЧИД                                             Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                               Ц.АМАРЖАРГАЛ