| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2018/0531/Э |
| Дугаар | 550 |
| Огноо | 2018-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Жаргалсайхан |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Жаргалсайхан,
шүүгдэгч С.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн, Х- овогт С-ийн Г-эд холбогдох эрүүгийн 1810008110645 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1972 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэнтий аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, зураач мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 15-р хороо 2-р хороолол, 59-45 тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүрэг 15-р хороо Ханс Вилл хотхоны 101-1402 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х- овогт С-ийн Г- /РД:…………………../
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч С.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүрэг 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханс Вилл хотхоны 101-1402 тоотод хамтран амьдрагч О.У-тэй маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хавтаст хэргээс:
Шүүгдэгч С.Г- мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Уранцэцэг бид хоёр хүүхдүүдтэйгээ кино үзэхээр тохиролцсон байсан. Би тэр өдөр ажлын уулзалттай байсан тул орой 17 цагийн үед Уранцэцэг рүү залгахад утсаа авахгүй байхаар нь 19 цагт Тэнгис кино театрт ганцаараа кино үзчихээд харьсан. Намайг гэрт ирснээс хойш 30 орчим минутын дараа эхнэр Уранцэцэг, хүү Ачуухай, том охин Ану-Үжин нарын хамт ирсэн. Би тэдний ярианаас кино үзчихээд ирж байгаа юм байна гэж ойлгосон. Би Уранцэцэгт “залгаад байхад яагаад утсаа авахгүй байсан юм бэ, мессэж хүртэл бичлээ, утсаа авахгүй болохоор чинь ганцаараа кино үзчихээд ирлээ” гэхэд Уранцэцэг “чи хүүхнүүдтэй заваарч байгаад ирээ биз” гээд хардаад маргалдахаар нь “чи хүүхдүүдийн хажууд юу яриад байгаа юм бэ” гэхэд Уранцэцэг унтлагын өрөө рүү ороод хаалгаа хаачихсан. Би араас нь унтлагын өрөө рүү ороод “чи хүүхдүүдийн хажууд янз бүрийн юм ярьдаг нь ямар учиртай юм бэ” гэхэд “чиний юу хийж явсан чинь ойлгомжтой” гээд маргалдаад байхаар нь уур хүрээд гараараа зүүн хацар, шанаа орчим руу нь хэд хэдэн удаа алгадахад зөрүүлээд миний гар, нүүр рүү цохисон. Би Уранцэцэгийн цээж рүү гараараа нэг удаа түлхээд унагаасан. Тэр үед охин Ану-Үжин өрөөнд орж ирээд миний толгой руу гараараа хэд хэдэн удаа цохихоор нь “чи эцгийнхээ толгой руу цохиж байдаг” гээд уурласан. Тэгсэн Ану-Үжин коридорын хананд байсан жаазтай зургийг аваад намайг цохих гэхээр нь гараараа хаагаад Ану-Үжинг түлхэж унагаасан. Энэ хооронд Уранцэцэг гараад гүйчихсэн. Удалгүй цагдаа нар орж ирээд, намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/,
Хохирогч О.У-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нөхөр Г-тэй хамт кино үзэхээр тохиролцсон байсан. Г-ийн гар утас руу залгахад авахгүй байснаа гар утасны товч нь дарагдсан бололтой цаанаа эмэгтэй хүнтэй ярилцаж байгаа нь сонсогдсон. Түүнээс хойш Г- над руу залгахаар нь би утасаа аваагүй. Би охин Ану-Үжин, хүү Ачуухай нарын хамт Зайсан Хилл цогцолборт кино үзээд орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс вилл хотхоны 1402 тоот гэртээ ирэхэд Г- ирчихсэн, зурагт үзээд сууж байсан. Г- надад “та нар яачихдаг юм бэ” гэхээр нь би “чи хэлсэн ярьсандаа хүрэхгүй алга болчихсон, чиний юу хийж байсан чинь тодорхой байсан шүү дээ” гэж хэлсэн. Би 2 настай хүү Агь-Ухааныг тэврээд унтлагын өрөө рүү ортол Г- “чи юу гээд байгаа юм бэ” гээд хойноос орж ирээд надтай маргалдаж байснаа хоолойг боож, зүүн хацар, шанаа орчим руу гараараа нэг удаа цохиж унагаасан. Тэр үед эгч Жаргалсайхайн, охин Ану-Үжин, хүү Ачуухай нар өрөөнд орж ирээд болиоч гэхэд үснээс зулгааж, толгой руу хэд хэдэн удаа алгадсан. Эгч болон хүүхдүүд Г-ийг надаас салгасан. Охин Ану-Үжин “ээжийг яагаад зодож байгаа юм бэ” гээд хананд өлгөөтэй байсан жаазтай зургийг авч, Г-ийн нуруу руу цохиход тэрээр Ану-Үжинг түлхэж унагаахаар нь би гэрээс зугтаж гараад цагдаад дуудлага өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Хохирогч /гэрч/ Г.Ану-Үжингийн мөрдөн байцаалтанд өгсөн: Би 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ээж дүүгийн хамт кино үзээд 23 цагийн үед гэртээ ирэхэд аав Г- гэрт байсан. Ээж аавд “хамт кино үзнэ гэж байсан яагаад алга болчихов, чи тусдаа өөр хүнтэй явж байгаад ирсэн үү” гээд хэрүүл маргаан хийсэн. Ээж өөрийнхөө өрөө рүү ороход аав араас нь очоод ээжийн нүд рүү нь цохисон байсан. Ээж өрөөнөөсөө гарч ирэхэд аав араас нь дагаж гарч ирээд толгой руу нь цохиод байхаар нь би дүү, эгч нарын хамт очоод болиулах гэсэн боловч болихгүй цохиод байхаар нь аавын нуруу цохиход “чи намайг яаж цохиж зүрхэлж байна” гэснээ миний нүүр болон толгойны араас цохисон. Дүү ирээд миний урдуур ороод салгасан чинь аав ээжийг цохиход дүү салгасан чинь аав миний толгой руу цохиод чирсэн. Дүү дахин над дээр ирээд аавыг салгахад ээж гараад цагдаа дуудсан…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3976 дугаартай дүгнэлтэнд:
