Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00319

 

 

 

 

 

 

 

2023 02 06 210/МА2023/00319

 

 

*** ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/03612 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 14,662,742 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: *** нь 2017 оны 10 сарын 26-ны өдөр *** ХХК-тай *** тоот цалингийн зээлийн гэрээ байгуулж 15,100,000 төгрөгийн зээлийг жилийн 27.6 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгч нь *** тоот зээлийн гэрээний хавсралтын дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 908 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байна. Иймд 2022 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 8,375,669 төгрөг, зээлийн хүү 5,775,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511,864 төгрөг, нийт 14,662,742 төгрөгийг хариуцагч ***аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: *** ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***аас зээлийн гэрээний үүрэгт 14,662,741.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 231,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ***аас улсын тэмдэгтийн хураамжид 231,264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Хариуцагч *** нь *** ХХК-тай 2017 оны 10 сарын 26-ны өдөр *** тоот зээл болон барьцааны гэрээг байгуулж, тус гэрээний дагуу төлбөрийг 2020 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл төлж байсан ба 2020 оны 03 сараас эхлэн онцгой байдал зарлаж хил хааж, хөл хорио тогтоосон, *** нь үсчин бөгөөд суудал түрээслэж ажлаа хийдэг, хөл хорионы хугацаанд ажил хийх, хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй нөхцөл байдалд байсан.

4.б. 2017 оны 10 сарын 26-ны өдрийн *** тоот зээлийн болон барьцааны гэрээний хугацаа 2021 оны 10 сарын 20-ны өдөр дууссан. Хариуцагч *** нь 2020 оны 02 сарын 18-ны өдөр зээлийн эргэн төлөлт хуваарийн дагуу төлөлт хийхэд үндсэн зээл 6,724,331 төгрөг, зээлийн хүү 7,288,964 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,719 төгрөг төлсөн. Ингээд 2020 оны 03 сарын 05-ны өдрөөс эхлэн төлөлтийг хийгээгүй бөгөөд зээлийн гэрээний дагуу зээл эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж эхэлсэн. Зээлийн гэрээний 2.4, 3.3.4, Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.1, 223.2 дахь хэсэгт тус тус заасны дагуу *** ХХК шаардах эрхээ хэрэгжүүлсэн бол зээлдэгч *** нь 10,802,365 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байх байсан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж заасан. *** ХХК нь зээлийн гэрээний эрхээ хууль бусаар хэрэгжүүлж, ***ыг хүүгийн дарамтад оруулсан бөгөөд анхан шатны шүүх тус үйлдлийг дэмжиж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн үйлдлийг зөвтгөсөн шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ковид-19 цар тахлын үед банк зээлийн хугацааг хойшлуулах хүсэлтийг хүлээн авч сунгаж байсан. Гэтэл хариуцагч ямар нэг хүсэлт гаргаагүй боловч 2020 оны 12 сараас 2021 оны 06 сарыг дуусах хүртэлх хугацааны нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлсөн. ***тай утсаар ярих гэхэд утас нь холбогдохгүй, холбоо тогтоох боломжгүй байсан тул түүнийг эрэн сурвалжлах тухай шүүгчийн захирамж гарсан. Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч *** ХХК нь хариуцагч ***т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8,375,669 төгрөг, зээлийн хүү 5,775,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511,864 төгрөг, нийт 14,662,742 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. /хх 1-2/

Хариуцагч *** нь ***наас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн хариу тайлбарыг 2022 оны 08 сарын 11-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан боловч чухам ямар учраас зөвшөөрөхгүй байгаа талаараа буюу татгалзлын үндэслэлээ огт дурдаагүй байна. /хх 21/

Иймд хариуцагч ***ыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан ...нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх... үүргээ биелүүлээгүй гэж үзнэ.

 

3.   Талууд 2017 оны 10 сарын 26-ны өдөр Зээл болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *** ХХК нь 15,100,000 төгрөгийг жилийн 27.6 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай ***ын өмчлөлд шилжүүлэн өгөх, *** нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үлдэгдэлд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

4.   Хэрэгт авагдсан ***ын эзэмшлийн *** ХХК дахь *** тоот дансны хуулгаас үзвэл зээлдүүлэгч нь 2017 оны 10 сарын 26-ны өдөр зээлдэгчийн өмчлөлд 15,100,000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн болох нь нотлогдож байна. /хх 50/

Нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 07 сарын 01-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний дагуу хариуцагчийн хүлээх үүрэг 14,662,742 төгрөг (үндсэн зээл 8,375,669 төгрөг, зээлийн хүү 5,775,209 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 511,864 төгрөг) байгаа гэсэн хүү, тооцооллын хүснэгтийг нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгчээ. /хх 10-11/ Хариуцагч уг тооцооллыг няцаасан тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй.

 

5.   Иймд анхан шатны шүүх хариуцагч ***аас зээлийн гэрээний үүрэгт нийт 14,662,742 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6.   Хариуцагч талаас гаргасан ...хил хааж, хөл хорио тогтоосны улмаас *** нь ажил хийх, хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд байсан, *** ХХК нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн хүү нэмэгдсэн... гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

6.1.  Ковид-19 цар тахлын нөхцөл байдал, хөл хорио нь зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй боловч нэхэмжлэгч нь 2020 оны 12 сараас 2021 оны 07 сар хүртэлх хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцоогүй болох нь тогтоогдсон.

6.2.  Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хөөн хэлэлцэх хугацааны дотор *** ХХК нь зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй. Эрхээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй буюу эрхийг үүрэгжүүлэх боломжгүй.

 

7.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/03612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ***аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 01 сарын 17-ны өдөр урьдчилан төлсөн 231,264 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

 

Д.НЯМБАЗАР