Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0124

 

 


В.Г-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Г.Н нарыг оролцуулан хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.Б, М.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор, В.Г-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, 9 дүгээр зүйлийн 9.1.2, 11 дүгээр зүйлийн 11.5.2, 11.5.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 13 дугаар зүйлийн 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 15 дугаар зүйлийн 15.2, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1, 18 дугаар зүйлийн 18.1, Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Г-ийн Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-ийн нэр дээр Ү-............. дугаарт бүртгэсэн улсын бүртгэл, түүнд үндэслэн олгосон өмчлөх эрхийг .............. дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч М.Г нар давж заалдах гомдолдоо: “... Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2, 114.3-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14-д “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж тус тус заасан.

Монгол Улсын Үндсэн хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай дээрх заалтаар захиргааны хэргийн шүүхэд иргэн хандаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулах /сэргээлгэх/ эрхийн агуулга зарчмыг тодорхойлсон байна. В.Г-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хурэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн Ү-......... тоот дугаартай ............ дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох’” бөгөөд зөвхөн Д.Буянхүүгийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн.

Энэ нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээс В.Г-ийн ямар эрх тухайн захиргааны актыг хувьд зөрчигдөж байгаа нь тодорхойгүй. В.Г-ийн нэхэмжлэлээр түүний ямар эрх нь сэргэх нь ойлгомжгүй юм.

Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь дээр дурдсан Монголын Улсын Үндсэн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн иргэний зөрчигдсөн эрхийг сэргээх агуулгад харшилсан шийдвэр боллоо.

Өөрөөр хэлбэл, Д.Б-ийн өмчлөх эрхийн улсын бүртэл, гэрчилгээг илт хууль бус гэж шүүх тогтоосноор В.Г-ийн эрх сэргэх, сэргэхэд чиглэсэн үр дагавар үүсэхгүй болохыг шүүх анхаарч үзсэнгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Уг газарт өөрийн хөрөнгө оруулалтаар граж барьсан боловч иргэн Д.Б нь Улсын бүртгэлийн хэлтэст хандан уг газарт байрлах гражийг өөрийн өмчлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсныг мэдэж, уг бүртгэл хууль бус болох талаар Орхон аймгийн Улсын бүртгэлийн газарт хандахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 4/5992 дугаартай албан тоотоор хамтран өмчлөгч гэх бүртгэлийг шүүхийн шийдвэрийн дагуу бүртгэх боломжтой гэсэн хариуг өгсөн” гэжээ.

 Гэвч энэхүү нэхэмжлэлээ шүүхэд гаргаагүй буюу хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэл зоригоо илэрхийлээгүй. Үл хөдлөх хөрөнгө байрлах Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн зориулалттай газрыг иргэн Д.Б нь Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар захирамжаар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр эзэмших эрхтэй болсон бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг бий болгосон тул Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан.

Энэ нь Д.Б-ийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх мэдүүлгийг улсын бүртгэгч хүлээн авч улсын бүртгэх гэрчилгээ олгох эрх зүйн үндэслэлийг тодорхой заасан байгаа тул шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Улсын бүртгэгч нь Д.Б, В.Г нарын хамтран эзэмших эрх бүхий газар дээр шинээр бий болсон гражийн зориулалттай 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б-ийн өмчлөх эрхэд бүртгэхээс татгалзах үндэслэлтэй байхад хууль зөрчиж бүртгэл хийсэн нь анхнаасаа энэхүү улсын бүртгэлийг шүүх эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна” гэж заасан нь өөрөө эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй байна.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт буюу 14 дэхь талд “... Д.Б-д дангаар өмчлөх эрхтэй болохыг нотлоогүйгээр бүртгэлийг хийсэн нь хууль бус болжээ” гэж, 15 дахь талд “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь хэсэг /Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй/-т зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэн булаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг Д.Б-ийн нэр дээр 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр бүртгэхдээ улсын бүртгэлийн мэдүүлэгт хавсарган ирүүлэх нотлох баримтыг бүрэн бүрдүүлээгүй, газрын хамтран эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй хамтран эзэмших эрх бүхий газар дээр Д.Б дангаараа үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхтэй этгээд мөн болохыг бүрэн нотлоогүйгээр бүртгэл хийсэн нь хууль бус байх бөгөөд Улсын бүртгэлийн хэлтэс нь бүртгэлийг хийхээс татгалзах үндэслэлтэй байхад хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн шийдвэр гаргасныг захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж үзэхээр байна” гэж тус тус дүгнэсэн нь шийдвэрийн үндэслэх хэсгийн хууль зүйн дүгнэлт нь хоорондоо зөрчилтэй байгаа төдийгүй тогтоох хэсгийн 1 дэх заалттай нийцэхгүй байна.

Хариуцагч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс В.Г-ийн субьектив эрхэнд халдсан захиргааны ямар акт гарсан тодорхойгүй. Тодруулбал захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэгчийн ямар нэгэн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргасан бөгөөд үүнийг хүчингүй болгуулах, илт хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах байдлаар иргэн хуулийн этгээд нь захиргааны шүүхээр эрхээ хамгаалуулах, сэргээлгэх боломжтой байдаг.

 Гэтэл В.Г-ийн эрхийг шууд хөндсөн ямар нэгэн захиргааны акт байхгүй бөгөөд Д.Б-ийн өмчлөх эрхийн улсын бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ зэргийг илт хууль бусад тооцсоноор В.Г-ийн ямар нэгэн эрх сэргэх боломжгүй байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Ийнхүү Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянахад шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогч нарын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нар нь хамтран амьдарч байх хугацаандаа Орхон аймаг, Баян-Өндөр сумын Хүрэнбулаг баг, 10 дугаар байрны харалдаа замын урд байршилтай 216 м.кв газрын дуудлага худалдаанд орж, ялагч болсон тул 2007 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 11 дугаартай “Дуудлага худалдаанд ялагчтай байгуулах гэрээ”[1]-г байгуулж, Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамж[2]-аар газар эзэмших эрхтэй болж, Монгол Улсын иргэнд газар эзэмшүүлэх гэрээ[3] байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ[4] олгогдож, гэрчилгээнд хамтран эзэмшигчээр В.Ганзориг бүртгэгджээ.

Үүний дараа Д.Б нь тус газар дээр 2013 ны 11 дүгээр сарын 10-ны өдөр 216 м.кв граж барьж Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст 2014 оны 02 дугаар сарын 14-ны өдөр мэдүүлэг[5] гаргасны дагуу Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч 216 м.кв талбайтай гражийг эрхийн улсын бүртгэлийн Ү-........... дугаарт бүртгэж, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ........... дугаартай гэрчилгээ[6]-г түүнд олгосон байна.

Нэхэмжлэгч В.Г уг бүртгэлийг эс зөвшөөрч Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-д дангаар олгосон эрхийн улсын бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох, бүртгэлийн дагуу 2014 оны 02 дугаар сарын 19-ний өдөр олгосон гражийн улсын бүртгэлийн Ү-............ тоот дугаартай, ............. дугаартай гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, “... уг газар өөрийн хөрөнгө оруулалтаар граж барьсан, ... хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн тухайн граж байрлах газрын эзэмшигч хэн болох, газрын хамтран эзэмшигч байгаа эсэх, дангаар өмчлөх эрхтэй эсэхийг нотолсон баримт ирүүлээгүй, ... газар хамтран эзэмшигчийн зөвшөөрөлгүй байхад өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн, үүний улмаас нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгөө ашиглах, эзэмших эрх ашиг хөндөгдөж байна. Мөн гуравдагч этгээдийн мэдүүлгийг авахдаа хариуцагч холбогдох хууль болон журамд заасан процессын ажиллагааг дутуу хийсэн” гэх үндэслэлээр,

гуравдагч этгээдээс “... 216 м.кв талбай бүхий гражийг өөрийн хөрөнгө оруулалтаар бий болгосон, ... Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс өмчлөх эрхийн бүртгэл хийхдээ хууль, дүрэм журам зөрчөөгүй, ... бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн ямар ч эрх сэргэхгүй, ... Улсын Дээд шүүхийн тогтоолоор нэхэмжлэгч газар эзэмшигч биш болсон тул нэхэмжлэлийг хангах боломжгүй, ... нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй ... улсын бүртгэлийн гэрчилгээ нь захиргааны актын шинжийг агуулаагүй” гэх үндэслэлээр тус тус маргасан байх бөгөөд харин хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан бөгөөд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах гражийн өмчлөгчөөр Д.Б-г бүртгэж, гэрчилгээг түүнд олгох үед газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр В.Г бүртгэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан Орхон аймгийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 233 дугаар захирамж, түүний хавсралт болон газар эзэмших эрхийн 0033112 дугаартай гэрчилгээгээр тус тус тогтоогдож байх бөгөөд тус захирамж, гэрчилгээ тухайн үед хүчин төгөлдөр байжээ.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно” гээд 13.5-д мэдүүлэгт хавсарган ирүүлэх баримт бичгийг жагсаалтыг нэрлэн заасан бөгөөд 13.5.1-д “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Улсын бүртгэгч дараахь үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, ийнхүү татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө”, 14.1.1-д “мэдүүлэг гаргагч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй бол”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Эрхийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага мэдүүлгийг хүлээн авч 14 хоногийн дотор үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ”, 15.4-д “Мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтад энэ хуулийн 14.1-д заасан үндэслэл илэрвэл улсын бүртгэгч нь бүртгэхээс татгалзаж, мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг татгалзсан үндэслэлийн тайлбарын хамтаар мэдүүлэг гаргагчид буцаана”, 16 дугаар зүйлийн 16.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”,

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах”, 11.5.3-д “энэ хуулийн 11.5.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах” гэж тус тус хуульчилжээ.

 Мөн хуульд улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлсны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ыг батлан мөрдүүлсэн байна.

Уг журмын 3.5-д “Газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх болон түүн дээр байрлах эд хөрөнгийн өмчлөх эрх нь тус бүр өөр өөр этгээдэд байгаа тохиолдолд тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг түүний дээр байрлах эд хөрөнгийн өмчлөгчид шилжүүлсэн эсэх талаар хэлцэл эсхүл тодорхойлолтыг мэдүүлэгт хавсарган авна” гэж заасны дагуу уг бүртгэлийг хийхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт бичиг бүрдсэн байхыг шаарджээ. 

Орхон аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч дээрх бүртгэлийг хийхдээ тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан дээрх хуулийн заалтуудыг зөрчиж, Д.Б нь уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичгүүд бүрэн эсэхэд хяналт тавих үүргээ хэрэгжүүлэлгүй, газар хамтран эзэмшигч В.Г гражийг хамтран өмчлөх эрхтэй эсэх, газар эзэмших эрхээ Д.Б-д шилжүүлсэн эсэх талаар гэрээ, хэлцэл, тодорхойлолтыг авалгүйгээр бүртгэл хийж, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 10 дугаар байрны ард байрлах 216 м.кв гражийн өмчлөх эрхийг иргэн Д.Б-ийн нэр дээр дангаар бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосны улмаас нэхэмжлэгчийн тухайн гражийн доорх газраа эзэмших, ашиглах болон эзэмшил бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байна.

Зүй нь, улсын бүртгэгч бүртгэл хийж захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл бүрдээгүй, гражийн доорх газрын хамтран эзэмшигчээр В.Г бүртгэлтэй, мэдүүлэгт хавсаргасан баримтаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Д.Б дангаар өмчлөх эрхтэй гэдгийг нотлох баримт байхгүй байхад улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж, мэдүүлэгт хавсаргасан баримтыг буцаах ёстой байжээ.

Түүнчлэн, тус гражийг үл хөдлөх хөрөнгийнх нь хувьд хэн нэгний өмчлөлийн зүйл мөн гэдгийг баталгаажуулж бүртгэхийн тулд тэрхүү өмч хөрөнгийн эзэн эзэмшигч нь хэн болох, доорх газар нь хэний өмчлөл эзэмшлийн зүйл болохыг улсын бүртгэлийн байгууллага шалгах ёсгүй буюу хэний эзэмшлийн газар дээр тухай үл хөдлөх хөрөнгө байрлаж байгааг шалгаж, нягтлах, газар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бүртгэх, газар эзэмшигч хэн байх нь тухайн үл хөдлөх хөрөнгөнд ямар ч хамааралгүй гэж үзэх логик болоод хууль зүйн үндэслэлгүй юм.

Мөн бүртгэлийн үйл ажиллагаа нь 2014 оны 02 дугаар сарын 19-ний болсон байхад нэхэмжлэгч В.Г нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 /иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй/-д заасныг үндэслэн маргажээ.

 Захиргааны ерөнхий хууль 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн тул анхан шатны шүүх уг хууль хэрэгжихээс өмнө үүссэн харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасныг тайлбарлан хэрэглэсэн нь зөв байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед хариуцагч тус шийдвэрийг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй нь захиргааны актын илэрхий алдаатай шинжид хамаарч байна.

Тодруулбал, газар эзэмших эрхийн гэрчилгээ буюу бүртгэгдсэн үл хөдлөх хөрөнгө болох граж нь өөрөө үл хөдлөх хөрөнгө буюу газраас салгамагц хөрөнгийн шинжээ алдах тул гражийг тусад нь авч үзэх боломжгүй юм.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн нэг хүний өмчөөр улсын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон бүртгэлийн байгууллагын үйлдэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дугаар зүйлийн 3.1.4, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасан “бүртгэл үнэн зөв байх” зарчимд нийцэхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                               Ц.САЙХАНТУЯА

                               ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ

 

 

 


[1] 1ХХ-ийн 54, 55 дугаар хуудас

[2] 1ХХ-ийн 60 дугаар хуудас

[3] 1ХХ-ийн 51, 52 дугаар хуудас

[4] 1ХХ-ийн 3, 57 дугаар хуудас

[5] 1ХХ-ийн 22 дугаар хуудас

[6] 1ХХ-ийн 30, 38 дугаар хуудас