Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00300

 

 

 

 

 

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2023/00300

 

Х.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03518 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Б-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Я.Э-, Я.Н-, Ц.Ч- нарт холбогдох,

Орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э-, түүний өмгөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

2014 онд Х.Б- нь Ц.Ч-тэй танилцан дотносож Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа, наадамчдын зам гудамж, 713 байрны ** тоот 3 өрөө байранд хамтран амьдарсан. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан орон сууцны захиалгын гэрээгээр Ц.Ч- захиалж, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын баталсан захиалгын журмын дагуу хүлээн авсан. Байрны урьдчилгаа төлбөрийг Х.Б-т Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/254 тоот орон сууцны дэмжлэг үзүүлэх тушаалаар олгогдсон 20,000,000 төгрөгөөр төлсөн.

Дээрх орон сууцны зээлийн гэрээг Ц.Ч-, Я.Э- нар Голомт банктай байгуулсан. Нэхэмжлэгч Х.Б- нь орон сууцны зээлийн төлбөрт 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 573,000 төгрөг, 06 дугаар сарын 24-ний өдөр 573,000 төгрөг, 07 дугаар сарын 23-ны өдөр 590,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 356,000 төгрөг, 09 дүгээр сарын 22-ны өдөр 573,000 төгрөг, 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 573,000 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 573,000 төгрөг, 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 573,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 575,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 540,000 төгрөгийг тус тус төлсөн.

Шинэ сонголт тавилгын дэлгүүрээс 1,263,500 төгрөгийн үнэтэй тавилга, орчин үе тавилгын дэлгүүрээс 6,200,000 төгрөгийн тавилга, Үнэ цэнэ ХХК-аас 2,250,000 төгрөгийн ус цэвэршүүлэх төхөөрөмж, 4,022,100 төгрөгийн хөргөгч зэргийг авч, байраа бүрэн тохижуулсан. Мөн байрны ашиглалтын зардлыг 2014 оноос 2022 он хүртэл хариуцан төлж байсан.

2014 оноос уг байранд Ц.Ч- болон түүний хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр бүртгүүлэх саналыг Ц.Ч-т удаа дараа тавьсан боловч хүлээн зөвшөөрөхгүй миний эд хөрөнгийн эрхийг зөрчсөөр байгаа тул Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа, наадамчдын зам гудамж, 713 байр, ** тоотод байрлах 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

 

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

Ц.Ч- нь Х.Б-өөс зээлсэн 20,000,000 төгрөгийг 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан. Мөн Х.Б-ийн ээжид 2018 онд цагаан сарын бэлгийн асуудлыг нь шийдэж, 3,000,000 вонны эд зүйл худалдан авч явуулсан. Х.Б-ийг 2019 оны 10 дугаар сард Солонгос улсад ирэхэд нь бүх улирлын хувцас худалдан авч өгсөн.

Байрны урьдчилгаа 40,000,000 төгрөгийг би 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн. Гэтэл нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгө гэх 20,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сард Дулааны цахилгааны станцаас 12 дугаар сарын 01-ний өдөр Б/254 тушаалаар орон сууцны дэмжлэг үзүүлэхээр өгсөн.

Хариуцагч Ц.Ч-ийн ордер 2014 оны 9 дүгээр сард гарсан. Орон сууц ордер гарсан байхад 12 дугаар сарын 01-ний өдөр дэмжлэг авсан мөнгөө оруулсан гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Тухайн 20,000,000 төгрөгийг оруулсан гэдгийг нотлох баримт байхгүй. Зээлийн төлбөрөө төлсөн гэж хэлсэн. Ц.Ч-ийг ажил хийж байх үед араас нь ажил хийхээр очсон. 2014-2016 хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд охинтой хамт амьдарч байсан учраас тухайн байрны ашиглалтын зардлыг төлөх нь хөрөнгө оруулалт гэж үзэхгүй. Ипотекийн зээлийн төлбөр төлөгдсөн. 20,000,000 төгрөгийг төлсөн нь баримтаар нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-ийн хариуцагч Ц.Ч-, Я.Н-, Я.Э- нарт холбогдуулан гаргасан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт ухаа Наадамчдын зам гудамж 713 байр, ** тоот хаягт байршилтай 66,88 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 367,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Ц.Ч- нь Х.Б-тэй хамтран амьдрах хугацаандаа орон сууц худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгч бүрдүүлж өгсөн. Уг урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөг байсан. Хариуцагч 20,000,000 төгрөг зээлээд, төлсөн гэж маргадаг боловч энэ талаар нотлох баримтаар нотолж чадаагүй. Шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Нэхэмжлэгч шүүх хуралдаан өнгөрснөөс хойш байрны урьдчилгаа төлбөрийн 20,000,000 төгрөгөө өөрийн станцаас авсан мөнгөнөөс бүрдүүлээгүй, бэлнээр танилаасаа авч өгснөө хэлсэн, уг танилаа гэрчээр оролцуулах боломжтой талаар хэлсэн.

Нэхэмжлэгч 20,000,000 төгрөг гарган байраа аваад хамтран өмчлөх хүсэл зоригтой байсан. Хариуцагч Солонгос улс руу ажил хийж эхэлсний дараагаас эхлэн нэхэмжлэгчийг байрны өмчлөгч болгохыг удаа дараа татгалзан чатаар харилцаж байсан. Энэ байдал Иргэний хуулийн 108 дугаар зүйлийг хэрэглэх хууль зүйн хувьд боломжтой эсэхийг тодорхойлно.

Шүүх Иргэний хуулийн 119 дүгээр зүйлийн талаар дурдсан боловч тухайн хэрэгт хэрхэн хэрэглэх талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй. Хариуцагч нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөг зээлээд өгсөн гэх боловч уг мөнгөө ямар зорилгоор зээлсэн, хэзээ буцааж өгсөн гэдгээ баримтаар нотлоогүй атал шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй. Шүүх хэргийг нотлох баримтын хүрээнд үнэн зөв шийдвэрлэсэн.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Х.Б- нь хариуцагч Я.Э-, Я.Н-, Ц.Ч- нарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035297 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 1 орон сууцны хорооллын ашиглалтад орсон 713 байрны 4 давхрын 66,88 м.кв талбай бүхий ** тоот 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2. Ц.Ч- нь Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-тай байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн БУ-1/ТАХ-250 дугаар Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт Ухаа 1 орон сууцны хорооллын ашиглалтад орсон 713 байрны 4 давхрын ** тоотын 66,88 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 85,606,400 төгрөгөөр худалдан авах тухай орон сууцны захиалгын гэрээ, хариуцагч Ц.Ч-ийн орон сууцны урьдчилгаа 30 хувийн төлбөрт 25,681,920 төгрөгийг 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төлсөн, мөн Г ХХК-аас хариуцагч Ц.Ч-, Я.Э- нар 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Орон сууцны зээлийн гэрээ-гээр 59,920,000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар зээлж авч дээрх хаяг байршил бүхий орон сууцыг барьцаалсан гэрээ зэрэг баримтууд хэрэгт авагджээ. /хх 147, 149-156, 159-161/

 

2.а. Дээрх маргаан бүхий 3 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Ц.Ч-, Я.Н-, Я.Э- нарыг Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206035297 дугаарт бүртгэж, 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 000354049 дугаар бүхий гэрчилгээ олгосон байна. /хх 162/

 

3. Нэхэмжлэгч Х.Б- нь нэхэмжлэлийн үндэслэлээ орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийг 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/254 тоот орон сууцны дэмжлэг үзүүлэх тушаалаар олгогдсон 20,000,000 төгрөгөөр төлсөн гэж тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзнэ.

 

3.а. Тодруулбал, хэрэгт Д ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Б/254 дугаартай Орон сууцны дэмжлэг үзүүлэх тухай тушаал, түүний хавсралт авагдсан байх боловч уг баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байх тул нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгч Х.Б-өөс маргаан бүхий орон сууцыг худалдан авах зорилгоор шилжүүлсэн, төлбөр төлсөн, өөрийн оруулсан хувь хэмжээний талаарх нотлох баримтгүй байна. /хх 157-158/

 

4. Харин хариуцагч нар нь нэхэмжлэгчээс тодорхой хэмжээний мөнгийг зээлж авч байсан гэж тайлбарлан, хариуцагч Я.Э-ын Хаан банкны 5022779119 тоот данснаас 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 8,000,000 төгрөгийг Х.Б-ийн Хаан банкны 5020113210 тоот дансанд шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн байна. /хх 211-212/

 

5. Нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн орон сууцны зээлийн болон ашиглалтын төлбөр төлсөн, эд хөрөнгө худалдан авсан талаарх баримтуудыг тухайн маргаан бүхий орон сууцанд оруулсан хувь хэмжээ гэж тооцох боломжгүй тул нэхэмжлэгч Х.Б-ийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан маргаан бүхий орон сууцны хамтран өмчлөгч гэж үзэхгүй бөгөөд энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.

 

5.а. Мөн Иргэний хуулийн 119 дүгээр зүйлд заасан эд хөрөнгө нийлсэн, холилдсон гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

 

6. Нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч асуулгах хүсэлт гаргаагүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 183/ШШ2022/03518 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 367,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