1. О.У-ийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн талын хацрын төвгөр, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3977 дугаартай дүгнэлтэнд:
1. Г.Ану-Үжингийн биед эрүүл мэндийг сарниулах гэмтэл тогтоогдохгүй байна. /хх-ийн 23-р хуудас/,
Хохирогчийн өргөдөл /хх-ийн 6-8-р хуудас/,
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны Хамтарсан багийн хурлын болон ярилцлагын тэмдэглэл /хх-ийн 34-37-р хуудас/,
Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 25-28-р хуудас/,
Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 38-42-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 33-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Б.Г- нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны шөнө 23 цагийн үед Хан-Уул дүүрэг 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ханс Вилл” хотхоны 101-1402 тоотод хамтран амьдрагч хохирогч О.У-тэй маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч О.У-ийн …Би охин Ану-Үжин, хүү Ачуухай нарын хамт Зайсан Хилл цогцолборт кино үзээд орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Ханс вилл хотхоны 1402 тоот гэртээ ирэхэд Г- ирчихсэн, зурагт үзээд сууж байсан. Г- надад “та нар яачихдаг юм бэ” гэхээр нь би “чи хэлсэн ярьсандаа хүрэхгүй алга болчихсон, чиний юу хийж байсан чинь тодорхой байсан шүү дээ” гэж хэлсэн. Би 2 настай хүү Агь-Ухааныг тэврээд унтлагын өрөө рүү ортол Г- “чи юу гээд байгаа юм бэ” гээд хойноос орж ирээд надтай маргалдаж байснаа хоолойг боож, зүүн хацар, шанаа орчим руу гараараа нэг удаа цохиж унагаасан. Тэр үед эгч Жаргалсайхайн, охин Ану-Үжин, хүү Ачуухай нар өрөөнд орж ирээд болиоч гэхэд үснээс зулгааж, толгой руу хэд хэдэн удаа алгадсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Хохирогч /гэрч/ Г.Ану-Үжингийн …Ээж Уранцэцэг өөрийнхөө өрөө рүү ороход аав араас нь очоод ээжийн нүд рүү нь цохисон байсан. Ээж өрөөнөөсөө гарч ирэхэд аав араас нь дагаж гарч ирээд толгой руу нь цохиод байхаар нь би дүү Ачуухай, эгч Жаргалсайхан нарын хамт очоод болиулах гэсэн боловч болихгүй цохиод байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №3976 дугаартай дүгнэлтэнд:
1. О.У-ийн биед зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн талын хацрын төвгөр, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 20-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Яллах дүгнэлтэнд “2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр” гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдож байх тул зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн харилцаатай хамаарал бүхий хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлгээр 2018 оны 03 дугаар сарын 20-ны шөнө шүүгдэгч С.Г- нь хамтран амьдрагч О.У-ийг зодож бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч С.Г-, хохирогч О.У- нар нь гэрлэлтээ батлуулаагүй ч 1996 оноос хойш хамтран амьдарч дундаасаа 3 хүүхэдтэй хамтын амьдралтай болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзнэ.
Шүүгдэгч С.Г- нь хамтран амьдрагч О.У-ийг “хардлаа” гэж шалтаглан маргалдаж улмаар зодож биед нь “зүүн нүдний доод зовхины цус хуралт, зүүн талын хацрын төвгөр, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэргийн үйл баримтанд дүгнэлт хийхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжтэй тул шүүгдэгч С.Г-ийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч О.У- нь “С.Г-тэй эвлэрсэн тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 18-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч С.Г-ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Г- нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтож, С.Г-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг хохирогч О.У-т танилцуулсан, шүүгдэгч нь прокурорын сонсгосон ялын саналыг зөвшөөрсөн тул Эрүүгийн хянан хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтанд нийцсэн байна.
Шүүгдэгч С.Г- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдав.